| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0613/Э |
| Дугаар | 635 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 635
2019 08 15 2019/ШЦТ/635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Баасанжавын Эрдэнэхүүд холбогдох эрүүгийн 1911017600780 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-800 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 760 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр бүрэн биелүүлсэн, Боржигон овогтой Б.Э. /рд:УХ..............,
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1178А тоотод хохирогч О.Мөнгөнзултай маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү гараараа цохиж, үснээс чирч, толгой, нуруу, хөл, гар луу өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэн ар болон хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүрэг 12 хороо Булгийн 19-1178 тоотод гэрт байсан зурагтыг ломбарданд тавих гэснийг манай эхнэр Хишигбаяр манай эгч О.Мөнгөнзул руу залгаж хэлж, тэгээд эгч Мөнгөнзул мэдэж, улмаар манай гэрт ирж би эгчтэй хоорондоо маргалдаж, эгч Мөнгөнзулын толгойн тус газар нь 2 удаа, нуруу руу нь 2 удаа гараараа цохисон...” гэх /хх-30-31х/,
Хохирогч О.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Т.Эрдэнэхүүгийн эхнэр Хишигбаяр над руу утсаар залгаад Эрдэнэхүүг согтуу зурагт ломбарданд тавина гээд байна гэхэд би ээжийн гэрт очсон. Манай дүү Эрдэнэхүү согтуу байсан ба надтай хэрүүл өдөж, улмаар манай хүүхдийг ээжийн лангуун дээр суучихаад мөнгө завшиж байгаа мэтээр яриад байсан. Тэгээд л миний зүүн талын нүд рүү гараараа цохиж, үснээс чирч, том өрөө рүү оруулаад толгой, нуруу, хөл, гар луу өшиглөж, цохиод байсан. Надад дүүгээсээ нэхэмжлээд байх зүйл байхгүй, харин архины эмчилгээнд явуулмаар байна...” гэх /хх-8-9х/,
Гэрч С.Хишигбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би хүүхдүүдийнхээ хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1178А тоотод ирэхэд манай нөхөр Б.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэрт байсан зурагтаа авч гарч ломбарданд тавих гээд байхаар нь би хадам эгч Мөнгөнзул руу залгаж хэлсэн. Архи уусан үедээ бол ямарч хүнд гар хүрэх гээд байдаг болохоор хүрсэн байхаа...” гэх /хх-16-17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дүгээр сарын 24-ний өдрийн №7637 тоот дүгнэлт:
- О.Мөнгөнзулын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэн ар болон хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх /хх-22/,
Эрүүгийн хэрэг хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх-ийн 35х/,
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №760 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 35-36х/,
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №182 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 39х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Эг хүнимй эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, түүний үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогтой Баасанжавын Эрдэнэхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эг согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаатайгаар хориглох хязраалалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД