Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01040

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02639 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* ТӨХК-д холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би******* ТӨХК-ийн *******ийн үйл ажиллагааны хэлтэст *******ийн ажилтнаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн *******тоот тушаалаар ажлаас халагдсан. Би 2024 оны 05 сарын 28-ны өдөр *******чиглэлийн нислэгт *******ийн ажилтнаар ажил үүргээ гүйцэтгээд 31-ний өдөр буцаж ирсэн. Нислэгийн баг, нислэгийн дараа зочид буудалд амрах хугацаандаа шар айраг хэрэглэснийг даргын шийдвэрээр компанийн захиргаанд рапорт бичиж өгсний дагуу 2024 оны 06 сарын 05-ны өдөр компанийн удирдлагууд уулзаж тайлбар авсан. Багийн бүрэлдэхүүнээс *******г ажлаас халж, бусад ажилтнуудад өөр шийтгэл оногдуулах болсон ч намайг ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалд нислэгийн үүргээр гадаад томилолтоор ажиллаж буй нисэх бүрэлдэхүүнийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан архины хэрэглээтэй холбоотой хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд баримталж ажиллахыг үүрэг болгосон буюу хөдөлмөрийн гэрээгээ дагаж мөрдөхийг үүрэг болгосныг зөрчсөн гэсэн.

Хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т "ажил үүргээ гүйцэтгэж байх үе" гэдэгт хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байх үеийг хэлнэ. Албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгээгүй зочид буудалд амарч байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй, гэрээг цуцлах нөхцөл болохгүй юм.

Түүнчлэн уг тушаал нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн ажилтнуудыг ажлын байрандаа буюу онгоцон дотор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хариуцуулсан эд хөрөнгийг хулгайлан, архидан согтуурсан, танхайрсан мэтээр гүтгэн гуйвуулсан, нийт ажилчдад зарлан тараасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт "Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй... 43.2.4. ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах" гэж заасныг зөрчсөн.

Мөн 2024 оны 05 сарын 28-ны ******* *******чиглэлийн нислэгт явсан нисэх багийн гишүүд бүгд амралтын үеэр зочид буудлын өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэсэн байхад зөвхөн доод тушаалын *******ийн ажилтнуудыг нэр заан ялгаж эрх зүйн харилцаа үүсгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ: 5.1.1. үл ялгаварлан гадуурхах" гэж заасныг зөрчсөн байна.

Иймд******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн *******тоот тушаалыг хүчингүй болгож, *******г *******ийн ажилтан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь "******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 06-ны өдрийн ******* тоот тушаалаар******* ТӨХК-ийн *******ийн үйл ажиллагааны хэлтэст *******ийн ажилтнаар томилогдон ажиллаж эхэлсэн.

******* нь 2024 оны 05 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд ******* чиглэлд албан томилолтоор ажиллаж байх үедээ ******* чиглэлийн нислэгийн дараа агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд хэрэглэгддэг пиво, виног агаарын хөлгөөс авч гаран зочид буудал хүргэх унаандаа дүрэмт хувцастайгаа согтууруулах ундаа хэрэглэж улмаар зочид буудалд нэр бүхий ажилчдын хамт үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо зодолдон, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, бусад ажилчдын мэдүүлгээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтууд, болон "Эрсдлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай" гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ******* тушаалыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Компанийн удирдлагууд ******* чиглэлд 2024 оны 05 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд ажилласан *******ийн ажилтнуудтай 2024 оны 06 сарын 05-ны өдөр хуралдсан тус хуралдаанд Үйлдвэрлэлийн захирал *******, Нислэгийн ерөнхий менежер бөгөөд нислэгийн хэлтсийн дарга *******, *******ийн үйл ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн *******, Захиргаа хүний нөөцийн нууцын эрхлэгч ******* болон нислэгт явсан ажилчид болох *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар оролцож тайлбар гаргасан бөгөөд нислэгийн дараа компанийн хариуцуулсан эд хөрөнгийг буюу нислэгийн үед зорчигчид зориулсан үйлчилгээний бараа, бүтээгдэхүүнийг авч гарсан, улмаар түүнийг хэрэглэсэн компанийн эд хөрөнгийг завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэхүү хурлаас улбаалан гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн ******* тоот тушаал гарч ******* чиглэлд 2024 оны 05 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд ажилласан агаарын хөлгийн дарга, хамтран нисгэгч, *******ийн ахлах ажилтан нарт хариуцаж явсан нисэх бүрэлдэхүүндээ хяналт тавьж ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул сахилгын шийтгэл оногдуулсан.

Нислэгийн томилолтоор ажиллаж байна гэдэг нь******* ТӨХК нь холбогдох албан томилолтын зардлыг нь олгоод, тэнд байрлах зочид буудлын төлбөр, хоол ундыг нь бүрэн хариуцаад нислэгийн үүрэг гүйцэтгүүлэхээр ажиллуулж байгаа гэсэн үг бөгөөд гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан "Компанийн ажилтан албан хаагчид албан томилолтоор ажиллах журмын" 1.3 дахь заалтын дагуу нислэгээс буусан ажилтан нь зочид буудалдаа байх хугацааг албан томилолт гэж тодорхойлсон бөгөөд тус журмын 3.1.3-д зааснаар албан томилолтоор ажиллах үедээ архи мансууруулах төрлийн ундаа хэрэглэхийг хориглодог. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалаар нислэгийн үүргээр гадаад улсад томилолтоор ажиллаж буй нисгэгч, *******ийн ажилтан, инженер-техникийн ажилтнуудыг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан үүргийг чанд мөрдөж ажиллахыг даалгасан байдаг. Тушаалын 1.4-т Архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс ангид байх гээд тодорхой зааж өгсөн байдаг.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч *******г******* ТӨХК-ийн *******ийн үйл ажиллагааны хэлтсийн *******ийн ажилтан ажлын байранд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ТӨХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5 дах заалтаар "*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн №5/302 дугаар тушаал үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийхдээ..... "******* ТӨХК нь *******ийн ажилтан *******г албан томилолтоор ажиллаж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т заасныг заасныг үндэслэн *******г ажлаас чөлөөлсөн байх боловч талуудын тайлбараар архи уусан үйл явдал болох үед нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгээгүй зочид буудалд амарч байсан байх тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэж үзээд ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлж, дүгнэлт хийгээгүй.

1.1. Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ Иргэний нисэхийн багц дүрэмд /цаашид ИНД гэх/ заасан зохицуулалтын хүрээнд явагддаг. Тиймээс агаарын тээврийн компаниуд ИНД-д нийцүүлэн компанийн хэмжээнд дагаж мөрдөх үндсэн заавар, тушаал журмуудыг боловсруулж, Иргэний нисэхийн ерөнхий газраар /цаашид ******* гэх/ хянан баталгаажуулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Ялангуяа агаарын хөлгийн нисэх баг, *******ийн гишүүдийн тухайд нислэг үйлдвэрлэлийн аюулгүй, тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс мөрдөгдөж буй "*******ийн үйл ажиллагааны заавар" нь "******* ТӨХК-ийн Нислэг стандартын хэлтсээс боловсруулагдаж, Аюулгүй ажиллагаа чанар нислэгийн аюулгүй байдлын албаны дарга хүлээн зөвшөөрч, *******-аар баталгаажуулснаар компанийн *******ийн ажилчдын хувьд заавал дагаж мөрдөж ажиллах баримт бичиг юм. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж энэхүү баримтыг үнэлж, дүгнэлт хийгээгүй.

Тус зааврын 1.15.3. Архи, Согтууруулах ундаа /alcohol and Other Intoxicating Liquor/

Компанийн зүгээс сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундааны хэрэглээнд тавих тогтмол хяналтыг Компанийн эмчээр дамжуулан тохиолдлын чанартай хийж гүйцэтгэнэ. Үзлэгийн үеэр БА нь архи болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хязгаараас дээгүүр түвшний нөлөөлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд Компанийн эмч нь БАА болон АХД-д энэ тухай мэдэгдэж тухайн БА-г нисэхээс чөлөөлөх, оронд нь ажиллах нөөц багийн гишүүнийг нислэгт Дуудуулах арга хэмжээг авна. ИНД 91.6 дахь хэсэгт заасанчлан Багийн гишүүн албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах, тайвшруулах, өвчин намдаах, мансууруулах, эсхүл хүч оруулах бодис, эсхүл бэлдмэл хэрэглэсэн, эсхүл ашигласны улмаас эрүүл мэндийн хувьд, ажил үүрэг гүйцэтгэх чадвараа алдсан, эсхүл мансуурсан байдалтай байхыг хориглоно.

Мөн нислэгийн үүрэгт хугацаа буюу нөөц багийн гишүүний үүрэгт хугацаа эхлэхээс өмнөх 24 цагийн дотор архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Цусан дахь спиртийн агууламж 0,04%-с ихгүй байна.

Эрх бүхий этгээд шаардсан тохиолдолд *******ийн багийн гишүүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ тодорхойлуулах зорилгоор шалгуулна.

Багийн гишүүн нь дүрэмт хувцастай байх хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй. Компани согтуурлын аль ч хэлбэр болон түвшнийг үл хүлээн зөвшөөрөх бодлого баримтална.

Сэтгэцэд нөлөөлөх бодис, архи, хар тамхины зүй бус хэрэглээний аль ч түвшнийг үл тэвчих бодлогыг үйл ажиллагаанд баримтлах ба зүй бус хэрэглээтэй нь тогтоогдсон БА-г нислэгийн ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хамаарлаас ангид болсон нь эмчийн магадалгаагаар нотлогдтол нислэгийн ажилд эрүүлэн томилохгүй.

Согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын зохисгүй хэрэглээг хязгаарлах, түүнд тавих хяналтыг тусгай бодлого, журмаар зохицуулна. ....хэмээн заасан.

Нэхэмжлэгчийн тухайд холын зайн нислэгт ажил үүргээ гүйцэтгэсэн учраас дараагийн нислэгт нь бэлдэх, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг хангах зорилгоор "******* ТӨХК нь Турк улсад нислэгийн томилолтоор ажиллах хугацаанд холбогдох албан томилолтын зардлыг нь олгож, зочид буудлын төлбөр, хоол ундыг нь бүрэн хариуцаж амраадаг. Энэхүү холын зайн нислэгийн цагийн амралт нь *******ийн ажилчид нислэгийн томилолтоор ажиллаж байх хугацаандаа нэгдүгээрт: дараагийн хуваарьт болон хуваарьт бус нислэгт байнгын бэлэн байдалд байх, хоёрдугаарт: алсын зайд үйлдэж байгаа нислэгийн тухайд согтууруулах ундаанаас үүдэлтэй эрүүл мэнд, бэртэл гэмтэл гэх мэт гарч болох аливаа сөрөг үр дагаврын улмаас нисэх бүрэлдэхүүний дутагдал бий болох цаашлаад нислэг саатах бодит нөхцөл байдал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай нөхцөлддөг. Нислэг саатал гэдэг бол арилжааны тээвэрлэгч компанийн хувьд эдийн засгийн хувьд алдагдал хүлээх түүнчлэн тухайн нислэгийн зорчигчдын тухайд дамжин нислэгүүд цуцлагдах олон сөрөг үр дагаврыг бий болгодог.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;" гээд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6.-д "Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх" ажил олгогчийн үүргийг хуульчилсан байна.

Мөн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д "Ажил, үүргээ гүйцэтгэхдээ Иргэний нисэхийн хууль, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны болон эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбоотой зайлшгүй дагаж мөрдвөл зохих үйл ажиллагааны болон технологийн дүрэм, журам, заавар, зааварчилгааг зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ". .... гэж заасан нь агаарын тээврийн салбарын ажилтнуудын ажил үүргийн онцлог шинжийг агуулж байгаа болно.

1.2 Хавтас хэрэгт "******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон "Эрсдэлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай" Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ******* дугаартай тушаал, Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн ******* дугаартай тушаалаар батлагдсан "Компанийн ажилтан албан хаагчид албан томилолтоор ажиллах журам" авагдсан боловч анхан шатны шүүх үнэлж, дүгнэлт хийгээгүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.7-д Ажлын цагаар болон ажлын бус цагт ажлын байран дээр, түүнчлэн албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн. Мөн хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тасалдуулсан, танхайрсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогдоно.

"Эрсдэлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай" Гүйцэтгэх захирлын ******* дугаартай тушаалаар нислэгийн үүргээр гадаад улсад томилолтоор ажиллаж буй нисгэгч, *******ийн ажилтан, инженер-техникийн ажилтнуудыг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан үүргийг чанд мөрдөж ажиллахыг даалгасан. Тус тушаалын 1.4-т Архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс ангид байх гээд тодорхой зааж өгсөн.

"Компанийн ажилтан албан хаагчид албан томилолтоор ажиллах журмын" 1.3-д Компанийн ажилтан албан хаагчид ажлын зайлшгүй шаардлагаар амьдарч байгаа газар сарын хугацаатайгаар ажиллахыг албан томилолт гэнэ." хэмээн тодорхойлсон бөгөөд тус ундаа хэрэглэхийг хориглосон.

******* ТӨХК-ийн хэмжээнд нисэх багийн бүрэлдэхүүнд 400-аад ажилтан албан хаагчид ажиллаж Ази европын 10 аад улс орнуудад олон улсын нислэг үйлдэж байгаа бөгөөд агаарын тээвэр бусад тээврийг бодоход хамгийн эрсдэл өндөртэйд тооцогддог. Тийм ч учраас нисэхийн салбарын хамгийн чухал зүйл аюулгүй ажиллагаа түүнтэй уялдан хэрэгжүүлэх, дагаж мөрдөх ёстой хууль тогтоомж, дүрэм журам, заавар зааварчилгаа нь бусад салбараас илүү маш нарийн зохицуулалттай байдаг.

2. Анхан шатны шүүх "******* ТӨХК ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн *******дугаартай тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын" 10.2.2.15 дахь заалт болон Хөдөлмөрийн гэрээний 10.4.13 дахь заалт буюу *******ийн ажилтан ******* нь *******хотод томилолтоор ажиллаж байх хугацаандаа онгоцны үйлчилгээний бараа бүтээгдэхүүн завшсан эсэх үйлдэлтэй холбогдуулж огт дүгнэлт хийгээгүй.

Хариуцагчийн зүгээс "******* ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн албанд хандан *******гийн өөрийн гараар бичиж өгсөн 2 тайлбарыг шүүхэд нотлох баримт болгон эх хувиар нь өгсөн боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг үндэслэн хуулбар баримт хэмээн үнэлээгүй. Хариуцагчийн хувьд эх хувь баримтыг шүүхэд өгсөн гэдгээ шүүхэд тайлбарласан боловч шүүх нэхэмжлэгчээс энэ талаар огт тодруулаагүй.

******* нь нислэгээс буухдаа онгоцноос зорчигчдын үйлчилгээнд зориулсан виног усны саванд савлаад, пиво цүнхэлж гараагүй гэж тайлбарладаг боловч шүүх хуралдааны тэмдэглэл болон өөрийн гараар бичиж өгсөн тайлбараар *******ийн бусад ажилтны хамтаар зорчигчид зориулсан үйлчилгээний вино пиво ууж хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Тодруулбал *******чиглэлийн нислэгийн дараа *******ийн нэр бүхий ажилчид үгсэн тохиролцож агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд хэрэглэгддэг вино, пиво-ийг агаарын хөлгөөс авч гаран зочид буудал хүргэх унаандаа хэрэглэж, улмаар нэхэмжлэгч нь зочид буудалд нэр бүхий ажилчдын хамт үргэлжлүүлэн ууж согтуурсны улмаас хоорондоо хэрүүл үүсгэн, танхайрсан болох нь *******гийн өөрийнх нь тайлбар, бусад ажилчдын мэдүүлгээр, аудио бичлэг, хурлын тэмдэглэлээр тогтоогддог.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02639 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдолд дурдагдсан баримтын тухайд сахилгын ноцтой зөрчлийг тооцох үйл баримт биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, *******ийн ажилтны зааврын 1.15.3-т заасан архи согтууруулах ундааны зүйл гэх заалтыг гомдолд оруулсан байсан. Уг заалт нь агаарын хөлгийн баг буюу *******ийн ажилтныг согтууруулах ундааны зүйл нөлөөлөх хэмжээ нь хязгаараас хэтэрсэн байх тухай хяналтыг тавина гэж зохицуулсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээ буюу хөдөлмөрийн дотоод журмын 10.4.4-т уг зохицуулалтыг тусгайлан зааж оруулаагүй. Мөн 2018 оны А/549 тоот тушаалыг дурдсан бөгөөд гадаадад албан томилолтоор ажиллах тухай журам нь******* ТӨХК-ийн удирдах захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер түүний харьяалах нэгж тасгийн төлөөлөгчийн газрын ажилтнууд,******* ТӨХК-ийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах сургалтаар явах албан томилолтын харилцааг зохицуулсан. Тухайн журамд байнгын ажлын байранд ажилладаг нислэгийн агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн буюу *******т ажилладаг хүмүүс, гадаад харилцааны хамтын ажиллагааны хэлтсийн хүмүүсийн томилолтыг зохицуулсан зохицуулалт байхгүй. Уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой заалт нь хөдөлмөрийн гэрээний 10.4.4, 10.4.13-т заасан гол зөрчлийг хэрхэн яаж шалгаж тогтоосон талаар дүгнэх ёстой. Хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т зөрчил нь ажлын буюу ажлын бус цагаар ажлын байран дээр гэж заасан. Мөн албан томилолтын үед ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх нөхцөлд анхаарлаа хандуулж уг нотлох баримтыг судалсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад судалсан нотлох баримтаар тухайн нислэг нь 2024 оны 05 сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 сарын 31-ний өдрийн хооронд *******, ******* гэх чиглэл байсан. 2025 оны 05 сарын 28-ны өдөр *******аас нисээд 05 сарын 28-ны өдөр нь *******д амжилттай газардаж агаарын бүрэлдэхүүн амрахаар зочид буудалд очсон. Уг амралтын цагт маргаан бүхий үйл явдал болсон. Амралтын цагтаа болж байгаа үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т албан томилолтын үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж тусгасан тушаал гаргасныг хууль зүйн үндэсгүй гэж бол үзэж байна. Маргаан бүхий тушаал нь дөрвөн хүний нэр дээр буюу *******, *******, *******, ******* гэх хүмүүст холбогдуулж гарсан. Тухайн зөрчлийг хэрхэн яаж шалгаж тогтоосон эсэх нь тодорхойгүй. Мөн тухайн тушаалд амралтын цагаа зүй зохистой эдлэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэж тусгасан байсан. Амралтын цагаа зүй зохисгүй эдэлсэн гэх зөрчлийг тухайн тушаалын нэгдүгээр зүйлд заасан нь хөдөлмөрийн гэрээний 10.4.4 буюу 10.4.13-т заасан заалттай нийцэхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа хүмүүст үл ялгаварлан гадуурхах зүйлийг гаргаж болохгүй гэж зохицуулсан. Гэтэл нэг цаг хугацаанд, нэг орон зайд тухайн үйл явдал болсон байхад зөвхөн дөрвөн хүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах шийдвэр гаргаж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан суурь зарчмыг зөрчсөн. Гэтэл 06 сарын 09-ний өдрийн ******* тоот тушаалаар агаарын хөлгийн дарга *******, *******ийн ахлах ажилтан *******, ахлах ажилтны орлогч ******* нарт амралтын цагаа зүй зохистой өнгөрүүлээгүй буюу хариуцаж явсан багтаа хяналт тавиагүй гэж өөр арга хэмжээ авсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд явцад******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээний 10.4.13-т зааснаар өөрт хариуцуулсан эд зүйлсийг завшсан гэж хэлсэн боловч нэхэмжлэгч талтай мэтгэлцээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дугаар талд бичигдсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. *******гийн тухайд хөдөлмөрийн гэрээний 10.4.13-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй. ******* нь *******ийн ажилтан бөгөөд тухайн *******т дөрвөн салон байдаг. Мөн *******т байгаа гал тогоо буюу катерингийн эд зүйлийг *******ийн ахлахын орлогч хариуцдаг. Гэтэл тухайн зөрчил гаргасан гэх нөхцөл байдлыг огт шалгаагүй атлаа хөдөлмөрийн гэрээний заалтыг тусгаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргааны үйл баримттай холбоотой, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж дүгнэлтээ хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон ба ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад нислэгийн *******ийн ажилтнаар ажилладаг бөгөөд 2024 оны 05 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хугацаанд Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд албан томилолтоор ажилласан, нислэгийн дараа амрах /зочид буудалд/ хугацаандаа согтууруулах /шар айраг/ ундааны зүйл хэрэглэсэн үйл баримтад зохигч маргаагүй.

Харин нэхэмжлэгч албан томилолтоор ажиллах хугацаандаа нислэгийн бус амрах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасанд тооцож ажлаас халах үндэслэлд хамаарах эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Хариуцагч******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн *******дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан байна. Хариуцагч уг шийдвэрийг гаргахдаа байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1, 9.1.2, 9.1.3, 9.1.3.5, 10.2.2.7, 10.2.2.15 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2, 10.3, 10.4, 10.4.4, 10.4.13 дахь заалт, Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ******* дугаартай Эрсдэлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай тушаалыг тус тус удирдлага болгон ...ажилтан ******* нь 2024 оны 05 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд БНТУ-ын *******хотод томилолтоор ажиллах хугацаандаа онгоцны үйлчилгээний бараа, бүтээгдэхүүнийг завшсан, амралтын цагаа зүй зохистой эдлэлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... гэсэн үндэслэлийг заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй, албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгээгүй зочид буудалд амарч байх үедээ шар айраг хэрэглэсэн нь ноцтой зөрчилд хамаарахгүй гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасанд нийцээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч ******* албан томилолтоор ажиллах хугацааны нислэгийн бус амралтын хугацаа болох зочид буудалд байрласан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хариуцагч******* ТӨХК-ийн бодлого, үйл ажиллагааны зарчим, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд нийцэхгүй буюу ажилтан албан томилолтоор ажиллах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон гэж үзэхээр байна. Энэ нь дараах эрх зүйн баримт бичгүүдэд тодорхой тусгагджээ.

4.1. Хариуцагч******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний ******* дугаартай Эрсдлээс урьдчилан сэргийлж, нислэгийн томилолтын сахилга, дэг журмыг сайжруулах тухай тушаалаар нислэгийн үүргээр гадаад улсад томилолтоор ажиллаж буй ...*******ийн ажилтнуудыг... болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан дараах үүрэг буюу тушаалын 1.4-т Архи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс ангид байх-ыг чанд мөрдөж ажиллахыг нийт нисгэх бүрэлдэхүүнд үүрэг болгожээ.

Энд зааснаас үзвэл нислэгийн үүрэг гүйцэтгэж буй баг бүрэлдэхүүн, ажилтнууд тухайн хугацаанд аливаа байдлаар согтуурах, мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох зарчмыг ажил олгогч баримталсан гэж үзэхээр байна.

4.2. Тус байгууллагаас *******ийн үйл ажиллагааны заавар-ыг 2021 онд батлан мөрдүүлсэн байх бөгөөд зааварт *******ийн багийн гишүүн нь Нислэг эхлэхээс буюу нөөц багийн гишүүний үүрэгт хугацаа эхлэхээс өмнө 24 цагийн дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Нислэгийн үүрэг гүйцэтгэх буюу нөөц багийн гишүүний үүрэг гүйцэтгэх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл тус тус хэрэглэхийг хориглоно гэжээ.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын *******ийн ажилтны хувьд нислэг үйлдэхээс 24 цагийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж ажил үүргийн бэлэн байдлыг хангасан байх үндсэн шаардлага тавигджээ. Харин нислэгийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хориглогдсон байна.

4.3. Хариуцагч******* ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах харилцааг зохицуулж, журмын 10.2.2.7-д ажлын цагаар болон ажлын бус цагт ажлын байран дээр, түүнчлэн албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн. Мөн хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тасалдуулсан, танхайрсан үйлдлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Дээрх эрх зүйн баримт бичгээс дүгнэвэл хариуцагч байгууллага нь албан томилолтоор ажиллаж буй ажилтныг тухайн томилолтын бүх хугацаанд нь согтууруулах ундааны хэрэглэхийг хориглосон эрх зүйн дотоод хэм хэмжээг тогтоосон байна. Энэ үндэслэлээр хариуцагч******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2.7 болон талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т тус тус заасан ...албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн... гэх ойлголт нь хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгч *******г 2024 оны 05 сарын 28-аас 31-ний өдрийн хооронд *******, ******* чиглэлийн нислэгийн *******ийн ажилтнаар ажиллуулахаар албан томилолт олгосон бүх хугацааг хамааруулж ойлгохоор байна.

 

5. Зохигч дээрх нөхцөлийг 2024 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхойлон заажээ. Нэхэмжлэгч албан томилолтоор ажиллах хугацааны нислэгийн бус цагт согтууруулах ундаа хэрэглэсэн талаараа маргаагүй, энэ үйл баримт тогтоогдсон тул хариуцагч хөдөлмөрийн гэрээний 10.4, 10.4.4-т ажлын цагаар болон ажлын бус цагт ажлын байран дээр, түүнчлэн албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэлээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд түүний гаргасан зөрчил нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлд тохирохгүй гэж маргасан боловч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж, үр дагавар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зөрчилд хамаарахаар талууд гэрээндээ тухайлан заасан байх тул хариуцагч мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороо, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ...нисэх багийн гишүүд бүгд амралтын үеэр зочид буудлын өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн байхад зөвхөн *******ийн ажилтнуудыг нэр заан ялгаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ялгаварлан гадуурхсан гэж тайлбарласан нь энэхүү хэргийн хувьд ач холбогдолгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж, түүний үр дагаврыг харгалзан уг зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгааг үндэслэн хариуцагч шийдвэр гаргасан байх тул хэргийн оролцогч бус бусад этгээдтэй холбоотой асуудалд шүүх дүгнэлт өгөхгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэгчийг илт ялгаварлан гадуурхсан гэх байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ******* нь гадаад албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгчийг онгоцны зорчигчдод зориулсан дарсыг агаарын хөлгөөс авч гарсан, хэрэглэсэн нь компанийн эд хөрөнгийг завшсан сахилгын зөрчилд тооцогдоно гэж хариуцагч үзэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.14-д нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн дарс, эд зүйлийг агаарын хөлгөөс авч гарсныг хариуцагч нотлоогүйн зэрэгцээ хэрэглэснийг завшсан гэж дүгнэхгүй тул зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.4.4-т заасан зөрчилд тооцогдохгүй байна. Иймээс энэ үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзнэ.

 

6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02639 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч******* ТӨХК-д холбогдуулан гаргасан *******ийн үйл ажиллагааны хэлтсийн *******ийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч******* ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ