Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2025/0056

 

Ж.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                     М.Батсуурь

Танхимын тэргүүн                   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                       Г.Банзрагч

                                                          Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                           П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2024/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0162 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээд Т.С нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн ********* зүүн урд жигүүрт байрлалтай дундын эзэмшлийн ногдол газар болох 204 мкв талбайтай газар эзэмших эрхийг Ж.Ө-т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт “... Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “СЭ” ХХК-д 7569 мкв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ” гэснийг болон Т.С-д олгосон 5525 мкв газар эзэмших эрхээс “Б” ХХК-д ногдох хэсгийг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар СЭ цогцолборын дундаа хэсгээр болон дундаа хамтран эзэмших газрын байршил, хэмжээ, дундаа хамтран эзэмшигчдийн ногдол газрын хэмжээг тогтоохдоо “Б” ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн талбай 182 мкв, дундаа хамтран эзэмших ногдол газар 60 мкв, дундаа хэсгээр эзэмшиж буй газар 144 мкв, нийт эзэмшил газрын дүн 204 мкв гэсэн байх бөгөөд  2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Ж.Ө нь “Б” ХХК-аас 204 мкв газрыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг шилжүүлэн авахаар захиргааны байгууллагад хандсан боловч “барилга бүхэлдээ банкны барьцаанд байгаа” шалтгаанаар өмчлөгч тус бүрийн нэрээр захирамж гараагүй, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/350 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчээс: “ ... 2011 онд үл хөдлөх хөрөнгийг “Б” ХХК-иас худалдаж авахдаа газрын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, газар эзэмших хүсэлтийг захиргааны байгууллагад хандахад банкны барьцаанд байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн, 124 дүгээр захирамжийн хавсралтад заасан 10 хуулийн этгээдийн газрыг нэг нэгээр биш хамтад нь шийдвэрлэнэ гэсээр өнөөдрийг хүрсэн, анх “Б” ХХК-д эзэмшүүлсэн 204 мкв газрын эзэмших эрхийг олгосон захирамж хүчинтэй байгаа, дундаа эзэмшиж байгаа газарт тус тусад нь гэрчилгээ гаргаж өгөх байтал ганцхан “СЭ” ХХК-д олгосон нь хууль бус” гэж,

4.Хариуцагчаас “...Ж.Ө-ээс газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, хоорондоо тохирвол захиргаанаас татгалзах зүйлгүй, газрын төлбөр “СЭ” ХХК-д төлөөд яваад байсан нь уг газар тус компанийн газар гэдгийг зөвшөөрч байсан, 2006 оны 124 захирамж хүчин төгөлдөр байгаа, Т.С хууль журмын дагуу хүсэлтээ өгсөн тул газрын эрхийг шилжүүлсэн” гэж,

5.Гуравдагч этгээдээс “... “Б” ХХК-иас шилжүүлж авсан гэх боловч “Б” ХХК-д газар эзэмших эрхийг захирамжлаагүй, гэрчилгээ, гэрээ байхгүй, өөрийн газар гэж бодсон бол надад биш газрын албанд нь төлбөрөө төлөх ёстой, барьцаанд байсан ч 2015 онд бүх аж ахуйн нэгжүүдэд газрын гэрчилгээ шилжүүлэх боломжтой болсон гэсэн бичиг хүргүүлж байсан”  гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2021 оны А/576 дугаар захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/350 захирамжийн дагуу “СЭ” ХХК-д газар эзэмших эрхийн ********* дугаартай гэрчилгээгээр 7569 м.кв газрыг 11 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохдоо газар хамтран эзэмшигч нарыг орхигдуулж, зөвхөн “СЭ” ХХК-ийн нэр дээр бүх газарт газар эзэмших эрхийг гэрчилгээг гаргасан нь С зочид буудлын байранд үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа бусад этгээдүүдийн газар эзэмших эрхийг зөрчжээ.

6.2.Нэхэмжлэгчээс “СЭ” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг банкны барьцаанд тавьсан учраас газар хамтран эзэмшигч нар газраа шилжүүлж авч чадаагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд “СЭ” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой болсон талаарх мэдэгдлийг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст хүргүүлж байснаас дүгнэхэд тухайн үед газар хамтран эзэмших эрхтэй этгээдүүд газар эзэмших эрхээ шилжүүлэн авах боломжгүй нөхцөл үүссэн байхад “СЭ” ХХК-д бүх газрыг эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэж дүгнэхээр байна.

6.3.“Б” ХХК-ийн “СЭ” ХХК-тай хамтран эзэмшиж байсан 204 м.кв газрыг шилжүүлэн авах талаар харилцан тохиролцсон боловч “Б” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр аваагүй байсан, Ж.Ө нь шилжүүлэн авсан гэх газраа өөрийн нэр дээр шилжүүлэн эзэмших талаар зохих журмын дагуу захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж байгаагүй болох нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 595 дугаартай албан бичиг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

6.4.Засаг дарга нь газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэх тул Ж.Ө-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй болон шийдвэр гаргахаас татгалзсан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна

6.5.“СЭ” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээ нь анх 2006 оны 124 дүгээр захирамжаар газар хамтран эзэмших эрхтэй этгээдүүдийг газар эзэмших эрхийг зөрчсөн, С зочид буудлын үл хөдлөх хөрөнгийг тойрч үл хөдлөх эд хөрөнгө хэсгээр өвчилж авсан этгээдүүдийн зайлшгүй эзэмших эрхтэй, орц гарц бүхий бүх газрыг Т.С-д бүхэлд нь шилжүүлсэн нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

6.6.Энэхүү шийдвэр нь С зочид буудлын байранд үл хөдлөх хөрөнгө өмчилдөг бусад этгээд буюу Ж.Ө-ийн үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулахад зайлшгүй эзэмших газар, орц гарцыг хаасан, түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

6.7.Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн хамтран эзэмших газрын хэмжээг заасан байх бөгөөд газрыг хэмжээг дундаа хэсгээр, дундаа хамтран эзэмшихээр ялгамжтай тогтоосон, “Б” ХХК, Ж.Ө нар нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар захиргааны байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй тодорхой хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан шүүх Ж.Ө-т 204 м.кв газар шилжүүлэн эзэмшүүлэхийг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй байх тул захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

7.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүнд:

7.1.Нэхэмжлэгч Ж.Ө нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Б” ХХК-ийг төлөөлөн Ч.Б-той “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулан, Орхон аймгийн ******** зүүн урд жигүүрт байрлалтай 182 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК-иас худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-********* дугаарт бүртгүүлэн гэрчилгээг авсан боловч “Б” ХХК-ийн бусад этгээдтэй дундаа хэсгээр болон хамтран эзэмших эрхтэй 204 мкв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах асуудлаар хариуцагч аймгийн Засаг даргад хандан өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй.

7.2.Анхан шатны шүүх “Засаг дарга нь газар эзэмших хүсэлт гаргасан этгээдийн хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг шийдвэрлэх тул Ж.Ө-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй болон шийдвэр гаргахаас татгалзсан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна” хэмээн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.3.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд юуны өмнө тухайн маргаан бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоосон байх ёстой.

7.4.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэхэмжлэгч Ж.Ө-т газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй. Орхон аймгийн Засаг дарга 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Дундын эзэмшлийн газрын” тухай 124 дүгээр захирамж гаргахдаа, Газрын тухай хуулийн газар эзэмших эрх дуусгавар болгох тухай 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэсэн заалтыг үндэслэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулж газар олгосон байна гэж дүгнэж, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.С зочид буудлын гаднах орчны 8850 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэр бүхий 10 аж ахуйн нэгж, иргэнд тус бүрт биш зөвхөн “СЭ” ХХК-д ****** дугаартай хуурамч гэрчилгээгээр олгосон. Иймээс учраас бусад нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж чадахгүй тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж эхэлсэн байдаг. Цаашлаад “СЭ” ХХК-д бусдын эзэмшлийн газрыг эзэмшүүлэхээр дараа, дараагийн захирамжийг гаргаж, газар эзэмших гэрчилгээг ганцхан “СЭ” ХХК-ийн нэр дээр хууль бусаар олгож байснаас бусад нь эрхийн гэрчилгээгүй боловч 2006 оноос хойш газрын төлбөрөө “СЭ” ХХК-д төлсөөр байгаа нь үнэн.

8.2.Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжаар 10 этгээд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нийт 8850 мкв газар эзэмших эрх зөвхөн “СЭ” ХХК-ийн нэр дээрх бүртгэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг “СЭ” ХХК-ийн нэр дээр гаргасан хууль бус үйл ажиллагааны улмаас Ж.Ө болон бусад этгээдүүдэд өнөөг хүртэл газар эзэмших гэрчилгээ олгогдоогүй. Ж.Ө захиргааны байгууллагад хандаж хүсэлт гаргаагүй гэх өөр үйл баримттай хөөцөлдөж түүнийг буруутган улмаар хэрэглэх ёстой хуулиас зайлсхийсэн нь шударга бус бөгөөд хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байна.

8.3.Шүүхүүд маргаан бүхий захиргааны акт болох Засаг даргын А/576 дугаар захирамж, түүнийг дагалдах А/350 дугаар захирамжууд хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заалтыг дурдаж, Орхон аймгийн Засаг дарга 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 124 дүгээр захирамжийн үндэслэлийг тайлбарлаж, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ байхгүй байхад анхан шатны шүүх “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн Т.С-д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна гэжээ. Хэн нэгэн этгээд ямар нэгэн арга замаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан л бол гэрчилгээгүй этгээд хохирох ёстой гэх хууль батлагдаагүй.

8.4.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлахдаа Захиргааны шийдвэрийн үйлчлэл нь шууд бус буюу тухайн этгээдэд шууд нэрлэн зааж хандаагүй боловч үр дагавар нь тухай этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны актын эрх зүйн үр дагаврыг зөвхөн хаяглагдсан этгээдээр хязгаарлах биш, уг актын үр дагавар нэхэмжлэл гаргаж буй этгээдэд тодорхой үйлчлэлтэй байж болох эсэхийг шүүх харгалзан үзнэ гэж тайлбарласан. Маргаан бүхий захиргааны акт болох Орхон аймгийн Засаг даргын 2021 оны А/576 дугаар захирамжийн эрх зүйн үр дагавар нь 204 мкв газар эзэмших эрх “Б” ХХК-д эсхүл Ж.Ө-т шилжсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

8.5.Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлсэн 204 мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт, шүүхийн шийдвэр огт гаргаагүй.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

10.Тогтоогдсон үйл баримтын тухайд, Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар Орхон аймгийн ******* нутаг дэвсгэрт байрлах, СЭ цогцолборын дундаа хэсгээр болон дундаа хамтран эзэмших газрын байршил, хэмжээ, дундаа хамтран эзэмшигчдийн ногдол газрын хэмжээг тогтоохдоо “Б” ХХК-д “үл хөдлөх хөрөнгийн талбай 182 м.кв, дундаа хамтран эзэмших ногдол газар 60 м.кв, дундаа хэсгээр эзэмшиж буй газар 144 м.кв, нийт эзэмшил газрын дүн 204 м.кв” гэсэн байх бөгөөд  уг захирамж одоо хүчин төгөлдөр байна. “Б” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр уг газрыг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч газар шилжүүлсэн Засаг даргын захирамж гараагүй, одоо бодит байдалд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшиж байсан, гэтэл хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/350 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Т.С-д эзэмшүүлжээ.

11.Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай асуудал нь нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй эсэх, захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх байна.

12.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, “Б” ХХК буюу түүнээс эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж хуулийн хүчин төгөлдөр байхад уг газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

13.Тодруулбал, Орхон аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрын зарим хэсгийг эзэмшүүлсэн буюу “дундаа хамтран эзэмших ногдол газар 60 мкв, дундаа хэсгээр эзэмшиж буй газар 144 мкв, нийт эзэмшил газрын дүн 204 мкв” гэсэн байх бөгөөд захиргааны байгууллагаас уг захирамжийг хүчингүй болгоогүй, захирамжийн дагуу газрын мэдээллийн санд бүртгэл хийгээгүй, газрыг бодитоор хэн эзэмшиж байгаа, газар дээр ямар үйл ажиллагаа явуулж байгааг шалгаж тогтоогоогүй атлаа гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

14.Хариуцагчийн эс үйлдэхүйн тухайд, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг “Б” ХХК-иас шилжүүлэн авсны дараа захиргааны байгууллагад хандаж, газрыг шилжүүлж авахаар хандсан болох нь хариуцагчийн[1]  “… анх 8850 мкв-ыг С зочид буудал доторх компаниудад нэг бүрчлэн хувааж өгсөн. Хуваахдаа дундаа хэдэн метр квадрат эзэмших юм, хамтаараа хэдэн метр квадрат эзэмших юм, өөрийнх нь эзэмшлийн газар нь хэд юм гэдгийг дэлгэрэнгүй гаргаад өгсөн. Гэтэл компаниуд өөр дээрээ гэрээ, гэрчилгээ авах гэхээр “СЭ” ХХК банканд байсантай холбоотой юм уу, Газрын албанаас гэрчилгээ шилжүүлэх боломжгүй байдаг. “СЭ” ХХК гэрчилгээгээ авчирвал шилжүүлэг хийнэ гэдэг тайлбар өгдөг юм. “СЭ” ХХК барьцаанд байсан учраас энэ хүмүүсийн гэрчилгээ, гэрээ хийгдээгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

15.Иймээс “нэхэмжлэгчийг газрыг эзэмшихээр захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй тул хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргаагүй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу бөгөөд хуулийн дээрх заалтад зааснаар захиргааны байгууллага нэхэмжлэгч хүсэлт гаргасан даруй тухайн хүсэлтийг зохих журмын дагуу бүртгэн авч, үндэслэл бүхий хариу өгч, захиргааны байгууллагад хандаж байсан тухай холбогдох тодорхойлолтыг нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэгтэй байсан, энэхүү үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай байна.

16.Гэхдээ нэхэмжлэгчийн маргаж байгаа 204 мкв газрын хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгчид анх эрх олгосон Засаг даргын 2006 оны 124 дүгээр захирамжид “дундаа хамтран эзэмших ногдол газар 60 м.кв, дундаа хэсгээр эзэмшиж буй газар 144 м.кв” гэж тогтоосон тул нэхэмжлэгчийн тухайд дундаа хэсгээр эзэмших эрхтэй болсон “144 м.кв” газрын хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

17.Давж заалдах шатны шүүхээс “…нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ байхгүй, 2006 оны 126 дугаар захирамжийг гаргахдаа газар эзэмших эрх дуусгавар болгох тухай 39 дүгээр заалтыг үндэслэж гаргасан” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбар, бодит байдалд нийцээгүй буюу хариуцагчийн 2006 оны 126 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа тухай тайлбарыг[2] үгүйсгэсэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг захирамжид заахдаа дундын эзэмшлийн газрын хэмжээг тогтоож, “20 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн байгааг анхаараагүй, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй байна.

18.Анхан шатны шүүхээс “…маргаж буй 204 мкв газрыг Т.С-гийн шилжүүлэн авсан газраас хасаж, Ж.Ө-т эзэмшүүлэх шийдвэр гаргахыг шүүх даалгах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул …” гэж дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх бөгөөд дээр дурдсанаар 2006 оны Засаг даргын захирамжаар газрын дундаа хэсгээр эзэмших газрын хэмжээг тодорхой заасан байх тул шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтрээгүй байна.

19.Гуравдагч этгээдийн “хууль журмын дагуу газрыг шилжүүлэн авсан” гэх тайлбараар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж зааснаар гуравдагч этгээд нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа өмнөх эзэмшигчээс холбогдох мэдээллийг тодруулах, тухайлбал, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч бодитоор хашсан байгаа, газрын төлбөр тогтмол төлж байсан үйл баримтыг мэдсэн байх бүрэн боломжтой юм.

20.“СЭ” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар албан бичигт[3] “Манай компанийн газар эзэмших гэрчилгээ сүүлийн 5 жил зээлийн барьцаанд байсан тул ААНБ, хувь хүмүүст газрыг хэсэгчлэн эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй байсан тул танай компани өөрийн эзэмшлийн барилгын ойролцоо зам, талбай ногоон байгууламжийн газрыг харилцан тохиролцсоны дагуу тухайн газарт кадастрын зураглал гаргуулж, төлбөр тооцоог хийж, газар хэсэгчлэн эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой болсныг мэдэгдэж байна” гэсэн байх боловч уг албан бичгийг нэхэмжлэгч мэдсэн, гардуулсан баримт байхгүй, нөгөө талаар гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчид газрыг бодитоор ашиглуулж, газрын төлбөр авч байсан үйлдлээ зогсоогоогүй, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 2006 оны захирамжтай маргаагүй тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч тухайн үед газрыг шилжүүлж аваагүй” тухай тайлбарыг хангах үндэслэлгүй байна.

21.Хяналтын шатны шүүхээс энэхүү маргааныг “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон боловч энэ үндэслэл тогтоогдоогүй буюу үл хөдлөх эд хөрөнгө дагасан орц гарцын маргаан биш, харин хүчин төгөлдөр газар эзэмшүүлэх захирамжийн улмаас үүссэн маргаан байсан тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж шийдвэрлэв.

22.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, захиргааны байгууллага нь 144 мкв газрын байршлыг тодорхой болгож, цэг тэмдэгжүүлж, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаж, гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг 144 мкв хэмжээгээр багасгаж, холбогдох мэдээллийн санд бүртгэж баталгаажуулах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

23.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2025/0162 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 119/ШШ2024/0005 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.4, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт “... Засаг даргын 2015 оны А/350 дугаар захирамжийн хавсралт 20 дугаар мөрийн “СЭ” ХХК-д 7569 мкв газар үйлчилгээний зориулалтаар үлдэнэ” гэснээс болон захирамжийн хавсралтын Т.С-д холбогдох хэсгээс 144 мкв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх 60 мкв газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн ******** зүүн урд жигүүрт байрлалтай, дундаа хэсгээр эзэмших 144 мкв газрын эзэмших эрхийг Ж.Ө-т шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 144 мкв газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

  Х.БАТСҮРЭН

  П.СОЁЛ-ЭРДЭНЭ


[1] 1 дэх хавтаст хэргийн 196 дугаар тал

[2] 2 дахь хавтаст хэрэг 132 дугаар тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал