Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,      

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урианхай овогт Б-ы Мд холбогдох эрүүгийн 1909017240582 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, дүү, эмээ нарын хамт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК 54 дүгээр байр, 35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: У3 98092014 / Урианхай овогт Б-ы М нь:

 

- 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах "Өлзий" төвийн баруун талын авто замын уулзвар орчим Ө.Гантөгстэй маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч  Ө.Гантөгс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Микро автобусны кондуктар хийгээд явж байтал Дөлгөөн нуурын зам дагуу нэг залууг хэдэн залуучууд зодоод байсан. Тэгэхээр нь би цонхоороо “Та нар боль л доо” гэж хэлээд цонхоо хаагаад хөдөлсөн чинь микро автобусыг нэг залуу цохьсон. Тэгэхээр нь би машинаас буугаад тухайн залуучуудтай маргалдсан. Тэгээд би тухайн залуучуудтай зодолдсон, дийлэхгүй байхаар нь би микроноосоо дугуйн дорцов гаргаж ирээд тухайн залуучуудыг айлгасан. Тэгсэн чинь гэнэт намайг нэг залуу цохьсон. Тэгээд би газар унасан чинь дээрээс бас цохьсон.Миний биед эрүү хугарсан, миний зүүн гар хугарсан, тархи толгой хавдсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг сүүлд нь цагдаагийн хэлтэс дээр таарсан Мөнхдолгион гэх залуу намайг цохиж унагаад дээрээс дахиад зодож учруулсан. Бусад залуучууд миний биед халдсан асуудал байхгүй. Надтай маргалдсан, хэрэлдсэн, заамдалцаж авсан асуудал бол байгаа бусдаар намайг зодож цохиогүй гэжээ. / хх 7 /

 

Гэрч Г.Ган-Од мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны орой Ардын эрхийн Ивал гэх нэртэй интернэт тоглоомын газар Жавхлантөгс, Ганбаатар, Отгонбаяр нарын хамт тоглоод сууж байсан чинь гаднаас Мөнхдолгион, Гантулга, Амаржаргал, Баньдхүү нар орж ирсэн. Тэгээд бид нар ярилцаж байгаад 4 дүгээр сургуулийн урд талд очоод 2 шил архи уусан. Тэгээд Стар гэх нэртэй караоке руу ороод 2 шил архи ууцгаасан. Тэгээд тухайн караокенаас гараад Ганбаатар, Отгонбаяр нар нь хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь микротой хүнтэй манай найз нар маргалдаад байсан. Тэгээд өргөдөл гаргадаг залуу машинаасаа бууж ирээд торцов бариад орилоод байсан. Тэр үед манай найз Мөнхдолгион тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь цохьсон. Тэгээд салцгаасан. ...Би тухайн хүмүүстэй хэрэлдсэн асуудал байгаа бусдаар зодолдсон асуудал байхгүй хальт харахад манай найз Мөнхдолгион нэг удаа цохиж байсан дахиж цохьсон үгүйг мэдэхгүй байна гэжээ /хх 12/

 

Гэрч Д.Амаржаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн караокенаас гараад тарах гэж байтал замын эсрэг талд манай зарим найзууд харих гээд такси барих гээд зогсож байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Гэнэт 2 микро ирчихсэн манай найз нартай маргалдаж байсан. Тэгээд тэнд нэг жижиг биетэй өргөдөл гаргасан байгаа залуу орилоод байхаар нь би очоод найз нартаа хүнтэй маргалдаж болохгүй талаар тайлбарласан. Нэг харсан чинь өргөдөл гарсан залуу газар уначихсан байсан. Тэгээд би найз нарыгаа аваад явцгаасан гэжээ. / хх 11 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5092 дугаар дүгнэлтэнд:  

1. Ө.Гантөгсийн биед тархи доргилт, эрүүний баруун үений сэртэн дайрсан хугарал, зүүн шуу болон богтос ясны зөрөөгүй хугарлууд, уруулын эргэн тойрон гүн зулгаралт, уруул, баруун хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. / хх 29 /

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохиролд 1.500.000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах "Өлзий" төвийн баруун талын авто замын уулзвар орчим Ө.Гантөгстэй маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би тухайн залуучуудтай зодолдсон, дийлэхгүй байхаар нь микроноосоо дугуйн дорцов гаргаж ирээд тухайн залуучуудыг айлгасан. Тэгсэн чинь гэнэт намайг нэг залуу цохьсон. Тэгээд би газар унасан чинь дээрээс бас цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ө.Гантөгсийн мэдүүлэг / хх 7 /, ... Өргөдөл гаргадаг залуу машинаасаа бууж ирээд торцов бариад орилоод байсан тэр үед манай найз Мөнх-Долгион тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь цохьсон тэгээд байж байгаад салцгаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Ган-Одын мэдүүлэг / хх 12 /, ... 2 микро ирчихсэн манай найз нартай маргалдаж байсан. Нэг харсан чинь өргөдөл гаргасан залуу газар уначихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Амаржаргалын мэдүүлэг / хх 11 /, ... Ө.Гантөгсийн биед тархи доргилт, эрүүний баруун үений сэртэн дайрсан хугарал, зүүн шуу болон богтос ясны зөрөөгүй хугарлууд, уруулын эргэн тойрон гүн зулгаралт, уруул, баруун хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5092 дугаар дүгнэлт  / хх 29 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н Б.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй,  шүүгдэгч Б.М нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.М-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Урианхай овогт Б-ы М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-ы М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ