Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01042

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/02945 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 215/2-902В дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг эзэмшиж, ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,466,652 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь ******* ХХК-тай 2017 оны 04 сарын 06-ны өдөр 215/2-902В тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 156,354,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 35,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 2017 оны 05 сарын 30-аас 2018 оны 05 сарын 30-ны өдрийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. ******* нь дээрх байрны урьдчилгаа төлбөрт 2017 оны 04 сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 93,000,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл ******* ХХК дээрх орон сууцнаас намайг чөлөөлүүлэхээр 2023 онд шүүхэд хандсанаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр намайг маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлж шийдвэрлэсэн. Ингэхдээ орон сууцны үнэд төлсөн 93,000,000 төгрөгийн талаар тусгайлан эрх зүйн дүгнэлт өгөөгүй тул талуудын хэн аль нь энэ талаар шүүхэд нэхэмжлэлээ гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн.

Зохигчийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс талууд татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний үнэд төлсөн 93,000,000 төгрөгийг хариуцагч буцаан шилжүүлэх үүрэгтэй. Иймд зохигчийн хооронд 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 215/2-902В тоот Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 93,000,000 төгрөгийг ******* ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ түрээсийн төлбөрт 60,466,652 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК нь орон сууц хөлсөлсний төлбөр шаардах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1. Талуудын хооронд дээр дурдсан орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан ба дурдсан ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай орон сууцыг манай компани худалдсан. ******* орон сууцны төлбөрийг тодорхой хуваариар төлөх хүсэлт гаргасан тул 156,354,000 төгрөгийг гэрээ байгуулснаас эхлэн 2018 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан. Гэвч ******* гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймээс манай компани гэрээний 6.2-т зааснаар гэрээнээс татгалзаж улмаар 2023 онд шүүхийн шийдвэрээр уг орон сууцыг албадан чөлөөлүүлж авсан.

*******т орон сууцыг 2017 оны 05 сарын 15-ны өдөр актаар хүлээлгэн өгснөөс хойш 2023 оны 10 сарын07-ны өдөр шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлөх хүртэл ******* орон сууцад амьдарч байсан. Манай компани *******ын төлсөн 93,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзах хүртэл хугацааны орон сууц ашигласны төлбөрт суутган тооцсон ба дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд тэрээр 2017 оноос хойш бүтэн 6 жил манай орон сууцанд амьдарсан ба 93,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. ******* нийт 76 сар 22 хоногийн хугацаанд орон сууцыг эзэмшиж, ашигласны төлбөрийг гэрээний 6.3.2-т Захиалагч талын гэрээ биелснээс олсон ашиг болох гэрээнээс татгалзах хүртэлх сар бүрийн орон сууц ашигласны 2,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөр (түрээсийн төлбөр, байрыг шинэчилж, засварлахтай холбоотой зардал)-ийг захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгах-аар тохиролцсоны дагуу шаардсан. Энэ хугацааны төлбөр 153,466,652 төгрөг бөгөөд 93,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзах үед суутган тооцсон тул уг дүнг хасаж, үлдэх 60,466,652 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан ******* дугаартай Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний 3.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээний төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг, нэхэмжлэгч *******т холбогдох орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,466,652 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 693,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,284 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Хариуцагч худалдсан орон сууцыг ердийн элэгдэл хорогдлоос илүүтэй муутгасан болон зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд хөрөнгийн доголдол, эвдрэл гэмтэл, эвдрэл гэмтлийг арилгахтай холбоотой гарсан зардал буюу учирсан хохирол нэхэмжлээгүй, энэ тухай баримтгүй. Харин *******ын гэрээний үүрэгт төлсөн 93,000,000 төгрөгийг орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөр буюу ашигласны төлбөрт суутгаж тооцсон" гэж татгалзсаныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийн үндэслэлгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэр болжээ.

Гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний биелэлтээс татгалзаж, үүргийг дуусгавар болгож байгаа тул өгсөн авсан зүйлээ харилцан буцаах журамтай бөгөөд гэрээнээс татгалзсан талд татгалзсанаас хохирол учирсан байхыг шаардана. "*******" ХХК гэрээнээс татгалзаж, гэрээгээр *******т хүлээлгэн өгсөн орон сууцаа буцаан авснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг хүртэж, хохиролгүй болсон. Гэвч гэрээнээс олж авсан орон сууцны үнэ 93,000,000 төгрөгийг *******т буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хууль бус болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн тухайн орон сууцанд амьдарсан хугацаа нь гэрээ биелснээс олсон ашиг гэж тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгодог. Угтаа худалдан авагч *******ын гэрээ биелснээс олох байсан ашиг нь гэрээний зүйлийг өмчлөх эрх юм. Үүний адил гэрээ биелснээс олох байсан ашиг нь худалдах-худалдан авах гэрээний зүйлийн үнэ буюу төлбөр юм. Товчхондоо хариуцагч нь гэрээнээс татгалзаж зарсан байраа буцаан авсан атлаа худалдан авагчийн төлсөн мөнгийг буцаан өгөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр *******ын төлсөн 93,000,000 төгрөгтэй холбоотой тухайлан эрх зүйн дүгнэлт өгөөгүй тул талуудын хэн аль нь энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дүгнэсэн байхад гэрээнээс татгалзан гарсны үр дагаврыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь алдаатай, ойлгомжгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хуульд гэрээнээс татгалзсан бол харилцан тохиролцож буцааж өгнө, гэхдээ энэ биет болон биет бусаар гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол зөвхөн биет байдлын орон сууц, мөнгөний асуудлыг ярьж байгаа болохоос биш 7 жил суусан энэ асуудлын үр шим, ашгийг буцаах, биет байдлаар буцаах боломжгүй бол мөнгөөр буцааж өгөх Иргэний хуулийн 205.2-т заасан асуудлыг ярихгүй байна. Анхан шатны шүүх энэ үр дагаврыг өмнө нь 2023 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Энэ шийдвэрт бид санал нэг ба анх манайх 2023 онд нэхэмжлэл гаргаад, нэхэмжлэлийн шаардлагаар бид орон сууцаа буцааж авъя, шаардлагын үндэслэлд 93,000,000 төгрөгийг суутгаад авч байна, тухайн үед 5 жил суусан байсан. Үр дагаврын асуудлыг бид нар 100 хувь тавьсан, манай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 онд бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 93,000,000 төгрөгийн асуудал нь 2023 онд шийдэгдсэн, нэгэнт шийдэгдсэн асуудал, шийдэгдсэн үндэслэл нь Иргэний хуулийн 205.2-т зааснаар зөвтгөгдөж байгаа учраас үүнийг дахиж ярих шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр 2017 оны 05 сарын 15-ны өдөр акт үйлдэн орон сууцыг *******т хүлээлгэн өгсөн бөгөөд орон сууцыг 2023 оны 10 сарын 07-ны өдөр албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар чөлөөлж авсан. Энэ хугацаанд буюу 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл нийт 76 сар 22 хоног орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж, ашигласан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар үүрэг зөрчсөн этгээд хохирлыг хариуцах учиртай ба 227.3-т зааснаар хохирлын хэмжээ нь үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогын хэмжээгээр тодорхойлогдоно. Нэгэнт ******* нь 76 сарын хугацаанд байранд үнэ төлбөргүй амьдарсан тул энэ хугацааны төлбөрийг хариуцагчид төлөх учиртай. Хэрвээ гэрээ байгуулагдаагүй байсан бол энэ хугацаанд хариуцагч нь орон сууцыг түрээслүүлж ашиг олох боломжтой байсан. Харин уг асуудлыг гэрээнд тодорхой заасан.

Гэрээний 6.3.2-т "Захиалагч талын гэрээ биелснээс олсон ашиг болох гэрээнээс татгалзах хүртэлх сар бүрийн орон сууц ашигласны 2,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг Захиалагчийн төлсөн төлбөрөөс суутгах"-аар заасан. Энэхүү төлбөр 153,466,652 төгрөг (76 сар 22 хоног * 2,000,000) болж байна. Үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 93,000,000 төгрөгийг хасаад зөрүү 60,466,652 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал гэрээний ашгаа буюу шаардах эрхээ зөв тодорхойлж чадаагүй. Гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан хохирлыг шаардана, тухайн худалдах-худалдан авах гэрээний зүйлд ашигласан зардлыг нэхэхгүй. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ буруу тодорхойлсон мөн гэрээнээс олсон ашиг орлогоо буруу тодорхойлсон. Хариуцагч талын гэрээнээс хүртсэн ашиг нь худалдсан зүйлийнхээ төлбөрт хүлээж авсан 93,000,000 төгрөг, энэ нь ашиг орлого. Тухайн худалдсан зүйл эд хөрөнгөд доголдол учирсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан бол үүнийг нотлох үүрэг нь хариуцагчид байсан. Тухайн орон сууцыг ашигласан төлбөрийг нэхэмжилж, үндсэн нэхэмжлэлийг үгүйсгэж, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 215/2-902В дугаартай орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний 3.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад гэрээнээс татгалзсаны үр дагаварт 93,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг нэхэмжлэгч 77 сар 22 хоног эзэмшиж, ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,466,652 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын хооронд 2017 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан 215/2-902В дугаартай орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп цогцолбор хороолол, Элизабет хотхоны 215 дугаар блок байрны 2 дугаар орц, 9 дүгээр давхрын ******* тоотын ******* м.кв талбайтай орон сууцны 1 м.кв талбайг 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт 156,354,000 төгрөгөөр худалдах ба орон сууцыг 2016 оны 12 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар, худалдан авагч ******* орон сууцны урьдчилгаа төлбөр 35,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд төлснөөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцжээ.

Мөн талууд гэрээний төлбөрийн нөхцөл, хариуцлагын талаар нэмэлт оруулж, худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 121,354,000 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-аас 2018 оны 05 сарын 30-ны өдрийн хугацаанд төлөөгүй нөхцөлд гэрээний хугацаа хэтэрснээс хойш 30 хоног өнгөрснөөр худалдагч гэрээг цуцалж, орон сууцны эзэмшлийг буцаан шаардах ба алданги, хохирлыг тооцон худалдан авагчийн төлсөн төлбөрөөс суутган авахаар 2017 оны 04 сарын 11-ний өдөр ******* дугаартай гэрээг байгуулсан байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. ******* дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ******* ХХК гэрээнээс татгалзан нэхэмжлэгч орон сууцыг 2017.05.15-2022.05.11-ны өдрийн хугацаанд 59 сар 27 өдөр эзэмшсэний төлбөрт түүний төлсөн 93,000,000 төгрөгийг суутгаж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзахдаа талуудын хооронд байгуулсан ******* дугаартай гэрээний 6.3.2-т гэрээнээс татгалзсан бол орон сууцыг ашигласны төлбөрийг нэг сарын 2,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсоноор нэхэмжлэгч орон сууцанд 59 сар амьдарсан хугацааны төлбөрийг түүний төлсөн 93,000,000 төгрөгөөс суутгасан байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй ч талууд анх гэрээ байгуулах үедээ гэрээнээс татгалзсан бол худалдан авагчийн орон сууц ашигласан хугацаанд төлбөр тооцохоор тохиролцсоныг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь дээрх шүүхийн шийдвэрт зааснаар ******* ХХК-аас түүний төлсөн 93,000,000 төгрөгийг буцаан өгөхгүйгээр гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шаардсан нэхэмжлэлд маргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Орон сууцны урьдчилгаа төлбөр 93,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзал мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймээс хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчийн орон сууц ашигласан хугацааны төлбөрт суутгасан нь Иргэний хуулийн 205, 227 дугаар зүйлд нийцээгүй гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч нь орон сууцыг эзэмшиж, ашигласны төлбөрийн үлдэгдэл 60,466,652 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дугаар шийдвэрээр зохигчийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс ******* ХХК татгалзсан үндэслэлээр тус гэрээний үүргийг дуусгавар болгож, *******ыг гэрээний зүйл болсон орон сууцнаас албадан чөлөөлж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрт дурдсанаар *******ыг орон сууцанд 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 сарын 11-ны өдөр буюу 59 сар 27 хоног амьдарсан үндэслэлээр 93,000,000 төгрөг төлснийг буцаан төлөхгүй гэж тайлбарласан байна. Хариуцагч энэхүү хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргахдаа *******ыг нийт 76 сарын 22 хоног орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр 153,466,652 төгрөгөөс дээрх төлбөрийг хасаж үлдэх 60,466,652 төгрөгийг нөхөн гаргуулна гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нөхцөлд нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардлаа хохиролд тооцон шаардах эрхтэй. Харин учирсан хохирол бодитой тогтоогдсон байх учиртай бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас хариуцагчид хохирол учирсан болон түүний хэмжээг тогтоосон үйл баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна. Иймээс хариуцагч ******* ХХК-д 60,466,652 төгрөгийн хохирол учирсан нь бодитой тогтоогдсон гэж дүгнэхгүй.

Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн төлсөн 93,000,000 төгрөгийг дээрх үндэслэлээр суутгасан нь зохигчийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд дүгнэгдсэн байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дугаар шийдвэр гарснаар зохигчийн хооронд үүссэн гэрээ дуусгавар болох тул хариуцагч дуусгавар болсон гэрээний зохицуулалтыг хохирол учирсан үйл баримт гэж тодорхойлох боломжгүй юм.

 

6. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 93,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл болон нэхэмжлэгчээс 60,466,652 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон агуулгатай хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/02945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 93,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл, нэхэмжлэгчээс 60,466,652 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 622,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 460,284 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ