| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/00824/И |
| Дугаар | 181/ШШ2016/00857 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2016/00857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, дамбадаржаа 73 гудамж, 971 тоотод оршин суух, Цэнд овогт Жамбалын Энхжаргал /РД:ХЙ60100817/-гийн хүсэлттэй
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цэнд овогт Жамбалын Энхжаргал миний бие тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Омск хотын нисэхийн дунд сургуулийг 1983 оны 5 дугаар сард онц дүнтэй төгсөж ирээд мөн оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс сайд нарын зөвлөлийн дэргэдэх Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий Газар /ИАТУЕГ/-ын даргын 1983 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Н/42 тушаалаар нисэх отрядын Агаарын техникийн баазад онгоцны тусгай хэрэглэл цахилгааны техникчээр ажилласан. 1994 оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр 1 жилийн чөлөө аваад ажлаасаа гарсан бөгөөд тэр үед ажлаас гарсан тушаал шийдвэр бух шатны архивын материалд байхгүй байгаа тул заасан хугацаанд хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, зураг сэлтийг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү. ” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ж.Энхжаргал нь ажилласан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Энхжаргалын ажиллаж байсан талаарх баримтууд архивт хадгалагдаагүй болох нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-6 тал/-оор тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтуудыг өөрөөр олж авах боломжгүй болжээ.
Ж.Энхжаргал нь 1983 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлд Иргэний агаарын тээврийг удирдах Ерөнхий газрын Нисэх отрядын агаарын техникийн баазад онгоцны тусгай хэрэглэл, цахилгааны техникчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1983 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий газрын даргын Н/42 тоот тушаалын хуулбар /хх-11 тал/, Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий газрын даргын 1986 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Н/115 тоот тушаалын 1 дүгээр хавсралт /хх-12-15 тал/, Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Н/44 тоот тушаалын хуулбар /хх-17,18 тал/, гэрч В.Жаргал-эрдэнэ, Н.Чүлтэмжамц нарын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ж.Энхжаргалын ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цэнд овогт Жамбалын Энхжаргал нь 1983 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлд Иргэний агаарын тээврийг удирдах Ерөнхий газрын Нисэх отрядын агаарын техникийн баазад онгоцны тусгай хэрэглэл, цахилгааны техникчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР