| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0489/Э |
| Дугаар | 484 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 484
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Б М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0155 10576 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Компютерийн техник хангамж мэргэжилтэй, “Мега Винг” ХХК-ны захирал ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Орчлон хорооллын .... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.гийн М РД:ОК..........,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 40-83 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.М-нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 40-83 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Эрдэнэсувдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
-хохирогч Г.Э:..Би анх Мягмарсүрэнтэй 2014 онд танилцаж байсан юм. Б.М бид хоёр 2015 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Орчлон хороолол .... байрны ....тоотод 2019 он хүртэл хамтран амьдардаг. 2019 оны 03 дугаар сарын 09-ны өглөө 10 цагийн орчим би өөрийн төрсөн аав болох Ганбатад 50000 төгрөг өгсөн юм. Тэгсэн манай нөхөр Б.М намайг аавдаа мөнгө өглөө гэж маргалдсан. Миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон...өмнө нь намайг цохиж зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-7-8/
- шинжээчийн дүгнэлт: Г.Э-ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, бага зэрэг хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /х-11/,
- шүүгдэгч Б.М :..2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн орчим манай эхнэр Э-д бид 2 гэртээ байж байсан чинь Эрдэнэсувд өөрийнхөө аавдаа мөнгө өгөөд байхаар нь “чи бага цалин авдаг байж аавдаа сард 100.000 төгрөг өгж байж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр Э-д намайг хэл амаар доромжлоод, аавдаа мөнгө өгөхөө би өөрөө мэднэ, чи миний ааваас мөнгө харамлаад байна уу гэж хэлээд байсан. Намайг цохиод авсан. Тэгээд бид 2 хоорондоо маргалдсан...Би гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-9, 20-23/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /х-7/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР