Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/21

 

           

 

 

 

 

 

 

 

Р.Бэхбат, Б.Алтаншагай нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Х.Оюунцэцэг

Хохирогч                                           Г.Идэрбаяр

Нарийн бичгийн дарга                 А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2016 1900 0841 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 3-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бэхбатын Алтаншагай, /РД:НЭ92081917/.

 Монгол улсын иргэн 1962 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт төрсөн 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Рэгзэдмаагийн Бэхбат, /РД:НЮ62053178/.

Шүүгдэгч Б.Алтаншагай, Р.Бэхбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод байрлах өөрийн хашаандаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Идэрбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 20-05 тоотод байрлах иргэн Ц.Баянжаргалын өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, хос мөнгөн ээмэг бөгж кулон, 1 ширхэг монетон бөгж, хос мөнгөн ээмэг бөгж кулон гинжтэй, цул мөнгөн ээмэг, бөгж, кулон, хар анар шигтгээтэй бөгж өрөөсөн ээмэг кулонтой, дээр үеийн хийцтэй мөнгөн бөгж, 2 жигнүүр бууз зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 472.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн Б.Алтаншагай нь дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны 87 дугаар шийтгэх тогтоолоор: Төв аймгийн Прокурорын газраас Рэгзэдмаагийн Бэхбатад холбогдуулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч Р.Бэхбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Алтаншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйчилж,  

Төв аймгийн Прокурорын газраас Бэхбатын Алтаншагайд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Боржигон овогт Бэхбатын Алтаншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан Б.Алтаншагайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтаншагайг 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтаншагайг 3 сар 10 хоногийн хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж,

Ялтан Б.Алтаншагайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Алтаншагайгийн цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Алтаншагайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Р.Бэхбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “... Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор яллагдагч Р.Бэхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бэхбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Яллагдагч Б.Алтаншагайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Мөн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Алтаншагайд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Б.Алтаншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Алтаншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар Б.Алтаншагайд 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Б.Алтаншагай, Р.Бэхбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод байрлах өөрийн хашаандаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Идэрбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 20-05 тоотод байрлах иргэн Ц.Баянжаргалын өмчлөлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг мөнгөн аяга, хос мөнгөн ээмэг бөгж кулон, 1 ширхэг монетон бөгж, хос мөнгөн ээмэг бөгж кулон гинжтэй, цул мөнгөн ээмэг, бөгж, кулон, хар анар шигтгээтэй бөгж өрөөсөн ээмэг кулонтой, дээр үеийн хийцтэй мөнгөн бөгж, 2 жигнүүр бууз зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 472.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн Б.Алтаншагай нь дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 87 тоот шийтгэх тогтоол гаргасан байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал: Яллагдагч Б.Алтаншагай, Р.Бэхбат нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод байрлах өөрийн хашаандаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Идэрбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан,

Хохирогч Г.Идэрбаярын мөрдөн байцаалтанд хууль сануулан байцаасан “...Алтаншагай миний нүүр лүү 2-3 удаа цохисон, тэгээд барилцаад байж байсан чинь Бэхбат мод барьчихсан байж байгаад тэр модоороо миний толгой хэсэг рүү цохиод миний толгойноос цус гарсан, тэгээд бас миний гар луу цохисон тэгээд би гараад зугтаасан... Миний толгойны зүүн дээд хэсэг хагарсан мөн уруул язарсан тухайн үед 1 шүд ойчиж нэг нь суларч байгаад ойчсон...” гэснээр /хх-ийн 33-34 ху/, мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “Алтаншагай намайг гараараа нүүр хэсэгт хоёр удаа цохисон, Алтаншагай намайг цохисноос болоод шүд унасан, дээд уруул дотор талдаа язарсан, ам хамар хавдсан, харин Бэхбат намайг модоор цохиж, миний толгойг хагалсан...” гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “Г.Идэрбаярын биед зулайд язарсан шарх, дээд уруулын дотор салст язарсан шарх, доод зүүн 2 дугаар шүд унасан, хамрын угт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй” шинжээч эмч И.Ганболор гэх” 466 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шинжээч эмч И.Ганболорын хууль сануулан байцаасан “Би 2016 оны 09 сарын 13-ны өдөр хохирогч Г.Идэрбаярын биед үзлэг хийсэн тухайн үед зүүн доод 2 дугаар шүд хөдөлж байсан, би 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дүгнэлтээ гаргахад сууриараа хөдөлж байсан зүүн доод 2-р шүд унасан байсныг дүгнэлтэндээ тусгасан. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Г.Идэрбаяр нь өөрөө тус шүдээ унагасан талаар надад ирж үзүүлсэн болохоор би дүгнэлтэндээ тусгасан юм” гэх, мөн 2017 оны 01 сарын 16-ны өдөр өгсөн “хохирогч Г.Идэрбаярын зулайд язарсан шарх нь дангаараа хөнгөн, уруулын дотор салст язарсан шарх нь хөнгөн, доод зүүн 2-р шүд унасан гэмтэл нь хөнгөн...” гэх мэдүүлгүүд,

Гэрч Б.Гандмаагаас хууль сануулан байцаасан “2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн орчим ажил дээрээ байж байтал гаднаас Идэрбаяр орж ирээд Бэхбат, Алтаншагай хоёр намайг зодчихлоо гэчихсэн согтуу толгойноос нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Оюунчимэгийн хууль сануулан байцаасан “2016 оны 09 сарын 13-ны өдөр 10 цагийн орчим ... ажил дээрээ байж байхад гаднаас Идэрбаяр Бэхээ намайг зодчихлоо гээд орж ирсэн тэгээд толгойг нь үзэхэд толгойн баруун урд хэсэгтээ цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Оюунгэрэлийн хууль сануулан байцаасан “2016 оны 09 сарын 13-ны өдөр 10 цагийн орчим ажил дээрээ ... байхад гаднаас Идэрбаяр орж ирээд толгойгоо барьчихсан түргэн дуудаад өгөөч гэсэн... Бэхээ намайг зодчихлоо гэсэн...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Алтаншагайгийн “...би тэр приус модыг нь булааж аваад толгой хэсэг рүү нь нэг удаа цохиод цаашаа харахаар нь нуруу руу нь нэг улаа цохисон тэгээд байж байтал аав ирээд Идэрбаяр ахтай барилцаж аваад цаашаа явсан, аав тэр хоёрыг зодолдсон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Р.Бэхбатын “...тэгээд би яваад очиход манай хүү Алтаншагай Идэрбаярыг гараараа цохиж байгаа харагдсан, тэгээд үүдэнд байсан нэг приус 1 метрийн орчим урттай байсан байх тэр модыг аваад Алтаншагай Идэрбаярын толгой руу нь цохисон тэгсэн чинь Идэрбаярын толгойноос цус гараад байсан... би Идэрбаярын баруун мөрний хавьцаа хоёр удаа зүүн гараараа цохисон, тэгтэл Идэрбаяр орилоод гараад явсан. Алтаншагай Идэрбаярыг гараараа нэг удаа цохих шиг болсон бас приус модоор нэг удаа толгой руу нь цохисон” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Р.Бэхбат, Б.Алтаншагайтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад Рэгзэдмаагийн Бэхбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн яллагдагч Б.Алтаншагай нь дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж байх хугацаандаа урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд 01 сар 10 хоногийн хугацаагаар оргон зайлж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

Гэрч З.Ариунаагийн хууль сануулан байцаасан “Алтаншагай бол манайд ирээд 7 л хонож байгаа, тэрнээс өмнө Улаанбаатар хотод модны хоёрт байсан гэсэн би сайн мэдэхгүй. Би Алтаншагайг цагдаа руу оч гээд аав, ээжтэй нь хамт явуулахаар очдоггүй байсан юм” гэх мэдүүлэг,

Гэрч С.Нарантуяагийн хууль сануулан байцаасан “... тухайн өдөр Б.Алтаншагайг хаана байсан талаар нь би мэдэхгүй, гэртээ ирж хоноогүй. 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс хойш хаана байсан талаар нь мэдэхгүй байна, ямар ч байсан гэртээ ирээгүй, утас нь болохгүй байсан, хамгийн сүүлд Улаанбаатар хотод эгч Ууганбаяр дээр байна л гэж сонссон. Би баригддаг өдөр нь л хаана байгаа талаар мэдсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Энхжаргалын хууль сануулан байцаасан “Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Бэхбат овогтой Алтаншагайг батлан даалтанд авсан юм. Б.Алтаншагай одоо хаана байгааг мэдэхгүй байна. Б.Алтаншагайг хэзээ олж ирэхээ мэдэхгүй байна. Алтаншагайг эрэн сурвалжлахад гарсан зардал болон бусад хариуцлагыг хүлээх болно” гэх мэдүүлэг болон яллагдагч Б.Алтаншагайд 2016 оны 10 сарын 10-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх хэмжээ авсан тогтоол, мөн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр З.Ариунаа, Д.Энхжаргал нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолууд болон мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндовдон, Ч.Мөнхтүвшин нарын 2016 оны 10 сарын 29, 2016 оны 11 дүгээр сарын 15, 2016 оны 11 дүгээр сарын 29, 2016 оны 12 дугаар сарын 02, 2016 оны 12 дугаар сарын 15, 2016 оны 12 сарын 25-ны өдрүүдэд яллагдагч Б.Алтаншагайг батлан дааж авсан З.Ариунаа, Д.Энхжаргал нараас болон ар гэрээр нь эрэн сурвалжилсан тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд, тус аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Оргодол эрэн сурвалжилсан” АСАР сангаар эрэн сурвалжилсан лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “шүүгдэгч Б.Алтаншагай нь шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр оюуны хомсдолтой гэж тодорхойлогдсон бөгөөд цагдаагийн байгууллагад очиж зодуулахаас айж, дуудсан цагт очилгүй Улаанбаатар хот руу явсан үйлдлээ мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж байна гэдгийг ойлгож, ухамсарлах чадвар дутмаг, зориуд оргон зайлах санаа зорилгогүй, Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулаагүй байхад дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь эргэлзээтэй байна гэж дүгнэж”,

Шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт шүүгдэгч Б.Алтаншагайгийн оргон зайлсан гэх хэргийг яллагдагч Б.Алтаншагайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шүүгдэгч нарт холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлэхгүйгээр хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, шийдвэрлэсэн байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр, мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Б.Алтаншагай нь өөрийн төрсөн эцэг Р.Бэхбаттай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод байрлах хашаандаа иргэн Г.Идэрбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа дахин 2016 оны 11-р сарын 4-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 20-05 тоотод байрлах иргэн Ц.Баянжаргалын өмчлөлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, зэрэг эд зүйлийг хулгайлж 472 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. 

Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл  хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заажээ.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шүүгдэгч Б.Алтаншагайгийн үйлдлийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь буруу болжээ.   

Өөрөөр хэлбэл Б.Алтаншагай бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрөөгүй байхад тэрээр дахин бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг санаатай үйлдсэнээрээ түүнийг эрүүгийн хариуцлагад татах  хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байна.  

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  321 дүгээр зүйлийн 321.1.1-д зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл байдал илэрсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

    Харин хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан прокурорын эсэргүүцлийг  хэлэлцэн дүгнэлт хийх боломжгүй болно.

 

   Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2.,  317 дугаар зүйлийн 317.1.4., 321 дүгээр зүйлийн 321.1.1., 325 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Алтаншагай, Р.Бэхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2.Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Алтаншагай, шүүгдэгч Р.Бэхбат нарт  урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

                            ШҮҮГЧИД                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                  Т.ЭНХМАА