| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0676/Э |
| Дугаар | 695 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 695
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бөхчүүд овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908026160759 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б Б, Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум Ар тээлийн 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн …. тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар …, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атила” зочид буудлын ... тоот өрөөнд хамт байсан иргэн Д.Д-г унтаж байх үед түүний 600,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy note-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б Б нь 2019 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Attila” зочид буудлын 25 тоот өрөөнд хамт байсан иргэн Д.Д-г унтаж байх үед түүний 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Galaxy note-8” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч явсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Бын шүүх хуралдаанд өгсөн: “...5 дугаар сарын 13-ны өдөр би Д руу ярьсан. Тэгэхэд Д хотод дөнгөж сая орж ирлээ гэж хэлсэн. Бид уулзахаар болоод би найзынхаа гэрээс 22 цагийн орчимд гарсан. 22 цаг 30 минутын орчимд 21 дүгээр хороололд Д уулзсан. Д буудалд оръё гэж хэлсэн. Тэгээд бид нэг пиво авч хувааж уусан. Үүрээр 4 цагийн орчимд утсаар нь facebook орж байгаад мартаад гараад явчихсан байсан. Би найз залуугаасаа санаа зовоод утсыг олсон гэж хэлсэн, орой нь буцаагаад өгье гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Дийн “...би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 13 дугаар хороололд байж байсан чинь 20 цагийн орчим зүс таних Б нэртэй охин ... дугаараас над руу залгаад надтай уулзмаар байна гэж хэлэхээр нь уулзахаар болж тохироод Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд уулзаад Толгойтын эцэс зүг рүү алхаж байгаад “Attila” нэртэй зочид буудалд 23 цагийн орчим ороод уг буудлаас 2.5 литрийн савлагаатай нэг ширхэг шар айраг аваад, бид хоёр хувааж уугаад 02 цагийн үед хамт унтаад өглөө 06 цагт сэрсэн чинь Б байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө эд зүйлсийг бүртгэж үзсэн чинь миний “Samsung Galaxy note-8” загварын гар утас алга болсон байсан. Бид хоёр унтахын өмнө Б надаас утсаа өгч байгаач жоохон “Фейсбүүк” ороодохъё гээд миний утсыг оролдож байгаад унтсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас);
3. Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр “фейсбүүк”-ээр танилцаж байсан. Б 2019 оны 05 сарын 05-ны өдрөөс хойш манай гэрт хамт амьдарч байсан. Би гэртээ аавтайгаа хоёулаа амьдардаг бөгөөд аав ээлжийн ажилтай байдаг. Б “байх газар байхгүй, гэр нь хөдөө байдаг, түр хугацаанд байх газар хэрэгтэй байна” гэхээр нь манайд байж болно гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт байж байгаад 22 цагийн орчим найзтайгаа уулзмаар байна, удахгүй хүрээд ирнэ гээд гараад явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь би мессеж бичээд залгасан чинь удахгүй очлоо гэж хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй байж байгаад 04 цагийн орчим утсаа аваад одоо очих гэж байна унтчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би 05 цаг өнгөрч байхад түүнийг гудамжинд тосож авсан. Тэгсэн чинь надад “би нэг гар утас олсон” гэхээр нь “хэзээ, хаанаас олсон юм бэ” гэсэн чинь “наашаа ирэх замдаа 21 дүгээр хорооллын байрны гаднаас оллоо, бөөн аз гэж бодоод цүнхлээд хүрээд ирлээ” гэж байсан. Уг гар утас “note-8” загварын гар утас байсан. Би сайн санахгүй байна хар бил үү хөх өнгөтэй байсан байх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас);
4. “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн: “Samsung Galaxy note-8 загварын гар утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 27-28 дугаар хуудас);
5. Эд хөрөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-24 дүгээр хуудас);
6. Шүүгдэгч Б.Б-н иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 31 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын үед найз Д-н ... дугаарын утас руу залгаад “сайн уу, сонин юу байна” гэсэн чинь манай найз Д “найз нь хөдөөгүүр явж байгаад дөнгөж сая Улаанбаатарт орж ирээд байна” гэж хэлээд намайг “чи хаана байна” гэхээр нь би Орбитын ойролцоо байна гэсэн чинь “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр хурдан хүрээд ир” гэхээр нь би найз залуудаа “найзтайгаа уулзаад ирье” гэж хэлээд гэрээс нь гарч яваад Д 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр уулзсан. Д бид хоёр юм ярьж байгаад намайг буудалд орох уу гэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Attila” нэртэй зочид буудалд ороод ресейпшнд нь бүртгүүлээд 25 тоот өрөөнд бид хоёр орсон юм..., ...би Д.Д-г унтаж байхад нь гар утсыг нь хулгай хийгээд авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Samsung Galaxy note-8” загварын гар утас 600,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 600,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.Бын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Быг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Д нь эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт (хх-ийн 22 дугаар хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй...” гэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бөхчүүд овогт Батдоржийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА