Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 511

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,      

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Говь шавь овогт М-н А-д холбогдох эрүүгийн 1909016840544 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамтаар Архангай аймгийн Өгийнуур сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:АЖ 00250617 / Говь шавь овогт М-н А нь:

 

- 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургуулийн дотуур байрны 215 тоот өрөөнд хохирогч Г.Цэрэнжаргалыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу хуучин найз охин болох С.Жаргалтай хардаж улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Цэрэнжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганди сургуулийн дотуур байрны 205 тоот өрөөнд ганцаараа байж байсан. Зүс таних Жаргал нь өрөөнөөс авсан шүүрээ өгөх гээд манай өрөөнд ороод ирсэн юм. Тэгэхээр нь би Жаргалаас Номин гэдэг нэртэй охины талаар асуугаад юм яриад байж байтал Үндэсний тамирын их сургуульд сурдаг Алтангэрэл гэгч нь манай өрөөнд орж ирчихээд юм хэлээгүй С.Жаргалын нүүрэн тус газарт нэг удаа алгадаж авчихаад над дээр ирснээ миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиод авчихсан юм. Тэгээд миний хамарнаас цус гараад байж байтал Алтангэрэл нь “Наад цусаа арилга. Багш нарт юу гэж хэлэхээ мэдэж байгаа биз дээ. Энэ үйл явдлыг хэлбэл юу болохыг мэдэж байгаа биз дээ” гэж хэлсэн. Жаргал нь манай өрөөнөөс эхлээд гараад явсан чинь араас нь Алтангэрэл өрөөнөөс гараад явсан юм. Аптангэрэл гэдэг хүнийг сайн танихгүй. Дотуур байрандаа харж байсан. Миний хамар хугарсан, баруун нүд хөхөрч, хавдсан байсан. Одоо би хамраа эмчлүүлж байгаа. Баруун нүд зүгээр болсон байгаа. Аптангэрэлтэй эвлэрсэн. Алтангэрэлээс эмчилгээний мөнгө гэж 1.350.000 төгрөг авсан гэжээ. / хх 16 /

 

Гэрч С.Жаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Цэрэнжаргалын өрөөнд хогийн шүүр аваачиж өгөх гээд өрөөнд нь очсон чинь Цэрэнжаргал нь “Та энд сурдаг юм уу? Юуны анги юм бэ? Ямар спортын хүн юм бэ? “гэж надаас асуугаад байхаар нь хариулт өгчихөөд өрөөнөөс гарах гэтэл өрөөний хаалга нь онгойхгүй гацаад байсан юм. Тэгсэн чинь Цэрэнжаргалын өрөөнийх нь хаалгыг Алтангэрэл тогшоод өрөөнд орж ирснээ намайг “Чи яагаад энд байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ? гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа мангасдсан. Харин Цэрэнжаргалын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан чинь Цэрэнжаргалын хамарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би Цэрэнжаргалын өрөөнөөс гарч яваад өөрийнхөө өрөө рүү орсон. Алтангэрэл нь намайг Цэрэнжаргалтай хардаад цохьсон гэжээ.  / хх 19 /

 

Яллагдагч М.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 27-наас 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ражив нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургуулийн дотуур байранд 310 тоот өрөөндөө унтах гээд байж байсан юм. Тэгээд манай найз охин Жаргал гэгчийн эмээ нь миний гар утас руу залгаад байхаар нь Жаргалтай яриулах гээд Жаргалын 314 тоот өрөөнд очиж шалгасан чинь Жаргал байхгүй Номин гэдэг охин байсан юм. Тэгэхээр нь би өрөөнөөс нь гараад өрөөндөө орж ирсэн. Удалгүй дахиад Жаргалын эмээ нь миний гар утас руу залгаад байхаар нь Жаргалын өрөө рүү орсон чинь Жаргал нь ирээгүй байсан. Номингоос Жаргалыг асуутал доор 215 тоот өрөөнд байгаа гэхээр нь дотуур байрны 215 тоот өрөөнд очоод хаалгыг нь тогшоод байхад хаалгаа онгойлгохгүй байсан. Дахин хаалгыг тогшсон чинь хаалгаа онгойлгохоор нь ортол Жаргал нь Цэрэнжаргалтай хоёулаа байхаар нь Жаргалын хацар хэсгээс бариад “Чи энд юу хийж байгаа юм бэ” гэж асуусан чинь Жаргал нь хоорондоо юм ярьж байна гэсэн. Цэрэнжаргалаас чи Жаргалтай ямар холбоотой юм бэ гэж асуусан чинь Жаргал бид хоёр эгч дүүсийн холбоотой гэж ярьсан. Надад хардалт төрөөд уурлаад Цэрэнжаргалын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон чинь хамраас цус гарахаар нь Цэрэнжаргалыг “Хамрынхаа цусыг угаа, байрны багшид хэлэх юм бол хоёулаа бөөн болно ш дээ” гэж хэлээд байж байтал Жаргал нь өрөөнөөс гарч явахаар нь араас гарч явсан юм. Би Цэрэнжаргалын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх  6-7 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5424 дугаар дүгнэдтэнд:

1. Г.Цэрэнжаргалын биед хамар ясны хугарал, хамрын таславчийын мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 23 /

 

Шүүгдэгч М.А-г 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 4-7 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 29  / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бүх зүйл үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 1.350.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч М.А нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургуулийн дотуур байрны 215 тоот өрөөнд хохирогч Г.Цэрэнжаргалыг хуучин найз охин болох С.Жаргалтай хардаж улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... А гэгч нь манай өрөөнд орж ирчихээд юм хэлээгүй С.Жаргалын нүүрэн тус газарт нэг удаа алгадаж авчихаад над дээр ирснээ миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохьсон. Миний хамар хугарсан, баруун нүд хөхөрч, хавдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Г.Цэрэнжаргалын мэдүүлэг / хх 16 /, ...Цэрэнжаргалын өрөөнийх нь хаалгыг Алтангэрэл тогшоод өрөөнд орж ирснээ намайг “Чи яагаад энд байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ? гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа мангасдсан. Харин Цэрэнжаргалын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод авсан чинь Цэрэнжаргалын хамарнаас нь цус гараад эхэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Жаргалын мэдүүлэг / хх 19 /, ...Би Номингоос Жаргалыг асуутал доор 215 тоот өрөөнд байгаа гэхээр нь дотуур байрны 215 тоот өрөөнд очоод хаалгыг нь тогшоод байхад хаалгаа онгойлгохгүй байсан. Дахин хаалгыг тогшсон чинь хаалгаа онгойлгохоор нь ортол Жаргал нь Цэрэнжаргалтай хоёулаа байхаар нь надад хардалт төрөөд уурлаад Цэрэнжаргалын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.Аийн мэдүүлэг / хх  6-7 /, ...Г.Цэрэнжаргалын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5424 дүгээр дүгнэлт / хх 23 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч М.А-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Говь шавь овогт М-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ