Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00933

 

 

 

 

 

 

 

 

******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/01634 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК-д холбогдох

******* эмнэлгийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулан өгөхийг даалгах, нэмэлт ажлын төлбөр, алдангид 354,193,369 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүүд 1,372,599,941.26 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ГХОХХК нь 2019 оны 05 сарын 20-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг *******ХХК-тай байгуулж 2020 оны 05 сарын 31-ний өдрийн дотор 5 давхар барилгыг түлхүүр гардуулах нөхцөлөөр хүлээн авахаар тохиролцсон. Энэ гэрээг 2020 оны 04 сарын 23-ны өдөр шинэчилж барилгын нийт талбай ******* м.кв байх, м.кв-ын үнийг 940,000 төгрөгөөр үнэлэн нийт 4,412,000,000 төгрөг байхаар тусгаж бүх санхүүжилтэд 5,405,766,303 төгрөг төлсөн. Гэрээний дагуу барилгыг 2020 оны 05 сарын 31-ний өдөр хүлээлгэж өгөх байсан ч тодорхойгүй байдлаар сунгагдан ажил удааширсанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Нэхэмжлэгч барилгаа өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байна. Бид гэрээний дагуу Барилгын тухай хуульд зааснаар гүйцэтгэгч компаниас барилгын баримт бичгийг гаргуулахыг шаардаж Засгийн газрын 2021 оны 212 дугаартай тогтоолд зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэж өгөх, үүнтэй холбоотой 1.Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, 2.Барилга угсралтын ил далд ажлын акт, 3.Зураг төсөл, зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 4.Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, 5.Геодезийн компаниар батлуулсан улаан шугам тавьсан акт, 6.Баталгаажуулсан гүйцэтгэлийн зураг төсөл гэсэн баримт бичгүүд нь барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд зайлшгүй шаардлагатай юм. Үүнийг өгөхөөс хариуцагч татгалзаж байгаа нь хууль бус юм.

Мөн хариуцагч барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги 261,500,000 төгрөгийг шаардаж байна. Талууд 2019 оны 05 сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, дахин гэрээг шинэчлэн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн гэрээ байгуулснаар барилгыг 2020 оны 07 сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар байгаа. Улсын комисст оруулах, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах зэргийг тооцон 2020 оны 09 сарын 15-ны өдөр эцсийн хугацаа байхаар гүйцэтгэгч үүрэг хүлээсэн. Энэ хугацаа өнгөрсөн ба явцын дунд хариуцагч барилгыг хугацаанд нь гүйцэтгээгүй учир хоногт 500,000 төгрөгийн алданги төлөхөөр амалсан баталгаа үйлдсэн нь хэрэгт авагдсан. Талуудын хооронд 2019 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний 2.3-т хэрвээ барилгын ажил хойшлогдвол хойшлогдсон өдрийг жилд 18 хувийн хүүтэй ажил хийснээр тооцож хүү шаардахаар зохицуулсан. Энэ хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги төлөх үүргээр сольж тохиролцсон. Бид алдангийг барилгыг хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2020 оны 09 сарын 15-ны өдрөөр тогтоон 523 хоногийн алдангид 261,500,000 төгрөг нэхэмжилсэн. Талууд 2021 оны 06 сарын 03-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж эмнэлгийн агааржуулалтын тусгай тоног төхөөрөмжтэй систем суурилуулах байсан ч ажил хийгдээгүй, манайх төлбөрт 92,693,369 төгрөгийг шилжүүлсэн. Нэгэнт энэ үүрэг биелэгдэх боломжгүй болсон гэж үзээд гэрээг цуцлан шилжүүлсэн 92,693,369 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Барилгын тухай хуулиар захиалагч бүгдийг хийдэг ба бүх бичиг баримтуудыг бүрдүүлсний дараа бид ажлыг гүйцэтгэх байгаа. 2018 онд ******* захирал эмчтэй би уулзаж, хайж байгаад бид 2 га газрыг авсан. Эмнэлгийн барилгын зургийг зургийн компаниар гаргуулаад зунаас барилгын ажил эхэлмээр байна гэсэн ч ******* эмч одоо ажлаа эхлэхгүй бол оройтлоо гэснээр зураггүйгээр барилгын ажил эхэлсэн. Барилгын өртгийг 850,000 төгрөгөөр тохирч ажлаа эхлүүлье гэсэн, тэгээд анхны гэрээ байгуулагдсан. 850,000 төгрөгийг зөвшөөрсөн шалтгаан нь өмнө ярьсан 2 га газарт 60,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирхэээр түүнд ажиллаж ашиг олно, одоо барилгыг өртгөөр нь бариад өгчих гэхэд нь, мөн *******эмчид Монголд хамгийн анх бөөр шилжүүлэн суулгахыг нэгдүгээр эмнэлгийн эмч нарт зааж өгсөн хүн учраас итгэсэн. Барилгын зураг нь караказ нь босчихсон, өрлөгүүд явчихсан хойно зургаа өөрчилж, өөрчлөгдсөн зураг нь 2020 оны 3 сард батлагдаж ирсэн. Тухайн үед үндсэн гэрээ 850,000 төгрөг байхад м.кв-ыг сая гаруй төгрөг буюу нийт 5,400,000,000 төгрөгөөр хийе гээд *******эмч хандиваар хийж байгаа, 2 га дээрх барилгаас ашгаа хүрт гээд, энэ өөрчлөлттэй холбоотой нэмэлт байна гэхэд гэрээн дээр 5 хувиас дээш нэмэгдүүлж болохгүй гэж заалт оруулсныг би уншаагүй гарын үсэг зурсан учраас болохгүй гээд 4,430,000,000 төгрөг болсон.

Барилгатай холбоотой хоног тутамд 500,000 төгрөг өгье гээд яригдсан нь барилгын өртөг үнэхээр хүрэхгүй байгааг хэлэхэд ******* багш ******* юун сүртэй юм, тэгвэл 500,000 төгрөг гэсэн бичиг хийгээд өгчих үнэхээр дуусгах юм бол гэхэд нь барилгаа барьж дуусгах юм гэдгээр бичээд өгсөн. Барилга 9 сард дууссан ч бүрэн дуусгаж амжилгүй 10 сар өнгөрөөгөөд дуусгасан. Барилгаа дуусгаад улсын комисст гаргах бичиг баримтуудаа бүгдийг нь бүрдүүлж байтал ******* эмч ирэхгүй байсаар хөл хорио тогтоочихсон. 2021 оны 1 сард бид улсын комисст бичиг баримтуудыг бүрдүүлж байгаад 4 сард улсын комисст оруулах хүсэлтээ Хан-Уул дүүрэгт өгсөн. Гэтэл ******* ГХОХХК-аас хүмүүс ирээд улсын комисст оруулахгүй гээд татгалзсан. Хүлээн зөвшөөрөх зүйл нь К1, К2, К3 гээд эмнэлгийн агааржуулалтын системийн үнэ 92,000,000 төгрөгийн гэрээтэй боловч 67 сая төгрөг авсан. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 5 тэрбум төгрөгөөр босгох ёстой барилгыг 4 тэрбум төгрөгөөр босгоод тэрбум төгрөг нь хариуцагчийн алдагдал болсон. Манайх лифт, гадна цахилгаан хангамж, гадна тохижилт, рентген хагалгааны өрөө, хөргөлтийн систем гэх мэт 57 ажлыг нэмэлтээр хийлгэдэг. Анхнаасаа гэрээнд үндэслэлгүй үнэ тавиад, нэмэлтээр ажлууд хийлгээд эцэст нь *******ХХК хохирсон. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүү 1,372,599,926 төгрөг шаардаж байна. ******* компани нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд ******* захирал солигдоод шинэ ирсэн захирал нь юу ч мэдэхгүй болоод хувирсан учраас 2020 оны 4 сард цагдаад гомдол гаргаад, цагдаагийн байгууллага мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан. Нэхэмжлэгчээс 4,376,139,999.73 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтэд 4,415,569,776 төгрөг гэж тусгагдсан. Дүгнэлтээр барилга 5,7 тэрбум төгрөгөөр баригдчихсан байна. Иймээс ******* ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн үнийн өсөлтийн зөрүү 1,372,599,340 төгрөгийг шаардаж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: ******* захиралтай дундын зуучлалаар энэ гэрээг байгуулсан. 2 га газар дээр барилга бариулах барих талаар хоорондоо ярилцсан нь цэвэр хувь хүмүүс хоорондын өөрсдийнх нь аман яриа, тохиролцоо, цаашдын ашиг сонирхол үйл ажиллагаа хамтран ажиллах зүйл байсан байх. Гэрээний үнэ 940,000 төгрөг болсныг хангалтгүй гэж үзэж байгаа нь өөрөө гэрээнийхээ үүргийг уншилгүй гарын үсэг зурсан хүний хувьд хариуцлагагүй хандсан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хариуцагч *******ХХК-д холбогдох 92,693,369 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *******ХХК-д холбогдох алданги 261,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч ******* ГХОХХК-д холбогдох гэрээний үнийн өсөлтийн зөрүү 1,372,599,941.26 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,157,067 төгрөг, хариуцагчийн төлсөн 7,020,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Нэмэлт ажлын гэрээний төлбөрт шилжүүлсэн 92,693,369 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлий шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон. Хариуцагч 2021 оны 06 сарын 03-ны өдрийн гэрээнд заасан К1, К2, КЗ агааржуулалтын систем нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгээгүй учир нэхэмжлэгчээс энэхүү гэрээг цуцалсан талаар хариуцагчид 2023 оны 04 сарын 10-ны өдрөөр мэдэгдсэн ба хариуцагч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаагүй, харин ажлыг гүйцэтгээгүй шалтгааны талаар маргасан байдаг. Гэрээний 8.3-д маргаантай асуудлыг Арбитраар шийдвэрлүүлнэ хэмээн заасан ч Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэх боломжтой байсан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2024 оны 10 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа хэргийн харьяаллын талаар маргаагүй, харьяалал шийдвэрлүүлэх хүсэлтийг Арбитрын тухай хуульд зааснаар шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийг хэргийн харьяалал зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй юм. Иймд гэрээний төлбөрт шилжүүлсэн 92,693,369 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Барилгын баримт бичиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч хэрэгт цугларсан гэрээний дагуy ******* эмнэлгийн өргөтгөлийн 4,686.66 м.кв хэмжээтэй, 1-5 давхар барилгын ажлыг барьж гүйцэтгэх явцдаа Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүргийн дагуу тодорхой төрлийн баримт бичгийг үйлдэж баталгаажуулах ёстой бөгөөд энэ нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хариуцагч барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой Барилгын тухай хуульд заасан үүргийн дагуу үйлдсэн баримт бичиг нь тухайн барилга, байгууламжийг ашиглалтад оруулахад зайлшгүй шаардагдах бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчид байх ёстой баримтууд юм.

Нэхэмжлэгч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах үед хариуцагчийн энэ хуульд зааснаар үйлдсэн барилгын баримт бичиг нь зайлшгүй шаардагдах бөгөөд нэхэмжлэгчид барилгын объектын нэгэн адилаар ажлын үр дүн болж үлдэх ёстой. Энэ талаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байдаг. Энэхүү баримт бичиг нь хариуцагчид байгаа боловч энэ шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргахдаа ажлын хөлсний үнийн өсөлтийн зөрүүг төлөхөөс нааш тухайн барилгатай холбоотой үйлдсэн баримт бичгийг нэхэмжлэгчид олгохгүй хэмээн тайлбар гарган маргаж байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхийг, эсхүл барилгын ажлыг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэхийг шаардаагүй ба харин улсын комисст хүлээлгэж өгөхтэй холбоотойгоор хариуцагчийн барилгыг барих явцдаа хуульд зааснаар үйлдсэн, хариуцагчид хадгалагдаж буй баримт бичиг нь барилгын объектын хамтаар ажлын үр дүн /өмч/ болон нэхэмжлэгчид шилжих ёстой гэж үзэн Иргэний хуулийн 186, 343 дугаар зүйлийн холбогдох заалт, мөн Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна" гэж зааснаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн барилгын ажил гүйцэтгэх үедээ Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үйлдсэн баримт бичгийг тухайн барилгын хамт үр дүн болгож нэхэмжлэгчид шилжүүлэх нь хуулийн дээрх заалтад нийцэх юм.

3. Алдангид 261,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо талууд анз төлөхөөр гэрээндээ заагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч 2020 оны 04 сарын 23-ны өдрийн гэрээгээр эмнэлгийн барилгыг хүлээлгэж өгөх хугацааг 07 сарын 15-ны өдрөөр, улсын комисс оруулах хугацааг 07 сарын 25-ны өдрөөр, барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хугацааг 08 сарын 31-ний өдрөөр тогтоож, 09 сарын 15-ны өдөр гэхэд барилгын шаардлагатай холбогдох баримт бичгийг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Нэгэнт дээрх хугацаанд барилгыг хүлээлгэж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн учир нэмэлт гэрээний 2.3-т заасны дагуу хойшлогдсон өдрийг жилд 18%-ийн хүүтэй ажил хийснээр тооцож, хэтэрсэн хугацааны хүү шаардах эрх нэхэмжлэгчид байсан. Хариуцагч хүү төлөх үүргийг алданги төлөх үүргээр өөрчилж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 500,000 төгрөгийн алданги тооцож төлөх агуулга бүхий бичгийг үйлдэж, уг хариуцлагыг нэхэмжлэгчийн өмнө хүлээхээ тухай бүр хүргүүлж байсан учир талууд алданги төлөхтэй холбоотойгоор тохиролцож, гэрээг байгуулсантай адилтган үзэх үндэслэлтэй юм. Энэ нь хариуцагчаас 2020 оны 07 сарын 24-ний өдрийн бичгээр барилгыг 2020 оны 09 сарын 15-ны өдөр дуусган хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хоног тутамд 500,000 төгрөгийн алдангийг төлөх талаар, 09 сарын 17-ны өдрийн бичгээр барилгыг 2020 оны 10 сарын 30-ны өдөр дуусган хүлээлгэж өгөөгүй тохиолдолд уг хугацаа өнгөрсөн өдрөөс хойш хоног тутамд мөн дээрх хэмжээний алдангийг нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлж удаа дараагийн бичиг явуулж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Талуудын маргаагүй асуудлаар буюу талууд арбитрын хэргийн харьяаллын талаар маргаагүй байхад энэ талаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ хэрэг маргааныг хурдан шийдүүлье, шийдүүлэхийн тулд харьяалал өөрчлөх ёстой гэх зүйл огт яригдахгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Удаан хугацаа өнгөрсөн тул талуудын хэн аль нь хохирч байна, хэргийг хурдан эцэслэн шийдвэрлүүлье гэж шүүхэд хандсан, талуудын хэний зөв буруу болохыг үнэлүүлэх асуудлын тухайд нэхэмжлэгч талтай санал нэг байна. Хэний зөв, буруу болохыг шийдвэрлүүлэхийн тулд хариуцагч талын хэлж байгаа баримт бичиг нь байгаа атлаа өгөхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Барилга барих явцад баримт бичгийг бүрдүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлсэн бөгөөд хариуцагч талын зүгээс тухайн барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх гэж байгаа. Түүнчлэн хариуцагч болон нэхэмжлэгч буюу захиалагч болон гүйцэтгэгч талын үүргийг Барилгын тухай хуулиар зохицуулсан. Хариуцагч талын зүгээс үүргээ биелүүлж, төрийн эрх бүхий байгууллагад хандаж, барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх хүсэлтээ өгч улсын комисс ирж ажиллах гэхээр нэхэмжлэгч буюу захиалагч тал өөрсдөө ажиллуулдаггүй атлаа баримт бичгээ хүлээж авъя гэх нэхэмжлэл гаргадаг. Хариуцагч талын зүгээс баримт бичгээ өгөхгүй байгаа шалтгаанаа хангалттай тайлбарлаж байгаа бөгөөд манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон гомдолд тодорхой тусгагдсан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Манай компани нь "*******" ГХОХХК-ийн захирал *******-ийн гаргасан хүсэлт, тавьсан саналын дагуу тус компанийн ******* эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. ******* нь барилгын ажлыг ашиг шингээгүй хамгийн бага зардлаар, өөрөөсөө зарим санхүүжилтийг гаргаад барьж өгвөл Хан-Уул дүүргийн ******* хороо, *******ын урд байх өөрийн охин компанийн эзэмшил 2 га газар дээрх бүтээн байгуулалтын төслөөс ашгийг хангалттай хүртээнэ, АНУ-ын хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж тайлбарлаж, санал гаргасан. *******ХХК-ийн захирал ******* "*******" ГХОХХК-ийн захирал *******-ийн ижил *******-ийн шашинтай, *******-эд итгэгч тул Монголын иргэдэд нарийн мэргэжлийн мэс засал хийх замаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан "*******" ГХОХХК-ийн захирал *******-д итгэсний зэрэгцээ тус компанийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барих нь илүү олон Монголчууд ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болно гэсэн сэтгэлээр барилгын ажлыг гүйцэтгүүлэх саналыг нь хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг.

Ийнхүү тохирсоны дагуу Эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг зөвхөн барилгын материал авах, техник ажиллуулах, ажилчдын ажлын хөлс төлөх зардлаар тооцож, 1 м.кв талбайг 850,000 төгрөгөөр тогтоосон гэрээг 2019 оны 05 сарын 20-ны өдөр бичгээр байгуулсны зэрэгцээ төсөл хэрэгжүүлнэ гэсэн 2 га газар дээр нь манай компаниас харуул байрлуулж, ажилчдын байр барьж, газрын гэрчилгээний зориулалт өөрчлүүлэх, газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулах, төслийн зураr, A даалгавар, эскиз зураг, байгаль орчны дүгнэлт гаргуулах гэх зэргээр уг газар дээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажилчдын болон худалдах орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлж, газрыг уг төсөлд бэлдсэн.

"*******" эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээг бичгээр байгуулснаар бид гэрээт ажлыг гүйцэтгэж эхэлсэн ч 2019 оны 9 сард барилгын ажлын зураг нь экспертизээр батлагдаж, уг зургийн дагуу ажлыг хийж байхад 2020 оны 3 сард зураг нь дахин өөрчлөгдсөн. Ийнхүү зурar хожуу батлагдаж, батлагдсан зураг нь гэрээ байгуулснаас хойш 10 сарын дараа өөрчлөгдсөнөөс барилгын ажлыг гэрээнд заасан 2020 оны 05 сарын 21-ний өдөр дуусгах ямар ч боломжгүй болсон. Барилгын ажил удаашрахад зураг төслийн өөрчлөлтөөс гадна биднийг гэрээ байгуулах үед төсөөлөл ч үгүй байсан Дэлхий нийтийн хэмжээнд тархсан Ковид-19 цар тахлын нөлөө үүнд маш ихээр нөлөөлсөн нь нийтэд илэрхий юм. Гэсэн хэдий ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэхийг хичээж, барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан ба ажлын явцад захиалагч талаас уг барилгатай холбоотой нэмэлт олон ажлуудыг манай болон өөр бусад компаниудаар гүйцэтгүүлсээр ашиглалтад өгөхөд бэлэн болгосон.

Манай компани барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн гэдгээр 5,000,000 төгрөгөөр торгуулсан нь захиалагч Барилгын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон. Гэвч захиалагч биднийг 2021 оны 01 сарын 13-ны өдөр ажлаа бүрэн дуусгаж, барилгыг ашиглалтад оруулах тухай зохиогчийн дүгнэлт, барилга байгууламжийн гүйцэтгэлийн чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд ашиглалтын шаардлага хангасан тухай захиалагчийн нэгдсэн дүгнэлт тус тус гарахаас өмнө барилгын ажлын зөвшөөрлийг авч чадаагүйгээс болж манай компани гэрээний үүргээ биелүүлээгүй нэр зүүсэн. Манай компани барилгыг 2021 оны 01 сарын 13-ны өдөр бүрэн дуусгаж "*******" ГХОХХК-д хүлээлгэн өгч, улсын комисс ажиллуулахаар Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2021 оны 1, 5 сар, 2022 оны 3 саруудад хүсэлт гаргасан ч захиалагч өөрийн үүргээ биелүүлээгүйгээс улсын комисс ажиллаагүй.

Захиалагч 2020 оны 8 сард барилгын ажлын зөвшөөрөл хүссэнд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 01 сарын 25-ны өдөр "*******" ГХОХХК-д зөвшөөрөл олгогдсон. Гэвч захирал ******* тодорхойгүй шалтгааны улмаас солигдсон ба шинэ удирдлагууд нь манай компанид ашиг хүртээнэ гэсэн төслөө хэрэгжүүлэхээс татгалзсан. Энэ нь биднийг шууд хохироосон тул 2022 оны 02 сарын 16-ны өдөр өөрийгөө хохиролгүй болгохыг хүссэн хүсэлтийг нэхэмжлэгчид өгсөн ч арга хэмжээ аваагүй тул залилсан гэж үзэж цагдаагийн байгууллагад 2022 оны 04 сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл захиалагч өөрөө хохирсон мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрүүгийн хэргийн явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шинжээч болох "*******" ХХК-aac барилгыг 5,748,739,937 төгрөг болохыг тогтоосон нь барилгыг ямар нэгэн нэмэлт тоноглол, тусгай хэрэгцээнд суурилсан нэмэлт ажилбар, барилгын зураг өөрчлөгдөх нөхцөл дахин гарах зардал зэрэг тооцогдоогүйг тайлбарласан. Бид барилгын өртгийг 4,412,000,000 төгрөгөөр тохирсон ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч 4,376,139,996.74 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь *******" ХХК-ийн дүгнэлтэд 4,410,569,776 төгрөгийн төсөвт өртөг гэж тусгагдсан байсан. Энэ дүнд "*******" эмнэлгийн К1, К2, КЗ агааржуулалтын системийг нийлүүлэх, угсрах ажлын хөлс 67,128,369 төгрөг болон бусад компаниудаар гүйцэтгүүлсэн ажлуудын хөлс 955,802,937 төгрөг ороогүй болно. Нэхэмжлэгч нь нийтдээ 5,477,173,348 төгрөгийг манайд шилжүүлэхээс 5,399,071,302.74 төгрөг шилжүүлж 50,102,045.26 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнээс 4,376,139,996.74 төгрөг нь "*******" эмнэлгийн өргөтгөлийн барилгын гэрээнд хамаарах, шинжээчийн дүгнэлтэд заасан дүн юм.

Биднийг гэрээ байгуулах үед Коронавирусийн халдвар (COVID-19)-ын цар тахал гараагүй байсан учир барилгын ажил гүйцэтгэх төсвийг 4,412,000,000 төгрөгөөр тохирсон боловч ажлын явцад цар тахал гарсны улмаас санхүүгийн хүндрэл үүсч, манай компани барилгын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор 2020 оны 06 сарын 22-ны өдөр Хаан банкнаас 700,000,000 төгрөгийн зээлийн эрх нээлгэж, мөн 2020 оны 10 сарын 22-ны өдөр 348,000,000 төгрөгийн зээл авч барилгын ажилд зарцуулсан. Өнөөдрийн байдлаар Хаан банкинд 760,435,056.10 төгрөгийн үндсэн зээл, 311,790,068.93 төгрөгийн зээлийн хүү, 45,472,282.38 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн өртэй байна.

Нэхэмжлэгч нь "*******" эмнэлгийн барилгын ажлыг бага үнээр гүйцэтгүүлж, ашиг олно гэсэн 2 га газраа бусдад худалдсан, ажлын явцад цар тахал гарч урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн үнийн өсөлт, ажиллах хугацаа болон ажиллах хүчин, барааны хомсдол үүссэн тул хариуцагч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээс нааш барилгын ажлыг гүйцэтгэх явцад үйлдсэн барилгын баримт бичгийг "*******" ГХОХХК-д хүлээлгэн өгөхөөс татгалзах нь Иргэний хуулийн 209, 354 дүгээр зүйлүүдэд нийцнэ.

Мөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн тул хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үнийн зөрүү шаардах эрхтэй гэж үзнэ. Барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд ажилтнуудын цалин хөлс, барилгын материал, тээврийн зардал огцом нэмэгдсэн нь нийтэд илэрхий бөгөөд "*******" ХХК нь манай компанийн ажлын гүйцэтгэлийн зах зээлийн үнэлгээг 5,748,739,937 төгрөгөөр үнэлсэн тул энэ дүнгээс гүйцэтгэлээр орж ирсэн 4,376,139,996.74 төгрөгийг хасаж, зөрүү өөрт учирсан хохирлыг 1,372,599,940.26 төгрөгөөр тодорхойлох нь хууль зөрчөөгүй.

Энэ нь хариуцагчаас барилгын ажлыг гүйцэтгэхэд бодитоор гарсан зардал, хохирол болохыг шүүхэд тайлбарласан байтал, шүүх хуралдаанд оролцсон гэрч "... барилга баригдаж байх он сар болох 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 сарын 30-ны өдрийн хооронд зах зээлийн үнэлгээ 5,748,439,937 төгрөгөөр үнэлэгдэж гарсан, ... тухайн барилгад гарсан бодит өртөг нь татвар, ашиг, шимтгэлүүдтэй холбоотой асуудал нь хасагдсан байдлаар зөвхөн орсон материал, ажилласан хүнд холбогдох тооцоолол нь 4,410,569,776 төгрөгөөр үнэлэгдсэн..." гэж мэдүүлсээр байтал 1,372,599,940.26 төгрөгийн зөрүүг бодитоор гарсан зардал биш гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй явдал болсон. Иймд шинжээчийн дүгнэлтээр баталгаажсан, нэхэмжлэгч болон хариуцагчийн аль аль нь тухайн баримтын үнэн зөвд маргаагүй үйл баримтыг анхан шатны шүүх үгүйсгэсэн нь мэтгэлцэх зарчимд нийцээгүй, хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн явдал болсон.

Ер нь дээрх нөхцөл байдал нь манайд нөлөөлөөгүй мэт дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэнд гомдолтой, бидний хувьд нэхэмжлэгчийн амалсан ашгийг хүртэхийг хүсээгүй, харин өөрт учирсан хохирлоо төлүүлэхийг хүссэн. Бидэнд зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээн тогтоолгох Иргэний хуулийн 9 дүгээр зүйл үйлчлэхгүй юу. Сөрөг нэхэмжлэлдээ ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүү 1,372,599,940.26 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй болсон уу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс 1,372,599,940.26 төгрөг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь цагдаагийн байгууллагад хандаж, биднийг залилсан гэх агуулгаар гомдол гаргасан. Уг асуудлын хүрээнд иргэний ажиллагаа түр түдгэлзсэний дараа буцаж сэргэсэн. Энэ хүрээнд цагдаа, прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар хэрэг сэргэж иргэний ажиллагаа үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч талын давж заалдах гомдолд дурдагдаж буй залилсан гэх зүйл нь хуулийн байгууллагаар эцэслэгдэн шийдвэрлэгдэж дүгнэгдсэн асуудал юм. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хариуцагчаас бодитой гарсан зардал биш гэж тодорхой дүгнэсэн. Уг дүгнэлтийг гаргасан шинжээчээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ямар шинжилгээ хийсэн талаар асуухад санхүүгийн шинжилгээ дүгнэлт биш, хөрөнгийн үнэлгээ хийсэн гэх байдлаар тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл энэ дүгнэлтийг гаргахдаа хариуцагчийн анхан шатны санхүүгийн баримтад үндэслэж бодитоор тухайн барилгад оруулсан хөрөнгийг дүгнэсэн дүгнэлт мөн эсэхийг тодруулсан. Тиймээс анхан шатны шүүх хариуцагчаас бодитоор гарсан зардал биш гэх дүгнэлт нь шинжээчийн тайлбар мэдүүлгээр давхар нотлогдож байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх ******* эмнэлгийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, нэмэлт ажлын төлбөр, алдангид 365,193,369 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүү гэх 1,372,599,941.26 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талууд 2019 оны 05 сарын 20-ны өдөр байгуулсан ******* эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч *******ХХК нь тус эмнэлгийн өргөтгөлийн барилгын зоорь, 1-5 давхар /дээврийн давхрын хамт/ болон үндсэн барилгатай холбох ажлыг нэг жилийн хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэх, захиалагч ******* ГХОХХК нь ажлын хөлсийг 1 м.кв талбайг 850,000 төгрөгөөр тооцож төлөхөөр анх тохиролцжээ. Талууд гэрээний нөхцөлөө шинэчлэн 2020 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч нь барилгын 4,686.66 м.кв талбайн ажлыг бүрэн гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч 2020 оны 09 сарын 15-ны өдрийн дотор улсын бүртгэлийн бичиг баримтын хамт захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь 4,412,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу ******* эмнэлгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад нэмэлтээр барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг талууд 2021 оны 07 сарын 21-ний өдөр гэрээ байгуулж хүзүүвч дотор засал, 6-р давхрын техникийн 2 өрөөний дотор заслын ажил, шилэн хаалга, шүршүүрийн өрөөнд хатаасан шилэн хаалт ариун цэврийн өрөөний хаалт, барилга руу тоног төхөөрөмж оруулах, СТ өрөөний ханыг нурааж төхөөрөмж оруулсны дараа буцааж өрж янзлах, 3-р давхарт бүсчлэл тусгаарлах хаалга нэмэлтээр гаргах ажил, 3-р давхарт байгаа 3 кондейшнийг 5-р давхарт шилжүүлэх, хүзүүвч 1 давхарт 220В татах, 2-р давхарт UPS байрлах өрөөнд 380 татах, газардуулга хийх, 2-р давхарт сувилагчийн пост хаалт хаалга хийх, техникийн давхарт цахилгааны ажил, зоорийн давхарт /генераторын өрөө/ паар шилжүүлэх, генераторын холболт, агааржуулалтын хоолой дээш гаргах /генераторын өрөөнд агааржуулалтын хоолой/, генераторын яндан далдлах, хамгаалалт хийх, техникийн давхар амрах хэсгийн засал, техникийн давхар ус зайлуулах хоолой байршуулах, серверийн өрөөний ханыг нураах, агааржуулалтын байгууламж, цэвэр усны хоолой өргөтгөх ажлыг гүйцэтгэгч 2021 оны 10 сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх, захиалагч 201,947,955 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон.

Дээрх ажлаас гадна талууд 2021 оны 06 сарын 03-ны өдөр Нэмэлт ажлын гэрээ байгуулан эмнэлгийн К1, К2, К3 агааржуулалтын системийг гүйцэтгэгч нь 67,128,369 төгрөгөөр нийлүүлж, угсрах ажлыг 12 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч хөлс төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон ч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч чадаагүйн улмаас нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийг захиалагчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй, гэрээний үүргийг шаардах хэргийн харьяалал зөрчсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймээс шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн харьяаллыг буруу тогтоосон тухай нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь ******* эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний захиалагч болох нь дээрх ажил гүйцэтгүүлэх 4 гэрээгээр тогтоогдсон байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т барилгын ажлын захиалагч гэж хэн байхыг тодорхойлсон ба дээрх ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ерөнхий нөхцөлд нэхэмжлэгч ******* ГХОХХК нь ******* барилгын ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж тодорхой тусгасан байна.

Талуудын хооронд 2019, 2020 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т зааснаар барилгын гүйцэтгэгч буюу хариуцагч *******ХХК нь барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр гүйцэтгэж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн баримт бичгийн хамт захиалагч буюу нэхэмжлэгч ******* ГХОХХК-д хүлээлгэн өгөх нөхцөлөөр гэрээ байгуулагдсан. Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардаж буй баримт бичгийг гарган өгөхөөс татгалзсан үндэслэлээ барилгын ажлын захиалагчийн үүргийг дангаар хэрэгжүүлэх агуулгаар бус барилгын ажлыг гүйцэтгэхэд гарсан зардлаа нөхөн төлүүлсний дараа уг баримт бичгүүдийг гарган өгнө гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг бүрэн тогтоож, эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс нэхэмжлэгчийг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан захиалагчийн үүргийг хэрэгжүүлэх эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь барилгын захиалагчийн чиг үүргийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-д гэрээгээр шилжүүлсний дагуу хариуцагч нь уг үүргийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.23-т гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх гэж зааснаар ******* барилгын захиалагчийн үүргийг барилгын ажил эхэлж улмаар барилгыг улсын комисст хүлээлгэн өгч дуусах хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон байна.

Захиалагч буюу нэхэмжлэгч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч буюу хариуцагчаар төлөөлүүлэн хэрэгжүүлсэн нь ******* барилгын захиалагчийн хувьд гүйцэтгэгчид олгосон эрхээс татгалзаж, мөн хуулийн 37, 48 дугаар зүйлд тус тус зааснаар барилгыг ашиглалтад оруулахаар улсын комисст хүсэлт гаргах, холбогдох ажлыг зохион байгуулах, барилгаа байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг өөрөө хэрэгжүүлэх эрхийг нь үгүйсгэхгүй юм.

 

Иймээс нэхэмжлэгч ******* ГХОХХК нь ******* эмнэлгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгийг хариуцагч *******ХХК-аас шаардах эрхтэй, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй тул энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүйг залруулна.

6. Хариуцагч *******ХХК нь ******* эмнэлгийн 4,463.57 м.кв талбай бүхий 5 давхар барилга угсралтын ажлыг 2021 оны 01 сарын байдлаар гүйцэтгэж дууссан болон талуудын хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэний улмаас захиалагч ******* ГХОХХК ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 06 сарын 03-ны өдөр цуцалсан үйл баримтын талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан (1 дэх хавтаст хэргийн 44-46, 107, 117 дахь тал) баримтууд буюу хариуцагч *******ХХК-ийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 21/02/85, мөн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 22/02/08 тоот албан бичгүүдээр барилгыг 2021 оны 01 сард барьж дууссан ба улсын комисс ажиллуулахыг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, мөн нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 162, 12 сарын 16-ны өдрийн 184 болон 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 09 тоот албан бичгүүдээр ******* эмнэлгийг улсын комисст хүлэлгэн өгөх ажлыг шуурхайлах болон үлдэх ажлыг хийж дуусгахыг мэдэгдсэн зэргээр уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх асуудлаар харилцан албан шаардлага, хүсэлт гаргаж байжээ.

Мөн зохигчийн тайлбар, хариуцагчаас БНСУ-ын иргэн Park Kwan Tae нь ******* эмнэлгийн барилгын ажил гүйцэтгүүлсэн ч төлбөрөө өгөлгүй залилсан тухай гомдлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт 2022 оны 03 сард гаргасны дагуу тус цагдаагийн газар 2022 оны 05 сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн болон Хан-уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 441 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, мөн нэхэмжлэгчээс 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 54 тоот албан бичгээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсныг хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогджээ. (2 дахь хавтаст хэргийн 110-111, 113-118, 148-149 дэх тал)

Дээрхээс үзвэл тухайн эмнэлгийн барилга 2021 онд баригдаж дууссан ч талуудын хооронд ажлын хөлстэй холбоотой үүссэн маргааны улмаас зохигчийн хэн аль нь ******* эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулах арга хэмжээ аваагүй, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үүргийг бодитой хэрэгжүүлээгүй байна.

Энэ тохиолдолд тухайн барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн хувьд нэхэмжлэгч ******* ГХОХХК ажил гүйцэтгэх гэрээний нөгөө тал болох хариуцагч *******ХХК-аас шаардах, ******* эмнэлгийн барилгыг улсын комисст өөрөө хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай баримт бичгийг тухайн барилгын гүйцэтгэгчийн хувьд хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Дээрх үндэслэлээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ******* эмнэлгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардагдах Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан баримт бичгүүдээс нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн шаардсан Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, Барилга угсралтын ил далд ажлын акт, Зураг төсөл, зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, Геодезийн компаниар батлуулсан улаан шугам тавьсан акт, Баталгаажуулсан гүйцэтгэлийн зураг төсөл гэсэн баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч *******ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

7. Зохигчийн хооронд 2021 оны 06 сарын 03-ны өдөр байгуулагдсан нэмэлт ажлын гэрээгээр нэхэмжлэгч нь ******* эмнэлгийн К1, К2, К3 агааржуулалтын системийг нийлүүлж, угсрах ажлыг 92,693,369 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр хариуцагчид уг мөнгийг шилжүүлсэн ч уг ажил хийгдээгүй үндэслэлээр буцаан гаргуулахаар шаарджээ. Анхан шатны шүүх тус гэрээний 8.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн тухайн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон тухай нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэмэлт ажлын гэрээний 8.3-т талуудын хооронд маргаан гарвал үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүртэл аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ гэж талууд тохиролцсон хэдий ч энэхүү гэрээний маргааныг арбитрын бус шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан. Ийнхүү арбитрын журмаар шийдвэрлүүлбэл зохих маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн харьяалал зөрчигдсөн тухай гомдлыг хариуцагч шүүхэд гаргаагүй, харин нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн агуулгаар маргасан байна.

Хариуцагч ийнхүү маргасан бол шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгох журамтай ч зохигч хэргийн харьяаллын талаар маргаагүй, тухайн маргаан шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүйн зэрэгцээ шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авах үедээ уг зөрчлийг илрүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй атлаа хожим өөрийн санаачилгаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд нийцээгүй, маргааныг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

Зохигчийн хооронд байгуулсан нэмэлт ажлын гэрээний 3.1-д ажлын хөлсийг 67,128,369 төгрөг байхаар талууд тохиролцсон, хөлсийг хариуцагч хүлээн авсан болон ажлыг хийгээгүйд зохигч маргаагүй байна. Нэхэмжлэгч талаас зөрүү 25,565,000 төгрөгийг өмнөх гэрээнд тусгаж төлсөн тухай тайлбарласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тайлбарыг хариуцагч үгүйсгэжээ. Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар дээрх ажлын хөлсөнд төлсөн 67,128,369 төгрөгөө нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, тухайн шаардлагаас 25,565,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч нь зохигчийн хооронд 2019, 2020 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр барилгыг хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2020 оны 09 сарын 15-ны өдрөөр тогтоосон. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр 261,500,000 төгрөгийн алданги шаарджээ. Зохигчийн хооронд 2020 оны 04 сарын 23-ны өдрийн гэрээний 2.3-т заасан хариуцлагын заалт болон хариуцагчаас 2021 оны 07, 10 саруудад ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас нэг өдөрт 500,000 төгрөгийн алданги төлөх, төлбөртөө тээврийн хэрэгсэл тооцон өгөхийг зөвшөөрч байсан гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх шаардлага тавигдсан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан дээрх 4 гэрээний дагуу хариуцагч барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн нөхцөлд алданги төлөхөөр тохиролцоогүй байна. Талууд 2020 оны 04 сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.3-т зааснаар барилгын ажил хойшлогдсон хугацаанд нэхэмжлэгч жилийн 18 хувиар тооцон хүү авахаар заасан, хариуцагчийн алданги төлөхийг зөвшөөрсөн албан бичиг нь мөн хуулийн 42, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрээр анзын гэрээг бичгээр хийсэн гэж дүгнэхгүй.

Энэ үндэслэлээр хариуцагчаас 261,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, энэ тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

9. Мөрдөн байцаах албаны ЗГХМШХэлтсийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийг ******* эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилсныг үндэслэн тус компани 2023 оны 05 сарын 29-ний өдөр 23-75 тоот Хөрөнгө үнэлсэн тухай тайлан гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ. Тайлангаар ******* эмнэлгийн барилгын зах зээлийн үнэлгээ 2019 оны 05 сараас 2021 оны 12 сарын байдлаар 5,748,739,937 төгрөг, үүнээс *******ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлын зардал 4,410,569,776 төгрөг болсныг тогтоосон байна.

Энэхүү тайлан, тооцооллыг үндэслэн хариуцагчийн зүгээс гэрээний гүйцэтгэлд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 4,376,139,996 төгрөгийг дээрх 5,748,739,937 төгрөгөөс хасч зөрүү 1,372,599,940 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүүнд тооцон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигчийн хооронд байгуулсан 2019, 2020 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнэ 4,412,000,000 төгрөг нь бодитой биш, нэхэмжлэгч нь өөр ажил буюу Хан-Уул дүүргийн 10-р хороонд орших 2 га газарт явуулах бүтээн байгуулалтын төслөөс ашиг олно гэж бага зардлаар ******* барилгад ажиллуулсан гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасны хариуцагч *******ХХК-аас ******* эмнэлгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад төсвийн хэмжээ нэмэгдсэн, нэмэлт зардал гарсан талаар нэхэмжлэгч ******* ГХОХХК-д мэдэгдсэн, мөн ажил гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт төсөв, зардлыг гаргуулахаар зохих баримт, нотолгоог хүргүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Мөн хариуцагчийн зүгээс төсвийн хэмжээ нэмэгдсэнийг нэхэмжлэгчид амаар илэрхийлж байсан, нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүрэг дэх 2 га газрын ажлаас өндөр ашиг төлнө гэсэнд итгэсэн гэх боловч энэ тухай тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх явцад гэрээт ажлын төсөв нэмэгдсэн бол гүйцэтгэгч энэ талаар захиалагчид даруй мэдэгдэж, төсвийн саналаа хүргүүлэх ба захиалагч төсөв нэмж олгохыг зөвшөөрөөгүй бол гүйцэтгэгч ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх үүрэггүй. Хуульд заасан энэ тодорхой журмыг хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Зохигч ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын төсвийг тохиролцоогүй гэж үзэхгүй буюу гэрээний үнийг 4,412,000,000 төгрөг гэж талууд тохиролцсон, хариуцагчаас барилгын ажлын төсөв нэмэгдсэн тухай төсвийн саналыг нэхэмжлэгч хүлээн авсан ч татгалзаагүй, ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн гэх байдал тогтоогдсонгүй. Талуудын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч ******* эмнэлгийн барилга угсралтыг ажлыг гүйцэтгэсний хөлсөнд 5,405,763,303 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан нь тогтоогдсон тул давж заалдах гомдолдоо 4,376,139,996 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Иймээс Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2, 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ГХОХХК-аас нэмэгдсэн төсвийн хэмжээгээр тооцсон мөнгийг гаргуулан хариуцагч *******ХХК-д олгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг гэрээнд заасан төсөвт багтаан барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэж, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхив.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/01634 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 болон 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 67,128,369 төгрөг болон ******* эмнэлгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай -Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, -Барилга угсралтын ил далд ажлын акт, -Зураг төсөл, зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, -Барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, -Геодезийн компаниар батлуулсан улаан шугам тавьсан акт, -Баталгаажуулсан гүйцэтгэлийн зураг төсөл-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 287,065,000 төгрөг болон нэхэмжлэгч ******* ГХОХХК-аас 1,372,599,941.26 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,157,067 төгрөг, хариуцагчийн төлсөн 7,020,950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 563,792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ХХК-ийн төлсөн 7,020,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ГХОХХК-ийн төлсөн 2,157,067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ