| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0359/Э |
| Дугаар | 548 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Д |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харнууд овогт Ж-н Ш-т холбогдох эрүүгийн 1809017300063 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат 4-20 тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхээр 1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ял, 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Төв аймгийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 405 дугаар захирамжаар тэнсэн суллагдсан.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЦА 72050172 / Харнууд овогт Ж-н Ш нь:
- 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын урд талын зам дээр иргэн Г.Түмбаярын эзэмшлийн Honda Logo маркийн 89-10 УБЧ улсын дугаартай авто машиныг жолоодож яваад биет 45.000 төгрөг, Самсунг си-3 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Түмбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би тэр хүнд гар утсаа өгөөд манай дүүг тосоод ир гээд явуулсан юм. Тэр хүн миний машиныг унаад явж байсан болохоор би машинаа авах гээд араанд нь хийгээд зогсоосон юм. Тэгээд гар утсаа салгаж авах гээд ноцолдсон. Тэгтэл миний гар утас, түлхүүрийг аваад зугтаасан гэжээ. / хх-22-26 /
Гэрч Ш.Уянга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Түмбаяр эгчээс “Та машинаа яаж гэртээ хүргэх вэ” гэхэд Түмбаяр эгч “Энэ хүн хүргээд өгчих байх аа” гэж байсан. Хэсэг хугацааны дараа тэр ах над руу залгаад би эгчид чинь халуун цай хоол авч өгсөн гэж байсан. Тэр хоёрын хооронд таарамжгүй харьцаа байгаагүй. Түмбаяр эгч өөр дугаараас над руу залгаад “Нөгөө хүн миний машины түлхүүр, гар утсыг дээрэмдчихлээ” гэж ярьж байсан. Дараа нь нэлээд хэд хоногийн дараа дугаараа нээгээд залгасан гэжээ. / хх 34-35 /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 7-9 /
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 12-13 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 43-45 /
Шүүгдэгч Ж.Ш-ыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 114-145 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 69 / зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш ихээр гэмшиж байна. Хохиролд 200.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Ж.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын урд талын зам дээр иргэн Г.Түмбаярын эзэмшлийн Honda Logo маркийн 89-10 УБЧ улсын дугаартай авто машиныг жолоодож яваад биет 45.000 төгрөг, Самсунг си-3 маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Миний машиныг унаад явж байсан болохоор би машинаа авах гээд араанд нь хийгээд зогсоосон. Тэгээд гар утсаа салгаж авах гээд ноцолдсон. Тэгтэл миний гар утас түлхүүрийг аваад зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Түмбаярын мэдүүлэг / хх-22-26 /
... Түмбаяр эгч өөр дугаараас над руу залгаад “Нөгөө хүн миний машины түлхүүр, гар утсыг дээрэмдчихлээ” гэж ярьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Уянгын мэдүүлэг / хх 34-35 /, ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 7-9 /, ...Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 12-13 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 43-45 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ш-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Ш нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, хохирогч Г.Түмбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй / хх 137 /, гэж тул түүнийг төлөх төлбөргүйд тооцож, Ж.Ш нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Ш нь 57 хоног цагдан хоригдсонг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ш-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харнууд овогт Ж-н Ш-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж-н Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Ш нь 57 хоног цагдан хоригдсонг дурьдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Ш нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ж.Ш нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.
6. Ж.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ