| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/04353/И |
| Дугаар | 210/МА2025/01039 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01039
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02607 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-т холбогдох
Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 13,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******нь *******тай ******* дүүргийн ******* хороо ******* гудамж ******* тоот газрыг худалдан авахаар тохирч 2021 оны 09 сарын 10-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж газрын төлбөрт нийт 13,340,000 төгрөгийг *******т төлсөн. Гэвч *******ын газрыг өөр хүнд худалдахаар тохиролцож 2021 оны 10 сарын 13-ны өдөр *******, *******нар газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулж *******13,000,000 төгрөгийг ******* д шилжүүлсэн байдаг.
Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр ******* дүүргийн Засаг даргын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн ******* захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ дагуу ******* шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн ******* дугаартай магадлалаар тухайн газрын үнэд *******ийн төлсөн 13,000,000 төгрөгийг *******-аас гаргуулж шийдвэрлэсэн.
Иймд гэрээ цуцалсантай холбогдуулан хариуцагчид төлсөн 13,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэх боловч тийм гэрээ хэрэгт авагдаагүй, хэзээ байгуулсан ямар гэрээг цуцалсан болоод хохирол нэхэж байгаа нь тодорхойгүй. ******* нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, *******хороо ******* гудамж ******* тоот газрыг *******д шилжүүлж өгснөөр гэрээний харилцаа дуусгавар болсон. ******* нь өөрийн нэр дээр газрыг шилжүүлж авахаас өмнө цааш *******т худалдсан ба ******* гэрээгээр газрыг шилжүүлж өгснөөр гэрээ хэрэгжээгүй учир дуусгавар болсон. ******* өөртөө *******ээс 13,000,000 төгрөг авч ашиг олсон ба түүнд хохирол учирсан нь баримтаар авагдаагүй, *******т мөнгө төлчихсөн гэдэг баримтгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******аас 13,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 224,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан, мөн 6а-д "Зохигчийн тайлбар, тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд *******нь газрыг худалдахаар нийтэд санал болгосны дагуу *******, ******* нартай харилцан тохиролцож *******, ******* нарын хооронд газар эзэмших гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч нь *******тай байгуулсан гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэжээ.
*******нь *******тай 2021 оны 09 сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж худалдан авсан Баянзүрх дүүрэг, *******хороо ******* гудамж ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбай бүхий газраа цааш нь *******т 13,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Уг газраа өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй тул ******* газар эзэмших эрхийг шууд *******ийн нэр дээр шилжүүлэхээр 2021 оны 10 сарын 13 өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, газрын төлбөр 13,000,000 төгрөгийг М.Золжаргал нь *******ээс авснаар *******, ******* нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ дуусгавар болсон.
Гэтэл шүүхээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04 өдрийн ******* дугаартай шийдвэрээр *******аас 13,000,000 төгрөг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн учраас ******* нь *******д 13,340,000 төгрөгийг буцаан төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч *******нь *******ээс 13,000,000 төгрөгийг авснаар ******* нь *******д 13,340,000 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн. ******* нь *******т 13,000,000 төгрөгийг төлсөн тухай баримтгүй буюу *******д *******тай 2021 оны 09 сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад шүүх хэрэгжээд дууссан гэрээг цуцлагдсан мэтээр хэргийн үйл баримтыг буруу үнэлж *******аас 13,340,000 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: *******, *******нарын хооронд 2021оны 09 сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан талаар маргадаггүй. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дугаартай шийдвэрээр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. ******* нь гэрээнээс татгалзах саналаа илэрхийлсэн тул *******, *******, *******нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Мөн ******* гэрээнээс татгалзсаныг үндсэн дээр *******аас газрын төлбөр гэж 13,000,000 төгрөг гаргуулсан асуудлыг шийдвэрлэсэн. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч ******* нь гэрээнээс татгалзсан. Гэхдээ гэрээнээс татгалзсан ч *******аас тухайн газрын төлбөрөө буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******т холбогдуулан 13,340,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч *******аас 13,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн *******дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* аас 13,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн ******* дугаар магадлалаар шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
Уг шийдвэрээр *******, *******нарын хооронд 2021 оны 09 сарын 10-ны өдөр газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж ******* гэрээний үүрэгт 13,340,000 төгрөгийг *******т төлсөн бөгөөд ******* нь худалдан авсан газраа худалдахаар зар гаргасны дагуу ******* уг газрыг *******аас худалдан авахаар болжээ. Гэвч ******* газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй учир *******, ******* нарын хооронд 2021 оны 10 сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
******* биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч *******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, *******т олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноос *******, *******тай байгуулсан гэрээнээс татгалзаж, түүнд шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан шаардсан үйл баримт тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх энэ үндэслэлээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний доголдолтой холбогдуулан хариуцагчтай байгуулсан газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ. Улмаар нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 13,340,000 төгрөгийг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагч *******аас 13,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг нэхэмжлэгч *******-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь нэгэнт тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар уг нөхцөл байдлыг дахин нотлохгүй.
Иймээс хариуцагч ******* нь газар эзэмших эрхийг *******-т шилжүүлснээр түүний үүрэг дуусгавар болсон, *******-т мөнгө төлсөн баримтгүйгээс гадна нэхэмжлэгчид хохирол учраагүй” гэсэн хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,650 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ