| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0498/Э |
| Дугаар | 494 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 494
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Б.Э түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т овогт Б.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908002350255 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, ...дугаар хороолол чингүүнжав ... дугаар байр .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийгүүлсэн. Т овогт Б.Э РД:УП..............,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэнЭ.А100.000 төгрөг өгөхийг шаардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө эдийн ашигтэй байдал бий болгох зорилгоор иргэнЭ.Азодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Э.А-ын:..2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед 5 шарын 3 дугаар байрны дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь Энхтүвшин таараад ямар ч шалтгаангүй миний нүүр, гар луу цохиод явуулахгүй байсан...би зугтаахад дахин барьж аваад намайг зодоод, байрны харанхуй хэсэгт аваачаад 100,000 төгрөг өг, эсвэл чамайг ална гэж дарамталсан...Нүүр рүү цохиод, хамраас цус гарсан...тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-10-11, 12-13/,
-Э.Аын гэрчээр өгсөн :...2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед Энхтүвшин таараад ямар ч шалтгаангүй миний нүүр рүү цохиж, өшиглөөд, хавирч унагаагаад, зугтах юм бол хутгална гэж сүрдүүлж, үсдэж байрны харанхуйд дагуулан оруулаад зодсон.../хх-7/,
- шинжээчийн дүгнэлт: Э. А-ын биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, дух, баруун гуянд цус хуралт, цээжэий хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-25/,
- шүүгдэгч Б.Э-н:...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5 шарын 2 дугаар байрны гадаа цэргээс чөлөөгөөр ирсэн найз Билгүүнтэй уулзчихаад орой 20 цаг өнгөрч байхад Билгүүн намайг 5 шарын автобусны буудал руу хүргэж өгөх гээд явж байгаад 3 дугаар байрны гадаа Атой тааралдсан...Атой хоёулаа үлдчихээд хоёр биенээ заамдалцаад Аын хөл рүү нь хөлөөрөө тийрсэн...Би Аын баруун гуя руу нь 1 удаа жийсэн, нүүрний зүүн хэсэгт ноцолдож байхдаа мөргөлдчихсөн, цээжний хэнхэрцэгийн гэмтлийг түлхэлцэж байхдаа учруулсан байх...гэх мэдүүлэг/хх-30-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.
Шүүхийн өмнөх шатанд шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн /х-65-67/ байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын зарим зөрүү, эргэлзээтэй байдлыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохиролд холбогдох нотлох баримт хэрэгт байхгүй тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй байх ба 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулслан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялыг эдэлж дууссан /хх-41, 59/ байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР