Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 495

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч С.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-гийн  Б-д холбогдох 1908005670384 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, “Тээвэр ачлал” компанид жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, Зүүнбаян цагааны ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй О овогт Б-гийн Б регистрийн дугаар: ЧБ................,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:   

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ........ дугаар хороо Зүүнбаян цагааны ........ тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн охин Б.Н хүзүүний баруун талд хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

      Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн........ дугаар хороо Зүүнбаян цагааны ........ тоотод байрлах гэртээ төрсөн охин Б.Н баруун талд хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

            -насанд хүрээгүй хохирогч Б.Н:..2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр...гэртээ ортол түмпэнтэй ус шалан дээр асгарчихсан бас аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байсан. Мөн манай дүү Номинзулыг галаа асааж чадсангүй гэж яриад байсан. Тэгснээ аав над руу хараад би чиний сургалтын төлбөрийг төлж байгаа шүү миний өөдөөс их зан гаргахгүй шүү гээд гараараа миний шанаа руу нэг удаа цохисон...мөн миний хүзүүний баруун талаас хазсан...надад нэхэмжлэх зүйлгүй,  гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-12-13, хх-34-35/,

- гэрч П.Д-гийн:...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай охин Н, А, бага хүү Х нар байсан ба манай охин Н гэртээ байхгүй байсан. Манай нөхөр Н чи яагаад галаа түлж чадахгүй байгаа юм бэ гээд уурлахад Номинзул аав руугаа муухай харсан манай нөхөр Б.Б над руу муухай харлаа гэж хэлээд ваннтай ус руу өшиглөсөн..Би уурлаад нөхөртэйгөө маргалдаж байтал манай том охин Н орж ирээд юу болоод байгаа юм бэ гээд уурласан чинь Б би чиний сургалтын төлбөрийг төлсөн одоо миний мөнгийг авчир гэж хэлээд...охин Н-ийн баруун хацар луу нэг удаа хүчтэй алагдсан тэгээд охин нүүрээ дараад доошоо суусан...Б-г  болиулахаар  хэдэн талаас нь ноцолдож байтал манай охин Н хүзүүнээс хазчихлаа гэсэн...Өөр зодож цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-18-20, 40-41/,

- гэрч Л.Д:..2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хүү архи уусан байсан. Б-ын гэрт хашгирах чимээ гарахаар нь ортол Б-ыг шалан дээр унагаад эхнэр П.Д, болон охин Н нар дарчихсан байсан...Н аав миний хүзүүнээс хазчихлаа гэсэн. Тэгээд би Б-д чи яаж байгаа юм бэ гэхэд эд нар чинь дээрээс дарчихаад тавихгүй байхаар нь би хазчихлаа...гэх мэдүүлэг /хх-21-22/,

-гэрч Л.А:..2019 оны 01 дүгээр сарын 19-ны орой намайг гэртээ байхад Б-ын  охин А орж ирээд А ахаа “аав” гэхээр нь би хамт гэрлүү нь орсон. Тэгэхэд Б-ыг  газар шалан дээр унагачихсан эхнэр, том охин хоёр нь дээрээс нь дарчихсан байж байсан...гэх мэдүүлэг /хх-25-26/,

- насанд хүрээгүй гэрч Б.Н:..2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гадуур явж байгаад гэртээ ирсэн бөгөөд аав ээж хоёр буцаад гэрээс гарсан бөгөөд буцаж ирээд аав намайг чи гал түлээгүй байна гэж хэлээд уурласан манай аав, ээж хоёр маргалдаж байтал гаднаас манай эгч Н ороод ирсэн чинь манай аав Б эгч Н рүү “би чиний сургалтын төлбөрийг чинь төлж байгаа шүү” гэж хэлээд уурласан тэгж байснаа манай аав Н эгчийг цохих шиг болсон ба ээж уурлаад аавыг бариад авсан бас эгч Н хажуугаас нь тэврээд авсан. Тэгээд аавыг шалан дээр унагаад дарсан тэгтэл эгч Н хүзүүний баруун талаас нэг удаа хазсан...гэх мэдүүлэг /хх-31/, 

- шинжээчийн дүгнэлт :...Б.Н биед хүзүүний баруун хажууд цус хуралт захаар 0,6 см урттай 3 ширхэг зах ирмэг тэгш өнцөг шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-44/,

-гэр бүлийн талаарх тодорхойлолт /хх-86-89/,

- шүүгдэгч Б.Б-ын:..2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн охин Н-ийн  хүзүүнээс нэг удаа хазсан хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг/ хх-116-120/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Б.Б-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй харилцан эвлэрсэн тухайгаа мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул /х-125-126/ шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :  

Шүүгдэгч нь ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг нь гэр бүлийн гишүүд хоорондын маргаан, зүй бус харьцааны улмаас үйлдэгдсэн байх тул  шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хувийн хөдөлмөр эрхэлж ар гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг,  шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.        

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР