Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 173

 

“Ариг” банкны Дархан-Уул аймаг

дахь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2016/001947/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1016 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Ариг” банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Боржигон овогт Д-ийн Г,

         Хариуцагч Булган овогт Ш-ийн Б нарт холбогдох 

          “Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 57.000.000 төгрөг, зээлийн хүү 3.434.164 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.486 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 60.446.150 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагч Д.Г-, Ш.Б- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундармаа, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Г-, Ш.Б- нар нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14/139 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 57.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 36 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 60.446.150   төгрөгийн   өртэй  байна. Д.Г-,   Ш.Б-   нар   нь  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

Иймд нийт 60.446.150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Д.Г-, Ш.Б- нарын зээлийн барьцаанд буй Дархан сумын 4 дүгээр хороолол, 1 байрны 99 тоотод байрлалтаа 2 өрөө орон сууц, Hino Ranger маркийн ачааны автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 500.000 төгрөг төлсөн. Үүнийг нийт хүүгийн төлбөрөөс хасаж, үндсэн зээлийн төлбөр 57.000.000 төгрөг, үндсэн хүү 2.936.650 төгрөг, нотариатын зардалд 9.500 төгрөг нийт 59.946.150 төгрөгийг барьцаа хөрөнгө болох орон сууц, авто машиныг худалдан борлуулсан үнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 11 дүгээр сард 57.000.000 төгрөгийн зээлийг авч, хүүдээ Мерседес бенз маркийн ачааны автомашин авч өгсөн. Гэвч зээл аваад 2-3 сар болоод эдийн засгийн хямрал болж, ачаа тээврээр ашиг орлого олж байсан бидний орлого зогсонги байдалд орсон. Графикийн дагуу эхний үед зөвхөн хүүгээ төлж байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сараас үндсэн зээлээ төлж эхлэх үеэс хүндрэл гарч зээл, зээлийн хүү хуримтлагдаж, гэрээгээ зөрчиж эхэлсэн. Гэхдээ банкнаас дуудсан үед нь очиж учир байдлаа хэлж байсан. Нийт зөвхөн зээлийн хүүнд 20.000.000 гаруй төгрөг төлсөн байна. Банкнаас үл хөдлөх эд хөрөнгөө зарж өрөө төл гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сард дуусна. Иймээс Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлбөрөөсөө төлөөгүй, хүүгийн үлдэгдэл байгаа нь үнэн боловч өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж, зээлийн гэрээний хугацаа дуустал нь бидэнд төлбөрөө төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ариг банкнаас 57.000.000 төгрөгийн зээл аваад зээлийн гэрээний графикаа зөрчсөн нь үнэн. Иймээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. Харин гэрээнд заасан хугацаа болох 2017 оны 11 дүгээр сар хүртэл хүүг зогсоож, өнөөдрийн нэхэмжилж байгаа нийт төлбөрийг төлөх боломж олгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1016 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан Ариг банк, Д.Г-, Ш.Б- нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14/39 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Г-, Ш.Б- нараас зээлийн үндсэн төлбөр 57.000.000 төгрөг, зээлийн хүү 2.936.650 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 59.946.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

      Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 99 тоотод байрлах, Ү-20030010527 дугаарт бүртгэгдсэн, 0067866 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 29,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Hino renger маркийн 00-48 ДАХ улсын дугаартай, ачааны автомашиныг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460.134 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-, Ш.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 457.681 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дахь Салбарт олгож шийдвэрлэжээ.  

 Хариуцагч Д.Г-, Ш.Б- нар давж заалдсан гомдолдоо:

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1016 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ариг банк нь өөрсдөө зээл авахыг санаачлага  болгож зээл авахуулсан. Би зөвхөн зээлийн хүүнд 20.000.000 төгрөг төлчихөөд байхад зах зээлийн хямралаас болж төлбөрийн чадвар түр хугацаагаар тасалдаж саадсан нөхцөл байдал тайлбарыг хүлээн авахгүй хатуу гэрээний бодлого барьж шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Хэсэг хугацааны хямралыг давж туулж, зээлийн графиктаа орж зээлийг төлөх бодол бидэнд байсан. Гэрээний үүрэг биелүүлэх нь бидний үүрэг боловч гэрээнд өөрчлөлт оруулж, хугацаа сунгах зэрэг арга хэмжээ авахгүй, саналыг хүлээн авахгүй барьцаа хөрөнгөө зарж зээл хурдан төл гэсэн шаардлага тавьж зээлдэгчийн эрх ашгийг хэт хохироосон. Шүүх зээлдэгчийн болон бидний аргагүй гачигдалтай байдлыг харгалзан үзэлгүй өндөр хүү төлсөн байдлыг харгалзан үзэж хүүний тодорхой хувийг хасч багасгаж өгсөнгүй. Иймд зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ариг” банкны Дархан-Уул аймаг дахь салбар хариуцагч Д.Г-, Ш.Б- нарт холбогдуулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 57.000.000 төгрөг, зээлийн хүү 3.434.164 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.486 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 60.446.150 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хариуцагч Ш.Б- зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь үнэн боловч гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг, барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Д.Г- хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч байна, 2017 оны 11 дүгээр сар хүртэл нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг хэсэгчлэн хуваан төлөх хүсэлтэй байна гэж тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу 59.946.150 төгрөгийг хариуцагчдаас гаргуулж, үлдэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй  болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг хариуцагч Ш.Б-, Д.Г- нар эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: “Ариг банк” нь өөрсдөө зээл авахыг санаачлага  болгож зээл авахуулсан. Бид зөвхөн зээлийн хүүнд 20.000.000 төгрөг төлчихөөд байхад зах зээлийн хямралаас болж төлбөрийн чадвар түр хугацаагаар тасалдаж саатсан нөхцөл байдал тайлбарыг хүлээн авахгүй хатуу гэрээний бодлого барьж шүүхэд хандаж байгаад гомдолтой байна.  Хэсэг хугацааны хямралыг давж туулж, зээлийн графиктаа орж зээлийг төлөх бодол бидэнд байсан.  Гэрээний үүрэг биелүүлэх нь бидний үүрэг боловч гэрээнд өөрчлөлт оруулж, хугацаа сунгах зэрэг арга хэмжээ авахгүй, саналыг хүлээн авахгүй барьцаа хөрөнгөө зарж зээл хурдан төл гэсэн шаардлага тавьж зээлдэгчийн эрх ашгийг хэт хохироосон. Шүүх зээлдэгчийн болон бидний аргагүй гачигдалтай байдлыг харгалзан үзэлгүй өндөр хүү төлсөн байдлыг харгалзан үзэж хүүний тодорхой хувийг хасаж багасгаж өгсөнгүй. Иймд зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн болсон үйл баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 57.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдэж, зээлийн барьцаанд 29.0 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууц, “Хино- Ренжер” маркийн ачааны автомашиныг барьцаалжээ.

Зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар эрх бүхий байгууллагад бүртгүүснээр хүчин төгөлдөр болсон байна.

Зээлдэгч нар зээлийн хүчин төгөлдөр эсэхэд болон зээлийн төлбөр, хүүгийн тооцооллын талаар маргаагүй, зээлийн хүүг багасгах талаар гомдол гаргасан бөгөөд зээлийн гэрээний 2.2-т заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргээ 2015 оны 08 дугаар сараас эхлэн зөрчсөн, үндсэн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар нотлогдоно.

Хариуцагчдын шүүхэд гаргасан тайлбар, зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа өгч байсан мэдэгдэл, үүний дагуу өөрсдөө очиж уулзан зээлийн гэрээг сунгах талаар бичгээр хүсэлт гаргаж байсан зэргээс үзвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлдүүлэгч гэрээнээс хугацааны өмнө татгалзах эрхтэй байна.

 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд барьцааны эд зүйлийн үнээс шаардлагаа хангуулах, хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах  тус тус эрхтэй бөгөөд зээлийн гэрээний 2.5-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчийн мэдэлд шилжүүлэх, мөн гэрээний 1.10-т зааснаар гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тус тус  үүрэгтэй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Иймд зээлийн хүүг багасгаж өгнө үү гэсэн хариуцагчдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Д.Г-, Ш.Б- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460.130 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ            

                                                   ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                          Л.АМАРСАНАА