| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/05040/И |
| Дугаар | 210/МА2025/01086 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01086
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/04293 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Гэм хорын хохирол 6,531,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 6,531,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, цагдаагийн байгууллага зөрчлийг шалгаж байхад хохирол байхгүй байсан гэж тайлбарлан маргажээ.
3. Хариуцагч ******* нь 2024 оны 10 сарын 02-ны өдөр ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн жолоодож явсан ******* маркийн *******УБ улсын дугаартай мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасан нь Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн *******, ******* тоот дүгнэлтээр тогтоогдсон.
Үүний улмаас нэхэмжлэгчид 6,161,800 төгрөгийн бодит хохирол учирсан нь 2024 оны 11 сарын 25-ны өдөр ******* ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан, төлбөрийн баримтаар тогтоогдсон байх тул осол болох үед хохирол гараагүй байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг үндэслэн уг зам тээврийн осолд нэхэмжлэгчийн үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн хариуцагчаас 3,080,900 төгрөг гаргуулан гэм хорын хэмжээг багасгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймээс нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь осолд нөлөөлөөгүй, хариуцагч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол болж, хохирол учирсан гэх гомдлыг хүлээн авахгүй. Учир нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно гэж заасны а-д согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг бүрэн хориглосон байна.
Дээрх шинжээчийн 2024 оны *******, ******* тоот дүгнэлтээр нэхэмжлэгч ******* дүрмийн 3.7-д заасныг зөрчин замын хөдөлгөөнд оролцож явахад нь хариуцагч араас нь мөргөсөн байх тул уг зөрчилд нэхэмжлэгчийг буруугүй гэж үзэх боломжгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751, 752, 754 дүгээр зүйлд зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд шүүгч шийдвэрийг боловсруулахдаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын бүтэц, аргачлал, түүний хавсралт, мөн шүүхийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал түүний хавсралтыг баримтлах үүрэгтэй.
Энэхүү хэргийн хувьд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд дүгнэлт өгөхдөө маргааны үйл баримтыг хэрхэн тогтоосон нь шийдвэрт тусгагдаагүй байна. Улмаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо ямар үйл баримтад үндэслэн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой гэж үзсэн ямар нотлох баримтыг үнэлсний үндсэн дээр тодорхойлсноо шүүгч шийдвэртээ дүгнэж бичээгүй орхигдуулсан. Хариуцагчийн хариуцвал зохих хохирлын хэмжээг багасгахдаа нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэсэн эрх зүйн дүгнэлтийн үндэслэл болж тогтоогдсон үйл баримтыг шийдвэрт тусгаагүй байна.
Иймээс шүүгч дээрх журам, аргачлалын дагуу бус хэт ерөнхий байдлаар шийдвэрийг боловсруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүйг тэмдэглэж байна.
6. Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхэд баримтлах Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг болон мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/04293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,446 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ