| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 201514000063 |
| Дугаар | 150 |
| Огноо | 2016-05-27 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 150
Г.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг,
Шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,
өмгөөлөгч Р.Нямцэрэн, О.Сарантуул, Х.Оюунбат
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалтай, Г.Д-д холбогдох 201514000063 дугаартай хэргийг хохирогч Н.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Г-ын Д нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироож, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироож, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 508.1, 510.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г ээс 26.793.173 төгрөгийг хохирогч Б.Б, Б.Б нарт, 4.429.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч С.Ц-т, 765.850 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.А нарт гаргуулан олгож, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Н.А нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...олгуулж..” гэсний дараа “Б.Б, Б.Б нарын нэхэмжлэлээс 1.998.200 төгрөгийн, Н.А-ын нэхэмжлэлээс 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож” гэсэн нэмэлт оруулж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, иргэний нэхэмжлэгч Н.А нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Р.Нямцэрэн, О.Сарантуул, Х.Оюунбат прокурор Ц.Бурмаа саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Н.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Энэ хэргийн улмаас нийт 2.583.850 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 765.850 төгрөгийг хангаж, 1.818.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс 732.642 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй. Учир нь Г.Д нэхэмжлэл гаргахаас өмнө эмнэлэгт хэвтэж байхад 732.642 төгрөгийг өгсөн болохоор эмчилгээндээ хэрэглэсэн.
Харин үүнээс хойш эмчилгээ хийлгэсэн болон бусад зардлаа нэхэмжилж байхад нэхэмжлэлд хамааралгүй мөнгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй. Эмнэлгээс гарснаас хойш эмчилгээний болон бусад зардалд 2.585.850 төгрөг гарсан. Хэрэг болох үед шинээр худалдаж авсан Note-1 гар утас, ноолууран малгай алга болсон бөгөөд 290000 төгрөгийн үнэлгээ гаргуулсан.
Иймд нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр хасаж тооцсон зардлуудыг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “....Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Г.Д-г гэм буруутай гэж дүгнэхдээ шинжээчийн дүгнэлтийг гол үндэслэл болгосон нь үндэслэлгүй.
Хэргийн газрын тэмдэглэлд Г.Д-г эсрэг урсгалд хэдий хэмжээтэй орсныг тодорхой тусгагдаагүй, хэргийн газрын үзлэгээр зам хязгаарлах цагаан зураастай тухай тэмдэглээгүй, фото зурагт тусгаарлах зураас тодорхой харагдахгүй байдаг бөгөөд тэмдэглэлд хавсаргасан бүдүүвч зурагт заасан хэмжээнүүд үнэн зөв тодорхойлогдсон гэдэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92.1, 93.1, 93.2, 95.1-д заасан нотлох баримт болж чадахгүй. Гэтэл шүүх хуралдааны үед хийсэн үзлэгээр замын зорчих хэсгийн өргөн 5,9-6,0 метрийн хэмжээтэй гэж тогтоогддог.Шүүх хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч Б.Б, Б.Б нарын гаргаж өгсөн баримтыг шууд үнэн зөвд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зарчмыг зөрчиж байна.
Хохирлын баримт, хэмжээнд эргэлзэж байгаа бөгөөд өндөр зардлын учир шалтгааныг тодруулах зайлшгүй шаардлагатай. Жолооч С.Ц жолоодох эрхээ хасуулсан атлаа машин жолоодсон, тогтоосон тооноос илүү зорчигч тээвэрлэсэн байхад тэрээр ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа бөгөөд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар гэм хорын хохирол нэмэгдэхэд түүний үйлдэл нөлөөлсөн.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, гэм буруугийн талаар шалгах шаардлагагүй гэж үзвэл оршуулгын зардал, С.Ц-ын хохиролтой холбоотой хэсгийг иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхийг нь дурдан хэлэлцэхгүй орхиж, тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасны дагуу тал бүрээс нь шалгаж тогтоох ажиллагааг дутуу хийсний улмаас эргэлзээтэй үнийн дүн бүхий баримтуудад үндэслэн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Р.Нямцэрэн өмгөөлөгчтэй ижил байр суурьтай байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх үнийн дүнг 1,990,000 төгрөг болгож ойлгомжгүй өөрчлөлтийг оруулсан. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал дээр нотариатын хөлс 31,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн. Эргэлзээ бүхий баримтуудыг судалж үзэхэд иргэний нэхэмжлэлээс 6,421,000 төгрөг хасагдах ёстой гэж үзэж байна.
Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой ажиллагааг тал бүрээс нь бодитой, нягт нямбай шалган шийдвэрлэж чадаагүй. Иймд иргэний нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Хохирол төлбөрт гаргуулахаар нэхэмжилсэн 32,293,173 төгрөгөөс оршуулгын зардалд 26,575,043 төгрөг, эмчилгээний зардалд 4,886,640 төгрөг зарцуулагдсан. Ямар зардал нь хууль бус, нотлох баримтын шаардлага хангаагүй талаар өмгөөлөгч нар няцааж мэтгэлцдэггүй.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтад үндэслэж шийдвэрээ гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Г.Д-г ийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Өмгөөлөгчийн гомдолд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий няцаалт хийсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Д нь 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 53-*** улсын дугаартай “Toyota Land Cruiser-100” маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2. “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж хохирогч С.Ц-ын жолоодож явсан 99-** улсын дугаартай Приус-10 маркийн автомашиныг мөргөж 5 настай Б.Б-ийн амь насыг хохироож, Б.Б-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б, Б.Б, С.Ц, Н.А, насанд хүрээгүй хохирогч О.Б, Ш.Ш, гэрч Б.Г, Х.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Г.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хангалттай шалгаж тогтоосон байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Г.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироож, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэгэн нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй.
Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний нотлогдсон байдалд дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 308 дугаар зүйлд заасан өөрийн эрх хэмжээний хязгаарт дүгнэлтийг хянаж зохих өөрчлөлт оруулсныг хяналтын шатны шүүх дахин хэлэлцэх байдлаар хүчингүй болгож өөрчлөхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсгээр хориглосон байдаг.
Иргэний нэхэмжлэлтэй холбоотой боловч хууль хэрэглээний асуудлаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэхэд дээрх хязгаарлалт хамаарахгүй боловч хохирогч Н.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдагдсан осол гарсан нөхцөл байдлыг шинээр тогтоох, оршуулгын болон эмчилгээний зардлыг нотлуулах, асуудал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлд заасан хяналтын шатны шүүхээс хянавал зохих байдалд хамаарахгүй байна.
Иймд хохирогч Н.А-ын “...нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр хасаж тооцсон зардлуудыг гаргуулж өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, О.Сарантуул нарын “...оршуулгын зардал хэт өндөр гарсан тул хасаж тооцож өгнө үү...” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, О.Сарантуул, хохирогч Н.А нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР