| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0102/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Бийн Мд холбогдох 1935002290122 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл судлаач мэргэжилтэй, ам бүл 3, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 15-01 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Бийн М /РД:ОЗ94031310/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2019 оны 6 дугаар сарын 02-оос 03-ны шөнө хохирогч А.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь хохирогч А.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч А.Тийн “Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн баяр наадмын талбай дээр бөх үзэж байгаад ...найз Я.О, Я.У ...бид гурав ...Улаангом сумын 11-р багийн нутагт байрлах Их наяд бааранд 23 цагийн үед очсон юм. Тэр бааранд ...бид гурав тус бүрдээ хоёр хоёр лааз 0,5 литрийн сэнгүүр уусан юм. Тэгээд бид гурав уг баарнаас гараад ...Жетс баарны урд талаар доошоо алхаад явж байтал уг баарны гаднаас нэг танихгүй согтуу залуу пиздаануудаа гэж хэлээд орилоод ирж байсан юм. Хажууд нь бас нэг эмэгтэй явсан юм. Уг эмэгтэй нь тэнд байсан жижиг цагаан өнгийн машин руу очсон юм. Тэр согтуу залуу бид гурвын хажуу талаар өнгөрч яваад гэнэт миний баруун талын ханцуйнаас татаад миний өмсөж явсан куртикний баруун талын ханцуйг ...урчихсан юм. Тэгээд би куртикээ тайлаад хажууд нь явсан эмэгтэйд миний куртик энэ залуу урчихлаа миний куртикийг оёж янзалж маргааш авч ирж өг гэж хэлээд би куртик, ... өөрийнхөө утасны дугаарыг өгөөд цааш буцаад явж байтал тэнд согтуу байсан Б.М гэдэг залуу шууд араас ирээд миний өмсөж байсан өмдний хоёр талаас, халаас орчмоос атгаж аваад 2 гараараа намайг дээш өргөөд өөрийнхөө цээжнээс дээш гаргаж ирж байгаад ...уг газрын цементэн талбай дээр миний нүүр хэсгээр намайг 1 удаа чанга шидэж гэмтээсэн юм. Тэр үед би газар унахдаа баруун гарынхаа тохой хэсгээр газар тулж унаж гэмтсэн байсан юм. Би босоод ирэхэд хамар, магнай орчмын газраас цус их гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 дугаар хуудас/,
2. Гэрч Я.Оын “...хажуугаар зөрж байсан согтуу залуу А.Тийн хар куртикнээс татаад ханцуйг нь урчихсан байсан. Тэгээд би очиход А.Т миний куртик урчихлаа маргааш миний куртик оёж өг гэж хажууд нь явсан эмэгтэйд хэлсэн юм. ...тэр эмэгтэй за за тэгнэ гэж хэлж байсан. ...Тэгээд А.Т, Б.М гэдэг залуу хоёр барьцалдаж аваад хоёулаа нэг нэгнээсээ салахгүй зууралдаад байсан. ...Б.М гэдэг залуу А.Тийн хөл рүү ороод өргөж дээшээ гаргаж ирээд цементэн талбай дээр газар луу нүүрээр нь шидчихсэн юм. Тэр үед А.Тийн нүүрнээс цус гарсан байсан юм. Тэгээд тэр эмэгтэй бид нар ярилцаж тохироод ...аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна очсон, тэр үед өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
3. Гэрч Я.Угийн “...А.Т ёо гээд орилхоор нь эргээд харахад А.Т газар уначихсан хажууд нь нөгөө танихгүй залуу ...зогсож байсан ба би хариу эргээд очтол А.Тийн духнаас цус гарсан байдалтай А.Т толгойгоо бариад сууж байсан. Тэгээд надад А.Т хэлэхдээ нөгөө маргалдаж байсан залуу нь барьж аваад өргөөд цемент дээр шидчихсэн гэсэн. Мөн Я.О ах сүүлд надад хэлэхдээ нөгөө танихгүй залуу А.Тийн хөл рүү ороод дээш гаргаж ирээд шидэхэд А.Т цемент дээр унаад толгой нүүрээ цус болгочихсон босож ирсэн гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
4. Гэрч Ц.Агийн “...2019 оны 6 дугаар сарын 2-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад би нэг хүн хүргэчхээд буцаад ирсэн юм. Тэр үед Ардчилсан намын үүдэн дээр миний нөхөр Б.М хажуудаа 3 залуугийн хамт зогсож байсан. Тэгээд би машинаас буугаад яваад очиход 3 залуугийн нэг залуутай миний нөхөр Б.М барьцалдсан байдалтай байсан. Тэгээд тэр А.Т гэдэг залуутай барьцалдаж зууралдаж байхдаа А.Тийн савхин куртикний баруун талын ханцуй нь урагдсан юм. ...А.Т миний нөхөр Б.Мтай барьцалдаж ...байгаад хоёулаа хамт газарт унахад А.Тийн нүүр нь газар шүргэж унасан байсан юм. Тэр үед ...А.Т доор нь ороод уначихсан юм. Тэгээд А.Тийн нүүрнээс нь дух орчим газраас нь цус гарсан юм. Тэнд өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
5. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “Үзүүлэгч А.Тийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, дух хамарт язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дээд уруул, амны баруун булан, эрүү, баруун шуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 426 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Б.Мгийн “...А.Ттэй маргалдаж байгаад барьцалдаж, ноцолдож байтал манай эхнэр бид хоёрын дундуур ороод ...бид хоёрыг салгаад би эхнэртэйгээ цааш явж байтал А.Т гэх залуу ...бид хоёрын араас ирээд “миний хувцас урагдчихлаа хувцас оёж, төлж өг гээд манай эхнэр лүү хэлээд байхаар нь манай эхнэр хувцсыг нь оёж төлж өгнө гээд зогсож байсан ба А.Т манай эхнэрт өмсөж явсан хувцсаа өгчхөөд цааш эргэхээр нь миний уур хүрээд А.Тийн араас очоод тэвэрч аваад ноцолдож байгаад газар хамт унахдаа би дээш нь харж унаад А.Т доошоо харж нүүрээрээ боржуур мөргөөд уначихсан бөгөөд А.Т босож ирээд явган суухад дух хамар хэсгээс нь цус гараад ёо ёо гээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 426 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Мгийн 2019 оны 6 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч А.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 426 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч А.Тийн “...Миний эмчилгээний зардал болон хохиролд Б.М 900.000 төгрөг өгч барагдуулсан бөгөөд одоо надад Б.Мгаас нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 7 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 44 дүгээр хуудас/ тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА