Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01149

 

 

 

 

*******ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03645 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох

Төрд учирсан хохирол 31,788,477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 04 сарын 05-ны өдрийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай ******* тушаалаар тус газрын ******* мэргэжилтэн *******ыг албан тушаалаас нь чөлөөлсөн. ******* уг тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн *******шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ******* магадлал, Улсын Дээд шүүхийн ******* тогтоол болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 28-ны өдрийн ******* дугаар, 2020 оны 05 сарын 04-ний өдрийн ******* дугаар, 2021 оны 05 сарын 14-ний өдрийн ******* дугаар, 2022 оны 03 сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрүүдээр *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу*******аас 2018 оны 12 сарын 26-ны өдөр 6,357,386 төгрөг, 2020 оны 02 сарын 19-ний өдөр 3,600,000 төгрөг, 2020 оны 03 сарын 06-ны өдөр 1,078,656 төгрөг, 2020 оны 03 сарын 10-ны өдөр 2,761,451 төгрөг, 2021 оны 02 сарын 08-ны өдөр 6,207,186 төгрөг, 2021 оны 10 сарын 14-ний өдөр 6,658,663 төгрөг, 2022 оны 07 сарын 04-ний өдөр 5,125,135 төгрөг, нийт 31,788,477 төгрөгийг *******ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон байна.

******* нь *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажил албан тушаалд эгүүлэн томилох талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ч эгүүлэн томилоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 04 сарын 05-ны өдөр дээр дурдсан шийдвэрийг гаргаж *******ыг албан тушаалаас нь чөлөөлсөн ба тэрээр шүүхэд хандсан байдаг. Шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг *******аар төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдаж, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалтаар хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд *******ын 2017 оны 04 сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой нэхэмжлэх эрх *******д үүсэхгүй. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ******* албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч *******ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан *******т учруулсан хохирлыг хариуцан арилгасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч ******* нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ... ******* нь *******ыг түр орлон гүйцэтгэж байхдаа 2017 оны 04 сард гаргасан төрийн албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх тухай тогтоолыг дагуух шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэж үүнээс үүдсэн хохирлыг *******оор төлүүлэх *******ийн нэхэмжилсэн хурал болов. Миний саналын тухайд хариуцагч ******* нь гэм буруутай гэж үзэж байна. Үндэслэл нь хариуцагч талын гаргасан тайлбар үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан тайлбар үндэслэлүүдийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******оос 30,702,82 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,085,656 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******оос 311,464 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ******* нь *******-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 04 сарын 05-ны өдрийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчийг чөлөөлж албан тушаалд томилох тухай ******* тушаалаар тус газрын төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн *******ыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Эндээс бид 2017 оны 04 сарын 05-ны өдрийг анхаарах ёстой буюу уг өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 ,50.2 дахь хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгосон байна. УИХ 2017 оны 12 сарын 07-ны өдөр шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийг баталж, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан тул энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчилнэ. Иймд 2017 оны 04 сард ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг *******д үүсэхгүй юм. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ******* нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил,арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Энэ нь Төрийн албаны эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт учир ******* албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан тул гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Үүнийг анхан шатны шүүх уг хуулийг шүүхийн шийдвэрт буруу тайлбарлаж дүгнэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлээр шийдвэрээ гаргаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хуулийн тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж заасан. Хариуцагч *******ын ажиллаж байсан байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу түүний төрийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааны улмаас ажилтан *******т учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь дээрх хуульд заасан зарчимд нийцнэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч ******* нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны зөвлөмж, тайлбаруудыг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд тайлбар, зөвлөмжүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үнэн зөв, бодитой явуулахад чиглэмж, гол зөвлөмж болдог.

Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 1 дугаартай зөвлөмжид Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондын эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн хариу тайлбарыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн зүгээс өгч буй тайлбарыг үнэлж, нэг мөр ойлголт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдлаас харагдана.

Иргэн ******* нь өөрөө сайн дураараа ажилдаа орохгүй байсан бөгөөд зүгээр байж байгаад цалингаа аваад явж байхад анхан шатны шүүх *******ын үйлдлийг огт анхаарахгүй нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг ч мөн хангаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн. Мөн шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна... гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас иргэн ******* хохирч захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр хууль бус тушаалыг хүчингүй болгож, мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэсэн байдаг. ******* нь 2024 оны 07 сар хүртэл ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлж *******ыг ажилд эгүүлэн томилоогүйн улмаас төрд учирсан хохирол 31,788,477 төгрөг болж нэмэгдсэн.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т албан тушаалтны улмаас төрд учирсан хохирлыг тухайн албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан. Мөн хүчингүй болсон хуулийн заалтыг баримтлах боломжгүй учраас хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасны дагуу төрд учирсан хохирлыг нэхэмжлэх бүрэн эрхийг *******д олгосныг үндэслэж, нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д тухайн албан тушаалтны хууль ёсны шийдвэрийн улмаас хохирол учирсан тохиолдолд төр хариуцах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан тул *******ыг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *******ын зүгээс зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэд биелүүлж, *******ыг ажил, албан тушаалд эгүүлэн томилоогүй. Уг нөхцөл байдлаас харахад төрийн албан хаагч *******ын буруутай үйлдэл байхгүй бөгөөд *******ын буруутай үйлдэл гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 31,788,477 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шинээр баталсан Төрийн албаны тухай хууль нь энэ маргаанд хамаарахгүй, албаны эрхээ хэрэгжүүлсэн учир хохирлыг төр хариуцна гэж заасан гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоон хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Хариуцагч ******* нь ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 04 сарын 05-ны өдрийн *******ын тушаалаар тус газрын ******* мэргэжилтэн *******ыг албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн ******* дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 сарын 05-ны өдрийн ******* тогтоолоор тогтоож, мөн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас *******т учирсан хохиролд 6,207,186 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг *******ын дарга биелүүлээгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019-2022 оны хооронд *******ын нэхэмжлэлээр 4 удаа шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн *******аас нийт 30,702,821 төгрөгийг *******аас гаргуулан *******т олгосон үйл баримт тогтоогджээ.

 

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүний ажиллаж байгаа байгууллага хохирлыг арилгах үүрэг хүлээсэн. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч ******* албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн, адил нөхцөлд байгаа төрийн албан хаагчдын хооронд сонгон шалгаруулах ажиллагааг зохих ёсоор явуулаагүй хууль бус үйлдэл гаргасны улмаас мэргэжилтэн *******ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, улмаар хохирол учруулсны үр дагавар болох 30,702,821 төгрөгийн хохирлыг ******* арилгасан байна.

Хариуцагч ******* нь ******* албан тушаалаас 2024 оны 07 сард чөлөөлөгдсөн байх тул захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий албан тушаалд дээрх бүх хугацаанд ажиллаж байсан атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Мөн энэхүү эс үйлдэхүйн улмаас иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр *******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг *******аас гаргуулсан байна.

Хариуцагч төрийн удирдах албан тушаалыг эрхэлж байхдаа төрийн албан хаагч бүрийн мэдвэл зохих хуулийн шаардлага, тухайн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм, журмыг баримтлалгүй шийдвэр гаргасан, мөн өөрийнх нь шийдвэр, үйл ажиллагаатай холбогдон гарсан шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэлгүй эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрийн болгоомжгүй үйлдэл болон санаатай эс үйлдэхүйн улмаас төрд учирсан хохирлыг хариуцах учиртай. Уг хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэйг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Иймд хариуцагч *******ыг төрд учирсан хохирлыг хариуцах үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан алдааг төр хариуцах учиртай гэсэн агуулгаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагчийг 2017 оны 04 сард *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг гаргах үед 2002 оны Төрийн албан тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ******* нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасан.

Мөн 2017 оны 12 сарын 07-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдаж 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн заалтад 2022 оны 12 сарын 07-ны өдөр өөрчлөлт оруулж Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Анхан шатны шүүхээс 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан зохицуулалт агуулгын хувьд 2017 онд шинэчлэн найруулсан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалтад тусгалаа олсон тул нэхэмжлэгч төрд учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүйг зөв дүгнэжээ.

Хуулийн дээрх агуулга, зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч ******* нь төрд учруулсан хохирлыг гаргуулахаар 2002, 2017, 2022 оны хуулийн аль ч зохицуулалтыг үндэслэн шаардах эрхтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн хариуцагч ******* нь гэм буруутай гэх дүгнэлтийг шийдвэртээ дүгнэсэн нь Шүүхийн тухай хуулийн 67 дугаар зүйлд заасанд нийцсэн байна.

 

8. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас *******т учирсан хохирлыг төр хариуцан арилгасан байх тул уг хохирлыг шаардах эрх бүхий нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэн хариуцагч *******оос 30,702,821 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,085,656 төгрөгт холбогдох хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 30,702,821 төгрөгийг *******д олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч ******* төрд учруулсан хохирлыг хариуцагчаас гаргуулж *******д оруулах гэж нэхэмжлэлээ тодорхойлжээ. Хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй, харин нэхэмжлэгч нь төрийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан этгээд байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас гаргуулах 30,702,821 төгрөгийг 30,702,82 төгрөг гэж алдаатай бичсэнийг мөн залруулж, уг мөнгийг төрийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчид бус улсын төсвийн орлогод оруулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасантай нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын *******д гэснийг улсын төсөвт гэж өөрчилсөн өөрчлөлт оруулна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/03645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...*******оос 30,702,82 төгрөг гаргуулан *******д... гэснийг *******оос 30,702,821 төгрөг гаргуулан улсын төсөвт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ