Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Э-д холбогдох эрүүгийн 1920001670111 тоот хэргийг 2019 оны 08 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, Х овогт Э.Э,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн авто шалган нэвтрүүлэх боомт, гаалийн хяналтын бүсээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Монгол Улсын хилээр хуулиар хориглосон бараа болох дарсны онцгой албан татварын тэмдэг 49107 ширхэгийг тээвэрлэж зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ Эрээн хотын чөлөөт бүсээс ачаа ачих зорилгоор өдрийн 14 цагийн үед орсон тэгтэл ачаагаа ачиж дуусаж байхад өвөр монгол Б гэдэг хүн ирээд энэ хайрцагтай ачааг аваад гарчих тэгээд өөр дээрээ байлгаж бай чамтай хүн холбогдоод авчихна гэж хэлэхээр нь би энэ бараа чинь ямар бараа юм бэ гэж асуусан чинь тэр өвөр Монгол хүн наад ачаа чинь асуудалгүй хувцасны шошго байгаа өөр зүйл байхгүй гэхээр нь за гэж хэлээд аваад машины хоёр суудлын гол хэсэгт ачаад явсан тэгээд Монголын хил дээр мэргэжлийн хяналтаар шалгуулаад бараа мэдүүлэх хуудсаа аваад гаалийн байцаагчид шалгуулсан чинь гаалийн байцаагч энэ ачаа чинь юу юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй хувцасны тэмдэг байгаа гэж ачуулсан хүн нь хэлсэн гэж хариултал за наад ачааг чинь шалгаж үзнэ гээд аваад явсан тэгтэл тэр цаасан хайрцаг дотроос нь баахан дарсны онцгой албан татварын тэмдэгтүүд гарч ирсэн тэгээд тэр гаалийн байцаагч надаас гэрчийн мэдүүлэг авч гарын үсэг зуруулж сумын прокурорын газарт ирж хүлээлгэн өгсөн. Надаа ямар хүн авах талаар хэлээгүй чи наад ачаагаа аваад байж бай л гэж хэлсэн ямар хүн авах талаар би мэдээгүй тухайн цаасан хайрцаг ямар ч утасны дугаар байгаагүй. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш энэ хэргээс хойш асууж тодруулаад явсан чинь Д гэдэг хүнээс Б гэж өвөр монгол хүн түрээсээр авч ачаа ачуулдаг юм билээ тэгээд би тэр Б гэж Өвөр Монголын хөлсний жолооч хийдэг өдөрт 200 юань авч ажилладаг юм. Уr машины жинхэнэ эзэн Д гэдэг хүн байдаг юм билээ. Би хүлээн зөвшөөрч байна миний буруу ачиж байгаа бараагаа нэг нэгэнгүй харж ачуулаагүй болохоор би буруугаа хүлээн зөвшөөрч байна... Машиныг харин өндөр үнээр үнэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Иргэний нэхэмжлэгч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “Би ... улсын дугаартай ... маркийн машиныг эзэмшдэг байсан. Би машинаа 2019 оны 05 дугаар сард Замын-Үүдэд байдаг танил дүүдээ түр хэрэглүүлэхээр өгсөн юм. Уг машин нь миний нэр дээр байдаг. Би буцаагаад өөрийн эзэмшлийн машинаа танил дүүгээсээ 2019 оны 09 дүгээр сард буцааж авахаар анх өгсөн юм. Одоо миний эзэмшлийн машин нь Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн түр саатуулах журмын хашаанд байгаа. Миний машинаар танил дүү маань хориотой ачаа барааг улсын хилээр нэвтрүүлсэн байсан. Тийм учраас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа өөрийн машинаа авах болно. Ямар ачаа зөөсөн талаар бол мэдэхгүй. Би 2019 оны 03 дугаар сард худалдаж авсан. Би уг машиныг 2019 оны 03 дугаар сард 5 сая төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

- Иргэний нэхэмжлэгч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “Онцгой албан татварын тэмдэгийг үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ. Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан cери дугаартай байна. Тэмдэгийн загвар, тэмдэг тодорхойлох журмыг Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтоодог. Засгийн газрын 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Онцгой албан татварын тэмдэгийн загварыг тодорхойлсон байдаг. Үүний 9 дүгээр хэсэгт cери болон дугаар нь нэг төрлийн бүтээгдэхүүнд дахин давтагдахгүй байна гэж заасан учир сери дугаар нь дахин давтагдах ёсгүй. Татварын ерөнхий газар нь үнэт цаас үйлдвэрлэгч газраас л онцгой албан татварын тэмдэгийг авч үйлдвэрлэгч газруудад татварын алба олгоно. Үүнийг хувь хүн зөөвөрлөх ёсгүй. Бар код тохирохгүй байна гэдэг нь мөн л тухайн онцгой албан татварын тэмдэгүүдийг хуурамч гэдгийг нотолж байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

- Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хуваарилагдсан ... улсын дугаар бүхий ... маркийн тээврийн хэрэгсэл болон ачигдсан бараанд жолооч Э.Э-г байлцуулан гаалийн хяналт шалгалтыг хийхэд жолоочийн суудлын дунд хэсэгт хар өнгийн гялгар уутанд хийж скочдсон хайрцагтай зүйл байсан. Жолоочоос лавлахад барааны шошго гэсэн гэхэд нь уг барааг рентген аппратаар оруулж нягтлан шалгасан. Уг хайрцгийг рентген аппратаар оруулсны дараа задлан үзэж шалгахад дарсны онцгой албан татварын тэмдэгт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Гэрч У.У мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтын орох тал дээр гаалийн хяналтын талбайд шалгалт хийхээр томилогдон ажилласан тухайн өдөр хяналт шалгалт хийж байхад ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл БНХАУ Эрээн хотоос ачаа ачиж Монгол Улсын хилээр орж гаалийн хяналтын талбайд зогсож хилийн мэргэжлийн хяналтын хуудас авч хувиарын дагуу надад шалгуулахаар хувиар авсан байсан тухайн үед миний шалгасан тээврийн хэрэгсэлд ногоон шуудайтай 20 тооны гадуураа ногоон өнгийн шуудайд хийсэн бэлэн хувцас байсан бас хар өнгийн уутаар ороосон хайрцагтай эд зүйлүүд байсан эхнээс нь задалж үзсэн уг эд зүйлүүд нь том жижиг гутал байсан тухайн үед адилхан өнгийн адилхан хэмжээтэй хайрцаг байсан болохоор жолоочийн мэдүүлснээр мэдүүлэх хуудсаа бичсэн миний хувьд хяналт шалгалтаа алдсан байж магадгүй тэр болгон задлах боломж байдгүй болохоор харагдах байдлаар захаас нь задалж үзэхэд янз бүрийн хориотой эд зүйл гарч ирээгүй болохоор мэдүүлэх хуудсаа жагсаалтаар бичиж мэдүүлсэн. Би тухайн өдөр хяналт шалгалт хийхэд уг тээврийн хэрэгслийн ачааг дунд хэсгээс буулгаж гараар барьж нүдээр харж жолоочоор нь ачааг онгойлгож харагдах байдлаар нь тухайн барааг харж хяналт шалгалтаа манай байгууллагад ямар нэгэн албаны багаж хэрэгсэл гэж байдаггүй. Маш их ачаалалтай байсан. Хийсэн гэж үзэж байна. Манай байгууллагаас гадна талбайд хяналт шалгалт хийхээр хуваарийн дагуу 6 улсын байцаагч гарч хяналт шалгалтаа хийдэг нэг байцаагчид дунджаар 150-160 тээврийн хэрэгсэл шалгадаг ачаалал ихтэй үед 200-гаас хол давдаг болохоор нэг машинд тавьж байгаа хяналт шалгалтаа хийх журмаар нь хийсэн гэж бодож байна. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад түүвэрлэн, мөн тээврийн хэрэгслийн дунд байсан хар хайрцагтай барааг дээрээс нь задалж үзсэн тэгэхэд гутал гарч ирсэн өөр зүйл байгаагүй. Тухайн жолоочоос энэ хайрцагтай зүйлүүд бүгд гутал борооний шүхэр байгаа гэж мэдүүлсэн. Би уг хар өнгийн хайрцагтай бараа материалыг задалж үзээгүй яг адилхан бараанууд байсан эхнээс нь задалж үзэхэд бэлэн хувцас гутал зэрэг зүйлүүд байсан тухайн хориотой барааг ил тавиагүй нуусан байх миний шалгасан зүйлүүдэд уг хориотой зүйл гарч ирээгүй. Миний шалгасан бараанд дарсны шошго гарч ирээгүй тухайн 49107 ширхэг шошго тухайн жолооч нуусан байна гэж үзэж байгаа яагаад гэвэл тэр олон бараа материалыг тэр болгон задлаж амждаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3502 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Дээрх 495 ширхэг “Онцгой албан татварын тэмдэг” гэх зүйлс нь хуурамч байна гэсэн дүгнэлт /хх-ийн 62-63/,

  •  Эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21/,
  •  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-20/
  • В ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 57-58/, 
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78/,

     - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-53/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хориглосон  бараа болох дарсны онцгой албан татварын тэмдэг 49107 ширхэгийг тээвэрлэж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Онцгой албан татварын тэмдгийн  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Тэмдгийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн архи тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын архи тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын архи тамхинд аж ахуйн нэгж байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн Үндэсний татварын алба олгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Э нь онцгой албан татварын тэмдэг үйлдвэрлэх аж ахуй нэгж болон хуулийн этгээд биш байх бөгөөд дарсны онцгой албан татварын тэмдэгийг Үндэсний татварын албанаас аж ахуй нэгж байгууллагын бичиг баримтанд тулгуурлан олгодог, хувь хүн болон хуурамчаар үйлдвэрлэхийг хориглодог байх тул түүнийг хориглосон бараа болох дарсны онцгой албан татварын тэмдэг 49107 ширхэгийг тээвэрлэж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч Э.Э нь хориглосон бараа болох дарсны онцгой албан татварын тэмдэг 49107 ширхэгийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.О “ ... 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хуваарилагдсан ... улсын дугаар бүхий ... маркийн тээврийн хэрэгсэл болон ачигдсан бараанд жолооч Э.Э-г байлцуулан гаалийн хяналт шалгалтыг хийхэд жолоочийн суудлын дунд хэсэгт хар өнгийн гялгар уутанд хийж скочдсон хайрцагтай зүйл байсан. Жолоочоос лавлахад барааны шошго гэсэн гэхэд нь уг барааг рентген аппратаар оруулж нягтлан шалгасан. Уг хайрцгийг рентген аппратаар оруулсны дараа задлан үзэж шалгахад дарсны онцгой албан татварын тэмдэгт байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч О.Д “Миний машинаар танил дүү маань хориотой ачаа барааг улсын хилээр нэвтрүүлсэн байсан. Тийм учраас энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа өөрийн машинаа авах болно. Ямар ачаа зөөсөн талаар бол мэдэхгүй. Би 2019 оны 03 дугаар сард худалдаж авсан. Би уг машиныг 2019 оны 03 дугаар сарын 5 сая төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Ч “...Үүний 9 дүгээр хэсэгт cери болон дугаар нь нэг төрлийн бүтээгдхүүнд дахин давтагдахгүй байна гэж заасан учир сери дугаар нь дахин давтагдах ёсгүй. Татварын ерөнхий газар нь үнэт цаас үйлдвэрлэгч газраас л онцгой албан татварын тэмдэгийг авч үйлдвэрлэгч газруудад татварын алба олгоно. Үүнийг хувь хүн зөөвөрлөх ёсгүй. Бар код тохирохгүй байна гэдэг нь мөн л тухайн онцгой албан татварын тэмдэгүүдийг хуурамч гэдгийг нотолж байгаа юм ...” гэсэн, гэрч У.У “Миний шалгасан бараанд дарсны шошго гарч ирээгүй тухайн 49107 ширхэг шошго тухайн жолооч нуусан байна гэж үзэж байгаа яагаад гэвэл тэр олон бараа материалыг тэр болгон задлаж амждаггүй” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2518 дугаар шинжээчийн дүгнэлт, эд зүйлс хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хориглосон бараа болох дарсны онцгой албан татварын тэмдэг 49107 ширхэгийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дарсны онцгой албан татварын тэмдэг 49107 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч О.Д-н  өмчлөлийнх тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг  хүчингүй болгож, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч О.Д-т олгож, шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Э.Э-г дөрвөн зуун тавин нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дарсны хуурамч онцгой албан татварын тэмдэг 49107 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5/24 дугаартай  эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч О.Д-т олгож, шүүгдэгч Э.Э-с тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н