| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/02059/И |
| Дугаар | 210/МА2025/01092 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01092
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00787 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХХК-д холбогдох
109,413,067 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2022 оны 06 сарын 16-ны өдөр *******ХХК-тай гэрээ байгуулан ******* дүүрэг, ******* хороо, *******ийн зуслан дахь ******* хэмжээтэй газартаа ******* хэмжээтэй блокон өрөгт бүтээц бүхий 1 ширхэг амины орон сууцыг 119,485,000 төгрөгөөр бариулахаар тохиролцон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус компанид 93,893,050 төгрөг төлсөн ч *******ХХК гэрээний дагуу амины орон сууцыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч 2022 оны 11 сард багтаан барилгын ажлыг дуусгахаар албан бичгээр амлалт өгсөн ч одоо болтол үүргээ биелүүлээгүй. Иймд амины орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 93,893,050 төгрөг, мөн гэрээний 3.2-т зааснаар гэрээ цуцлах хүртэлх хугацааны алданги 15,520,017 төгрөг, нийт 109,413,067 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бидний хооронд байгуулсан гэрээний нийт дүн 119,485,000 төгрөг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хэдэн төгрөгийн зардал гарсныг тооцчихсон байгаа. Тэрхүү доголдлыг засах боломжтой гэдгийг мэргэжлийн инженер хүмүүс, шинжээч хүртэл хэлсэн. Мөн н.Батчимэг гэдэг төсөвчин, нүдээрээ очиж хараагүй бас ямар ажилд хэр их хэмжээний мөнгө орсныг мэдэхгүй байж барилгын төсөвт өртгийг 52,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд дутуу бодсон, барилгын зах зээлийн үнийг мэдэхгүйгээр төсөв гаргасан. Зах зээлийн үнийн судалгааг заавал хийх ёстой учраас 52,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгыг буулгах, дээрээс нь 109,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэдэг бол аж ахуй нэгжийн хувьд хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч ажлын барилгын суурийг ухах үед 90 хоног зарцуулна. Манайх бүхэл бүтэн барилгын суурь, өрлөг, дээврийн ажлыг хийсэн бөгөөд барилгад 100,000,000 төгрөгийн ажил хийгдсэн. Барьсан барилга нь тэр хүний өмч бөгөөд манай газар дээр ч баригдаагүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас 93,893,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 15,520,017 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 705,016 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 627,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохигчоос 2,200,000 төгрөгийг хуваан гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэж дурдсан байна. ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зуслан дахь ******* хэмжээтэй амины орон сууцыг бариулахаар 2022 оны 06 сарын 16-ны өдөр *******ХХК болон захиалагч ******* нар "Амины орон сууц захиалгаар бариулах" гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани амины орон сууцыг захиалагчийн төлсөн төлбөрийн хэмжээнд барьсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох сууц барих дотор заслын ажлын зардлыг өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсэж барилгын ажил зогссон. Хариуцагч гүйцэтгэсэн ажил болон ажлын төсөв, улаан шугам болон суурийн нүх ухсан акт, барилгын гүйцэтгэлийн фото зургуудыг хэрэгт өгсөн. Бүгд барилгын норм дүрмийн дагуу хийгдсэн.
4.2. Гэтэл шүүх амины орон сууцны хамар хана хөндлөн цуурсан бетон шаланд хагарал үүссэн, гадна хана ташуу хагаралтай, хагарал үүссэн шалтгаан нөхцөлийг хөрсний геологичийн дүгнэлт гаргахгүйгээр тогтоох боломжгүй гэж дүгнэсэн атлаа дүгнэлт гаргасан тохиолдолд дахин суурийг өөрчлөн аяган суурь хийх боломжгүй байх тул шүүхээс гэрээний ноцтой зөрчил гэж үзлээ гэсэн байна. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн шинжээч томилон шинжээчийн дүгнэлт гаргасан байхад шинжээчийн дүгнэлтэд дурдсан тухайн орон сууцыг барихад гарсан нийт зардлын дүн 99,778,000 төгрөг, ажлыг дахин засварлахад гарах доголдлыг засварлах зардал 5,770,000 төгрөг байна гэж дүгнэсэн.
Захиалагч өөрийн газар дээр барилга бариулж байгаа бөгөөд заасан газар дээрээ геологийн шинжээчээр хөрсний шинжилгээ хийлгэх үүрэгтэй, мөн өөрсдөө тухайн дутуу орхисон барилгыг арчлан хамгаалах зэрэг нь тухайн өмчийн эзний өөрийнх нь хариуцлагын асуудал байх байтал хариуцагчийн буруутай үйлдэл гэж үзэн барилгын нийт хийцийг ямар ч нотлох баримтгүйгээр ноцтой гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл захиалагчийн төлсөн мөнгөөр, өөрийнх нь газар дээр байшин барьсан. Гүйцэтгэгч дутуу үлдээгээд явахад ямар ч доголдол, ямар ус, ямар ч ноцтой зөрчил байгаагүй. Борооны ус зэргээс өөрсдөө хамгаалах үүрэгтэй, гүйцэтгэгч түүнийг хамгаалах үүрэггүй билээ.
4.3. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан бодит байдлыг зөв дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьж хариуцагчийн барилга барихад гаргасан зардлыг тооцохгүйгээр шууд хохирол тооцсон нь үндэслэлгүй юм. Бүх барилгын материал ажилчдын зардал зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой гарсан байгаа. Иймээс анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх дүгнэхдээ талуудын хооронд 2022 оны 06 сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн. Мөн төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөр төлөгдсөнд хэн аль нь маргаагүй. Гэрээ байгуулсан эхний өдөр 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлснөөс хойш захиалагч графикт заасан хугацаанд төлбөрийг төлсөн. Дотор засал хийгдэхээс өмнө хариуцагчийн хүсэлтээр 15,000,000 төгрөгийг өгсөн. Хариуцагч маргаан үүссэн буюу гэрээнд заасан 60 хоногийн хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй шалтгаанаа нэхэмжлэгч буюу захиалагчаас төлбөрөө төлөөгүй гэдэг байдлаар шүүхэд тайлбарласан нь үндэслэлгүй. *******ийн шинжээчийн дүгнэлтээр барилгад 99,000,000 төгрөгийн төсөв орсон гэж дүгнэсэн ба шүүх хэргийн баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч 93,000,000 төгрөг төлсөн гэсэн дүгнэлт хийсэн.
Шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлээгүй мэтээр хариуцагч тал гомдолдоо дурдсан. Мөн доголдол үүссэн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Тухайлбал, хамар хана хөндлөн цуурсан, бетонон шаланд хагарал үүссэн, гадна хана ташуу хагаралтай, бүс бетонд хагарал үүссэн байдаг. Энэ доголдлыг 5,770,000 төгрөгөөр засварлах боломжтой мэтээр дүгнэсэн ч доголдлыг завсарлах боломжгүй нь хэргийн баримтаар нотлогдсон. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийг шүүх баримталсан нь илт нэг талыг барьсан гэсэн ч шүүх хуулийг үндэслэн зөв дүгнэлт хийсэн. Цаашид гэрээг үргэлжлүүлэх буюу сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх дүгнэлт хийгээд Иргэний хуулийн 225, 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаад өгсөн, авсан зүйлээ буцаах нь зүйтэй гэж үзсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хохиролд 109,413,067 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, доголдлыг арилгах боломжтой, нэхэмжлэгчийн үйлдлээс болж ажлыг зогсоосон, 100,000,000 төгрөгийн ажил хийгдсэн гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Талуудын хооронд 2022 оны 06 сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ/22/ дугаартай амины орон сууц захиалгаар барих гэрээгээр нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн ******* хороо, *******эд байх өөрийн мэдлийн ******* талбай бүхий газарт ******* талбайтай хувийн сууц бариулах, хариуцагч нь тус сууцыг 60 хоногийн хугацаанд 119,485,000 төгрөгийн өртгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарах болон гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.
5. Хариуцагч хувийн сууцны барилгын ажлыг 2022 оны 06 сарын 22-ны өдөр барилга баригдах газарт тэг тэнхлэг тавьснаар эхлүүлж, мөн сарын 29, 30-ны өдрүүдэд барилгын суурийн нүх ухах ажлыг гүйцэтгэжээ. Барилгын суурийн ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн газрын хөрсөнд инженер-геологийн дүгнэлт гаргуулах шаардлагатайг ******* ХХК-аас зөвлөсөн нь Суурийн нүх ухсан акт-д тусгагджээ. Гэвч хариуцагч ямар нэгэн дүгнэлтгүйгээр барилга угсралтын ажлыг явуулсан ба дүгнэлтийг захиалагч, гүйцэтгэгчийн хэн нь гаргуулах үүрэгтэй байсан талаар маргасан байна.
5.1. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тухайн хувийн сууцны хамар хана, шаланд хагарал үүссэн нь хөрсний болон гадаргын ус барилгын сууринд нөлөөлсний улмаас доголдол бий болсон нь тогтоогджээ. Энэ нь барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө барилга баригдах газрын хөрсөнд инженер-геологийн дүгнэлт гаргуулаагүйн улмаас хөрсний ус дээшилж барилгын сууринд нэвчсэн эсхүл сууцыг барихдаа гадаргын уснаас хамгаалах ажлыг хийгээгүйн улмаас гадаргын ус барилгын сууринд орсон гэж талууд маргаж байна.
5.2. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар хувийн сууцны барилгын ажлыг гүйцэтгэхэд барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй учир мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.4-т заасан инженер-геологийн дүгнэлтийг заавал хийлгэх үүрэггүй байна. Гэвч тухайн барилга баригдах газар цэвдэгтэй, хөрсний устай талаар хэн аль нь мэдэж байсан тухайгаа талууд шүүхэд тайлбарлажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний талуудын ерөнхий чиг үүргийг тодорхойлсноор ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсийг төлж ажлын үр дүнг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. Иймээс хариуцагч мэргэжлийн байгууллагын хувьд гэрээний 1.2, 2.7, 3.1-д зааснаар хувийн сууцыг иж бүрнээр, чанартай гүйцэтгэн нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээснээр тухайн төрлийн ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлага, үүрэг хариуцагчид илүү ногдож байна.
Энэ тохиолдолд барилгын чанар, ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх болон ажлыг доголдолгүй гүйцэтгэхэд барилга баригдах газрын хөрсний инженер-геологийн дүгнэлт шаардлагатай эсэхийг хариуцагч *******ХХК мэдэх ёстой байсан гэж үзнэ.
5.3. Энэ үүргийн дагуу хариуцагч нь барилгын суурийн ажлыг эхлүүлэхээс өмнө газрын хөрсөнд инженер-геологийн дүгнэлт гаргуулахыг нэхэмжлэгчээс шаардах, дүгнэлт гаргуулсны дараа барилгын ажлыг эхлүүлэх үүрэгтэй байсан буюу дүгнэлтгүйгээр барилгын ажлыг эхлүүлэхээс татгалзах боломжтой гэж дүгнэхээр байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-ийн б-д ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч нэн даруй захиалагчид мэдэгдэх үүрэгтэй байдаг.
Гэтэл хариуцагч *******ХХК энэ үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн байгууллагын хувьд нэхэмжлэгчийг энэ талын мэдээллээр хангаагүй байх тул нэхэмжлэгч барилгад ус орохоос хамгаалаагүйн улмаас доголдол үүссэн, хөрсний шинжилгээ хийх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Түүнчлэн гэрээний 2-т заасан төлбөрийн нөхцөл, төлбөрийн хуваарьт зааснаар нэхэмжлэгч барилга баригдах хугацаанд 77,665,250 төгрөг төлж, барилгыг хүлээн авах үедээ 41,819,750 төгрөгийг төлөхөөр заажээ. Гэвч нэхэмжлэгч 93,893,050 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас маргаан үүсэж барилгын ажил зогссон гэх хариуцагчийн давж заалдах гомдол мөн хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Иймд дээр дурдсан үүргийг хариуцагч зөрчин барилгын ажлыг гүйцэтгэсний улмаас барилгын сууринд доголдол үүсэж, барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны үр дагаврыг мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцан арилгах үүрэгтэй байна.
6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар заажээ. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 93,893,050 төгрөгийн хөлс төлсөн ба ажлын үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.
Энэ тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах буюу хариуцагч ажлын хөлсөнд авсан 93,893,050 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй.
Хариуцагч *******ХХК нь гэрээний 2.7, 3.1-д заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч ******* гэрээг бүхэлд нь цуцалж, гэрээг цуцалсантай холбоотойгоор төлсөн ажлын хөлс 93,893,050 төгрөгийг алданги 15,520,017 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардсанаас анхан шатны шүүх 93,893,050 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/00787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,416 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ