| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0584/Э |
| Дугаар | 588 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгин овогт Ц-н Г-д холбогдох эрүүгийн 1909021140634 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, БЗНТ 80 айл 7-04 тоотод оршин суух, хувиараа барилгын ажил хийдэг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржгин овогт Ц-н Г / РД:УШ 72102719 /
- 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, БЗНТ-ын 80 айл гудамж 7-04 тоот өөрийн гэртээ хүү Г.Одхүүтэй гадуур их гарч, оройтоод байна гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар 500 летрийн шилэн аягаар түүний дух, зүүн хацарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны хохирогч Г.Одхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрт эцэг, эх хоёр байхгүй болохоор нь би найзуудтайгаа гэрийн тэнд байдаг худаг дээр зогсож байсан. Тэгээд манай эцэг, эх хоёр ирэхдээ намайг аваад гэрт орсон. Тэгээд гэрт орж ирээд эх хоол хийсэн. Манай эцэг жаахан архи уусан байсан. Намайг “Чи сүүлийн үед гадуур их гарч оройтоод байна” гэж хэлсэн. Тэгээд жаахан чанга чанга дуугараад байсан. Тэгээд би “Та унт” гээд хэлээд түлхсэн чинь цай ууж байсан шилтэй аягаар толгойны зүүн шанаа хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд миний толгойноос цус гарсан юм. Би эцгийг унт гээд түлхээд эцэг цай ууж байсан аягаараа намайг цохьсон юм. Уг гэмтлийг эцэг надад учруулсан гэжээ. / хх 14-15 /
Гэрч А.Аюурдулам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай нөхөр Ц.Г бид хоёр айлд очоод манай нөхөр архи уусан юм. Тэгээд гэр рүүгээ харьж байтал манай хүү гудамжиндаа хүүхдүүдтэй байж байсан. Хүүгээ аваад цуг гэртээ оръё гээд бид гурав гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод байж байтал манай нөхөр хоол хий гээд байхаар нь би бууз хийсэн. Энэ хооронд манай нөхөр согтуу надаас хэрүүл нэхээд байсан. Тэгтэл манай хүү аав унт гээд байсан. Тэгтэл манай хүүхдийн үгэнд орохгүй “Гөлөг минь юу гээд байгаа юм. Чи наанаасаа босоод ир” гээд байсан. Манай хүү ааваа унтаач гэхэд урдаас нь элдвээр хэлээд байсан. Тэгээд орноос босоод ирэхээр нь манай хүү ааваа унт гээд очтол аягараа манай хүүгийн толгой руу цохиж хагалсан. Тэгээд би цус гоожихоор нь 103 дуудаад дараа нь өөрийн дүү Гантуяа руу ярьсан гэжээ. / хх 18-19 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6537 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:
1. Г.Одхүүгийн биед дух, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 22 /
Яллагдагч Ц.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед би эхнэрийн хамт айлд очоод барилгын ажил хийсэн юм. Нөгөө айлын хүмүүс эхнэр Аюурдулам бид хоёрт Хараа нэрийн 0.5л нэг шил архи өгсөн юм. Тэр архинаас нь би талыг нь уугаад гадаа их орой болсон дээрээс нь автобус зогсох гээд байхаар нь яараад эхнэртэйгээ гэртээ харих гээд гарсан. Тэгээд гэр рүүгээ явж байтал хүү Одхүү нь найзуудтайгаа зогсож байсан. Тэгэхээр нь би хүүгээ дуудаад гэртээ оруулаад хүү Одхүүд “Чи сүүлийн үед жаахан оройтоод байна шүү” гэж хэлсэн чинь Одхүү нь өөдөөс “Та хоёр гэрт байхгүй юм чинь би гэртээ ганцаараа байж чадахгүй” гэж хэлээд надтай хэрэлдээд эхэлсэн юм. Тэгсэн чинь манай хүү Одхүү намайг унт гэж хэлээд намайг ор руу түлхсэн юм. Тэгэхээр нь цай ууж байсан шилэн аягаараа хүү Одхүүгийн толгойн тус газарт нэг удаа цохьсон чинь Аюурдулам хүүгийн толгойг чи хагалсан гээд надад уурлаад цагдаа, эмнэлэг дуудсан гэжээ. / хх 5-6 /
Шүүгдэгч Ц.Г-г 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-6 /
Шүүгдэгч Ц.Г-г урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 29 / зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, БЗНТ-ын 80 айл гудамж 7-04 тоот өөрийн гэртээ хүү Г.Одхүүтэй гадуур их гарч, оройтоод байна гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар 500л шилэн аягаар түүний дух, зүүн хацарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Намайг “Чи сүүлийн үед гадуур их гарч оройтоод байна” гэж жаахан чанга чанга дуугараад байсан. Тэгээд та унт гэж хэлээд түлхсэн чинь цай ууж байсан шилтэй аягаараа миний толгойны зүүн шанаа хэсэгт нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны хохирогч Г.Одхүүгийн мэдүүлэг / хх 14-15 /, ... Манай хүү аав унт гээд байсан. Тэгтэл манай хүүхдийн үгэнд орохгүй “Гөлөг минь юу гээд байгаа юм. Чи наанаасаа босоод ир” гээд байсан. Манай хүү “ Аав аа унт” гээд түлхтэл гартаа барьсан аягаараа манай хүүгийн толгой руу цохиж хагалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Аюурдуламын мэдүүлэг / хх 18-19 /, ... Г.Одхүүгийн биед дух, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6537 дугаар дүгнэлт / хх 22 / … Mанай хүү Одхүү намайг та ор руугаа ороод унт гэж хэлээд намайг ор руу түлхсэн юм. Тэгэхээр нь цай ууж байсан шилэн аягаараа хүү Одхүүгийн толгойн тус газарт нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Г-н мэдүүлэг / хх 5-6 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Г нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овогт Ц-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ