| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 114/2024/0005/З |
| Дугаар | 001/ХТ2025/0049 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2025/0049
Э.Ш****-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь
давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан
шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0033 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/619 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0191 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Э.Ш****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т*** (№****) (цахимаар), хариуцагч З.Б****, түүний өмгөөлөгч Ц.О**** (№****) нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Э.Ш****-ээс Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “... Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/**, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я***-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалаар: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2, 87.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаал, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1, 11.1.10б, Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9.2.6-д заасныг үндэслэн 1 дэх заалтаар: Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах ажилтай Э.Ш*** нь ээлжийн амралт дуусаж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Х***-ийн “Э.Ш****-ийг өвчний учир 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн тухай” эмнэлгийн магадлагааг ирүүлсэн боловч уг эмнэлгийн магадлагаа нь хуурамч байсан болох нь Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/326 дугаар албан бичиг болон бусад баримтаар тогтоогдсон. Иймд шүүгчийн туслах Э.Ш*** нь хуурамч эмнэлгийн магадлагааг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 9 хоногийн ажил тасалж ажлын байрны ноцтой зөрчил гаргасан байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.Нэхэмжлэгчээс “... том хүү эрүүл мэндийн асуудалтай, БНСУ-д эмчлүүлэх шаардлага үүссэн, мөн бага хүүхэд нь 2 настай, ... ээлжийн амралтын хугацаа 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусаж ажилдаа орох байсан боловч хүүхдийн эмчилгээ нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусах, онгоцны тийз олдохгүй байдлууд нөлөөлж 08 дугаар сарын 03-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаанд чөлөө олгох хүсэлтийг явуулсан, чөлөө олгоогүй тул эмч найзтайгаа холбогдож 8 хоногийн эмнэлгийн магадлагаа авч хүргүүлсэн, 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон, чөлөө олгоогүй учир эмнэлгийн магадлагаа өгсөн нь миний буруу, гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан үүргийг зөрчөөгүй, Ёс зүйн дэд хороо ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж дүгнэлт гаргасан, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар 3 удаа ажлыг таслаагүй, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сонгох боломжийг хэрэглэж, зөрчлийг анх үйлдсэн буюу давтан үйлдсэнийг болон сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх байсан, 2015 оноос хойш шүүхэд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй, чөлөө авах үндэслэлээ үнэн зөвөөр мэдэгдэж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн, төрийн алба хаах, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн, намайг ажлаас халах гэсэн зорилгодоо хүрсэн хууль бус шийдвэр, сул орон тоо гараагүй байхад томилсон шийдвэр нь хууль бус ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.
3.1.Хариуцагчаас “... БНСУ-ын аль эмнэлэгт хүүхдээ үзүүлсэн, ямар онош тодорч эмчилгээ хийлгэж байгаа болон цаашид ямар хугацаанд эмчилгээ хийлгэх талаарх баримтыг чөлөөний хүсэлтэд хавсаргаж ирүүлээгүй ... хүний нөөцийн дутагдал үүсээд байгаа талаар мэдэгдэж, чөлөө олгох хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн, ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орохыг мэдэгдсэн, ... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3, 7.1.8, 7.1.10-д заасан зарчмуудыг сахиж биелүүлээгүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.1-д зааснаар Э.Ш**** нь хуулиар тогтоосон ээлжийн амралтын хугацаа дууссан байхад ажилдаа ирээгүй төдийгүй хуурамч эмнэлгийн магадлагаагаар халхавчлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 хоногийн ажил тасалсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон, Ёс зүйн дэд хорооны гишүүд Э.Ш****-тэй хамт ажиллаж байсан, үнэн бодит дүгнэлт гаргаагүй бөгөөд асуудалд шударга бус хандсан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг заавал удирдлага болгон шийдвэр гаргана гэсэн үг биш ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ...” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргажээ.
3.2.Гуравдагч этгээд Ө.Я****-ээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тухай” зар оруулсныг мэдэж, шүүгчийн туслахаар шилжин ажиллах хүсэлтийг өгсөн, шүүгчийн туслахын албан тушаалд хууль ёсны дагуу томилогдон ажиллаж байгаа” гэж тайлбарлан маргажээ.
4.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0033 дугаар шийдвэрээр: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 87.1.2, 92 дугаар зүйлийн 92.1.4, 92.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ш****-ийн Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/**, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я****-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/** дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/619 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ш***-ийн Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаал, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Ө.Я***-ийг шүүгчийн туслахын албан тушаалд томилох тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Ш***-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/0191 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7.Хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
7.1.Нэхэмжлэгч Э.Ш*** нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг лаборант Б.Г***-аар дамжуулан хуурамч эмнэлгийн магадлагаа бүрдүүлж шүүхийн Тамгын газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд энэ талаар маргадаггүй. Түүнчлэн хүү А.Т****-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн талаар ямар нэг баримтыг шүүх гаргуулахаар шаардсан боловч гаргаж өгөөгүй бөгөөд нотлоогүй.
7.2.Э.Ш****-г ажлын 9 хоног ажил тасалсан үйлдлээс гадна Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ зөрчсөн гэж үзсэн. Ингэж үзэхдээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зөрчлийн шинж байдлыг харгалзан үзсэн. Гэтэл давж заалдах шүүхээс харгалзан үзэх ёстой байсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
7.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ”; 3.3.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”, 3.3.2-т “гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр”, 3.3.3-т “албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хооронд хамаарал”, 3.3.4-т “бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл”, 3.3.5-д “өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх”, 3.3.6-д “гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарласан байдал ...” гэж тус тус заасан. Эдгээр хүндрүүлэн үзэх 7 нөхцөлөөс 5 нөхцөлийг нь Э.Шүрэнчимэг хангаж байсан тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
7.4.Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалын 2.6-д “тухайн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь Солонгос Улс руу хүүхдээ эмчлүүлэхээр авч явсан боловч ... нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжгүй, энэ нөхцөл байдлыг хариуцагч мэдэж байсан атлаа ... хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь учир дутагдалтай” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч Э.Ш****-ийн бүх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Э.Ш**** нь шүүхийн байгууллагад ажилладаг шүүгчийн туслах ажилтай төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаа атлаа шууд санаатай хуурамч эмнэлгийн магадлагаа үйлдэж, энэ үйлдэлдээ дүгнэлт хийж, ухамсарлахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Эвлэрэн хэлэлцэх хариуцагчийн саналд татгалзаж, үл тоомсорлож өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн шүүхийн ажилтан буюу шүүгчийн туслах ажилтай албан хаагч хуурамч баримт бичиг бүрдүүлж, шүүхийн байгууллагад гаргаж өгч байгаа энэхүү үйлдэлд хариуцлага хүлээлгэхгүй байснаараа нийгэмд үзүүлэх нөлөө, цаашид шүүхэд итгэх иргэдийн итгэл, шүүх байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх боломжтой үйлдэл билээ. Иймд үр дагаврын хувьд ч ноцтой байх боломжтой гэж дүгнэсэн.
7.5.Дээр дурдсанчлан маргаан бүхий тушаалыг гаргах болсон хууль зүйн үндэслэл бүрдсэн бөгөөд нэхэмжлэгчээс тайлбар авахад хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн. Улмаар энэхүү үйлдлээс түүний найз Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг лаборант Б.Г***-д сахилгын хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслах Э.Ш****-ийн үйлдэл нь төрийн албан хаагч хүний хувьд байж боломгүй үйлдэл хийсэн бөгөөд төрийн албан хаагчийн үүргийг биелүүлээгүй. Түүнд хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бүрдсэн бөгөөд тодорхой хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхийн оронд даргыг шууд буруутгаж, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс уг асуудал үүссэн мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
7.6.Э.Ш**** нь өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан боловч түүний ар гэрийн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрээ хүчингүй болгох замаар боломж олгож байсан удаатай. Энэ талаар бичгийн баримт хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвтгөөгүй гэх боловч хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь цаад агуулгаараа зөвтгөж байгаагаас ялгаагүй билээ.
7.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр энэ талаар огт дурдаагүй бөгөөд энэ талаар маргаагүй, шүүхийг уг маргаагүй асуудлаар дүгнэлт хийх ёстой байсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
7.8.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлд “Шүүхийн Тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 87.1.2-т “шүүхийн Тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажилд томилж, чөлөөлөх нь Тамгын газрын даргын бүрэн эрхэд хамаарах бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа этгээдтэй зөвшилцөх, санал авах хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх процесс журмын дагуу явагдаагүй гэх боловч ямар журмын, ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
7.9.Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/619 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хууль зүйн үндэслэл бүхий гарсан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгчээс хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Э.Ш****-ээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “... том хүү А.Т**** **** д байдаг тул Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын эмнэлэгт үзүүлэхээр ... 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлын 20 хоногийн цалинтай чөлөө олгоно уу” гэсэн хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын (цаашид “Тамгын газрын дарга” гэх) 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаар тушаалаар ажлын 20 хоногийн цалинтай чөлөөг Э.Шүрэнчимэгт олгож шийдвэрлэсэн байна.
11.Тамгын газрын даргын 2023 оны Б/** дугаар тушаалаар ... ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг шинэчлэн баталж, тус хуваарийн дагуу тус шүүхийн шүүгчийн туслах ажилтай Э.Ш**** нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдлэхээр батлагдаж, нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа авсан байх хугацаандаа буюу 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “... 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай хүүхдээ бариа заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай учир ажлын 9 хоногийн чөлөө олгох” хүсэлтийг мөн Тамгын газрын даргад гаргажээ.
12.Хариуцагч Тамгын газрын даргаас 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр албан бичгээр “чөлөө хүсэх тухай хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгдсэн” агуулга бүхий хариуг түүнд хүргүүлсэн бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Э.Ш****-ээс шүүхийн цахим шууданд эмнэлгийн магадлагааг (2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өвчтэй) хүргүүлжээ.
13.Маргаан бүхий 2024 оны Б/** дугаар тушаалаар “... хуурамч баримт бүрдүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 9 хоног ажил тасалсан, ажлын байрны ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
14.Хэрэгт авагдсан гадаад паспорт, нислэгийн тийзний хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч, хүүгийн хамт 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан, энэ талаар маргаагүй, харин нэхэмжлэгчээс “... хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай байсан тул чөлөө олгоогүй учир аргагүй эрхэнд буюу аргагүй хамгаалалт болгож эмнэлгийн магадлагааг хүргүүлсэн, энэ нь буруу боловч хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарахгүй” гэж түүнд төрийн албанаас ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий 2024 оны Б/03 дугаар тушаалыг эс зөвшөөрөн маргасан байна.
Хууль хэрэглээний хувьд:
Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан үүргийг зөрчсөн эсэх;
-энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан “гурав хүртэлх” насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон зохицуулалт хамаарах эсэхэд дүгнэлт өгөх тухай байна.
15.Төрийн албан хаагчийн нийтлэг хүлээх үүргийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгээр зохицуулж, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч энэхүү нийтлэг үүргийг хүлээж, ... төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэхээр хуульчилсан.
16.Мөн Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1-д “Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү дотоод журмаар тогтоосон хөдөлмөрийн сахилгыг чанд мөрдөж, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллана”, 6.2.2-т “... төрийн албан хаагчийн болон шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиж, ... баримтлах”, 11.1.1-д “... ажилтан ээлжийн амралтаа батлагдсан хуваарийн дагуу хуулиар тогтоосон хоногоор эдэлж, хугацаандаа ажилдаа орно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил тасалсанд тооцно” гэж тус тус шүүхийн албан хаагчдын хөдөлмөрийн дотоод харилцааг журамлажээ.
17.Энэ маргааны хувьд, нэхэмжлэгч нь ээлжийн амралтаа хуулиар тогтоосон хугацаанд авсан мөртлөө тогтоосон хугацаанд ажилдаа ороогүй, ажил тасалсан бөгөөд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн үйлдэл нь төрийн албан хаагчийн “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж, төрийн албаны (байгууллагын) нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн “ёс зүйгүй” үйлдэлд хамаарч байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
18.Учир нь, шүүх эрх мэдлийн байгууллагад ажилладаг төрийн албан хаагч буюу шүүхийн захиргааны ажилтан болох нэхэмжлэгч нь “ажлаас чөлөө авах үндэслэлээр хуурамч баримт бүрдүүлэн удирдах албан тушаалтандаа өгч, тогтоосон хугацаанд ажилдаа очоогүй” үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд “... хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аргагүй эрхэнд хуурамч эмнэлгийн магадлагааг хүргүүлсэн” гэх тайлбараар түүний төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
19.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... хариуцагч нь 9 өдрийн ажил тасалсан нэг удаагийн үйлдэлд нь шийтгэл ногдуулахдаа Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.10-д заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа тайлбарласныг харгалзан үзэхгүйгээр шууд төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан учир дутагдалтай ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд маргааны үйл баримт, бодит нөхцөлд байдалд Төрийн албаны тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
20.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасанд сахилгын зөрчил гаргасан гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг “ажлаас халах” зохицуулалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан хязгаарлалт нь сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах тохиолдолд хамаарахгүй, энэ үндэслэлээр маргаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
21.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар “зөрчлийн шинж байдал”-ыг харгалзан сахилгын ямар шийтгэл ногдуулах нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдэд хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тохироогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
22.Дээрх байдлаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ зөрчсөн болох нь нэгэнт тогтоогдсон, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж буй тул Төрийн албаны тухай хуулиар баталгаажуулсан “хуульд заасан үндэслэлгүйгээр төрийн албанаас халагдахгүй байх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан зохицуулалтууд энэ маргаанд хамаарахааргүй байна.
23.Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2024/619 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2024/0033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН