Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01087

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03969 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 151,936,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би ******* улсын дугаартай ******* маркийн автомашинаа 2024 оны 06 сарын 21-ний өдөр "*******" ХХК-д 280,000,000 төгрөгийн үнэлгээгээр, нэг жил буюу 2024 оны 06 сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар, Монгол улсын нутаг дэвсгэрт, цагийн хязгааргүй байхаар даатгалын гэрээнд тусгаж даатгуулсан ба даатгалын хураамжийг бүрэн төлсөн.

******* аймгийн нутаг ******* рашаанаас Улаанбаатар хот руу 2024 оны 08 сарын 02-ны өдөр буцахдаа ******* даваа руу өгсөхдөө арай чулуу багатай шороон замыг нь сонгоод явсан ч машин давааны арын нойтон шаварт гулган замын зорчих хэсгийн хажуугийн ховилруу орж цохиулан унаж 1-2 удаа бүтэн хөрвөөж эргэсэн. Тэгээд дахин ховилд цохиулан доор жалганд байсан бургасны хажуугаар унасан. Би тэр дороо цагдаа болон даатгалын байгууллагад мэдэгдэж цагдаагийн байгууллагаас үзлэг, хэмжилт хийсэн.

Ингээд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо "******* ХХК-иар үнэлүүлэхэд 151,936,000 төгрөг болсон ба даатгалын байгууллагад нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгсөн ч "*******" ХХК-иас 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 01/252 дугаартай албан бичгээр даатгалын гэрээний 6.2.4-т тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол учир нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна" гэсэн хариу өгсөн. Миний хувьд тээврийн хэрэгсэл зорчиход тохиромжгүй замгүй газраар огт яваагүй, хүн бүхний мэддэг, өдөр бүр машин явдаг орон нутгийн шороон замаар уруудаж яваад авто осол гарсан байхад даатгалын компани намайг зориуд замаас гарч замгүй газраар явж машинаа уулын жалганд унагаасан гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй. Санхүүгийн зохицуулах хороонд энэ талаар гомдол гаргахад 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 3/3473 дугаартай албан тоотоор даатгалын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан.

Иймд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 151,936,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Даатгуулагч *******ын тохиолдлыг судлан үзэхэд 2024 оны 06 сарын 21-ний өдөр байгуулсан ******* дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарч байсан. Гэрээний 6 дугаар зүйлд ямар тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах ерөнхий болон тусгай нөхцөлийг тусгасан. Даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл нь хохирол болон хохирол учирсан шалтгаан, нөхцөл хоорондын шалтгаант холбоог зөв тодорхойлж тухайн тохиолдол даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарч байгаа эсэхийг хөтөлбөргүй тогтоох нь ач холбогдолтой.

Даатгуулагчийн буруутай үйлдлээс шууд хамааралтайгаар даатгалын тохиолдол үүсэх нөхцөл бий болж хохирол учирсан нь 2024 оны 08 сарын 19-ний өдрийн 26 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны магадалгаа"-р тогтоогдсон. Магадалгааны 2.1-т "******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн" гэжээ. Даатгалын тохиолдол бий болсон газарт үзлэг хийсэн эрх бүхий этгээдээс даатгуулагчийг цаг агаарын нөхцөл байдал муу, халтиргаа гулгаа ихтэй байхад тухайн нөхцөлд хурдаа тохируулан яваагүй хурд хэтрүүлснийг тогтоосон.

Түүнчлэн магадалгаа, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн бүдүүвч, гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэлээр ******* нь үндсэн замын зорчих хэсгээс гарч, замгүй газраар тодорхой хугацаанд зорчсоныг тогтоосон бөгөөд энэ нь даатгалын гэрээний 6.2.4-т ...тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол" гэх заалт болон даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй тусгай нөхцөлд давхар хамаарч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 106,355,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45,580,800 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 919,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 689,726 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт "... ******* нөхөн төлбөрөөс гэрээний дагуу 30 хувийг өөрөө хариуцаж үлдэх 70 хувь болох 106,355,200 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас гаргуулах нь үндэслэлтэй..." гэж дурдсан ба даатгалын гэрээнд даатгуулагч хохирлын 30 хувийн хариуцах талаар ямар нэг зохицуулалт байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа "... даатгалын тохиолдол болсон болсон үед 300,000 төгрөгийг өөрөө хариуцаж үлдэх хэсгийг даатгагч хариуцна.." гэсэн. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 45,580,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагчаас 151,936,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрт "Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.4 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирлыг" нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл гэж хариуцагч маргасан нь үндэслэлгүй гэж, мөн хэсгийн 9.1-т "Осол гарсан зам нь хотын суурьшлын бүсээс гадна хөдөө орон нутгийн зам бөгөөд замын нөхцөл байдал нь уулархаг, өгсүүр боловч тухайн замаар тээврийн хэрэгсэл тодорхой хэмжээнд зорчдог болох нь цагдаагийн байгууллагын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үндэслэлийн талаар хууль хэрэглээ, үйл баримтыг тодотгосон ямар ч тайлбар хийгээгүй байж хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан ямар үйл баримт, нөхцөл байдал эсхүл нотлох баримтын аль хэсгийг, ямар шалтгааны улмаас үндэслэж дээрх дүгнэлтийг гаргасан нь тодорхойгүй. Цагдаагийн байгууллагын үзлэг хийсэн тэмдэглэлд нэхэмжлэгчийг замтай газраар зорчсон гэсэн нэг ч үсэг, тэмдэглэл байхгүй байхад илтэд хэргийн баримтыг нэхэмжлэгчид давуу байдлаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 сарын 02-ны өдрийн тэмдэглэлд "Замын хэсгийг: Бусад, Замын ангиллыг: Бусад, Замын хучилтыг: Хөрсөн, Зорчих хэсгийн гадаргууг: Нойтон, Замын онцлог: Уруу, Үзэгдэх орчих: Гэрэлтүүлэггүй, Цаг агаар: Бүрхэг, бороотой, Замын харьяалал: Суурингийн гадна..." гэж тодорхойлсон. Эндээс харвал нэхэмжлэгчийн зорчсон хэсэг нь "Авто замын тухай хууль"-ийн 15 дугаар зүйлд заасан замын ангилал, 16 дугаар зүйлд заасан замын бүрэлдэхүүний алинд ч хамаарахгүй, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраас зөрчиж байгаад осол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогддог.

Даатгалын гэрээний 6.1.2-т "Даатгуулагчийн санаатай эсхүл хөнгөмсгөөр найдсанаас өөртөө болон бусдад учруулсан хохирол, мөн зүйлийн 6.2.4-т "Тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол"-д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзахаар талууд тохиролцсон. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн тайлбарласан шиг тухайн авто машин замын зорчих хэсгээс гулгаж гараагүй бөгөөд гулгаж гарсан тохиолдолд үзлэг хийсэн газарт хөрсийг зулсан эсхүл гулгасан мөр үлдэх ёстой. Хэрэгт авагдсан фото зурган баримтаас нэхэмжлэгчийн гулгасан гэж үзэж буй газрын ойр хавийн хөрс зулгарсан эсхүл эвдэрсэн мөр огт байгаагүй. Энэ тухай хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбар гаргасан боловч шүүхээс анхаарч үзээгүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргаж шүүх хуралдааны үе шатыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдалд хариуцагчийг хүргэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Даатгалын гэрээний 6.2.4, 6.2.11-д заасны дагуу хариуцагч татгалзлаа тайлбарладаг. Гэрээний 6.2.4-д тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсон учраас даатгалын нөхөн төлбөр гаргахаас татгалзсан. Гэвч замгүй газраар зорчсон нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тухайн зам нь ******* аймгийн ******* сумын ******* рашаан руу явдаг зам байсан. Мөн хариуцагчаас замгүй газраар зорчсон гэдгийг замаас гарч, тээврийн хэрэгсэл өөрийн инерцээр замаас гарч, халтирсан мөрийг замгүй газраар зорчсон мөр гэж тайлбарладаг ч замаас гарч, жолоодлогогүй тээврийн хэрэгслийн халтирсан мөрийг замгүй газраар зорчсон гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 151,936,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй байх тохиолдолд хамаарч байгаа гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байх тул даатгалын нөхөн төлбөрийг бүрэн гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн хооронд 2024 оны 06 сарын 21-ний өдөр SA0029463 24/24 дугаартай Agula V тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч нь *******маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ даатгалын ******* багцын ангиллаар даатгуулжээ.

Даатгуулагч ******* ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* даваа гэх газар 2024 оны 08 сарын 02-ны өдрийн 15:00 цагийн үед ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдсоны улмаас даатгалын тохиолдол бий болсон. Энэ нь Тээврийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 сарын 03-ны өдрийн дүгнэлтэд даатгуулагч нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* даваа гэх газар бороотой үед нойтон замаар явж байхдаа замын огцом уруу хэсэгт гулсаж халтиргаа үүссэний улмаас зам тээврийн осол болсныг тусгасан, мөн даатгалын тохиолдол болсны дараах үеийн байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авсан баримтуудаар тогтоогджээ.

Иймээс нэхэмжлэгч замгүй газраар явсны улмаас даатгалын тохиолдолд үүссэн тул даатгалын гэрээний 6.2.4-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна гэсэн агуулгатай хариуцагчийн татгалзал үндэслэлгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Энэ үндэслэлээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч замгүй газраар зорчсоны улмаас хохирол үүссэн гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Тухайн ослын улмаас даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд 151,936,000 төгрөгийн хохирол учирсан нь ******* ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон учир Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсныг үндэслэн даатгуулагч *******д учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг даатгагч ******* ХХК-д үүсжээ.

Иймээс даатгалын нөхөн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр даатгуулагч учирсан хохирлын 30 хувийг өөрөө хариуцахаар заагаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлээс 45,580,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэрээ, хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.

Даатгалын ******* дугаартай гэрээний ******* багцын ангилал дахь нөхөн төлбөрийн хязгаар хэсгийн Нөхөн төлбөр шийдвэрлэх норм-д хувь тэнцүүлэхгүй 100% гэж тохиролцсоноор хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгох үүрэгтэй байх тул хариуцагч ******* ХХК-аас 151,936,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт даатгагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг заасан бөгөөд мөн хуулийн 9.1.4-т даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох чиг үүрэг нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлохгүй тул уг зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлахгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс энэ заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талын гомдлыг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/03969 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 151,936,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж,

2 дахь заалтын ...689,726... гэснийг 917,630 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 917,526 төгрөгийг улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,854 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ