Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/00621

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 17 өдөр           Дугаар184/ШШ2016/00621           Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 39-775 тоотод оршин суух, Гүн овогт Найдангийн Хишигсүрэн  /регистрийн дугаар: ХЙ65061803/-гийн  нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 131/6 байрны 11 тоотод оршин суух, Боржигон овогт Лхамсүрэнгийн Цэцгээ /регистрийн дугаар: ЧГ68120308/-д  холбогдох,

 

          “Зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,519,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Хишигсүрэн, хариуцагч Л.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз Л.Цэцгээтэй аман гэрээ хийж, “Үнэн оргилт” авто ломбардад манай нөхөр машинаа  2,500,000 барьцаанд тавьж, уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг Л.Цэцгээд бэлнээр өгсөн. Л.Цэцгээ 1 сарын хугацаатай зээлж авсан боловч одоо хүртэл зээлээ бүрэн төлөөгүй.

Л.Цэцгээ нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 210,000 төгрөг, мөн өдөр дахиж 20,000 төгрөг өгсөн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,112,000 төгрөг дансаар шилжүүлэн надад өгсөн.

Ломбардны хугацаа болоод Алтансүх гэдэг хүнээс 1,000,000 төгрөг авч байж ломбардад төлсөн. Л.Цэцгээ нь Алтансүхээс авсан 1,000,000 төгрөгийг түүнд буцааж төлсөн.

Би ломбардад машинаа тавиад нийт 3,170,000 төгрөгийг төлж буцааж авсан. Би Л.Цэцгээд мөнгийг 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Алтансүхэд өгсөн 1,000,000 төгрөг нь хамаагүй надад өгөөгүй учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Л.Цэцгээгээс зээлийн үлдэгдэл төлбөр 2,519,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н.Хишигсүрэн болон түүний нөхөр Ч.Батжаргалаас

 

2,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Ингэж авахдаа хүү төлнө гэж ерөөсөө тохироогүй.

Би Н.Хишигсүрэнд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 230,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 20,000 төгрөг тус тус өгч 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1,112,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Алтансүх гэдэг хүнд 1,000,000 төгрөгийг хүү 60,000 төгрөгийн хамт өгсөн. Энэ мөнгийг Н.Хишигсүрэн Алтансүхээс аваад ломбардад төлсөн байсныг нь би төлсөн.

Нийтдээ би Н.Хишигсүрэнд 2,642,000 төгрөг төлсөн ба одоо ямар ч төлөх төлбөр байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Хишигсүрэн нь хариуцагч Л.Цэцгээд холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.Цэцгээ нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н.Хишигсүрэнгээс 2,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд энэхүү зээлийн төлбөрт хүү тооцохоор гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.Хишигсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч машинаа ломбардад тавьж мөнгө зээлж авч өгсөн учир надад хүү төлөх ёстой ...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Л.Цэцгээ нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... би хүү төлнө гэж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Нийтдээ 2,642,000 төгрөг буцааж төлсөн учир одоо төлөх төлбөргүй ...” гэж тайлбарлан маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Хишигсүрэн нь хариуцагч Л.Цэцгээгэс зээлийн төлбөрт 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 210,000 төгрөг, мөн өдөр 20,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1,112,000 төгрөг, нийт 1,562,000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч тайлбарладаг бөгөөд үүнээс гадна Н.Хишигсүрэн нь өөрийн  бусдад төлөх 1,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг Л.Цэцгээ төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрдөг боловч энэхүү төлбөрийг зээлийн төлбөрт оруулан тооцохгүй гэж маргажээ.

 

Дээрх зээлийн гэрээний төлбөрт хариуцагч Л.Цэцгээ нь нэхэмжлэгч Н.Хишигсүрэнд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 230,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 20,000 төгрөг тус тус өгч 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1,112,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Н.Хишигсүрэнгийн өмнөөс Алтансүх гэдэг хүнд 1,000,000 төгрөгийг хүү 60,000 төгрөгийн хамт, нийт 2,642,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Л.Цэцгээ нь өөрийн Н.Хишигсүрэнд 2,642,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг нотолсон баримтыг бүхэлд нь хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй боловч нэхэмжлэгч Н.Хишигсүрэн нь хариуцагч Л.Цэцгээгээс 1,562,000 төгрөг хүлээн авснаа болон бусдад төлөх 1,000,000 төгрөгийн зээлийг Л.Цэцгээ төлсөн болохыг тус тус хүлээн зөвшөөрчээ.

 

Иймд шүүх хариуцагч Л.Цэцгээг нэхэмжлэгч Н.Хишигсүрэнд нийт 2,562,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж бөгөөд хуульд зааснаар хүү төлөхөөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагч Л.Цэцгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл нь үндэслэлтэй байна.


            Өөрөөр хэлбэл Л.Цэцгээ нь зээлийн төлбөрт хүү төлөх үүрэггүй ба нэхэмжлэгч Н.Хишигсүрэнд 2,562,000 төгрөгийг төлсөн байх тул Н.Хишигсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Хишигсүрэнгийн хариуцагч Л.Цэцгээд холбогдуулан гаргасан зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Хишигсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОНБААТАР