Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 66

 

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дүгээр магадлалтай, 201526030651 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ц овогт Б-ын А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-ыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 17 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.А-ы төрсөн хүү 16 настай А.Б-д харгалзан дэмжигч томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ц.Итгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Б.А- нь Т-ыг алах ямар ч санаа зорилго байгаагүй. Тухайн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, гартаа тааралдсан цахилгааны утсыг авч олон удаа ороолгосон нь хохирогчийн ёс зүйгүй үйлдлийн улмаас сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж өөрийнхөө үйл ажиллагааг удирдан жолоодох чадвараа алдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр гомдол гаргасан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон. Энэхүү хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

Б.А- нь 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн ** дугаар гудамжны ** тоотод согтуугаар эхнэр М.Тыг “бусадтай нүцгэн хэвтлээ” гэсэн шалтгаанаар зодож хэвлийн битүү гэмтэл болох нарийн гэдэсний дээд хэсгийн няцрал, урагдал, сэмжний няцрал, дэлүүний няцрал, хальсан доорх цус хуралт, биеийн гадаргууд 50 хувиас дээш эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас иргэн М.Т амь насаа алдсан үйл баримт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А- нь эхнэр М.Тыг хардалтын улмаас түүний биеийн гадаргуугийн 50 хувиас дээш эдэд няцрал, цус хуралт, хэвлийн дотор эрхтний няцрал, урагдал гэмтэл учруулж, нарийн гэдэсний урагдлын улмаас өтгөний гаралтай хэвлийн хөндийн тархмал идээт үрэвсэл үүсч, уг идээт үрэвслийн улмаас хордлогод орж, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр амь насаа алдах хүртлээ хохирогч хүнд зовиуртай, зовж шаналсан бодит нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд Б.А- гэмт хэрэг үйлдэхдээ дээрх хүнд гэмтлүүдийг үүстэл зодсон арга, сэдэлт зэрэг нь онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж үзэх үндэслэл болж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар зөв зүйлчилж, хуульд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Б.А- нь хохирогчид хүчээр дарлагдаж, эсхүл түүний хууль бус үйлдлийн улмаас өөрт нь буюу ойр дотны хүмүүст нь хүнд хор уршиг учирсан, учирч болох байсан нөхцөл байдал огт тогтоогдоогүйн дээр хохирогчийн биеийн гадаргуугийн 50-иас дээш хувийг гэмттэл зодох цаг хугацааг агшин зуурт үүсэх сэтгэл санааны цочрон давчдалт гэж үзэх үндэслэлгүй.

 

Харин Б.А- нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.ГАНЗОРИГ