Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0201

 

2020 оны 03 сарын 19 өдөр           Дугаар 221/МА2020/0201                          Улаанбаатар хот

“С...” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Ц.И нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу “С...” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.И-д холбогдуулан “С...” ХХК-иас гаргасан “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо: “... Гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтад нийцэхгүй тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Улсын байцаагчийн зөрчлийн тэмдэглэлд манай компанийн ** ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж “Х” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалахдаа Мэргэжлийн хяналтын газрын даргын 156 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын 4 дүгээр хэсгийн “Үйлдвэрлэлийн боловсруулах технологи, шат дамжлага”-д заасан түүхий эд, туслах материал, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнд зохих зааврын дагуу шинжилгээ хийнэ. Түүхий эд материалын цувралаас батлагдсан зааврын дагуу дээж аваагүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь “үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан.

Манай компани нь хүнсний үйлдвэрлэл явуулаагүй, үйлдвэрлэгчээс бүрэн боловсруулалт хийсэн эрүүл ахуйн шаардлага хангасан шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнийг худалдаалснаар хариуцагчийн үндэслэл болгосон зохистой дадлыг үйлдвэрлэлийн боловсруулах технологи, шат дамжлагыг зөрчөөгүйгээр ялгаатай. Тухайн зохистой дадлаар зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд түүний материалын цувралаас дээж авч байхыг зөвлөсөн.

Гэтэл шүүх хариуцагч захиргааны актыг гаргах, сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийг буруу хэрэглэсэн эсэх болон шүүхэд гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны А/79 дүгээр тушаалын хавсралт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.4-д “Хоолны газар нь /ресторан, кафе, баар, гуанз, түргэн болон явуулын үйлчилгээтэй, эмнэлэг, сувилал, сургууль, ясли, цэцэрлэг, оюутан сурагчдын дотуур байр/ Монгол Улсын холбогдох хууль, стандарт, энэхүү үлгэрчилсэн дүрмийг мөрдөж ажиллана” гэж тодорхойлсноор ая тухтай дэлгүүрийн түргэн хоолны үйлчилгээний хэсэг нь тухайн дүрэмд хоолны газар гэж тайлбарлагдах ба холбогдох стандарт, үлгэрчилсэн дүрмийг мөрдөх үүрэгтэй ажээ. Иймд тус дүрмийн 8.3 дахь заалтад “Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 4 С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ” гэж зааснаар гомдол гаргагч дээжийг хадгалах үүрэгтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулж, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлэхийг шаардсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, албан шаардлагыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ гэж дурдсан шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй юм.

Мэргэжлийн хяналтын газрын даргын 156 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг зөрчсөн эсэхийг шүүх хяналгүй шийтгэлийн хуудсанд үндэслэл болгоогүй Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг үндэслэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна. Улсын байцаагчийн шийтгэл хүлээлгэсэн акт нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм стандартыг мөрдөөгүй гэх үндэслэлээр бус мөн хуулийн 5.2 дахь үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн.

Улсын байцаагч шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байдлыг бүрэн тогтоосны дараа хариуцлага хүлээлгэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/0128 дугаар шийдвэр, улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066957 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “С...” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2-т “үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” гэсэн үндэслэлээр хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасны дагуу торгох шийтгэл оногдуулжээ. Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “... хүнсний үйлдвэрлэл явуулдаггүй зөвхөн үйлдвэрлэгчээс бүрэн боловсруулалт хийсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, шинжилгээтэй бүтээгдэхүүнийг худалдаалдаг онцлогтойгоор хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газраас ялгаатай”, “... бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг халаан худалдаалсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ.

Хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Б.Ц-ны гаргасан “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн чанх урд **-ээс хотдог авч идэхэд дотор муухайрч, гүйлгэж байна. Хоол хүнсийг нь шалгуулах хүсэлтэй байна” гэх гомдлын дагуу “С...” ХХК-ийн “**” салбар-12 ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д ““үйлдвэрлэлийн зохистой дадал” гэж үйлдвэрлэлийн бүх үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг” ойлгохоор, мөн хуулийн 7 дугаар зүйлд хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах арга, хэлбэрийг зохицуулсан бөгөөд уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх” нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг байна.

Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын 4.2.4-д ая тухтай дэлгүүр “өдөр тутмын эрэлттэй хүнсний болон ахуйн хэрэглээний барааг өөртөө үйлчлэх хэлбэрээр худалдах, энэ стандартын 4.30-т заасан шаардлагыг хангасан түргэн хоолны үйлчилгээний хэсэгтэй дэлгүүр”-ыг (Тайлбар: Түргэн хоолны үйлчилгээний хэсгийн талбайн хэмжээ нь худалдааны танхимын талбайн 20 хувиас хэтрэхгүй байна) ойлгохоор, мөн стандартын 4.30-д “хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг тодорхой температурт халаах, халууныг тогтмол температурт барих, хадгалах, ердийн болон автомат ажиллагаатай төхөөрөмж, ширээ, сандлаар тоноглосон Wi-Fi орчин бүхий хэсэг” гэж тус тус тодорхойлжээ.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын нэр томьёо, тодорхойлолт MNS 6777:2019 стандартын 3.10-д түргэн хоолны газрыг “хагас боловсруулсан бэлдцээр хязгаарлагдмал нэр төрлийн халуун хоол, ундааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг хоолны газар” гэж тодорхойлжээ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн дэлгүүрийн үйлчилгээнд хэрэглэгдэх “хотдог” бүтээгдэхүүний технологийн заавраас үзвэл тус бүтээгдэхүүнийг бэлтгэхэд бүрэн боловсруулсан талх, нэмэлт (гич соус, кетчуп соус, бяслаг соус, байцааны салат) зэрэг боловсруулсан бэлдцээс гадна хагас боловсруулсан бэлдэц буюу зайдсаар (дулааны боловсруулалт хийгддэг) уг хоолны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд шууд халуунаар үйлчилдэг байх тул дээрх стандартаар тодорхойлсон түргэн хоолны газрын үйл ажиллагааг явуулдаг гэж үзэхээр байна.

Иймд гомдол гаргагчийг Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 400С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ” гэж заасны дагуу хоолны хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх дүрмийг дагах үүрэгтэй байжээ.

Харин Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “Тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дагалдах лабораторийн шинжилгээний сорилтын дүн, улсын байцаагчийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээ зэргийг ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудсын хамт заавал хүлээн авч, ул мөрийг мөрдөн тогтоох “урагш нэг шат” бүртгэлийн дэвтрийг хөтөлнө” гэж заасны дагуу хоолны газар нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шалгаж хүлээн авдаг байх бөгөөд, үүнээс хойш тухайн түүхий эдийг ашиглан хоол үйлдвэрлэж, борлуулах хүртэл хугацаанд үүсэх үр дагаврыг тухайн хоолыг үйлдвэрлэж буй этгээд хариуцаж, тухайн үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлэх зохицуулалттай гэж үзэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн зөрчилд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан бөгөөд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохистой дадлыг хоолны газар болон түргэн хоолны газруудад Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд заасны дагуу хэрэгжүүлдэг. Энэ талаар хариу тайлбартаа тайлбарласан хариуцагчийг уг дүрмийг хэрэглээгүй гэж үзэхээргүй байх тул “... шийтгэлийн хуудсанд үндэслэл болгоогүй Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг үндэслэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С...” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ