Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00883

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 байр 247 тоот хаягт оршин суух Түвэд овогт Сэрээдоогийн Дагиймаа /РД:ЧМ74072101/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Соёлын төв өргөөний Б корпус хаягт байрлах Монголын уран зургийн галерейд холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Дагиймаа нь Монголын уран зургийн галерейн захирал Н.Батбаатарын байгууллагын санхүүд 8 235 764 төгрөгийн хохирол учруулсан хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцсэний улмаас ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 141 дугаар шийдвэрээр Монголын уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоогдсон болно. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 1 жил 5 сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тушаалаар ажилд томилсон байх бөгөөд уг тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт С.Дагиймаагийн аав Б.Сэрээдоод гардуулсан болно. С.Дагиймаа нь уг тушаалтай танилцан 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн захирал Н.Батбаатарт “2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр амаржсан тул 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөө олгох тухай” өргөдөл гаргасан боловч уг өргөдлийг шийдвэрлэлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр С.Дагиймааг ажилд томилох тушаал гаргаснаас хойш ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогуй байхад С.Дагиймааг ажлаас халах тушаал гаргасан нь хууль бус байна гэж үзэж байна. Мөн ажил олгогчийн зүгээс тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон хуулийн заалтаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхдөө хуулийг буруу хэрэглэж байгаагийн илрэл юм. Иймд С.Дагиймааг Монголын уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, жирэмсэний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны буюу 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сэрээдоогийн Дагиймааг Монгол улсын Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 141 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажилд томилсон боловч ямар нэгэн тайлбар хийгээгүйн дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа 8 хоног ирээгүй тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалт, Монголын Уран зургийн галерейн дотоод журмын 11.1.4 дахь заалтыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Дагиймаа нь хариуцагч Монголын уран зургийн галерейд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь С.Дагиймааг шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажилд нь эргүүлэн томилсон боловч ямар нэгэн тайлбар хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 8 хоног ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ” гэж заасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Дагиймаа нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 414 дугаар шийдвэрээр Монголын уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоогдсон гэж нэхэмжлэлдээ дурдсан байх ба хариуцагч уг үйл баримтын талаар маргаагүй байна.

Хариуцагч нь Монголын Уран зургийн галерейн захирлын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар С.Дагиймааг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 141 дугаар шийдвэрийг үндэслэн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилсон байна /хх-6 тал/.

Улмаар Монголын Уран зургийн галерейн захирлын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4 дахь заалтыг үндэслэн С.Дагиймааг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна.

Хариуцагч Монголын Уран зургийн галерей ажлаас халсан тушаалыг С.Дагиймаад шуудангаар хүргүүлснийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Д.Эрдэнэсанжаа хүлээн авсан болох нь Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт, шууданг хүлээлгэн өгсөн баримтаар тус тус тогтоогдож байна /хх-11-14 тал/.

Ажлаас халсан тушаалыг С.Дагиймаад бус өөр этгээдэд шуудангаар хүргүүлэн хүлээлгэн өгснийг ажилтанд ажлаас халсан тушаалыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй ба нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

С.Дагиймааг ажлаас халсан үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа С.Дагиймааг шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажилд нь эргүүлэн томилсон боловч ямар нэгэн тайлбар хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 8 хоног ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч ажилд эргүүлэн томилсон тушаалыг мөн С.Дагиймаад хүлээлгэн өгөөгүй болох нь Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт, шууданг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг үндэслэсэн байх боловч ажилтан тухайн заалтад заасан аль зөрчлийг гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан алин болохыг тушаалд тодорхой дурдаагүй, аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна.

Хэрэв хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон, давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх, тухайн нэрлэн заасан зөрчлийг ажилтан гаргасан байх шаардлагатай бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймд С.Дагиймаагийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад нийцээгүй, С.Дагиймааг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж үзэн нэхэмжлэгч С.Дагиймааг Монголын Уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.Дагиймаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монголын Уран зургийн галерейд даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Дагиймааг Монголын Уран зургийн галерейн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч С.Дагиймаагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Монголын Уран зургийн галерейд даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР