| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/07958/И |
| Дугаар | 210/МА2025/01041 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01041
******* ХХК, *******
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02271 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК, ******* ХХК нар 2017 оны 06 сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 950,000,000 төгрөгийг зээлдүүлэх, гэрээний үүргийг Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* давхарт байх оффис үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайтай, мөн хаягт орших үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар тохиролцсон.
Гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч үүргээ бүрэн биелүүлээгүй ба 2020 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 1,398,258,813 төгрөгийн зээл, хуримтлагдсан хүүгийн өртэй болсон. Иймд уг төлбөрөөс хуримтлагдсан хүүгийн 53,258,813 төгрөгийг чөлөөлж, 67,177,479 төгрөгийг өглөгт суутгаж, дээрх ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 680,000,000 төгрөг тооцон авч, үлдэх 586,952,106 төгрөгийн төлбөрөөс 350,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүү тооцон 1 жилийн хугацаанд, 236,952,106 төгрөгт хүү тооцохгүйгээр төлж барагдуулахаар 2020 оны 09 сарын 17-ны өдөр "Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ" байгуулсан. Мөн өдөр "******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-р "*******" ХХК-аас авах 586,952,106 төгрөгийн 350,000,000 төгрөгийг шаардах эрх, үүргээ шилжүүлсэн.
******* ХХК нь төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээнд заасан 236,952,106 төгрөгөөс 49,595,598 төгрөгийг "******* ХХК-д төлөөгүй тул гаргуулахаар шаардаж байна. Мөн ******* ХХК нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 238,020,000 төгрөгийн зээл, 59,552,624 төгрөгийн үндсэн хүү, 11,910,525 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 309,483,149 төгрөгийг төлөөгүй тул *******д олгуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд тооцоо нийлж байгаа бөгөөд зарим дүн дээр таарахгүй байна. Мөн *******ы зээлийн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар хоёр талаас уулзаж тохиролцож байгаа бөгөөд ойрын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 49,595,598 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, 297,572,624 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 8,356,339 төгрөг, нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлээс 11,910,525 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,153,076 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,893,791 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болон хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан этгээд *******д ******* ХХК 228,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагын адил үлдэгдэл мөнгөнд хүү нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилснийг хангаж шийдсэн байна. Шүүх, шүүх хуралдааны зарыг хариуцагч талд мэдэгдээгүй төдийгүй шүүх нүүлээ, саллаа, нэгдлээ гэсээр зар мэдээллээ хуульд зааснаар хүргээгүйгээс нэг мэдэхэд шүүх хурал болж шийдвэр ирсэн. Иймд шүүхэд нэхэмжилсэн дүнгээс 120,000,000 төгрөгийг хасаж тооцуулах нь төлөхөөр тохиролцсон 350,000,000 төгрөгийн 228,000,000 төгрөгийг төлсөн байсан. Үлдэгдэл 130,000,000 төгрөгийг төлөөгүй нь үнэн ба төлнө. Гэтэл ******* ******* ХХК нар хуйвалдан нэг нэгэндээ өр шилжүүлэн мөнгө хүүлсэн. Манай оффис барилгыг ББСБ хямд авсанд гомдолтой тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга: Шүүх процессын алдаа гаргаж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг тушаагаагүй байсан. 2025 оны 06 сарын 02-ны өдөр материалаа бүрдүүлэн давж заалдах шатны шүүхэд хэргийг явуулсан байсан. Энэ нь шүүгч хугацааг дур мэдэн олгоод давж заалдах шатны шүүх рүү явуулсан. Шүүх зориуд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаан хаана болохыг мэдээгүй гэдэг байдлаар дурдсан нь хурлын товд байгаа баримтаар няцаагдана. Хариуцагч, нэхэмжлэгч нар нэг байшинд байдаг, өдөр болгон харьцаж явдаг. Манайх шүүхэд 2024 оны 11 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаад хариуцагч шүүхэд ирэхгүй, хариу өгөхгүй явсаар шүүх хуралдаан хийгдсэн. Энэ хугацаанд хариуцагч талын ярьж байгаа нөхцөл байдал хангалттай няцаагдаж, манайх тооцоолол, баримттай нь он, сартай нь шүүхэд гаргасан. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч *******ы нэхэмжилсэн зээлийн хүүг төлөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нартай эвлэрэх хүсэлтэй гэж тайлбарлажээ.
3. Зээлдүүлэгч ******* ХХК, зээлдэгч ******* ХХК нарын хооронд 2017 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 950,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүү, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд 2017 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* давхарт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байх үйлчилгээний зориулалттай ******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ.
Энэхүү зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч 2020 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар 1,398,258,813 төгрөгийн өртэй болохыг талууд тооцон Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ байгуулсан, уг төлбөрөөс 53,258,813 төгрөгийн өрийг чөлөөлж, зээлдүүлэгч нь ашиглалтын зардалд тооцон 78,047,894 төгрөгийг зээлийн өрөөс хасаж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* дүгээр давхарт байх ******* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 680,000,000 төгрөгт тооцон төлбөрт авснаар ******* ХХК нь 586,952,106 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр үлдсэнийг баталгаажуулжээ. Энэ төлбөрийг 12 сарын хугацаанд төлөх хуваарь гаргаснаас 236,952,106 төгрөгт хүү тооцохгүй, үлдэх 350,000,000 төгрөгт 1 сарын 1.2 хувийн хүү тооцон 12 сарын хугацаанд төлөхөөр тохиролцжээ. Гэвч энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй, хугацаа 2021 оны 09 сарын 15-ны өдөр дууссан байна.
Дээрх хэлцэл хийгдсэний дараа ******* ХХК нь *******тай 2020 оны 09 сарын 17-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан ******* ХХК-аас 350,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүү тооцон шаардах эрхээ *******д шилжүүлжээ.
Зохигчийн хооронд байгуулсан дээрх зээлийн болон шаардах эрх шилжүүлэх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 123 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч мөн маргаагүй байна.
4. Нэхэмжлэгч ******* ХХК-аас төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээнд заасан 236,952,106 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 57,951,937 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар шаардсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагаа 8,356,339 төгрөгөөр багасгаж хариуцагчаас 49,595,598 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн энэхүү шаардлагад хариуцагч маргаагүй болон зохигчийн хооронд төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй, хариуцагч ******* ХХК-аас 49,595,598 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 8,356,339 төгрөгөөр багасгаж хариуцагчаас 49,595,598 төгрөг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,356,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсныг залруулж, уг хэсгийг хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
5. Нэхэмжлэгч ******* 2020 оны 09 сарын 17-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч ******* ХХК-аас 309,483,149 төгрөг гаргуулахаар шаарджээ. Анхан шатны шүүх тус шаардах эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцсэн буюу хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. ******* нь шаардах эрхийг шилжүүлж авсан талаар ******* ХХК-д мэдэгдсэн, уг мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж байсны дагуу хариуцагч 226,600,000 төгрөг төлсөн нь зээл, хүүгийн төлбөрт тооцогджээ.
Хариуцагч 2024 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаар зээлд 238,020,000 төгрөг, хүүд 59,552,624 төгрөгийг тус тус төлөөгүй нь зээлийн төлөлтийн хуваарь гаргасан баримтаар нотлогдсон байна. Мөн нэхэмжлэгч ******* нэмэгдүүлсэн хүү 11,910,525 төгрөгийг хариуцагчаас шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймээс анхан шатны шүүх ямар тооцооллыг үндэслэн хариуцагчаас 297,572,624 төгрөг гаргуулахаар шаардсан нь тодорхойгүй, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хангасан гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Мөн хариуцагчаас 130,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй гэсэн боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй байна. Хариуцагчаас хууль туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх хугацаа олгохыг хүсч 2025 оны 03 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг нь шүүх хангаж тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, мөн сарын 25-ны өдөр хурлыг товложээ. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр 2025 оны 02 сарын 05-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******г томилсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 03 сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг хүлээн авч гарын үсэг зурсан байна.
Иймээс хариуцагч талаас 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг биечлэн хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан байх тул шүүх хариуцагч компанийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй. Улмаар анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардлагын үлдэх 8,356,339 төгрөг ... гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас ... нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардлагын үлдэх 8,356,339 төгрөг ... гэснийг, ... шаардлагыг тус тус ... гэсний ... тус тус ... гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,047,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ