Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1737

 

   ХХХийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05317 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох

 

Татварын өр 28 435 605 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХийн нэхэмжлэлийн шаардлага болон  тайлбарт:

 ХХХХтэй харьцдаг ХХХХХХ тоот регистрийн дугаартай "ХХХХ" ХХК нь мал эмнэлгийн үйл ажиллагаа, гадаад худалдаа, үхэр сарлаг өсгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2010 оны 03 сарын 05-ны өдөр тус хэлтэст бүртгүүлсэн. "ХХХХ" ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны байдлаар хяналт шалгалтын актын төлбөр 28 435 605 төгрөгийг төлөөгүй байна.

Тус хуулийн этгээд нь Татварын албаны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.1 дэх "татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх" мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1.4 дэх заалт "татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх" гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Тус компанид Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Үүнд: 2014 оны 06 дугаар сарын 25-нд 24140624004 тоот мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлж, 2014 оны 12 дугаар сарын 09-нд Голомт банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан болно. "ХХХХ" ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж", тасгийн даргын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон томилолтын дагуу иж бүрэн шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Уг хяналт шалгалтаар нийт 214 041 207 төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.14-д заасныг зөрчсөн тул дээрх хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг үндэслэн нөхөн татвар 21 404 120 төгрөг, хүү 48 501 төгрөг, торгууль 9 654 649 төгрөг, алданги 2 328 335 төгрөг, нийт 33 435 607 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Татварын улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 24/0002892 тоот актыг "ХХХХ" ХХК-ийн захирал ХХод мөн өдөр гардуулан өгсөн, тэрээр актыг зөвшөөрч гарын үсэг зурсан, уг актыг тасгийн дарга баталгаажуулсан бөгөөд уг акт хүчин төгөлдөр болсон. Дээрх актын дагуу "ХХХХ" ХХК нь 2014.09.29-ний өдөр 5 000 000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дарааллын дагуу хүү, торгуульд суутган тооцсон.

Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн тул уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө төлсөн 5 000 000 төгрөгийг нөхөн татвараас хасч тооцох боломжгүй. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч "ХХХХ" ХХК-иас татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл төлбөр татварын өр 28 435 605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХХХ" ХХК-ийн тайлбарт:

ХХХээс гаргасан татварыг тогтоосон хугацаанд нь төлөөгүй, Татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар Татварын ерөнхий хуулийн 74.1, 74.2, 74.3-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.1, 17.2 дахь заалтыг үндэслэн 16 404 120 төгрөгийн нөхөн татвар, 48 501 төгрөгийн хүү, 9 654 649 төгрөгийн торгууль, 2 328 335 төгрөгийн алданги, нийт 28 435 607 төгрөгийг манай компаниас гаргуулахаар нэхэмжилжээ.

Манай "ХХХХ" ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 05-нд байгуулагдсан бөгөөд 2013 он хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оноос өнөөг хүртэл эдийн засгийн хямралд өртөн төлбөрийн чадваргүй болж, дампуурлын байдалд хүрсэн. 2011 онд манай компани гаалиар бараа бүтээгдэхүүн оруулахдаа НӨАТ болон аж ахуйн орлого, албан татваруудыг цаг тухайд нь төлдөг байсан. Компани тайландаа бараа материалын талаар тодорхой тусгаж орлогын татвараа төлж ирсэн. Татварын газар нь акт тогтоохдоо нэг талыг хэт барьж тогтоосон гэж үзэж байгаа. Тухайлбал Татварын ерөнхий хуулийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэснийг зөрчиж илүү тооцоололт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь татварын улсын байцаагчийн акт 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тавигдсанаас хойш 2014.09.29-ний өдөр 5 000 000 төгрөгийг нөхөн татварт төлсөн. Гэтэл татварын алба уг төлбөрийг өөрсдөө зохицуулалт хийгээд торгууль, хүүд суутган авсан, үүнийг нөхөн татвараас хасагдах ёстой гэж үзэж байна.

Үүнээс гадна татварын улсын байцаагчийн акт тавигдсанаас хойш 2015 онд Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль батлагдсан бөгөөд уг хуулийн үйлчлэлийн хүрээнд захиргааны зөрчилд тавигдсан шийтгэвэр багтсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд татварын улсын байцаагчийн актаар тавигдсан хүү, торгууль, алданги багтаж өршөөгдөх үндэслэлтэйгээс гадна шийтгэвэр дээрх үнийн дүн бүгд хамрагдах учир акт тавигдсанаас хойш төлсөн 5 000 000 төгрөг нь нөхөн татвараас чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Иймд ХХХХийн 28 435 605 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 16 404 120 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар хариуцагч "ХХХХ" ХХК-иас 21 404 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 031 484 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч "ХХХХ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 264 970 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ давж заалдах гомдолдоо:

Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “.... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байх бөгөөд ХХХийн Улсын байцаагчдын "ХХХ" ХХК-д татварын 24/0002892 тоот актаар хариуцлага хулээлгэн ногдуулсан 48 501 төгрөгийн хүү. 9 654 649 төгрөгийн торгууль, 2 238 335 төгрөгийн алданги, нийт 11 941 486 төгрөг бүхэлдээ чөлөөлөгдөх үндэслэлтэй юм. Харин татвар төлөгчийн зүгээс буюу "ХХХ" ХХК 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр актаар ногдуулсан татварын өрөөс 5 000 000 төгрөгийг төлсөн нь нөхөн татвар болох 21 404 120 төгрөгөөс хасч тооцогдох ёстой гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХээс хариуцагч "ХХХХ" ХХК-д холбогдуулан 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 24/0002892 тоот актаар 214 041 207 төгрөгийн зөрчилд ногдуулсан 21 404 120 төгрөгийн нөхөн татвар, 48 501 төгрөгийн хүү, 9 654 649 төгрөгийн торгууль, 2 328 335 төгрөгийн алданги, нийт 33 435 607 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд уг акт Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2010 онд 38 943 275.00 төгрөгийн, 2011 онд 6 672 285.50 төгрөгийн, 2012 онд 6 755 000 00 төгрөгийн татвар ногдох орлогыг тайланд тусгаагүй, татвар нөхөн төлөөгүй, 2011 онд 161 670 665.00 төгрөгийн татвар ногдох орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй нийт 214 041 207.50 төгрөгийн зөрчил гаргасныг Татварын алба хянан үзэж, уг зөрчилд нь 21 404 120.80 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүү, торгууль, алданги хэлбэрээр хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

 Мөн Татварын байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хугацаанд нь төлөөгүй татварын өрийг барагдуулах тухай Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргнэий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

            Анхан шатны шүүхийн “нэхэмжлэлээс хүү, торгууль, алдангид гаргуулах 7 031 484 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг хариуцагчийн гомдлын хүрээнд хянан үзсэн бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжих мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй болно. 

 

           Хариуцагч "ХХХХ" ХХК нь татварын акт тавигдснаас хойш 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр татварын өр төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд үнэн зөв тодорхойлж, төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд актаар тавигдсан нөхөн татварын дүн 21 404 120 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.  

 

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК-иас 16 404 120.80 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХт олгож, 12 031 484 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “264 970 төгрөг” гэснийг “239 970 төгрөг” гэж  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                  А.МӨНХЗУЛ