| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/01563/И |
| Дугаар | 210/МА2025/00996 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00996
|
|
|
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02897 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: "*******" ХХК-д холбогдох
Зуучлалын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид 2022 оны 05 сарын 18-ны өдөр *******" ХХК-тай *******-д суралцах зорилгоор нэг жилийн хэлний бэлтгэлд суралцах тус бүр 1,000,000 төгрөг, *******улсын их дээд сургуульд зуучлах зуучлалын хөлс тус бүр 5,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийн *******хөтөлбөрт суралцах гэрээ байгуулан 2022 оны 05 сарын 27-ны өдөр гэрээний төлбөрт тус бүр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 26-ны өдөр үлдэгдэл төлбөр болох тус бүр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, бүгд 12,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч "*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн *******улсын сургуульд зуучлах үүргээ огт биелүүлээгүй, бидний материалыг *******улс руу явуулаагүй тул хэлний бэлтгэлд суралцах сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийг хасч, үлдэх зуучлалын хөлс 10,000,000 төгрөгийг шаардаж байна. Хариуцагч зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн, авсан зүйлээ буцаах үүргийн дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Суралцах гэрээний 2 дугаар зүйлд төлбөрийн нөхцөлийн 7 дахь заалт дээр тодорхой тусгасан. *******, ******* нар нь манай академийн 1 жилийн *******хэлний сургалт, Бүгд найрамдах *******улс руу зуучлуулах 1 жилийн бэлтгэх хөтөлбөртэй танилцан 2022 оны 05 сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед хөтөлбөрийн 50%-ийг төлснөөр *******хэлний сургалт, хичээлээс гадуур хөгжүүлэх сургалтууд багтсан. Манай академи 1 сарын *******хэлний сургалт 300,000 төгрөг бөгөөд тус 2 суралцагч 2022 оны 05 сарын 21-ний өдрөөс 2023 оны 03 сарыг дуустал сургалтад хамрагдсан. Харин 2023 оны 04 сараас сургалтад ирэхгүй байсан учир манайхаас суралцагч болон эх *******-д мэдэгдэхэд 2023 оны 9 сард Монгол улсдаа суралцахаар болсон гэснээр гэрээг дуусгавар болгосон.
*******, ******* нар материалаа хугацаандаа илгээгээгүйгээс эхний ээлжийн материал нь илгээгдээгүй, хичээл таслалт ихтэй байсан зэрэг нь зуучлалын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлд дурдсанаар 1,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гэдэг агуулга гэрээнд байдаггүй. *******улсын их сургуульд зуучлах үүргээ биелүүлээгүй, материалыг явуулаагүй гэдэг баримт хэрэгт байхгүй.Бид үүргээ биелүүлж материалаа бүрдүүлж явуулах, хугацаандаа ирүүлэхийг удаа дараа сануулж байсан. Байгууллагын зүгээс үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Бичиг баримтуудаа хугацаандаа бүрдүүлж өгөөгүй. Гэрээ нь зөвхөн зуучлалын биш, сургалтын үйл ажиллагаанд хамруулж, гадаадын их дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө баримт бичгийг бүрдүүлэх зааварчилгаа, хэлний бэлтгэлд хамруулах төрлийн гэрээ юм гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 225 дугаар зүйлийн 225.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу бүрдүүлэн өгөх материалаа хугацаандаа ирүүлээгүйн улмаас хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Энэ тухай шүүх хуралдаанд тайлбарласан ч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хугацаандаа материалаа ирүүлээгүй үйлдлийг дүгнээгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан *******хөтөлбөрт суралцах гэрээний 4.1-д зааснаар суралцагч нар материалаа хугацаандаа бүрдүүлэн өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байхад дан ганц хариуцагчийн буруу мэтээр хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын буруугаас суралцагч нар Бүгд найрамдах *******улсад суралцах боломжгүй болсныг шүүх үнэн зөвөөр дүгнэж чадаагүй. Суралцагч нар болон тэдгээрийн асран хамгаалагч гэрээ хийж, эрх зүйн харилцаанд орж байгаа бол гэрээндээ хариуцлагатай хандах ёстой. ******* ХХК-аас гэрээний дагуу материалаа бүрдүүлэхийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн байнга анхааруулж, шаардаж байсан. Өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрт 2022 оны 6 сараас 2023 оны 3 сарыг хүртэл хамрагдаж суралцсан атлаа зөвхөн зуучлуулах байсан гэж тайлбарлаж, худал тайлбар гаргаж байна. Манай зүгээс цаашид үргэлжлүүлэн суралцаад Бүгд найрамдах *******улсад суралцах боломжийг санал болгосон ч зөвшөөрөөгүй. Шаардлага гаргаж байгаа тал өөрсдийн буруугаас гэрээ биелэгдэх боломжгүйд хүргэсэн атлаа өөрийн санаачилгаар гэрээнээс татгалзах боломжгүй гэж үзэж байна. Шүүхээс Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсэгт заасан хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээr хэдийд ч дуусгавар болгож болно гэж заасныг иш татан бичсэн байна. Гэрээ дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг иш татсан атлаа гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Талууд цахимаар ийм баримт бүрдүүлэх талаар харилцсанд хариу илгээсэн, эдгээр нь ямар цаг хугацаанд ямар баримт ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд нэхэмжлэгч тал гэрээний үүргийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй, эсрэгээрээ хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ юм. Нэхэмжлэгч нарыг гадаадын их дээд сургуультай холбож өгөх үүрэгтэй байтал хэргийн баримтаар энэ байдал тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс үүнийгээ зөвшөөрч маргадаггүй. Нэхэмжлэгч нар тухайн гэрээг байгуулсан гол хүсэл нь гадаадын их дээд сургуульд суралцах байсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар нэг тал гэрээний үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан тул өгсөн авснаа буцаах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс 12,000,000 төгрөг төлснөөс сургалтад суусан 2,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 10,000,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжлэл гаргасныг шүүх зөв дүгнэсэн. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан зуучлалын хөлсөнд төлсөн төлбөрөөс 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар хичээл таслалт ихтэй байснаас зуучлалын процесст хүндрэл учруулж, тэдний буруугаас материалыг хугацаанд нь илгээж чадаагүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх тул хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Зохигчийн хооронд 2022 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан ******* хөтөлбөрт суралцах гэрээ-ээр суралцуулагч "*******" ХХК нь суралцагч *******, ******* нарыг хэлний бэлтгэлд хамруулж, зуучлал, баримт бичгийн бүрдүүлбэрийг хийж, тэдний өмнөөс *******ын сургуулиудаас шаардсан холбогдох материал болон сургуулийн өргөдлийн маягтыг бөглөн сургуульд шилжүүлэх, хариу ирэхтэй холбоотой мэдээлэл болон хөтөлбөрт хамрагдах хугацааг мэдэгдэх үүргийг, суралцагч тал гэрээгээр тохиролцсон 12,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Талууд гэрээний зорилгыг суралцуулагч нь суралцагчийг *******т суралцуулахтай холбоотой харилцааг зохицуулах гэсэн агуулгаар тодорхойлсон боловч гэрээ нь дээрх агуулгаар тодорхойлогдсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээх зуучлалын гэрээний шинжийг агуулжээ. Зуучлалын гэрээгээр зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгснөөр зуучлагчийн үүрэг дуусгавар болдог бөгөөд талуудын хэлэлцэн тохиролцсноос үзвэл хариуцагчийн хүлээх үүрэг нь зуучлалын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч *******, ******* нарыг *******-ын сургуулиудтай холбож өгөх ажлыг тэдний өмнөөс гүйцэтгэх, үүнтэй холбоотой нэхэмжлэгч нарын баримт бичгийн бүрдүүлбэрийг хангахад чиглэсэн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлснийг шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.
Хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.
5. Нэхэмжлэгч нар зохигчийн хооронд байгуулсан зуучлалын гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, зуучлалын хөлсийг буцаан гаргуулахаар шаардсан. Талууд зуучлалын гэрээний дуусгавар болох хугацааг гэрээгээр харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч тал гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсэгт заасанд нийцсэн бөгөөд зохигч энэ талаар маргаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байх бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нар 2023 оны 09 сард гэрээнээс татгалзсаныг хариуцагчид мэдэгдсэнээр гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагчийн зүгээс гэрээгээр тохирсон ажлууд буюу нэхэмжлэгч нарыг 10 сарын хугацаанд /300,000х2, 600,000х10/ 6,000,000 төгрөгийн үнэтэй *******хэлний сургалтад хамруулж сургалтын гарын авлагаар хангасан, тухайн улсын их дээд сургуульд суралцахад хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг өгч дэмжлэг үзүүлэн ажилласан тухай тайлбарыг гаргасан боловч эдгээр татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Хариуцагчийн татгалзлаа нотлохоор шүүхэд гаргасан ******* цахим хаягт шүүх 2025 оны 02 сарын 21-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч нарын сургалтад хамрагдсан ирцийн бүртгэл, хариуцагчийн зүгээс 2022 оны 05 сарын 10-ны өдрөөс мөн оны 10 сарын 14-ний өдрийн хооронд суралцагч нарын бүрдүүлэх материалын талаар мэдээлэл өгч, хугацаа тогтоосныг бэхжүүлэн авчээ. Энэ нь нэхэмжлэгч нар ямар материалыг хариуцагчид хэзээ хүлээлгэн өгвөл зохих хугацааг хэтрүүлсний улмаас орчуулгын ажил сунжирсан, мөн тухайн материалуудыг хариуцагч бүрдүүлэн *******-ын холбогдох их, дээд сургууль руу ямар хугацаанд багтаан явуулах хуваарьт багтаагүйг нотлохгүй байна. Иймээс нэхэмжлэгч тал шаардсан материалыг хугацаанд нь ирүүлээгүйгээс хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх хүндэтгэх шалтгааныг нотлогдоно гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч "*******" ХХК нь зуучлалын гэрээний 2.4, 2.6-д заасан үйл ажиллагаа буюу *******-ын их дээд сургуулиудад нэхэмжлэгч нарыг суралцуулахтай холбоотой зуучлалыг нэхэмжлэгч нарын өмнөөс явуулж, тэдний ашиг сонирхлын төлөө явуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
6. Иймээс зуучлалын гэрээгээр тохиролцсон үүргээ зуучлагч биелүүлсний хөлс, шагналыг зуучлуулагч төлөх үүрэгтэй талаархи Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нарын төлсөн 12,000,000 төгрөгийг тэдний ашиг сонирхлын төлөөх үйл ажиллагаанд зарцуулсан гэж дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй. Энэхүү төлбөрөөс нэхэмжлэгч нарын буцаан шаардсан 10,000,000 төгрөгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтад хамааралгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/02897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ