Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 101/2014/9378/и |
Дугаар | 1695 |
Огноо | 2016-10-07 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1695
ХХын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00293 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХын нэхэмжлэлтэй
Хариуцагч Хд холбогдох
Гэрээнээс татгалзсанаас үүссэн 23 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2009 онд зуслангийн газартай болохоор байршил сайтай газар хайж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг "ХХХХ" ХХК-д хандсан. Тус компаниас зуучлалын үйлчилгээ үзүүлж, байрлалтай, тус бүр нь 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй гэх 5 айлын газар санал болгосныг хүлээн зөвшөөрч би уг газрыг худалдан авах хүсэлтийг "ХХХХ" ХХК-д гаргасан. Зуучлагч компаниас намайг газрын эзэд болох ХХХ, ХХХХ, ХХХХХ, Х, ХХХХХХ нартай уулзуулж өгсөн. Би эдгээр хүмүүсийн төлөөлөгч Хтай харьцаж, газрын үнийг тохирч, 5 айлын эзэмших эрх бүхий газрыг 23 000 000 төгрөгөөр худалдан авахаар 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдснаас хойш газар, байшинг хүлээлцэж, төлбөр тооцоог дуусгах тохиролцоо хийсэн тул миний бие 23 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зуучлагч "ХХХХ ХХК-д төлсөн. Ийнхүү газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу зуслангийн газруудыг нэр дээрээ шилжүүлэн авахаар Дүүргийн газрын албанд хандахад дээрх газрууд нь шүүх дээр маргаантай байгааг мэдсэн. Энэ талаар би "ХХХХ" ХХК-д мэдэгдэж, мөн Хас тодруулахад "бага зэрэг маргаан байгаа, би асуудалгүй зохицуулаад өгнө" гэж хэлсэн. Гэвч 3 шатны шүүхээр уг газрын эзэмших эрхийг хууль зөрчиж олгосныг тогтоосон.
Би газраа авч чадаагүй учраас газрын үнэ болох 23 000 000 төгрөгийг буцаан төлөхийг "ХХХХ" ХХК болон Х нараас шаардсан боловч төлөөгүй. "ХХХХ" ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгч миний эрх ашгийг ноцтой хохироосон. Миний бие гэрээний дагуу газартай болж чадаагүй бөгөөд газрын төлбөрт шилжүүлсэн 23 000 000 төгрөгийг "ХХХХ" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
ХХ нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг "ХХХХ" ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж, хариуцагчаар Хыг татан оролцуулсан. ХХ нь 2009 онд зуслангийн газартай болохоор "ХХХХ" ХХК-иар зуучлуулан Хтай уулзсан. Тэд 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Зуслангийн газар зуучлан борлуулах гэрээг байгуулж, ХХ нь ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо. ХХХХХХХХ зусланд байрлалтай, нэг нь 699 м.кв, бусад нь тус тус 700 м.кв талбай бүхий 5 айлын газрыг өөрийн эцэг, хүүхдүүдийн нэр дээр худалдан авахаар тохирч, уг хүсэлтийг "ХХХХ" ХХК-д гаргасан бөгөөд Х нь 5 хүний газрыг ХХод 23 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцон эдгээр хүмүүстэй уулзуулсан. Газрын эздийг төлөөлж Х бүх хэлцлийг хийж, түүнд 5 айлын эзэмшлийн газрын үнэд 21 000 000 төгрөгийг 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх зуслангийн газруудыг шилжүүлэн авахаар Сүхбаатар дүүргийн газрын албанд хандахад тус газрууд нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар ХХХХХХХ нарын 5 хүний эзэмшилд тус бүр 400 м.кв талбайтай газар олгосон нь лавлагаагаар тогтоогдсон.
Гэтэл эдгээр газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар захирамжаар Х нарын 5 хүнд тус бүрт 700 м.кв талбай бүхий газрыг давхардуулан олгожээ. Энэ талаар иргэн Х нар нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 353 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 234 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар тогтоолоор иргэн ХХХХХХХ нарын эзэмшлийн газар гэж үзэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 96 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
ХХ нь уг газрыг ХХХХХХ, ХХХХХХХ, ХХХХХ, ХХХХХХХ, ХХХХХХХХ нарын төлөөлөгч ХХХХд 11 500 000 төгрөг өгч дахин худалдан авсан. Ийнхүү тэрээр нэг газар худалдан авахын тулд Хд болон шинэ газар эзэмшигч нарт дахин мөнгө төлж хохирсон. Газар эзэмших болон шилжүүлэн өгөх эрхгүй Хас 21 000 000 төгрөгийг буцааж өгөхийг шаардахад 3 000 000 төгрөгийг мөн "ХХХХ" ХХК нь зуучлалын гэрээний үйлчилгээний хөлсөнд нэхэмжлэгчийн төлсөн 2 000 000 төгрөгийг тус тус буцааж өгсөн. Иймд ХХ, Х нарын хооронд үүрэг үүсээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах эрхийн дагуу анх нэхэмжилсэн 23 000 000 төгрөгөөс буцааж авсан 5 сая төгрөгийг хасаж, үлдэгдэл 18 000 000 төгрөгийг Хас нэхэмжилж байна.
Манайх Газрын тухай хуулийн 38.2-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлж, хувийг Газрын албанд өгөх ёстой боловч уг ажиллагаа хийгдээгүй учраас гэрээнээс татгалзаагүй юм. Ийнхүү бидний хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй гэсэн үг мөн гэжээ.
Хариуцагч Хын өмгөөлөгч ХХХХХийн тайлбарт:
Х гэр бүлийн гишүүдийн хамт ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо. ХХХХХХХХ зусланд газар эзэмшихээр 2007 оны эхээр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандахад түүний сонирхож байсан газарт эзэмших эрх олгох боломжтой гэсэн хариу өгсөн учраас холбогдох баримтыг бүрдүүлэн хүсэлтийн хамт өгснөөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар Х, ХХХХХ, ХХХ, ХХХХХХ, ХХХХ нарт тус бүр 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу газар эзэмших гэрээг Сүхбаатар дүүргийн Газрын албатай байгуулж, хашаа барьж, газрын төлбөрийг төлж байсан. Х нь 2009 онд дээрх 5 иргэний эзэмшлийн газрыг худалдахаар "ХХХХ" ХХК-д 33 000 000 төгрөгөөр худалдах үнийн санал болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд 2009 оны 06 сарын 10-ны өдөр уг газрыг 23 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, ХХХ, ХХХХ, нэхэмжлэгч ХХ нартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл Х нарын эзэмшлийн дээрх газрыг иргэн ХХХХХХ, ХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХ, ХХХХХХХ нарт Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар олгосон зуслангийн газарт давхардуулж Сүхбаатар Дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар дээрх иргэн Х нарт тус бүр 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар захирамжааар хүчингүй болгосон.
Х нь уг захирамжид гомдол гаргаж холбогдох байгууллагад хандсаны дараа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хянан хэлэлцэгдэж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 351 дугаар шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд уг актыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Уг маргаанд ХХХХХХ, ХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХ, ХХХХХХХ нар гуравдагч этгээдээр оролцож, тэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ХХХХг оролцуулж, Х, ХХ нар нь харилцан тохиролцсоны дагуу ХХХХд 9 000 000 төгрөгийг гарган өгч, уг маргаан дуусгавар болсон. Ийнхүү Хтай өглөг, авлагагүй гэж тохиролцон явсан ХХ 23 000 000 төгрөгийг нэхэмжилж буй нь шудрага бус байна. Тэрээр дээрх маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Х нь ХХтой харилцан тохиролцон түүнээс авсан мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг буцааж өгөхөөр, ХХ нь "ХХХХ" ХХК-иас зуучлалын хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөгийг буцааж авахаар, мөн ХХ нь ХХХХХ нарын 5 хүний төлөөлөгч ХХХХд 11 500 000 төгрөг өгч газрыг авахаар тус тус хэлэлцэн тохирсны дагуу Хас түүнд 3 000 000 төгрөгийг өгсөн. Харин тэрээр "ХХХХ" ХХК-иас 2 000 000 төгрөг авч, иргэн ХХХХд 11 500 000 төгрөг өгч 5 айлын газрыг буцаан авснаар Х, ХХ нарын хооронд тооцоо дууссан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар дээрх 5 хүний газар ХХ нарын эзэмшилд бүрэн шилжсэн. Ийнхүү нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн баталгаагаар ХХ нь Хас 3 000 000 төгрөгийг аваад үлдэх мөнгийг авахгүй гэж тохиролцсон нь нотлогдож байх тул үүгээр гэрээ дуусгавар болсон нь тодорхой харагдана. Захиргааны хэргийн шүүхээс Х нарын эзэмшлийн газар биш гэсэн шийдвэр гараагүй, зөвхөн субьект биш гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар Х нарт газрыг давхардуулан олгосон буруутай, Хас хамааралгүй учраас нэхэмжлэлийн шаардлага болох 18 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь уг газрыг давхардуулан олгосон гэдгийг 2009 онд мэдсэн байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХ-аас 8 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 272 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХод олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХгийн давж заалдах гомдолд:
Нэхэмжлэгч ХХ нь Хандгайт зусланд байрлалтай эзэмших эрх бүхий газар худалдан авахаар хариуцагч Хд 21 000 000 төгрөг шилжүүлсэн боловч Х нь тус газруудыг хууль ёсны дагуу эзэмших эрхгүй этгээд болох нь тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 492.1.1-д заасан нөхцөл байдлыг үүсгэсэн юм. Учир нь хөрөнгө олж авсан этгээд болох Х болон нэхэмжлэгч ХХ нарын хооронд үүрэг үүсээгүй юм. Тиймээс хөрөнгө шилжүүлсэн этгээд болох нэхэмжлэгч ХХ уг зүйлийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд болох хариуцагч Хас хөрөнгөө буцаан шаардсан болно. Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны хууль зүйн үндэслэлийг зөв дүгнэсэн атлаа хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.
Нэхэмжлэгч ХХ нь эзэмших эрх бүхий газар худалдан авахаар Хд 21 000 000 төгрөг шилжүүлсэн боловч Х нь тус газрыг эзэмших эрхгүй этгээд болсон. Улмаар тус газрын хууль ёсны эзэмшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ХХХХтай харилцан тохиролцож, түүнд газрын үнэ болох 11 500 000 төгрөгийг төлж, зуслангийн газруудыг худалдан авсан. ХХХХ нь хариуцагч Хтай ямар нэгэн холбоогүй этгээд юм. Шүүх энэхүү үйл баримтуудыг үнэн зөвөөр дүгнэж чадсан хэрнээ хууль ёсны газрын эзэдэд шилжүүлсэн 11 500 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 8 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй болжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00293 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн давж заалдах гомдолд:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Анх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжийг үндэслэн ХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХ, ХХХХХХХ, ХХХХХ нарт 2003 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХ зуслангийн зориулалтаар тус бүрт 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон тухай газрын мэдээллийн нэгдсэн санд ороогүй байсан тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар иргэн Х нарын 5 иргэнд тус бүр 700 м.кв газар эзэмшүүлсэн. Энэ тухай нэхэмжлэгч ХХ, ХХХХ бид нар ярилцаж уг газрын хэмжээ 300 м.кв хэмжээгээр томорсон, газрын зах зээлийн үнэлгээнд ойролцоо үнээр худалдаа хийсэн, мөн ХХ, Х нар 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" хийснээс хойш нэхэмжлэгч ХХ нь эзэмшиж уг газарт барилга байгууламж барьж ашиглаж байсан зэргийг тооцож гэрээгээ дуусгавар болсонд тооцож салсан. Мөн ХХ нь ХХХХгаас 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ээр маргааны зүйл болсон газраа шилжүүлэн авснаас хойш 1 жил 6 сарын дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ч хуульд нийцэхгүй үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч ХХ нь Хтай 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ний дагуу 23 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч ХХ нь уг гэрээнээс татгалзснаас үүссэн 23 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байхад ямар гэрээний шаардлага гаргаж байгаа тухайд шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй.
2. Захиргааны хэргийн шүүх газар давхардуулан олгосон маргаантай асуудлыг хэлэлцээгүй төдийгүй зөвхөн нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоол гарсан болохоос уг маргааны зүйлд дүгнэлт өгч шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэсэн мэтээр шийдвэртээ тусгасан нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Энэ тухай нэхэмжлэгч талын төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд хэлж тайлбарлаж байсан.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " ... Талууд газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан боловч үүний дараа газар эзэмших эрх нь хүчингүй болж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болжээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод Х нарын 5 иргэнд олгогдсон газар давхардаж гарч ирсний улмаас уг маргаан үүссэн төдийгүй Х болон ХХХХХХХ нарын 5 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нар зөв дүгнэлтэд хүрч нэхэмжлэгч ХХод эрхээ шилжүүлэн харилцан тохиролсон. Түүнээс биш бусдын эд хөрөнгийг хууль бус аргаар авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй болно.
Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00293 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хас 8 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ХХ гэрээнээс татгалзаж, 18 000 000 төгрөгийг хариуцагч Хас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Х 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө зуучлалын "ХХХХ" ХХК-тай Зуслангийн газар, байшин зуучлан борлуулах тухай гэрээ байгуулж, ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХ зусланд байрлалтай газар эзэмших /0142173-0142177 хүртэлх дугаартай/ гэрчилгээ бүхий нийт 3500 м.кв газрыг 36 000 000 төгрөгөөр худалдан борлуулахад зуучлуулах, зуучлалын хөлс нь хашаа байшинг борлуулсаны үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцсон байна. “ХХХХ” ХХК-ийн зуучилснаар 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшигч ХХХ, ХХХХ, ХХХХХ, ХХХХХХ, Х нартай иргэн ХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХХ, ХХХ нар “Газар эзэмших эрх” шилжүүлэх тухай гэрээг байгуулж, уг газрыг 23 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, ХХ нь Хд 21 000 000 төгрөг, “ХХХХ” ХХК-д 2 000 000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байх тул шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж, уг газрыг эрхийн доголдолтой гэдгийг мэдсэнээр дээрх гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 390 дүгээр захирамжаар ХХХХХХХ, ХХХХХХХХ, ХХХХХ, ХХХХХХХ, ХХХХХ нар маргаан бүхий газрыг эзэмшиж байхад нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2007 оны 255 дугаар захирамжаар иргэн Х нарын 5 иргэнд давхардуулан олгож, уг захирамжаа 2010 оны 3 сарын 24-ний өдрийн 96 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.
Засаг даргын уг шийдвэрийг эс зөвшөөрч Х нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан дүүргийн Засаг даргын 2010 оны 3 сарын 24-ний өдрийн 96 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 351 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 234 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар тогтоол хэрэгт авагджээ.
Зохигчдын хооронд үүссэн газар эзэмших эрхийг худалдах, худалдан авахтай холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байх ба хуулийн энэ зүйл, хэсэгт зааснаар худалдагч нь бусад этгээдийн шаардлага, эрхэд хамааралгүй буюу зөрчилгүй газар эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Х эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч ХХ нь 21 000 000 төгрөгийг хариуцагч Хд шилжүүлэн өгсөн үйл баримт хэргийн 18 дугаар тал дахь Бэлэн мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдсон бөгөөд үүнээс 3 000 000 төгрөгийг буцаан авсан талаар талууд маргаагүй. Харин хариуцагч 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн нь хэргийн баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч Х “ХХ нь иргэн ХХХХтай 11 500 000 төгрөгөөр газрыг худалдан авахаар тохиролцож, мөнгийг төлснөөр бидний байгуулсан гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болсон” гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Хэргийн 19 дүгээр тал дахь нэхэмжлэгчийн гаргасан 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн "...иргэн ХХХХ бид маргааныг шийдвэрлэж, 11 500 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон тул "ХХХХ" ХХК-д ямар нэг санал гомдолгүй бөгөөд хойшид аливаа асуудал гарахад би өөрөө шийдвэрлэхээр "ХХХХ" ХХК-д баталгаа гаргаж байна" гэх баримтад нэхэмжлэгч ХХ иргэн ХХХХтай тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэн авсан тул “ХХХХ” ХХК-д ямар нэгэн гомдол байхгүй гэсэн агуулга илэрхийлэгдэж байх ба уг баримт нь нэхэмжлэгч Х, хариуцагч Х нарын хооронд гэрээний үүрэг зохих ёсоор хэрэгжиж дуусгавар болсон гэх үйл баримтад хамаарахгүй байна.
Нэхэмжлэгч ХХ нь иргэн ХХХХгаас газар эзэмших эрх шилжүүлэн авах харилцаанд хариуцагч Х оролцсон эсэх, ХХ, ХХХХ нар дээрх гэрээг байгуулахдаа хариуцагч Хын үүргийг оруулж тооцсон эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ХХ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар хариуцагч Хтай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.
Талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх талуудын маргаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1–ийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.
Маргаан бүхий гэрээ нь Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид, хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд үүссэн байх тул нэхэмжлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнөөс хамтран үүрэг гүйцэтгэгчдийн гэрээний улмаас үүссэн үүргийг шаардах эрхтэй. Учир нь гэрээнд үүргийг шаардах хэмжээний талаар тодорхой тусгаагүй байна. Иймд нэхэмжлэгч ХХ гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх үүргийг хариуцагчаас бүхэлд нь шаардсан нь хууль зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,
шийдвэрийн 2 дахь заалтын “150 950 төгрөг” гэснийг “247 950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
А.МӨНХЗУЛ