| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0100/э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Бгийн Год холбогдох 1935002540117 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овогт Бгийн Г /РД: ОЙ95020314/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Аын өгсөн “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би эхнэр Ц.Бын хамтаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ...хүнд хоол цай хүргэж өгчхөөд мотоциклтойгоо сумын төвд зогсоод эхнэр дэлгүүр лүү юм худалдаж авахаар орсон. Би гадаа ...суугаад хүлээж байтал Б.Г гэх залуу намайг нааш ир гэж 2-3 удаа дуудахад нь би чи өөрөө хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл Б.Г мотоцикл дээрээсээ бууж ирээд чи намайг дууддаг хэн бэ? Чам шиг юм намайг дууддаггүй юм гэж хэлээд над руу ирсэн, тэгэхэд манай эхнэр бас дэлгүүрээс гарч ирсэн. Б.Г миний хажууд ирээд намайг таньж байна уу гээд миний баруун ...хацарт алгадсан, тэгснээ зүүн талын хацарт бас алгадахаар нь манай эхнэр болиоч гэж хэлээд цааш нь түлхсэн. Тэгэхээр нь би Год дараа хоёулаа ...уулзанаа гэхэд чи юу гэнээ гэж хэлээд намайг мотоциклоос татаж буулгаад миний хамранд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
2. Гэрч А.Нын өгсөн “...2019 оны 06 сарын 14-ний өдөр ... би найз Б.Ц хамтаар ногоон өнгийн микро автомашинтай сумын төвд Энхтайваны дэлгүүрийн урд талд замын хажууд зогсоод найз Б.Ц дэлгүүр лүү орсон. Тэр үед Б.Г, С хоёр мотоциклтой ирсэн. Би тэр хоёр хүнтэй бөхийн тухай ярьж байтал машины доод талд мотоциклтой зогсож байсан нэг ахыг Б.Г нааш ир гэсэн. Тэгтэл тэр ах өөрөө нааш ир гэхэд Б.Г яваад очсон. ...Б.Г Б.Аыг эхлээд 2 удаа алгадсан. Тэр үед Б.Аын эхнэр боль гээд Б.Гыг хойш нь түлхэж байсан. Тэгтэл Б.Г ...Б.Аыг мотоциклоос нь татахаар нь би машинаасаа буугаад гүйгээд очиход Б.Аын хамранд өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
3. Гэрч Ц.Сийн “... би Б.Гтой ...уулзаад Алтангэрэл гэдэг айлд очиж утас авахаар явж байсан юм.Тэгтэл замдаа ...Энхтайван гэдэг хүний дэлгүүрийн урд ... машин дотор А.Н гэдэг залуу сууж байхаар нь уулзсан юм. Тэгээд урд талд замын хажууд мотоцикл дээрээ суучихсан нэг залуу байсан ба тэр залууг Б.Г нааш ир гэж дуудсан, тэгтэл тэр залуу чи өөрөө нааш ир гэсэн. ...Б.Г тэр ...залууг чи намайг дууддаг хэн бэ? гээд баруун болон зүүн талын хацар дээр нь нэг нэг удаа алгадсан. ...Тэгээд Б.Г уг залууг мотоциклоос нь татаад буулгахдаа хамар луу нэг удаа өшиглөөд газарт дараад унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
4. Гэрч Ч.Бын “...би нөхөр Б.Аын хамтаар эмнэлэгт хэвтэж байсан хамаатны хүндээ хоол цай хүргэж өгчхөөд бид 2 мотоциклтой сумын төвийн... засмал замын хажууд зогсоод би дэлгүүр лүү юм авахаар орсон. Дэлгүүр орчихоод буцаад гараад ирэхэд Б.Г гэх залуу манай нөхөр дээр ... хүрч ирээд чи намайг дууддаг хэн юм бэ? гэж хэлээд баруун талын хацар луу нь гараараа алгадсан, дахиад зүүн талын хацар луу нь алгадахаар нь би цааш нь түлхэхэд манай нөхөр дараа хоёулаа тааралданаа ...гэхэд Б.Г чи юу гэнээ муу пиздаа гэж хэлээд мотоцикл дээрээ сууж байсан миний нөхрийг татаж буулгаад хамар луу нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
5. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үзүүлэгч Б.Аын биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 459 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч Б.Гын “... мотоцикл дээрээ суучихсан нэг залуу ... байхаар нь юм асууя гэж бодоод нааш ир гэж дуудсан тэгтэл чи өөрөө нааш ир гэж хэлэхээр нь би явж очоод намайг яах гэж дуудсан юм бэ? гээд баруун талын хацарт нь нэг удаа алгадсан юм. Тэгтэл тэр залуу ...чи бид хоёр дахиад таарнаа гэж хэлэхээр нь мөр хэсгээс нь татаад хамар хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 459 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.А, гэрч А.Н, Ц.С, Ч.Б нарын мэдүүлэг, 459 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч уг учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “Миний бие Б овогтой А би 2019.06.14-ний өдөр Б.Год зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Одоо надад Б.Гоос нэхэмжлэх зүйл үгүй, санал гомдол байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” /хх-ийн 25 дугаар хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 54 дүгээр хуудас/ тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Бгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Год өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА