Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01058

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/05202 дугаар шийдвэртэй,

*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох,

Гэм хорын хохирол 7,673,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 7,673,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 3,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 3,673,000 төгрөгийн хохирлын хэмжээ хэт өндөр, автомашиныг нэхэмжлэгчээс худалдаж авсан гэж тайлбарлан маргажээ.

 

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн ******* УЕЕ улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа хохирол учруулсанд маргаагүй, харин уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээний талаар хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар дээрх тээврийн хэрэгслийн урд жааз төмөр, баруун урд дээд багана, хаалга, шанаа, лонжром, зүүн урд крыло, хойд буфер, баруун урд дээд багана, урд жааз төмөр гулзайн хэлбэрээ алдсан болон тайлангийн солих сэлбэг хэрэгслийн жагсаалтад байгаа эд ангиуд хагарч эвдрэл үүссэнээр 6,960,000 төгрөгийн хохирол учирсан болон нэхэмжлэгчээс тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой 713,000 төгрөгийн нэмэлт зардлууд гарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Хариуцагч нь тус тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж худалдан авсан, тээврийн хэрэгслийн тоормосыг 1,800,000 төгрөгөөр засварлуулсан тухай тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ уг мөнгөн шилжүүлэг нь энэхүү тээврийн хэрэгсэлтэй хамааралтай эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа хохирол учруулсан тул нэхэмжлэгч гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэх эрхтэй. Иймээс нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд өөрийн буруугаас 7,673,000 төгрөгийн хохирол учруулсны төлбөрийг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй.

 

4. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэлд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, гэм хорын хохиролд 3,761,500 гаргуулж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад нэхэмжлэгчийн шууд хамааралтай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан, үүнтэй холбоотойгоор хохирлын хэмжээ нэмэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасан техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс зам тээврийн осол гарсан гэж үзэх үзэхэд учир дутагдалтай, өмчлөгчийн үүрэг энэ тохиолдолд хамаарахгүй байхад шүүх хохирлыг хэмжээг багасгасан нь хуульд нийцээгүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс гэм хорын хохиролд 7,673,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг нэмж баримталсан өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/05202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 7,673,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...75,134 төгрөг... гэснийг 137,718 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,534 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ