| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 124/2024/0013/З |
| Дугаар | 001/ХТ2025/0050 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2025/0050
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Увс аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 124/ШШ2025/0003 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0205 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
“Ш ш” ХХК-аас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ““Ш ш” ХХК-ийн Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш ш” ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46
дугаар тогтоолоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж” төслийг хавсралтаар баталж, Төслийн Удирдах хорооны 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Увс аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын авто замын ажлын гүйцэтгэгчээр төсөл хэрэгжүүлэх нэгжээс сонгон шалгаруулсан “Ш ш” ХХК-аар гүйцэтгүүлэхээр зөвшөөрч, уг тогтоолоор зөвшөөрөгдсөн компанитай эхний ээлжид 3.2 км авто замын барилгын ажил эхлүүлэх гуравласан гэрээ байгуулах, үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв баталгаажсаны дараа магадалсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэхийг “Гудамж” төслийн нэгжийн захиралд даалгасан.
2.2.2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэгч “Ш ш” ХХК, санхүүжүүлэгч Монгол Улсын ... банк, захиалагч “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн хооронд гуравласан гэрээг байгуулж, “Ш ш” ХХК-аас 3.2 км авто замыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгч, санхүүжилт олгогджээ.
2.3.Улмаар “Ш ш” ХХК нь 5.1 км авто замын байгууламжийг үргэлжлүүлэн барих ямар нэг шийдвэр гараагүй байхад “Засаг даргатай тохиролцсон” гэх үндэслэлээр үргэлжлүүлэн гүйцэтгэснээр маргаан бүхий нөхцөл байдал үүссэн байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: “... Увс аймгийн Засаг даргаас өөрт олгогдоогүй эрхийн асуудлаар тендер зохион байгуулж, хяналтын зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулж, нэхэмжлэгч компанийг авто замын барилгын ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор уг ажлыг зохион байгуулах, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох эрхтэй этгээд нь “Гудамж” төслийн хэрэгжүүлэгч нэгж байсан. Гэтэл өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан нь илт хууль бусд тооцох үндэслэл болж байгаа ба ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэсний улмаас компани хохирч үлдсэн ... Тус 5.1 км авто замын барилгын ажил гүйцэтгэх хугацаанд Засаг дарга нь “санхүүжилтийг холбогдох байгууллагуудад хандан асуудалгүй шийдвэрлэж өгнө” гэж удаа дараа тайлбарласан хэдий ч шийдвэрлүүлж өгөөгүй. Мөн ... “Гудамж” төслийн хүрээнд гэрээ байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй үндэслэлээр татгалзсан, ажил гүйцэтгэж эхлэхэд өөрийн чиг үүрэг эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж авто замын барилгын ажил гүйцэтгүүлсний улмаас гүйцэтгэлийн хөлсөө авах боломжгүй болгосон ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч компанийн хууль ёс, эрх ашгийг сэргээж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Гудамж” төслийн нэгж нь авто замын барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан, харин үүнд аймгийн Засаг дарга шууд оролцох, шийдвэр гаргах эрх байхгүй. Сангийн яамыг хариуцагчаар татах байтал Увс аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй ... Илтэд мэдэгдэхүйц буюу Засаг даргад эрх олгогдоогүй болохыг мэдсээр байж замыг барьсан асуудал нь Увс аймгийн Засаг даргад хамааралгүй. Хаанаас хаана хүртэл барьсан авто замыг тооцоолж 8,5 тэрбум төгрөг болсныг нарийвчлан тодорхойлсон баримт хэргийн материалд байхгүй. Улсын төсөвт тусгагдаагүй, Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гараагүй байхад ажил гүйцэтгэж болохгүй гэсэн чиглэлийг “Гудамж” төслөөс нэхэмжлэгчид албан бичгээр хүргүүлсэн байдаг. 5.1 километр авто замын барилгын ажилд Увс аймгийн Засаг дарга оролцсон оролцоо байхгүй тул аймаг, орон нутгийн төсөвт 8,5 тэрбум төгрөг тусгаж батлуулах чиг үүрэг хүлээхгүй ...” гэх зэргээр маргасан.
5.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 124/ШШ2025/0003 дугаар шийдвэрээр “2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш ш” ХХК-ийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2015 онд “Ш ш” ХХК-аас ирүүлсэн “Гудамж” төслийн үргэлжлэл болох авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтийг хүлээн авч, санхүүжилтийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж өгөхөөр тохиролцсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоон, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 3,980,345,251 /гурван тэрбум есөн зуун наян сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг “Ш ш” ХХК-д олгуулахаар аймгийн төсөвт тусган батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох хохирол 4,451,027,909 /дөрвөн тэрбум дөрвөн зуун тавин нэгэн сая хорин долоон мянга есөн зуун ес/ төгрөгийг аймгийн төсөвт тодотгол хийлгүүлэн батлуулж өгөхийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг “Увс аймгийн 2026 оны төсөвт 1,326,781,750 /нэг тэрбум гурван зуун хорин зургаан сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг, 2027 оны төсөвт 1,326,781,750 /нэг тэрбум гурван зуун хорин зургаан сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг, 2028 оны төсөвт 1,326,781,750 /нэг тэрбум гурван зуун хорин зургаан сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг байхаар тооцоолон батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... Увс аймгийн Засаг даргаас 2015 онд “Гудамж” төслийн хүрээнд хийгдэх ёстой авто замын барилгын ажлын санхүүжилт тодорхойгүй, эрх бүхий этгээдээс гэрээ байгуулаагүй, аймгийн Засаг даргад Төслийн Удирдах хорооноос ямар нэгэн эрх шилжүүлсэн шийдвэргүй байхад “Ш ш” ХХК-тай авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож шийдвэрлэсэн нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэх шинжийг хангасан, илт хууль бус захиргааны акт байна.
5.2.Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул шүүхээс хохирлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагч, нэхэмжлэгч нараас “Гудамж” төслийн хүрээнд баригдах байсан авто замын үргэлжлэлийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, “Гудамж” төслийн хүрээнд боловсруулагдсан “А” ХХК-тай байгуулж байсан инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах гэрээнд орон сууцны айлуудын урд зам төлөвлөгдөөгүй, магадлалын ерөнхий дүгнэлтэд энэ талаар төсөвт тусгагдаагүй тул 60, 64, 48 айлын орон сууцны урд баригдсан нийт 0.549 км замыг барьсантай холбогдох хохирлыг хохирлын тооцоололд оруулан хариуцагчаас гаргуулах боломжгүй.
5.3.Шүүхээс энэхүү маргаанд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч талын буруутай үйлдэл байгааг харгалзан, хохирлын асуудалд хариуцагч болон нэхэмжлэгч талууд харилцан тэнцүү хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэн хариуцагчийн хариуцвал зохих хохирлын хэмжээг тал хувиар бууруулан 3,980,345,251 төгрөг байхаар тогтоох үндэслэлтэй ..., хохирлыг аймгийн төсөвт тодотгол хийлгүүлэн батлахыг Увс аймгийн Засаг даргад даалгах нь Төсвийн тухай хуульд нийцэхгүй. Харин 2025 оноос бусад оны аймгийн төсөвт хохирлын асуудлыг төсөвлөн батлуулахыг даалгах боломжтой ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0175 дугаар магадлалаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“... Нэхэмжлэгчээс нэмж тавьсан гэх 5.1 км авто замыг тавихдаа “Гудамж” төслийн Удирдах хорооны 2014 оны 45 дугаар тогтоолд зааснаар ажлын зураг төсөл, зураг батлагдсаны дараа магадлагдсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, 2015 оны улсын төсөвт зардал нь тусгаж батлагдаагүй байхад уг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий авто замын ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, захиалагчаас зөвшөөрөл өгч, гэрээ байгуулагдаагүй нөхцөлд аймгийн Засаг даргатай харилцан тохиролцсон гэх агуулгаар тус ажлыг эхлүүлэх эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй.
6.2.Увс аймгийн Засаг даргад тухайн эрх олгогдоогүй бөгөөд Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 24 дүгээр зүйлийн 24.4, 42 дугаар зүйлийн 42.7, 57 дугаар зүйлийн 57.5-д заасан зохицуулалтуудаас үзэхэд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй болон төсөвт тусгаагүй арга хэмжээний зардлыг санхүүжүүлэхийг хориглосон байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй ...” гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.3-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
7.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай: Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус зөвхөн анхан шатны шүүхээс өгсөн хууль зүйн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг үүсгэсэн. Хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг дарга асан Д.Ц-гийн мэдүүлэг, аймгийн Тамгын газраас 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зарласан тендерийн урилга, аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/227 дугаар захирамжаар байгуулагдсан “Тендерийн Үнэлгээний хорооны 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар “Зөвлөмж хүргүүлэх” тухай болон Увс аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/650 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгүүд, Увс аймгийн Засаг, “Т ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Увс аймгийн төвд хэрэгжих 5.1 км авто замын барилгын ажилд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж захиалагчийн хяналтыг мэргэжлийн хүрээнд Засаг даргын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн нөхцөл байдал, эрх бүхий байгууллагаар баталгаажсан авто замын барилгын ажлын зураг төслийг бодит үйлдлээрээ зөвшөөрөөд шилжүүлж өгсөн, зураг төслийн ажлын даалгавар, техникийн нөхцөлүүдийн олголтод хяналт тавьж эрх олгох этгээдүүдээр тухай бүр холбогдох байгууллагуудад хандан үүрэг чиглэл өгч холбогдох зөвшөөрлүүдийг гаргуулан ажлын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажлыг гүйцэтгүүлж дуусгуулсан үйл баримтаар хариуцагч нь ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрлийг амаар болон бодит үйлдлээрээ олгож гүйцэтгүүлсэн болох нь тогтоогддог ... Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Засаг даргын бодитоор оролцож амаар гаргасан шийдвэргүйгээр энэхүү ажил үргэлжилж явагдах боломжгүй байсан нь захиргааны актын захирамжилсан шинжийг хангадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх бодит үйлдлээрээ зөвшөөрөл олгосон үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг тайлбарлалгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн буруу дүгнэлт болох “ажлыг гүйцэтгэх зөвшөөрөл олгоод харилцан тохиролцож гүйцэтгүүлсэн байна” гэх үндэслэлийг шууд үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасан шийдвэрийнхээ үндэслэл хэсгийг орхигдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулаад байна.
7.2... Анхнаасаа хууль ёсны дагуу зохион байгуулагдаж түүнийг үндэслэн холбогдох хууль тогтоомжид заасан чанар стандартын шаардлага хангасан авто замын байгууламж, шугам, сүлжээ зэргийг бий болгож тус аймагт оршин сууж амьдрал ахуйгаа залгуулж, инженерийн шугам сүлжээгээр дамжин өдөр тутамд хэрэглэгдэх цахилгаан, цэвэр бохирын хоолой, халуун хүйтэн усаар тасралтгүй хангагдаж тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн ажил гүйцэтгэсэн нь нийтийн эрх ашигт эерэг үр дагаврыг бий болгож байсан ажлын хэрэгжилтэд Засаг дарга дур мэдэн оролцож өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж ажил гүйцэтгүүлсний улмаас ажлыг гүйцэтгэсэн нэхэмжлэгч компани хохирсныг хариуцагч байгууллага ... хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрч “Захиргааны үйл ажиллагаа юм аа, гэхдээ хуулиараа Засаг даргад эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан, хуулиар тогтоосон журмыг зөрчиж ажлыг гүйцэтгэсэн тул хохирол төлбөрийг хариуцахгүй ...” гэх агуулгаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасаар байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “эрх зүйн этгээд бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг ноцтой зөрчихийн зэрэгцээ шүүх хараат бус байх зарчмаа зөрчиж хэргийг шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.
7.3.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухай: Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хохирол төлбөртэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ “хохирлыг шийдвэрлүүлэх шаардлагыг авто замын барилгын ажлын төсвийг шийдвэрлүүлэхээр шаардсан мэт” тайлбарлан хэргийн оролцогчдын маргаагүй асуудалд дүгнэлт хийн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Энэхүү нөхцөл байдал нь Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 8, 9-т заасан ...-аас өөрөөр буюу шүүхээс илт хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээс хальж авто замын барилгын ажлын санхүүжилт шийдвэрлэж олгох нь Төсвийн тухай хууль, Авто замын тухай хууль зөрчих мэтээр талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас хохирол гаргуулах эсэх үндэслэлийг шийдвэрлэхэд нэг л үндэслэлийг зөв тогтоосон байх шаардлагатай. Энэ нөхцөл нь захиргааны шийдвэр үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, хуульд огт нийцээгүй үндэслэлгүйгээр гарсан, тухайн асуудалд хэрэглэх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад шийдвэр гаргасан гэх мэт үндэслэлүүдээр шийдвэр гарч хохирол учирсан байх тухай ойлголт юм.
7.4.Эдгээрийг дүгнэвэл давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримтад дүгнэлт өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Түүнчлэн шүүхээс маргааны зүйл болох нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүйн улмаас захиргааны актыг хүчингүй болгуулах хуулийн урьдчилсан нөхцөлийг ашиглан хууль зүйн дүгнэлт хийсэн ...
7.5.Мөн уг төсөл хэрэгжүүлэхэд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан эрхийн заалтуудыг үндэслэн Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор баталсан “Хөрөнгө оруулалтын зориулалтаар гаргасан Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 6.4.5-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчлэхгүй” байхаар заасан тул Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 42 дугаар зүйлийн 42.7, 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсгүүдийг зөрчсөн үйл баримт байхгүйгээс гадна хохирол төлбөрийг шийдвэрлэхийг хориглосон хууль тогтоомжуудад хамаардаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хохирол төлбөрийн 50 хувь болох 3,980,345,251 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт болон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч тал “нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэсэн хэсэг нь үндэслэлтэй.
11.Учир нь, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Ш ш” ХХК-аас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш ш” ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийн харьяаллыг буруу тодорхойлсноос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
12.Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтын дагуу “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдолд тухайн маргаан нь яагаад захиргааны шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болохыг тайлбарлах учиртай.
13.Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “... Увс аймгийн Засаг даргын хууль зөрчин авто замын ажлыг хийхийг зөвшөөрсөн үйлдэл нь нэхэмжлэгч компанийг зөвтгөх үндэслэл болохгүй ..., нэхэмжлэгчээс нэмж тавьсан гэх 5.1 км авто замыг тавихдаа “Гудамж” төслийн Удирдах хорооны 2014 оны 45 дугаар тогтоолд зааснаар ажлын зураг төсөл, зураг батлагдсаны дараа магадлагдсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, 2015 оны улсын төсөвт зардал нь тусгаж батлагдаагүй байхад уг ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий авто замын ажлыг гүйцэтгэх санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, захиалагчаас зөвшөөрөл өгч, гэрээ байгуулагдаагүй нөхцөлд аймгийн Засаг даргатай харилцан тохиролцсон гэх агуулгаар тус ажлыг эхлүүлэх эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй. Увс аймгийн Засаг даргад тухайн эрх олгогдоогүй бөгөөд Авто замын тухай хуулийн ..., Төсвийн тухай хуулийн ...-д заасан зохицуулалтуудаас үзэхэд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй болон төсөвт тусгаагүй арга хэмжээний зардлыг санхүүжүүлэхийг хориглосон байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй ...” гэсэн нь захиргааны маргаан мөн эсэхийг тодорхойлох үндэслэл биш, харин агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх үндэслэлд хамаарахуйц дүгнэлт байна.
14.Тодруулбал, “ажлыг эхлүүлэх эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэр гараагүй”, “хууль тогтоомжийн дагуу төсөвт тусгаагүй зардлыг санхүүжүүлэхийг хориглосон” гэх шүүхийн дүгнэлт, талуудын хооронд үүссэн маргаан нь “захиргааны хэрэг” мөн эсэхийг тодорхойлох үндэслэл болохгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох үндэслэлтэй.
15.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шүүх нотлох зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн хүсэл зорилгыг бүрэн тодруулаагүй, үүнээс хамаарч нэхэмжлэлийн төрөл, хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхэд бүрэн дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг мөн хангаагүй байна.
16.Тухайлбал, нэхэмжлэгчийн хувьд өөрт нь үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах “эрх олгосон” (энэ утгаараа эерэг үйлчлэлтэй байж болох) гэх Засаг даргын зөвшөөрөл “илт хууль бус болохыг тогтоолгох”-ын зорилго, үр дагавар нь юу болох, нэхэмжлэгч хариуцагчаас тодорхой мөнгөн хөрөнгийг шаардаж буй нь “даалгах уу”, эсхүл “хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагад хамаарах уу гэдгийг нэхэмжлэгчийн гол хүсэл зорилго юу болохыг тодруулснаар нэхэмжлэлийн төрлийг зөв тодорхойлох, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч хамтран хариуцагч татах шаардлагатай эсэх, үүнтэй холбоотой нэмэлт нотлох баримт цуглуулах хэрэгтэй эсэхийг шийдвэрлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах нь зүйтэй гэж үзлээ.
17.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 124/ШШ2025/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2025/0175 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ