Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 515

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                  

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Б.Н,

Хохирогч Д.Мягмаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Барга овогт Б-н Н-д холбогдох эрүүгийн 1909004300502 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр хороо, 22 дугаар гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамжны 323 тоотод түр оршин суух,

 

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилээр тэнссэн хянан харгалзсан,

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,  

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасаар 4 жил, 11 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 595 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуу/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ухаан бүрэн, бие эрүүл, /РД:УМ88082031/ Барга овогт Б-н Н нь:  

 

- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Жи” шөнийн цэнгээний газарт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хохирогч Д.Мягмаржаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун өгзөг тус газар нь нэг удаа хатгалж, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Мягмаржаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эн Жи" нэртэй диско бааранд 01.00 цаг болж гэж байхад гэр бүлийн найзууд болох Энхтуяа /88717929/, Батмагнай /99750637/, Чимгээ /80809168/ нарын хамтаар орж үйлчлүүлсэн. Бид нар бааранд орохоосоо өмнө манай гэрт 0.75 л хоёр шил архи хувааж уугаад бааранд орсон юм. Бааранд ороод бид нар нэг шил архи авсан ба бараг уугаагүй байсан. Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад миний бөөр лүү нэг хүн өшиглөсөн ба эргээд хартал 165 см орчим өндөртэй, туранхай биетэй, шар өнгийн үстэй залуу зогсож байсан. Би очоод түүнийг зүүн гараараа мөрөн дээгүүр нь давуулаад түүнээс ”Яагаад намайг өшиглөж байгаа юм бэ? Хүн андуурсан юм уу” гэж асуусан. Тэгтэл миний баруун талын өгзөгнөөс цохих шиг болсон ба дараа нь халуу дүүгээд чинэрээд явчихсан. Гайхаад гараараа барьтал цус гарч байсан. Тэгээд би хутгалуулчихлаа гээд орилтол миний хажууд байсан манай найз Энхтуяа хараад миний араас өшиглөсөн шар үстэй залуугийн баруун талын гарнаас нь хутга булааж авч байгаа харагдсан. Нөгөө залуу нь хутгаа өгөхгүй ноцолдож байсан. Тэгээд Энхтуяа түүнээс хутга булаагаад авахаар нь шууд түүнийг тэврээд авсан. Баарны хамгаалагчид "баарнаас гарч наад асуудлаа шийд" гээд байхаар манай нэг найз цагдаа болон түргэн тусламж дуудсан. Түргэн шуурхай ирж намайг хутгалсан залууг саатуулсан. ...Миний баруун өгзөгт нэг удаа хутгалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж нэг оёдол тавиулсан. Баруун далны доод хэсэгт хөндүүртэй байна гэжээ / хх 8-11 /

 

Хохирогч Д.Мягмаржаргал мөрдөн шалгалтын явцад дахин мэдүүлэхдээ:.. Нандин-Эрдэнэ гэх залуу нь надаас уучлалт гуйж, гэм буруугаа хүлээж, эмчилгээний зардлыг маань бүрэн барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү  гэжээ / хх 20-21 /

 

Гэрч А.Батмагнай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: .... 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Эн Жи" бааранд эхнэр Энхтуяа, найз Чимгээ, Мягмаржаргал бид дөрөв 01 цагийн үед орж үйлчлүүлсэн. Дараа нь бааранд ороод бүжгийн талбай дээр хоорондоо тойрог хэлбэр үүсгээд бүжиглэж байтал Мягмаржаргал миний урдуур гүйж орж ирээд миний ардаас үл таних залуу жийчихлээ гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа Мягмаржаргал өөрийг нь өшиглөсөн гэх үл таних залуу дээр очоод "яаж байна аа" гэж хэлээд тэр залуугийн мөрөн дээр гараа тавьтал тэр үл таних залуу Мягмаржаргалын өгзөг рүү нь хутгалчихсан. Энэ үед Мягмаржаргал "намайг дүрчихлээ" гэж хэлээд над руу иртэл гар нь цус болчихсон байсан. Мягмаржаргалыг хутгалсан гэх залууг Мягмаржаргал бид хоёр 2 талаас нь барьж аваад бүжгийн талбай дээр хэсэг зууралдаад цагдаад барьж өгсөн. Уг залуу нь шар үстэй, 30 гаран насны, 160-165 см өндөртэй залуу байсан. Ямар хутга байсныг сайн санахгүй байна. Жижигхэн хутга байсан гэжээ. / хх 28-29 /

 

Гэрч Д.Энхтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "НЖ" /Эн Жи/ бааранд найз Мягмаржаргал, Чимгээ нөхөр Батмагнай бид нар орж үйлчлүүлсэн. Бааранд ороод бүжгийн талбайд бүжиглэж байтал Мягмаржаргал санамсаргүйгээр нэг залууг шүргэчихсэн. Тухайн үед нөгөө Мягмаржаргалд шүргүүлсэн залуу нь Мягмаржаргалын бөөрлүү нь өшиглөөд тэр залуу ширээнд суусан. Энэ үед Мягмаржаргал тэр залуу дээр очоод “Чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ” гэж асууж байтал үл таних залуу Мягмаржаргалын өгзөг рүү нь хутга хутгалчихсан. Тэгээд Мягмаржаргал бид нар дээр ирээд намайг хутгалчихпаа гэж хэлэхээр нь гайхаад Мягмаржаргалыг хартал өгзөгнөөс нь цус гарчихсан гараараа дарж байсан. Ингээд би Мягмаржаргалыг хутгалсан гэх залууг хартал гартаа жижиг хутга барьсан байсан. Тэр залуутай ноцолдож хутгыг нь булааж авсан. Дараа нь Мягмаржаргалыг хутгалсан үл таних залуу баарнаас гараад зугтах гэхээр нь бид нар цагдаа дуудаж цагдаа нар иртэл хүлээсэн. Удалгүй хоёр цагдаа ирээд Мягмаржаргалыг хутгалсан үл таних залууг саатуулсан үйл явдал болсон гэжээ. / хх 30-31 /    

Яллагдагч М.Алтаншагай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах "Эн Жи" бааранд найз Гантөгс, Халиун, Октябрь нарын хамт орж үйлчлүүлсэн. Дараа нь бааранд нэг шил архи, ундаа авч бөөнөөрөө уугаад хэсэг бүжиглэж байгаад Д.Мягмаржаргал гэх залуутай муудалцаад хоорондоо зодолдоод биедээ авч явж байсан жижиг хутгаар Д.Мягмаржаргалын баруун өгзөг рүү нь хатгасан үйл явдал болсон. Дараа нь цагдаа нар бааранд орж ирээд намайг саатуулсан үйл явдал болсон.... Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн маш их согтолттой байсан. Болсон үйл явдлыг санаж байна. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Одоо Д.Мягмаржаргал бид хоёр хоорондоо эвлэрч, эмчилгээний зардлыг нь бүрэн барагдуулсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шуурхай шийдэж өгнө үү гэжээ / хх 45-47 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №912 дугаартай дүгнэлтэнд: 

1. Д.Мягмаржаргалын биед баруун өгзөгт шарх, нуруу, хэвлий, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 33 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 52 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчоос уучлалт гуйж, хохирол 250.000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Хохирогч Г.Мягмаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчтой эвлэрсэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн Жи” шөнийн цэнгээний газарт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө хохирогч Д.Мягмаржаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар баруун өгзөг тус газар нь нэг удаа хутгалж, гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Бааранд бүжиглэж байтал нэг залуу бөөр рүү өшиглөөд  баруун өгзөгт нэг удаа хутгалсан тухайн шархаа шөнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж нэг удаа оёдол тавиулсан. Баруун далны доод хэсэгт хөндүүртэй байна. өөр ямар нэгэн учирсан шарх гэмтэл алга гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Мягмаржаргалын мэдүүлэг / хх 8-11 / ... Д.Мягмаржаргалын биед баруун өгзөгт шарх, нуруу, хэвлий, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №912 дугаар дүгнэлт / хх 33 /...... Мягмаржаргал өөрийг нь өшиглөсөн гэх үл таних залуу дээр очоод "яаж байнаа" гэж хэлээд тэр залуугийн мөрөн дээр гараа тавьтал тэр үл таних залуу Мягмаржаргалын өгзөг рүү нь хутгалчихсан. Энэ үед Мягмаржаргал "намайг дүрчихлээ" гэж хэлээд над руу иртэл гар нь цус болчихсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Батмагнайгийн  мэдүүлэг / хх 28-29 /, ... Бааранд ороод бүжгийн талбайд бүжиглэж байтал Мягмаржаргал санамсаргүйгээр нэг залууг шүргэчихсэн. Шүргүүлсэн залуу нь Мягмаржаргалын бөөрлүү нь өшиглөөд тэр залуу ширээнд суусан. Энэ үед Мягмаржаргал тэр залуу дээр очоод чи яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гэж асууж байтал үл таних залуу Мягмаржаргалын өгзөг рүү нь хутгалчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг / хх 30-31 /, ... бааранд нэг шил архи, ундаа авч бөөнөөрөө уугаад хэсэг бүжиглэж байгаад Д.Мягмаржаргал гэх залуутай муудалцаад биедээ авч явсан жижиг хутгаар Д.Мягмаржаргалын баруун өгзөг рүү нь хатгасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Нандин-Эрдэнийн мэдүүлэг / хх 45-47 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг харгалзан прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Барга овогт Б-н Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ