Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01150

 

 

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03857 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 17,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 05 сарын 26-ны өдөр ******* маркийн ******* улсын дугаартай автомашинаа ******* ХК-д тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулж, даатгалын төлбөрт 550,000 төгрөг төлсөн. Гэтэл 2024 оны 10 сарын 22-ны орой ******* дүүргийн ******* хороо, ******* зуслангийн засмал зам дээр олон тооны адуу үргэсэн байдалтай гэнэт гарч ирснээр 2 тооны адууг дайрч зам тээврийн осол гаргасан. Ослыг цагдаагийн газар шалгаад малын эзэн ******* Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д заасныг зөрчсөнийг тогтоож, түүнийг 100,000 төгрөгөөр торгосон. Зам тээврийн ослоос *******-ын автомашинд 11,945,000 төгрөгийн хохирол учирсан нь ******* ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож, ******* ХК-д нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлэн өгсөн ч нөхөн төлбөр олгоогүй. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэсэн. Гэвч тус компаниас нөхөн төлбөрийг түдгэлзүүлсэн гэх хариуг ирүүлж нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

******* ХК даатгалын гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа алдсанаас олох ёстой байсан орлого, нэмэлт зардал гарган хохирч байна. Би 2024 оны 10 сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын 65 өдрүүдэд нэг өдөрт 70,000 төгрөгөөр тооцон автомашины түрээсийн үйлчилгээг *******-д үзүүлэхээр гэрээ байгуулсан ч энэ үүргээ биелүүлж чадаагүйгээс орлого олох боломжоо алдсан нь 4,550,000 төгрөг болсон. Мөн надаас ******* ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 840,000 төгрөг, ******* ХХК-аар оношилгоо хийлгэсний хөлс 75,000 төгрөг, тус газарт автомашиныг чирж аваачсан хөлс 200,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан.

Иймд ******* ХК-аас нийт 17,610,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******тай 2024 оны 05 сарын 27-ны өдөр нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсны дараа 2024 оны 10 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч зам тээврийн осол гаргаж даатгалын тохиолдол үүссэн байна. Осолд буруутай гэх *******тэй манай байгууллагаас холбогдоход өөрийг нь буруутай гэж үзсэн эрх бүхий албан тушаалтны актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул энэ асуудлаа нэг мөр болгохыг хүлээсэн. Учир нь уг зам тээврийн ослоор даатгалын тохиолдол бий болсон гэж үзвэл даатгуулагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх нь даатгалын нөхөн төлбөр олгох хувь хэмжээнд чухал хамааралтай юм.

Даатгалын гэрээнд хамааралгүй *******ийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хохиролд 4,550,000 төгрөг болон нэмэлт зардал шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь даатгуулсан автомашинд шууд учирсан хохирол бус тул дээрх 5,665,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас 16,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 910,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ******* ХК-аас 241,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хууль болон гэрээний зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.1. Шүүх хэргийн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тухай: ******* ХК-аас 2025 оны 04 сарын 01-ний өдөр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор итгэмжлэл авч оролцохдоо хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хангаагүйд гомдолтой байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүхэд шинээр нотлох баримтуудыг гаргаж өгсөнтэй танилцах хүсэлтийг шүүх хангаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхээс хэргийг хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалыг танилцуулах үүрэгтэй байтал хэргийн материал танилцаагүй, мөн нэхэмжлэгч талын шүүхэд шинээр гаргасан баримттай ч танилцаж чадаагүй.

4.2. Шүүх хууль болон гэрээний зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Зохигчийн хооронд байгуулсан даатгалын гэрээний 6.1.1-д зааснаар хамгаалалтын нөхцөлд заасан хувь хэмжээгээр хохирлын дүнгээс тооцохоос гадна хэрэв эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон бодит үнэлгээ зөрүүтэй тохиолдолд гэрээний 6.1.6-д даатгалын үнэлгээний хэмжээ даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ буюу бодит үнээс бага байхад даатгалын тохиолдолд бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ буюу бодит үнэд даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлж тооцохыг нарийвчлан зохицуулсан.

Шүүхийн шийдвэрт ******* ХХК-ийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Автомашины, эвдрэл хохирлын үнэлгээний тайланд зах зээлийн үнэ 28,000,000 төгрөг гэж тодорхойлсныг автомашины зах зээлийн үнэлгээг буюу бодит үнийг тогтоосон гэж үзэх боломжгүй байна.Тодруулбал, уг үнэлгээний тайлан нь автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоох зорилгогүй байсан гэснийг эс зөвшөөрч байна. Үнэлгээ нь автомашин техникт ослын улмаас үүссэн эвдрэл, хохирлын үнэлгээ хийх аргачлалын дагуу үйлдэл, эс үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл, автомашин механизмд учирсан гэм хорын хэмжээг захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн, хараат бусаар тогтооход оршдог. Гэтэл шүүх хохирлын үнэлгээг тогтоохдоо автомашины зах зээлийн үнийг тогтоосныг хэрэгт хамааралгүй мэтээр тайлбарласан нь зөрчилтэй болжээ. Энэ нь хохирлын үнэлгээг солих сэлбэг хэрэгслийн хувьд тогтоосон тухайн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар хүлээн зөвшөөрөхгүй байгаатай ижил ойлгогдох юм.

Даатгалын гэрээнд зааснаар нийт нэмэлт зардлын хэмжээ 400,000 төгрөгөөс илүүгүй байхаар тохиролцсоныг шүүх буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас 1,115,000 төгрөгийг гаргуулан олгосон нь үндэслэлгүй. Учир нь гэрээний 6.1.10-д нэмэлт зардлын даатгалтай бол даатгагч нь гэрээгээр тохиролцсон нэмэлт зардлыг олгох ерөнхий агуулгыг нэмэлт зардлын ангиллын хамт зохицуулсан тохиролцоо юм. Харин нэмэлт зардал олгох хувь хэмжээг Хамгаалалтын нөхцөлийн хүснэгтэд тодорхой тусгасан. Мөн шүүх 3,640,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хохирол гаргуулахаар шийдвэрлэхдээ ажлын өдрийг буруу тооцсон. Учир нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг анхаарч тооцоолоогүй.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 17,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 10,665,690 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 6,944,310 төгрөгт хамаарах зардал болон олох байсан орлого нь даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж эс зөвшөөрөн маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд шүүх хууль болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэж илүү төлбөр гаргуулсан гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

4. Талуудын хооронд 2024 оны 05 сарын 27-ны өдөр байгуулсан автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр нэхэмжлэгч нь 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслээ даатгалын эрсдэлийн Стандарт+ хамгаалалтын нөхцөлөөр даатгуулжээ. Энэ нөхцөлд зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх осол болон нэмэлт зардлын даатгал-д 400,000 төгрөг хүртэлх зардал хамаарахаар харилцан тохиролцсон байна.

Даатгуулагч ******* 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 18:30 цагийн үед ******* дүүргийн ******* хороо, ******* зуслангийн замд ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа адуу дайрч зам тээврийн осол гаргасны улмаас даатгалын тохиолдол бий болж, 11,945,000 төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь ******* дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, мөн өдрийн ******* дугаартай шийтгэлийн /малын эзэн *******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхих гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгосон/ хуудас, мөн сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн гаргасан даатгалын хохирлын үнэлгээгээр тус тус тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 7 дугаар зүйлд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хариуцагчийн 2024 оны 12 сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичигт дурдсан үндэслэл хамаарахгүй, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгагч нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосноор уг нөхөн төлбөрийг шаардах эрх даатгагчид шилжих тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Мөн хариуцагч нөхөн төлбөрийг 89.29 хувиар тооцохгүй буюу даатгалын эрсдэлийн Стандарт+ нөхцөлөөр нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор тохиролцсоныг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчаас 11,945,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,115,000 төгрөгийн зардал, 3,640,000 төгрөгийн олох байсан орлогыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын гэрээний тохиролцоо болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгслээ ослын газраас журмын хашаанд байрлуулах ачилтад 200,000 төгрөг, ******* ХХК-аар үнэлгээ гаргуулахад 840,000 төгрөг, ******* ХХК-аар оношилгоо хийлгэхэд 75,000 төгрөгийг тус тус төлсөн зардал гаргажээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний Даатгалын эрсдэл хэсэгт нэмэлт зардлын даатгал нь 400,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохиролцсон тул гэрээний 6.1.10-т заасан нэмэлт зардал энэ хэмжээгээр хязгаарлагдана.

Зүй нь даатгуулагчийн нэмэлт зардлыг нотлогдсон баримтад үндэслэн 400,000 төгрөг хүртэлх хэмжээний зардлыг даатгагч олгохоор гэрээнд заасан байхад анхан шатны шүүх нэмэлт зардлыг нотлогдсон хэмжээгээр тооцон тодорхой хязгааргүйгээр олгохоор тохиролцсон гэж дүгнэсэн нь буруу. Энэ агуулгаар хариуцагч 400,000 төгрөгийн нэмэлт зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь ******* ХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр даатгалын тохиолдол бий болсон тээврийн хэрэгслээ хоногийн 70,000 төгрөгөөр тооцон түрээслэхээр тохиролцсон, түрээсийн төлбөр авч байсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймээс 2024 оны 10 сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэлх 65 хоногт олох байсан орлого 4,550,000 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

Анхан шатны шүүхээс хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг 14 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ зөрчсөн, хохирол баримтаар тогтоогдсон гэж дүгнэн хариуцагчаас 3,640,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь даатгалын гэрээний зорилгод нийцээгүй байна. Талууд даатгалын гэрээгээр даатгуулагчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан 14 төрлийн нөхцөлөөс улбаатай бодит хохирлыг даатгалын эрсдэлд тооцон даатгагч нөхөн төлбөр олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд зааснаар талуудын хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийн хүрээ, хязгаар гэж үзнэ.

Зам тээврийн осолд хариуцагч гэм буруугүй байх тул уг ослын улмаас нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ ердийн байдлаар ашиглах боломжгүй буюу ******* ХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадаагүйд хариуцагч ******* ХК-ийг буруутгах үндэслэлгүй юм. Хариуцагч Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү эрхээ хэрэгжүүлсэн нь хариуцагчаас үл хамааран бий болсон хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхийг үүсгэхгүй юм.

Харин даатгагч нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан нь даатгуулагчийн хувьд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх замаар нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхийг үүсгэнэ.

Нэхэмжлэгчид учирсан дээрх хохиролд хариуцагч гэм буруугүй, уг хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагчаас 3,640,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд нийцээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангана.

Иймээс нэмэлт зардал, олох байсан орлогод 5,656,000 төгрөгийг хариуцагч ******* ХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон энэ талаарх хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагч талын хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй тухай гомдлыг хангахгүй.

Хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож ... ******* ХК-ийн ажилтан бус хуулийн фирмийн ажилтан бөгөөд хариуцагчийг итгэмжлэлээр төлөөлөн оролцож байгаа, мөн өмгөөлөгч ... болохоо илэрхийлсэн нь хариуцагч компанийн хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсаныг нотолно. Хариуцагч хуулийн фирмд хандсанаар хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан бөгөөд хариуцагчийг төлөөлөн хэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь талуудын үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, сонголт юм.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д хариуцагч компаниас 2025 оны 04 сарын 01-ний өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгожээ. Шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулахаас татгалзсан илэрхий үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч тал эрх, үүргээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгахгүй. Иймээс энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХК-аас даатгалын нөхөн төлбөр 11,945,000 төгрөг, нэмэлт зардал 400,000 төгрөг, нийт 12,345,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 5,265,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/03857 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 16,700,000 төгрөг ... гэснийг 12,345,000 төгрөг гэж, ... 910,000 төгрөг ... гэснийг 5,265,000 төгрөг гэж,

2 дахь заалтын ... 241,450 төгрөг ... гэснийг 212,470 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ