Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00994

 

      “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02765 дугаар шийдвэртэй

            Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: *******-д холбогдох

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, өөрийн нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүнд сэргээх, 25,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “*******” ХХК нь *******-гаар ******* аймгийн ******* суманд барихаар төлөвлөсөн *******-ын барилга байгууламжийн зураг төслийг иж бүрэн хийж гүйцэтгүүлэх, “*******” ХХК нь ажлын хөлсийг түүнд төлөх, цаашдаа зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар болж амаар тохиролцож, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг *******-гийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 2021 оны 07 сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл ******* нь тохиролцсоны дараа зураг төслийг огт хийж гүйцэтгээгүй, цаашид зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаагүй ба “*******” ХХК-ийн зүгээс зургийн ажлыг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч үр дүн гараагүй. Иймд *******-гаас 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би ******* аймгийн ******* суманд баригдаж буй “*******”-ын зураг төслийг 2006 онд анхны инженер, зохиогч /автор/-р хийж гүйцэтгэсэн. Их хурлын гишүүн ******* нь 2021 оны 07 сарын дундуур уулзах хүсэлт тавьж *******ын зураг төслийг шинэчилж хийхээр болж, анхны зохиогчийн хувьд “******* НҮТББ”-тай гэрээ байгуулсан. *******ын эскиз зураг, ажлын зураг төслийг 80,000,000 төгрөгөөр тохиролцсон. Урьдчилгаа 25,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 21-ний өдөр надад шилжүүлсэн. Суваргын зураг төслийг өөрийн үүсгэн байгуулсан “*******” ХХК-аар гүйцэтгэн ******* аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагаар 100 хувь хийж батлагдсан ч үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй. “*******” ХХК нь тус суваргын зураг төслийг хийж гүйцэтгэх гэрээг байгуулаагүй ба дээрх ТББ-тай гэрээ байгуулсан атал “*******” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч *******нь *******тай олон удаа ажлын байранд нь ирж уулзаж, *******г өөрийн бүртгэлтэй хаягт байнга оршин сууж байхад түүнийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлуулж түүний нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүндэд халдсан байна. Иймд зураг төслийн үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж *******д олгох, түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүндэд халдсан тул нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүндийг сэргээж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, үлдэгдэл төлбөр төлөхөөр огт тохиролцоогүй, зургийн ажил огт хийгээгүй тул үлдэгдэл төлбөр шаардах эрхгүй. Сүнжидмаад холбогдуулан нэхэмжлэгч тус шүүхэд 2023 оны 10, 11 саруудад нэхэмжлэл гаргасан ч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй болон хариуцагч Баянзүрх дүүрэг, *******дугаар хороо, *******хороолол, ******* байр ******* тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс нэхэмжлэгч нь *******-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжлуулж, шүүхээс шийдвэр гаргасан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч “*******” ХХК-аас 25,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******гийн иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасныг сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 282,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 353,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн, хэргийг үнэн зөв бодитойгоор дүгнээгүй, талуудын тайлбар болон нотлох баримтуудыг үнэн зөв шударгаар үнэлж дүгнээгүй.

6.1. Шүүхээс “Хаан банкны 2021.07.01-ний өдрийн шилжүүлгийн баримтаар “*******” ХХК-аас 25,000,000 төгрөгийг *******гийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай дансанд зураг төслийн төлбөр “*******” ХХК гэсэн утгатай шилжүүлсэн нь тогтоогдож байхаас гадна талууд үүнтэй маргахгүй байна. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Тодруулбал талуудын хүсэл зоригийн агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгад нийцэж байна. Тус гэрээгээр нэг талаас *******нь ******* аймгийн ******* суманд барих *******ын барилга байгууламжийн зураг төслийг хийж гүйцэтгэх, захиалагч уг ажлын хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба гэрээний хүсэл зориг илэрхийлэгдэж гэрээний урьдчилгаа хөлс 25,000,000 төгрөгийг захиалагч нь гүйцэтгэгчид төлсөнтэй талууд маргахгүй байна” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “*******” ХХК-ийн зүгээс *******тай тохиролцсоноор урьдчилгаа 25,000,000 төгрөгийг олгосон ч *******нь захиалагч “*******” ХХК-д зураг төслийг хүлээлгэж өгөөгүй. Иймээс нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

6.2. Шүүхийн шийдвэрт “******* НҮТББ-аас *******тай гэрээ байгуулсан эсэх талаар шүүгчийн захирамжаар гаргуулсан баримтад "*******” НҮТББ болон иргэн ******* нарын хооронд байгуулсан Зургийн ажил гүйцэтгэх гэрээ байхгүй, талуудын хооронд гэрээ байгуулаагүй харин манай компанийн зүгээс 2023.06.02-ны өдөр “*******” ХХК-тай зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ******* аймаг, ******* сум, 1-р багт байрлах *******ын зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн" гэжээ. "******* НҮТББ” нь иргэн *******тай гэрээ байгуулаагүй нь хариуцагчийн баримтаар гаргаж өгсөн захиалагч "Эв нэгдлийн цагаан суварга НҮТББ” болон гүйцэтгэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслийг үгүйсгэхгүй юм гэсэн байна. "*******НҮТББ”-ын зүгээс иргэн *******тай гэрээ байгуулаагүй, зураг төсөл хийлгээгүй, харин 2023 оны 06 сарын 02-ны өдөр ******* ХХК-тай зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ******* ын зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн гэсэн бөгөөд түүнийгээ нотлох баримтаар гаргаж өгсөөр атал “******* НҮТББ”-ыг иргэн *******тай гэрээ байгуулсан мэтээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

6.3. Шүүхийн шийдвэрт “өөрөөр хэлбэл дээрх баримт нь *******тай гэрээ байгуулаагүйг нотлох боловч ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж үзэхгүй бөгөөд хариуцагч татгалзлын үндэслэлээ "*******" ХХК-тай хамаарал бүхий “******* НҮТББ"-тай байгуулсан гэрээний дагуу зураг төслийг хийж гүйцэтгэсэн гэж холбогдох баримтыг гаргаж өгснийг нэхэмжлэгч няцаах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэж няцаасан баримтаа гаргаж мэтгэлцээгүй болно гэжээ. Нэхэмжлэгч нь “*******” НҮТББ-тай хамааралгүй бөгөөд хамааралтай тухай баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх ТББ-тай хамааралтай гэж үзэж байгаа бол түүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй, энэ үүргээ нотлоогүй байхад шүүх өөрөө сайн дураар хамааралтай гэж дүгнэж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл байна.

Шүүхээс *******НҮТББ, *******нарын хооронд Зургийн ажил гүйцэтгүүлсэн гэж үзэж байгаа нь манай компанид хамааралгүй, тухайн талуудын асуудал болно. Манай компани *******д шилжүүлсэн 25,000,000 төгрөгийн хүрээнд ямар нэгэн ажил, үр дүн огт хүлээн аваагүй тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагч *******нь ******* аймгийн ******* суманд баригдсан *******ын зураг төслийг 2006 онд *******” ХХК-д ажиллаж байхдаа зохиож, тус зураг төслөө Оюуны өмчийн газар бүртгүүлж, зохиогчийн эрхийн 1562 дугаартай гэрчилгээг авсан. “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч ******* нь “*******” НҮТББ-тай гэрээ байгуулж, зураг төсөл хийлгэх санал тавьсан. ******* тус ажлыг хийж гүйцэтгэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үр дүн болох нийт 120 гаруй хуудас зураг төслийг хүлээлгэж өгсөн бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүндийг сэргээлгэх, гэрээний үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 07 сарын 21-ний өдөр хариуцагч *******д 25,000,000 төгрөгийг “зураг төслийн төлбөр ******* ХХК” гэсэн утгаар шилжүүлжээ.

Нэхэмжлэгч энэхүү баримтыг үндэслэн хариуцагч *******гаар ******* аймгийн ******* суманд барихаар төлөвлөсөн *******ын барилга байгууламжийн зураг төслийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ нотолсон өөр баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Харин хариуцагчаас дээрх суваргын эскиз зураг, ажлын зураг төслийг гүйцэтгэх гэрээг “*******” НҮТББ-тай байгуулсан гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзаж, татгалзлаа нотлохоор Их цагаан суварга /загвар зураг/ гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Тус зургийг “*******” ХХК гүйцэтгэж, ******* аймгийн Ерөнхий архитектор баталсан байх бөгөөд зургийн захиалагчийг “*******” НҮТББ гэж тэмдэглэгджээ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримт, хэргийн оролцогчийн тайлбарыг харьцуулан үнэлээд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн татгалзлаа нотолж шүүхэд гаргасан баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, улмаар зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо “*******” НҮТББ-тай “*******” ХХК нь хамааралгүй тухай дурдаж, нэхэмжлэгч 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзан маргаж, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасныг нэхэмжлэгч няцааж чадаагүй байх тул зөвхөн дээрх төлбөрийн баримтад үндэслэн зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй юм.

Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* суманд барихаар төлөвлөсөн *******гын барилгын зураг төслийг гүйцэтгүүлэхээр хариуцагчтай тохиролцсон болохоо нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасны дагуу 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Харин уг төлбөрийг нэхэмжлэгч хэний хүсэлт, захиалгаар хариуцагчид шилжүүлсэн болон уг төлбөрөө захиалагч болох этгээдээс шаардах эсэх нь энэхүү хэргийн хувьд ач холбогдолгүй.

Иймд зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/02765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                            Д.НЯМБАЗАР

 

   Э.ЭНЭБИШ