Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2025/00052

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 307/ШШ2025/00706 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            ...******* миний бие 2018 онд УНЕ ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тухайн үед охин *******, хүргэн ******* нар нь унах тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул би “нэг хэсэгтээ унаж байгаад машинтай болохоороо аавдаа өгөөрэй” гэж хэлээд өгч байсан. Гэтэл охин *******, хүргэн ******* нар нь хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдраад салах дээрээ тулсан байх тул өөрийн өмчлөлийн УНЕ ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг ******* нь хууль бусаар эзэмшиж байгаа тул тус тээврийн хэрэгслийг надад буцаан олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. / х.х 1 /

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...******* миний бие *******ын охин болох *******гийн нөхөр нь байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын дунд үед Улаанбаатар хотоос гарах замд байрлах мянган машины зогсоолоос ******* УНЕ улсын дугаартай тоёота прэмио G супрэр маркийн тээврийн хэрэгслийг 100 хувь өөрийн хөрөнгөөр худалдан авч байсан. Машиныг худалдан авахад ******* УНЕ улсын дугаартай байсан бөгөөд миний гэрийн хаяг Дархан-Уул аймгаар байсан тул өөрийн нэр дээр машины гэрчилгээ гаргуулан авч чадаагүй. Тухайн үед ******* хамт очсон байсан бөгөөд түүний хаяг Улаанбаатар хотынх байсан болохоор түр нэр дээр нь машины гэрчилгээгээ гаргуулж авсан. Уг машиныг худалдан авах төлбөрийг бүрдүүлэхдээ өөрийн ээж гаас 5,000,000 төгрөг, мөн том ахаасаа мөнгө авч үлдэгдэл мөнгийг өөрийн хөрөнгөөс бүрдүүлж худалдан авсан. Би тухайн үед өөрийн гэсэн данс нээлгээгүй байсан тул надтай холбоотой бүх орлого, зарлага Хаан банкны тоот дансаар шилжиж байсан учир машины төлбөрийг *******гийн эзэмшлийн тоот Хаан банкны данснаас төлсөн юм. Уг дансны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг шалгаж үзвэл бүх зүйл ил тодорхой болно.

Миний бие энэхүү машинаас өмнө corolla маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Энэхүү тоёота прэмо супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах үед нэхэмжлэгч ******* нь ямар ч мөнгө гаргаж, хөрөнгө оруулж байгаагүй бөгөөд машин үзэхэд ч, худалдан авахад ч хамт яваагүй, хашааны гадна байсан. Нэг хэсэгтээ унаж байгаад машинтай болохоороо аавдаа өгөөрэй гэх мэтээр дэндүү худал зүйлсийг шүүхэд мэдүүлж байгааг гайхаж байна.

Иймд дээрх байдлаар шалтгаалан УНЕ ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /  х.х 16 /

3. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...******* миний бие *******ын охин болох *******гийн нөхөр нь байсан бөгөөд ******* УНЕ улсын дугаартай тоёота прэмио G супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахад миний гэрийн хаяг Дархан-Уул аймгаар байсан тул өөрийн нэр дээр машины гэрчилгээ гаргуулан авч чадаагүй *******ын хаяг Улаанбаатар хотынх байсан болохоор түр нэр дээр нь машины гэрчилгээгээ гаргуулж авсан.

Уг машиныг худалдан авах төлбөрийг бүрдүүлэхдээ өөрийн ээж гаас 5,000,000 төгрөг, мөн том ахаасаа мөнгө авч үлдэгдэл мөнгийг өөрийн 2015-2018 оны хооронд ажиллуулж байсан фитнесс клубын тоног төхөөрөмжийг өөрийн найз т зарж борлуулсан мөнгөнөөс бүрдүүлж худалдан авсан. Би тухайн үед өөрийн гэсэн данс нээлгээгүй байсан тул надтай холбоотой бүх орлого, зарлага Хаан банкны тоот дансаар шилжиж байсан учир машины төлбөрийг *******гийн эзэмшлийн тоот Хаан банкны данснаас төлсөн юм.

Миний бие энэхүү машинаас өмнө өөрийн corolla маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Энэхүү тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах үед нэхэмжлэгч ******* нь ямар ч мөнгө гаргаж, хөрөнгө оруулж байгаагүй бөгөөд машин үзэхэд ч, худалдан авахад ч хамт яваагүй, хашааны гадна байсан.

Иймд дээрх байдлаас шалтгаалан УНЕ ******* улсын дугаартай тоёота прэмио супрэр маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр *******ийг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч *******ын сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Сөрөг нэхэмжлэл дээр бичсэн шиг ээж гаас 5,000,000 төгрөг, том ахаасаа мөнгө авч, үлдэгдэл мөнгийг ажиллуулж байсан фитнесс клубын тоног төхөөрөмжийг худалдсан мөнгөөр бүрдүүлж авсан гэсэн нь огт худал зүйл бичжээ.

Мөн уг машины төлбөрийг миний охин *******гийн эзэмшлийн тоот данснаас шилжүүлсэн гэж байгаа тул би охин *******г гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. / х.х 126 /

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар УНЕ******* улсын дугаартай Toyota premio маркийн, ZRT арлын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасан. Өөрөөр хэлбэл, өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн '‘хэрэгт нотлох баримтаар авагдсан Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар Toyota premio маркийн  ******* УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* мөн болох нь тогтоогдож байна...” гэж шийдвэрлэсэн.

Гэвч шүүх нь зөвхөн авто тээврийн хэрэгслийн гэрчилгэн дээрх нэрийг харгалзан нэг талыг барьж нэхэмжлэгчийн өмч мөн гэж шийдвэр гаргасан нь илт үндэслэлгүй байна. Учир нь 2018 оны 08  сарын дунд үед Улаанбаатар хотын захад байрлах мянган машины зогсоол гэх автомашины худалдааны төвөөс тус Toyota premio маркийн автомашиныг худалдан авах үед нэхэмжлэгч ******* нь хамт явсан болохоос нэг ч төгрөг гаргаагүй гэж хариуцагч *******ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар бий. Мөн тухайн автомашиныг 18,300,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тус мөнгийг өөрийн ажиллуулж байсан фитнесийн тоног төхөөрөмжөө зарж, ээжээсээ 5,000,000 төгрөг, мөн том ахаасаа 1,500,000 төгрөг нэмж авч байсан гэдгээ ч мөн адил шүүхийн тайлбартаа мэдүүлж нотлох баримтаар нотолсон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч тал өөрийн өмчийн автомашин гэсэн атлаа худалдаж авсан үнийг нь ч хүртэл үнэн бодитой мэдэхгүй, тухайн автомашиныг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ ч нотлоогүй байгааг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас харж болно. Үүнээс гадна хариуцагчийн ээж, ах болох , нарын мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд тухайн зээлүүлсэн мөнгө нь нэхэмжлэгчийн охин *******гийн дансаар зарцуулагдсан байх бөгөөд тус дансны хуулгаар нотлогдоно. Учир нь тухайн үед хариуцагч *******, нэхэмжлэгчийн охин ******* нь хууль ёсны гэрлэлтийн баталгаатай байсан бөгөөд гэр бүлийн бүх санхүү *******гээр дамжигдан зарцуулагддаг байсан.

Дээрх үндэслэлийн дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан “тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 149-150 /

7. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч нь “тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохигч нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ. / х.х 1, 16, 122, 126/

Хэргээс үзэхэд:

10. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар Toyota premio маркийн ******* УНЕ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /х.х 4-5/

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 онд УНЕ ******* улсын дугаартай тоёота примо супрэр маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Тухайн үед охин *******, хүргэн ******* нар нь унах тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул би нэг хэсэгтээ унаж байгаад машинтай болохоороо аавдаа өгчхөөрэй гэж өгсөн.

...миний өмчлөлийн УНЕ ******* улсын дугаартай тоёота примо супрэр маркийн тээврийн хэрэгслийг ******* нь хууль бусаар эзэмшиж байх тул машиныг чөлөөлүүлж буцаан авахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлжээ.

11. Хариуцагчийн зүгээс “тухайн автомашины мөнгийг би төлсөн, автомашин 2018 оноос хойш бодитоор миний эзэмшилд байсан, 2018 онд маргаж буй авто машиныг худалдан авч үнийг нь төлөхдөө эхнэр *******гийн дансаар гүйлгээ хийсэн, миний өмчлөлийн эд хөрөнгө” гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан хариуцагч  *******ийн эхнэр, нэхэмжлэгч *******ын охин *******гийн дансны хуулганаас үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “машин” гэх утгаар 17,300,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “автомашиныг худалдан авахдаа үнийг нь охин *******гээс зээлсэн мөнгөөр төлүүлж, дараа нь уг зээлээ охин *******д төлсөн гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу зохигч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь автомашиныг худалдан авахдаа охин *******гээс зээлсэн гэх мөнгөө буцаан төлсөн талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр маргаж буй авто машиныг худалдан авах үед хариуцагч , нэхэмжлэгчийн охин ******* нар нь албан ёсоор гэр бүл болсон гэрлэгчид байсан гэж зохигчид тайлбарлаж байгаа, мөн хариуцагч ******* нь өөрийн ажиллуулж байсан фитнес клубийн тоног төхөөрөмжийг зарж борлуулсан талаар зохигч маргахгүй байна.

12. Хариуцагч *******ийн эхнэр, нэхэмжлэгч *******ын охин *******гийн дансанд хийгдсэн орлогуудын утга “tsendee, “ орлого”, “tsendee tuh” гэх мэтээр хийгдсэн, өөр этгээдийн дансаар дамжуулан хийгдсэн мөнгийг хариуцагчийнх гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нь 2018 онд өөрийн нэр дээр банканд данс нээлгээгүй байсан, өөртэй нь холбоотой бүх гүйлгээ нь эхнэр *******гийн дансаар хийгддэг байсан, мөн фитнесийн тоног төхөөрөмжөө н. гэх найздаа зарсан, мөнгөө цувуулж авсан талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь УНЕ ******* улсын дугаартай Тоёота Примо Супрэр маркийн тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан гэдгээ нотолж чадаагүй бөгөөд  автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаагаар ******* УНЕ улсын дугаартай Тоёота Примо Супрэр  маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* мөн боловч хариуцагч ******* маргаан бүхий автомашиныг өөрийн хөрөнгөөр худалдан авч автомашиндаа Улаанбаатар хотын дугаар авахын тулд  хадам эцэг болох *******ын нэр дээр хөрөнгийг  бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 307/ШШ2025/00706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар УНЕ******* улсын дугаартай Toyota premio маркийн, ZRT арлын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийг УНЕ******* улсын дугаартай Toyota premio маркийн, ZRT арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч *******т даалгасугай.” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, *******оос улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж *******д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******өөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                         Г.ДАВААРЕНЧИН                                     

                                                                                                            Б.ЭРДЭНЭХИШИГ