| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0101/э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2019-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Аийн Аэд холбогдох 1935002270118 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо “Бадай” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр багийн 213 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Ш овогт Аийн А /РД: ОМ93120213/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.А нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Голд” баар дотор 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хохирогч А.Бын хамар орчимд гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.А нь хохирогч А.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч А.Бын “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед ...А.А, Б.С, Наа, О нарын хамт бид нар Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Голд бааранд 20 цагийн үед ...караокед нь орсон юм. ...А.А Отай маргалдаад “чи яв” гээд хөөгөөд байсан юм. Тэгээд бид нар караокены өрөөн дотроо зогсож байтал би А.Аэд “Ог явуулж яах юм бэ? одоо бид нар бүгдээрээ кино үзэх гэж байна” гэж би А.Аэд хэлээд зогсож байтал ...20 цаг 30 минутын үед А.А миний хамар орчим газарт баруун гараараа нэг удаа шууд цохчихсон юм. ...тухайн үед А.А дунд зэргийн согтуу байсан юм, тэр үед өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. ...А.А ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
2. Гэрч Б.Сы “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ...20 цагийн үед ...Голд бааранд ороод нэг цаг караокед дуулцгаая гээд орсон юм. Тэгээд кино үзэцгээе гээд бид нар ярилцаад дуулж байгаад би босоод цагийнхаа тооцоог хийчхээд буцаад өрөөндөө орж ирэхэд А.А, А.Б хоёр маргалдсан байдалтай байсан ...тэгээд би Аийг түлхээд сандал дээр суулгасан юм тэгж байтал А.А нь босож ирээд А.Быг баруун гараараа нэг удаа хамар орчим газарт нь цохчихсон юм. Тэгээд би А.Аийг яаж байгаа юм бэ гээд цааш түлхэж уг өрөөнөөс гаргасан юм. ...Тухайн үед А.Аийг Б огт урдаас нь цохиогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Нийн “...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ...найз Б.С, А.Б, А.А, О нарын хамт ...20 цагийн үед ...Голд бааранд орж нэг цаг караокед дуулахаар цаг аваад ...дуулж байтал А согтуу байсан учраас Од үг хэлээд А нь Ог явж зайл гэж хэлсэн юм. Тэгж байтал А.Б Аэд одоо Ог явуулж яах юм бэ одоо бид нар бүгдээрээ хамт кино үзнэ гэж ... хэлээд байж байтал А.А нь А.Быг баруун гараараа нэг удаа нүүр орчим газарт нь цохчихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
4. 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн “...Үзүүлэгч А.Б-н биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 417 дугаартай дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,
5. Яллагдагч А.Аийн “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн. ...бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би А.Бын нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа зодоход Бын хамраас цус гарч А.Бын хамар гэмтээд Б бид хоёрыг Сайнбуян салгасан...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 417 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч А.А нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Голд” баар дотор хохирогч А.Бтай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Б, гэрч Б.С, Б.Н нарын мэдүүлэг, 417 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч уг учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “...Би А.Аээс нэхэмжлэх зүйл байхгүй, ...ямар нэгэн гомдол санал байхгүй, А.А надад хамар гаргах үед эмчилгээний зардалд 40.000 төгрөг өгсөн, ...өөрөө надад эм тариа хамт явж байгаад авч өгсөн юм...” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, хохирогч А.Бын “...Хамраа эмчлүүлсэн 40.000 төгрөг авсан. Эм тарианы зориулалтаар 20.000 төгрөг авсан болно. Иймд цаашид А овогтой Аэд хохирол гомдолгүй болно” /хх-ийн 50 дугаар хуудас/ гэх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 35 дугаар хуудас/ тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тодорхой эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Аийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Аэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА