Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 671

 

   2019       09          02                                   2019/ШЦТ/671

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Э.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Э.Тт холбогдох эрүүгийн 1911020200869 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Э.Т, 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн 48-14в тоотод оршин суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг UB-17 нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд амарч байсан А.Дийн эзэмшлийн Самсунг А30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 699.900 /зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би жоохон архи уугаад ариун цэврийн өрөө явах замд 302 тоотын хаалга нь онгорхой байхаар нь тухайн гар утсыг авчихсан юм. Аав минь группэд байдаг ээж бид хоёроос өөр ажил хөдөлмөр эрхлэх хүн байхгүй, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч А.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06 цагт манай найз ажилтай гээд яваад өгсөн. Би 07 цагийн үед босож утасны цагийг харчхаад буцаад унтсан. Өдөр 12 цагийн үед босоод утсаа хайхад байхгүй байсан. Би тэгээд буудлын жижүүртэй уулзаж камер шүүхэд... нэг залуу нь 08 цаг 10 минутын үед миний хоносон өрөөнд орж байгаа дүрс буусан байсан... уг утасны маань үндсэн үнэ нь 700.000 төгрөг байгаа юм... би тэр залуутай уулзсан миний утсыг теди дээр 180.000 төгрөгөөр зарсан гэсэн. Би хохирлоо Э.Түшинбаяраас бэлнээр гаргуулж авсан. ...би тухайн үед Хаан банкны виза картаа алдсан гэж бодож байсан боловч дараа нь үзэж байгаад хэтэвчнийхээ хойд халааснаас олж авсан... хохирлоо бүрэн гаргуулсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 19-22/,           

Гэрч Д.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 303 тоот өрөөнд амарч байсан залуучуудын нэг болох Э.Т гэх залуу нь бие засах өрөө рүү орчоод эргээд өрөөндөө орохдоо хохирогчийн унтаж байсан өрөөнд ороод 1-2 минут болж байгаад эргэж гарч ирээд коридорын хэсэгт хохирогчийн утсыг оролдож байгаад өөрийнхөө өрөө рүү орж байгаа бичлэг бичигдсэн байсан... Одоо бол тухайн үед хэрэг болсон өдрийн хяналтын камерын бичлэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

             Гэрч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай найз Түвшинбаяр нь Тэди худалдааны төв дээр Самсунг А20 юм уу А30 юм уу тийм маркийн утас гаргаж ирсэн бөгөөд Тэди худалдааны төвийн ойролцоо очоод ирэхдээ уг утсаа 180.000 төгрөгөөр зарсан гэсэн. Уг утсыг өөрийнхөө утас гэж хэлж байсан юм... Би өнөөдөр цагдаагийн байгууллагад дуудагдан ирээд Түвшинбаярыг гар утас хулгайлсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 29-30/

             Дамно хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №ЧД2-19-434 дугаар үнэлгээний тайланд: “...үнэлэгдэж буй хөрөнгө болох Самсунг А30 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 699.900 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх 32-33/,

            Шүүгдэгч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...303 тоот өрөөнөөс би ганцаараа гарч бие засах өрөө рүү орох гээд явж байхад манай хажуу талын өрөө буюу 302 тоотын хаалга том онгойсон дотор нь нэг хүн унтаж байсан хажуу талын орон дээр нь цэнхэр өнгийн гар утас байхаар нь авсан. ...Тэди төв орж гадна талд нь гар утас авдаг хүмүүст 150.000 төгрөгөөр зараад архи, пиво авсан...” гэх мэдүүлэг /хх 37-40/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 42/, Э.Тт холбогдох шийтгэх  тогтоолын хуулбар, хохирогч А.Дид хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх 50/,  Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоол /хх 62/, шүүгдэгч Э.Тын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 58/, хохирогч А.Дийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг UB-17 нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд амарч байсан А.Дийн эзэмшлийн Самсунг А30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 699.900 /зургаан зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Дийн “...Өдөр 12 цагийн үед босоод утсаа хайхад байхгүй байсан. Би тэгээд буудлын жижүүртэй уулзаж камер шүүхэд... нэг залуу нь 08 цаг 10 минутын үед миний хоносон өрөөнд орж байгаа дүрс буусан байсан...” гэх мэдүүлэг /хх 19-22/, гэрч Д.Мийн “...Э.Т гэх залуу нь бие засах өрөө рүү орчоод эргээд өрөөндөө орохдоо хохирогчийн унтаж байсан өрөөнд ороод 1-2 минут болж байгаад эргэж гарч ирээд коридорын хэсэгт хохирогчийн утсыг оролдож байгаад өөрийнхөө өрөө рүү орж байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/, гэрч Ц.Эгийн “...Манай найз Түвшинбаяр нь Тэди худалдааны төв дээр Самсунг А20 юм уу А30 юм уу тийм маркийн утас гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 29-30/,  Дамно хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №ЧД2-19-434 дугаар үнэлгээний тайлан /хх 32-33/, шүүгдэгч Э.Тын “...Тэди төв орж гадна талд нь гар утас авдаг хүмүүст 150.000 төгрөгөөр зараад архи, пиво авсан...” гэх мэдүүлэг /хх 37-40/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн гаргасан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй гэсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч А.Д нь “...учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан...” гэх тул шүүгдэгч Э.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тт урьд авсан  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН