Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01088

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/03118 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч *******-д холбогдох,

 

Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* дүүргийн *******хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотын ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. Түүнийг гадаад улсад амьдрах хугацаанд төрсөн ах ******* нь тухайн сууцанд амьдарч байсан. ******* 2019 онд шинэ орон сууцтай болсон ч нэхэмжлэгчийн байрыг чөлөөлж өгөхгүй, тухайн байраа бусдад түрээслүүлж байна. ******* өөрийн байранд амьдрах хүсэлтэй байгаа, *******-д уг орон сууцыг түрээслүүлэх, хөлслүүлэх гэрээгүй, мөн нэхэмжлэгчид хөлс төлдөггүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу *******ийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* 1998 онд Америк явахаар болж визэнд ороход элчнээс өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой гэсэн шаардлага тавьснаар бид ярилцаад амьдарч байсан байраа 7,500,000 төгрөгөөр зарж *******ын нэр дээр ******* дүүргийн ******* хороонд байх ******* м.кв талбайтай 1 өрөө байрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн ба зөрүү 2,500,000 төгрөгийг ******* замын зардалд өгсөн. Хөрш айл уг байрыг ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцыг солихоор хүсэлт тавьсан тул ******* тухайн байрны өмчлөгч нартай орон сууц солилцох хэлцэл хийсэн ба ******* нь Америкаас итгэмжлэл явуулан солих байрны хүмүүстэй холбогдон надад мэдэгдэлгүйгээр байрны гэрчилгээг авсан байсан. ******* уг байранд засвар хийгээд 26 жил амьдарч байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотын ******* м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******өөс 1,307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч орон сууцыг бүхэлд нь нэхэмжлэх эрхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан "*******ыг орон сууцны өмчлөгчөөр 2023 оны 08 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдлоо" гэсэн байна. Хөрш айл маань олон жилийн турш байраа солих саналыг тавьсан бөгөөд энэ санал боломжийн байсан учраас 2020 оны 05 сарын 25-ны өдөр хөрш айлынхантай ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, ******* тоот хаягтай байрыг ******* дүүрэг, *******хороо, ******* хороолол, ******* байр, ******* орц, ******* тоот хаягтай байрыг солих хэлцэл байгуулж гарын үсэг хурууны хээг дарцгаасан. Гэтэл шүүхээс нотлох баримт шаардлага хангахгүй гэсэнд гомдолтой байна. Гэтэл дүү ******* чимээгүй байж байснаа гэнэт 1 өрөө байрыг 2 өрөө болсныг мэдмэгцээ надад огт мэдэгдэлгүй 2023 оны 08 сарын 09-ний өдөр өөрийн нэр шилжүүлэн аваад 2024 оны 03 сард намайг байрнаас гарахыг шаардаж байгаад гомдолтой байна. ******* нь Америкийн визэнд ороход өөрийн нэр дээр өмчтэй байх хэрэгтэй гэсэн тул 1 өрөө байрыг *******ын нэр дээр бичүүлж бүртгүүлж байсан. Миний хувьд энэхүү байрны шударга эзэмшигч мөн.

4.2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн бөгөөд шийдвэрт ... ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотын ******* м.кв талбайтай, 2 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй тул орон сууцны өмчлөгч ******* өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй" гэжээ.

Гэтэл намайг хууль бус эзэмшигч гэдгийг нотлохгүй, нотлох үндэслэлгүйгээр шийдэж болохгүй. Хэргийн нотлох баримт хангалтгүй бөгөөд зөвхөн байрны гэрчилгээг үндэслэж намайг хууль бус өмчлөгч гэж тодорхойлж болохгүй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 5-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана" гэж заасан бөгөөд би 26 жил энэ орон сууцаа арчлан хамгаалж, хадгалахтай холбоотойгоор эзэмшиж байсан.

4.3. Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 9-д "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж зааснаар энэхүү орон сууцны маргааныг бүхэлд нь авч үзвэл 1998 оноос хойших шаардлагатай нотлох баримтуудыг хамаарч авч үзэх ёстой.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/03118 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч татгалзлаа дундын өмч буюу өмчлөх эрхийн маргаантай холбож тайлбарладаг. Мөн хариуцагч маргаан бүхий орон сууцыг нэг өрөө гэж худлаа хэлдэг. Тухайн орон сууц нь хоёр өрөө бөгөөд 2023 онд худалдаж авсан. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийг гэрчилгээгээр *******ын өмч гэж тогтоогдсон бөгөөд талууд маргадаггүй. Гэхдээ нэхэмжлэгч тухайн орон сууцны талыг нь өмчлөх эрхтэй гэж маргадаг. Хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Мөн хариуцагч тухайн орон сууцад хийсэн засвартай холбоотой зардлаа дурддаг боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах байсан гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь 1998 оноос хойших баримт нь маргаан бүхий орон сууцтай хамааралгүй. Хариуцагчийн хувьд өмчлөх эрхтэй холбоотой буюу дундын өмчлөлөөс өөрт ногдох хувийг гаргуулах, мөн засвартай холбоотой зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, *******ыг АНУ-ын визэнд ороход нэр дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байвал виз гарна гээд ******* дүүрэгт 1 өрөө байр авсныг энэ шаардаж байгаа байраар солихоор ярьсан ч надад мэдэгдэлгүй гэрчилгээг нь авсан байсан. Би уг байранд засвар хийж 26 жил амьдарсан, бидний дундын өмч гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд маргааны зүйл болсон хөрөнгө хариуцагчийн эзэмшилд бодитой байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байх тохиолдол бүрдсэн нөхцөлд нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжих боломжтой юм.

4.1. Нэхэмжлэгч ******* улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод орших ******* м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр 2023 оны 08 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн бөгөөд өөрийн эзэмшиж байгаа орон сууцаа иргэн *******, ******* нарын өмчлөлийн орон сууцаар солихоор тэдний хооронд Орон сууц солилцох тухай хэлцэл хийгджээ. Хэлцлийн үр дүнд дээрх 63 тоот орон сууц Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар *******-ын өмчлөлөөс нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжсэн байна.

Иймээс нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар орон сууцаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хариуцагч уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 08 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн хариуцагчийг тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцсэн байна.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 1998 онд АНУ-руу явахад түүний нэр дээр 1 өрөө байр худалдан авахдаа гэр бүлийн дундын хөрөнгөөр авсан, уг байранд 30,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзаж, энэ агуулгаар давж заалдах гомдол гаргахдаа өөрийгөө маргаж буй орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй гэж маргажээ.

Гэвч хариуцагч нь маргаж буй 63 тоот орон сууцны хамтран өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

5. Хариуцагч нь маргаж байгаа орон сууцаар сольж авсан нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд их хэмжээний засвар хийсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй, харин хариуцагч уг зардлаа нэхэмжлэгчээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/03118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,307,950 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Э.ЭНЭБИШ