Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2025/00050

 

      *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/00810 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “30,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анужин нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            Миний бие “******* сургалт, клуб” НҮТББ -ыг эрхлэн ажиллуулдаг, захирал ажилтай билээ. Иргэн *******г тус сургалтын төвийнхөө Улаанбаатар хотын ******* салбарт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн багийн багш дасгалжуулагчаар ажилд авсан. Бидний зүгээс ажиллах нөхцөлөөр ханган ажиллуулж байсан ба ******* нь ажиллаж байхдаа орон сууцтай болгох гэсэн юм, урьдчилгаа болгон 30,000,000 төгрөгийг өгөх гэхэд мөнгө байдаггүй, та надад зээлээч гэж гуйсан. Би нөхцөл байдлыг судлан үзээд зөвшөөрч шууд бүгдийг нэг дор зээлж чадахгүй. Хэсэг хэсгээр нь  буюу 3 сая, 5 сая гээд бага багаар шилжүүлэн өгнө гэхэд зөвшөөрсөн.

Ингээд би өөрийн хувийн Хаан банкны ******* данснаас *******гийн Хаан банкны ******* гэсэн данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл хэсэгчлэн 7 удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөгийн шилжүүлэн зээлүүлсэн. 2023 оны 03 дугаар сараас эхлэн ******* Дархан хот дахь салбарт ажиллах болоод Дархан-Уул аймагт шилжиж очиж ажиллахад ч мөн туслалцаа, дэмжлэгийг үзүүлж сар бүр цалин хөлснөөс гадна Дархан-Уул аймагт амьдрахад зориулж орон сууцны түрээсийн эхний 6 сарын төлбөр буюу 1 сарын 600,000 төгрөг, нийт 3,600,000 төлж өгсөн.

Тэгтэл ******* гэрээгээ ноцтой зөрчсөн тул ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Одоо надаас зээлж авсан 30,000,000 төгрөгөө өгөхгүй утсаа ч авахгүй хохироож байгаа тул зээлүүлсэн 30,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Миний бие 2018-2020 он хүртэл *******ийн нөхөр сургуулийн заал түрээсэлж “*******” клуб үйл ажиллагаа явуулдаг байхад анх волейболын дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед захиралтай 2020 онд хөдөлмөрийн гэрээг байгуулж байсан. Үүний дараагаар гэр бүлийн маргаанаас үүдэж дээрх 2 хүн салсны улмаас “*******” клубээ хоёр хуваахад нь би 1 жилийн хугацаанд аль алинд нь ажиллаж байсан. Сүүлд захирал “Ахын дүү эгчдээ ажиллаад өгөө, ахад нь эргэж нийлэх бодол алга, одоо чи л туслахгүй бол цаадах чинь ганцаардана” гэхээр нь 2021 оноос эхэлж *******тэй хамтран ажиллаж эхэлсэн.

2021 оны 11 сарын дундуур ******* дахь салбарт хичээл орж байх үед ******* нь надтай уулзаж “ за чи эгчтэйгээ болохоос болохгүй хүртэл олон жил хамт явсан, тэгээд эгч нь энэ хэдэн багш нартаа нэг байрны урьдчилгаа өгөх бодолтой байгаа гэхдээ эд нараасаа урьдаад чамд түрүүлээд буцалтгүй байдлаар өгчихье” гэхэд нь би “за баярлалаа, эгч та тэгвэл нэг мөсөн бөөнд нь өгчихгүй юу” гэж хэлэхэд эгч нь бөөнд нь бол өгч чадахгүй цувруулж өгнө гэж хэлсэн.  ...би өөрөө Улаанбаатар-Дархан хоёрын хооронд ирж очин хичээлээ зааж байгаад 2023 оны 05 сарын 04-нд Дарханд суурьшиж ирсэн.

Ирсэн хойно би түрээсийн байр хайж байх үед сарын 600,000 төгрөгийн байр олсон 6 сараар төлбөрөө бөөндөж авах юм байна гэж *******д хэлтэл “Чи ямар бэлэн хялбар юманд дуртай юм бэ? би 400,000 төгрөгийг нь гаргана, та 2 өөрсдөө 200,000 төгрөгийг нь гарга” гэж хэлсэн. Ингээд бид өөрсдөөсөө нэхэмжлэлд дурдагдсан 3,600,000 төгрөгийн 1,200,000 төгрөгийг гаргасан.

2024 оны 04 сарын 06-ны өдөр ******* чатаар “Дарханы сургалтын хүүхдүүдийн тоо бага байна, ийм бага байхад яаж ашиг хийх юм, ингэж сэтгэлгүй ажиллавал зайлаарай” гэхчлэн намайг элдвээр харааж зүхэхэд нь “тэгвэл би ажлаас гарлаа” гэж бичээд тухайн үед өнгөрсөн.

...2024 оны 09 дүгээр сарын 10-нд менежер “чиний халагдах тушаал гарсан, ирж аваарай” гэж чат бичсэн. Тэгээд нэгэнт халахаар санаа сэтгэл нь хувирчихсан юм байна гэж бодоод тухайн үеийн тушаалтай нь танилцалгүй тэр чигт нь хаясан.

Гэтэл өнөөдөр ингэж илт үндэслэлгүй ажлаас халсан мөртлөө, өмнө нь өөрийн ярьж байсан зүйлээсээ ухарч буцалтгүй тусламж хэмээн цувуулж өгсөн 30,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаад гайхаж байна. Өөрийнх нь хэцүү ааш, хүний хөдөлмөрийг мөлждөг байдал, дарангуй зангаас нь болж хамтран ажиллахад бэрх болсон учраас тэрхүү үндэслэлгүй тушаалыг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгтэл надад ямар нэгэн зүйл мэдэгдэхгүйгээр шүүхэд өгсөн, энэ талаар өөртэй нь холбогдох гэхэд утсаа авахгүй ямар нэгэн хариу өгөхгүй байгаа. Хамт ажиллаж байх хугацаанд олон тохиолдолд ярьсан хэлсэн зүйлээсээ буцаж, эцэст нь буруутан тэр хүн биш би болоод багш нар л болдог байсан. Энэ удаад ч мөн адил өөрийн буцалтгүй гэж өгсөн мөнгөө зээлүүлсэн гэж байгаа нь илт үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ. /  х.х 34-35 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хэсэг, 7 дугаар хэсгийн 3 дахь доголд дүгнэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч иргэн ******* нь “******* сургалт, клуб” НҮТББ -ын захирал ажилтай бөгөөд өөрийн ажилтан байсан *******д 30,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Нэхэмжлэгч өөрийн хувийн нэр дээрх данснаас шилжүүлэн өгсөн байхад шүүх буруу дүгнэсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үүднээс ажилтныхаа нийгмийн харилцаанд дэмжлэг үзүүлэх гэж хөрөнгө оруулалт хийсэн бол тус ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ эсвэл бусад гэрээгээр буцалтгүй тусламжийн талаар болон тусламж авч байгаа хүний хийж гүйцэтгэх ажил, үр шим, ашиг, хугацаа, эрх үүргийн талаар маш тодорхой тусгах байсан. Хариуцагч тал нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргадаггүй. Зээл аваагүй харин байрны урьдчилгаа болгон буцалтгүй тусламж авсан гэдэг ч буцааж өгөхгүй мөнгө юм гэдэг талаараа өөрөө нотолж чаддаггүй, ямар нэг бичгийн гэрээ, хэлцэл бүхий нотлох баримт шүүхэд гаргаж өгдөггүй.

Харин иргэн хүнийхээ хувиар мөнгийг зээлүүлсэн, зээлүүлсэн мөнгөө зээлдэгч нь байрны төлбөртөө өгөх, хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрх бөгөөд зээлээ эргүүлэн төлөхгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн тул буцаан шаардсан, өгөхгүй байсан тул шүүхэд хандан шаардлага гаргасаар байхад анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаа байсан байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Үнэхээр шүүхэд эргэлзээ төрж шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар ******* сургалт, клуб” НҮТББ-ыг хамтран нэхэмжлэгчээр татаж болох байсан. Өөрөөр хэлбэл хэргийг анхан шүүх нэг мөр хянан шийдвэрлэхэд анхаарч шаардлагатай гэж үзэн хамтран нэхэмжлэгчийг татах оролцуулах зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна.

б. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хэсэгт зааснаар зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар талууд хэрхэн тохирсон эсэх нь тодорхойгүй ...” гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад бүрэн дүгнэлт хийлгүй орхигдуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд тайлбар гаргахдаа Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч өөрийн мөнгийг өөрийн данснаас зээлдэгчийн дансанд шилжүүлэн өгснөөр үүрэг дуусгавар болж, зээлдэгчийн зээлийг буцаан төлөх үүрэг үлддэг. Хариуцагч нь хамгийн сүүлд зээлж дансандаа шилжүүлж мөнгийг авснаас хойш 2 жил хагасын хугацаа өнгөрсөн байдаг. Нэхэмжлэгч шаардсан үеэс буцаан төлөх үүргийг иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д маш тодорхой зааж хуульчилсан.

в. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь иргэн ******* биш харин ******* сургалт, клуб” НҮТББ байсан гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн бол шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн зохих зүйл заалт болон 117 дугаар зүйлүүдийг баримтлаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Тус шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч иргэнийхээ хувиар шүүхэд дахин хандах эрхтэй эсэх, төрийн бус байгууллагаар нэхэх эрхийн аль нь нээлттэй, аль нь хязгаарлагдаж байгаа нь ч тодорхойгүй ойлгомжгүй болсон байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 123-124 /

5. Хариуцагч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлдүүлсэн 30,000,000 төгрөгөө гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч нь “30,000,000 төгрөг зээлж аваагүй, харин байрны урьдчилгаа гэж буцалтгүй тусламж болгон өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ. / х.х-12, 34-35/

Хэргээс үзэхэд:

8. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 сарын 21-нд байр утгатай 3,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 10-нд д утгатай 3,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 23-нд байрны мөнгө д гэсэн утгатай 8,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 13-нд д байр урьдчилгаа гэсэн утгатайгаар 6,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 04-ний өдөр байр урьдчилгаа гэсэн утгатай 5,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 27-ны өдөр байрны урьдчилгаа д гэсэн утгатай 3,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 01-ний өдөр байрны урьдчилгаа гэсэн утгатайгаар 2,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. / х.х-6-13/

Харин нэхэмжлэгч ******* нь дээрх 30,000,000 төгрөгийг хариуцагчид байрны урьдчилгаа шаардлагатай байсан гэсэн учир зээлдүүлсэн гэж, хариуцагч ******* нь 2029 оныг хүртэл тогтвортой ажиллана гэсэн нөхцөлөөр байрны урьдчилгаанд зориулж буцалтгүй тусламж болгон өгсөн мөнгө гэж маргажээ.

9. “******* сургалт, клуб” НҮТББ-ын гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02/01 дугаартай тушаалаар *******г тус сургалтын төвийн ******* салбарт хүүхэд, насанд хүрэгчдийн волейболын ангид ахлах багшаар томилон ажиллуулж байгаад тус клубийн захирлын 2024 оны 08 сарын 30-ны өдрийн тушаалаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. / х.х 37-38/

10. Хариуцагч ******* нь “тусгай нөхцөл бүхий гэрээний дагуу 2029 он хүртэл ажиллана” гэсэн нөхцөл тохирч, байрны урьдчилгаанд зориулж буцалтгүй тусламж болгон 30,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд ******* нь энэ талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, уг татгалзлаа нотолж чадаагүй байна.

Түүнчлэн “******* сургалт, клуб” НҮТББ нь Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал гэсэн удирдлагын бүтэцтэй ажилладаг болох нь тус клубийн дүрмээр нотлогдож байгаа бөгөөд гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд байна. / х.х-39-47/

Тус клубын удирдах зөвлөлөөс багш дасгалжуулагч *******д байрны урьдчилгаанд зориулж, 30 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон талаар шийдвэр гаргаагүй байх тул хариуцагч *******гийн “******* нь надтай уулзаж “ за чи эгчтэйгээ болохоос болохгүй хүртэл олон жил хамт явсан, тэгээд эгч нь энэ хэдэн багш нартаа нэг байрны урьдчилгаа өгөх бодолтой байгаа гэхдээ эд нараасаа урьдаад чамд түрүүлээд буцалтгүй байдлаар өгчихье” гэсэн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

11. Нэхэмжлэгч ******* нь өөрийн хувийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас нийт 7 удаагийн гүйлгээгээр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул уг мөнгийг “******* сургалт, клуб” НҮТББ-ын хөрөнгө биш, харин нэхэмжлэгч *******ийн хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх тул” талуудын хооронд үүссэн харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны шинжийг агуулж байх ба уг харилцааны явцад байрны урьдчилгаа төлбөр тохирсон байж болох шинжийг агуулж байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь 30,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ “ клуб байрны урьдчилгаа” гэсэн агуулга бүхий утгатай гүйлгээний утгыг бичиж байсан боловч “ гэдэг нэртэй олон хүн таньдаг учир клубын багш д” зээлдүүлж байгаа гэдгээ ялгахын тулд ийм утга бичиж байсан гэж тайлбарласныг хариуцагч няцааж чадаагүй.

12. Иргэд хооронд байгуулах зээлийн гэрээг амаар байгуулж болох бөгөөд зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх үүрэгтэй тул “зээлийн гэрээндээ зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн гэрээний гол нөхцөлийг хэрхэн тохирсон эсэх нь тодорхойгүй байх ба энэ нь буцаан төлөх хугацааг хэдийгээс тооцох, сүүлийн хугацаа хэзээ болох зэрэг нь тодорхойгүй байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******гийн дансанд мөнгө шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/00810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******гаас 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                         Г.ДАВААРЕНЧИН                          

                                                                                                             Б.ЭРДЭНЭХИШИГ