Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01126

 

 

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03591 дугаар шийдвэртэй,

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч *******-д холбогдох,

 

7,012,507 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч ******* нь манай компанийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн барааны төлбөр 7,012,507 төгрөгийг төлөх зорилгоор талууд 2024 оны 02 сарын 29-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдэж, төлбөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан ч үүргээ бүрэн биелүүлээгүй. Иймд хариуцагч *******ээс 7,012,507 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******ХХК-ийн бүтэгдэхүүнийг худалдан борлуулж байсанд маргахгүй. Түүний лангууг түрээсэлдэг *******т цалин өгч худалдагчаар 2023 оны 09 сараас эхлэн ажиллуулсан ч тэрээр ажилд орсон үеэс эхлэн хариуцагчийн үүсгэн байгуулсан ******* ХХК-ийн тамгыг ашиглан бусад байгууллагаас бараа бүтээгдэхүүн авч санхүүгийн баримт үйлдэн орлогыг нь хувьдаа авч завшиж байсан тул Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст *******-ийн хууль бус үйлдлийг шалгуулахаар өргөдөл өгч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Энэ нэхэмжлэлд дурдагдсан 7,012,507 төгрөгийн тооцооны баталгаанд худалдагч ******* нь *******ийн нэрийн өмнөөс тодорхой эрх, итгэмжлэл олгогдоогүй байхад гарын үсэг зурж ******* ХХК-ийн тамга дарсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******ээс 7,012,507 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,160 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасан. Мөн тус хуулийн 13.6-д энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж тус тус заасан байх тул тус нэхэмжлэлтэй маргаан харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийн харьяалал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тух тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: 2024 оны 07 сарын 18-ны өдөр *******ХХК нь хариуцагчийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгад дурдсанаар шүүхийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх гэх хэлбэрээр хэрэг маргааны харьяаллыг тусад нь шийдвэрлэхээр хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 751.1-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс бага, мөн хуулийн 751.1.1-д заасан бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагуудыг тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхэд хамаарна гэж зохицуулсан. Гэвч 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийг дагаж мөрдөхөөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Нэхэмжлэгчийн хувьд тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2024 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хялбар ажиллагааны журмаар шийдвэрлэх шүүхийн харьяалалд хамаарахгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан талуудын хооронд 2024 оны 02 сарын 29-ний өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтыг үндэслэн тус компанийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдан борлуулсан төлбөрийн үлдэгдэл 7,012,507 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хариуцагчийн зүгээс дээрх тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зураагүй, манай лангуунд худалдагчаар ажиллаж байсан ******* зурсан гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан байх боловч уг татгалзлаа баримтаар нотлоогүй, баримтын үнэн зөвийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх талуудын тайлбар, тооцоо нийлсэн тухай баримтыг үндэслэн зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас талууд тооцоо нийлсэн баримт үйлдсэнийг үндэслэн хариуцагч *******ээс 7,012,507 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт Энэ хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлийг нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж заасан хэргийн харьяаллыг анхан шатны шүүх зөрчиж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн гэх хариуцагч талын гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 7,012,507 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 07 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь мөн хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар уг хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байна.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах бүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 01 сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд энэ зохицуулалтыг 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Иймээс нэхэмжлэгч энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ердийн журмаар хянан шийдвэрлэгдэх учир энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-ийн гомдол хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,160 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Э.ЭНЭБИШ