Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 5371

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 02 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05371

Улаанбаатар хот

 

 

            

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....... төвд байрлах, “М“ ХХК-ийн /регистрийн дугаар ....../ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............ тоотод байрлах, “И“ ХХК-д /регистрийн дугаар ........./ холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 8.004.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжамц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М“ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани “И” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бхудалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын 22,6 мк.в талбайтай павильоныг 1 сарын 632.800 төгрөгөөр түрээслэхээр, мөн цахилгааны төлбөрт сарын 10.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

“И” ХХК нь түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө төлж байгаад 2015 оны 07 дугаар сараас төлөхөө байж гэрээнд заасан үүргээ биелүүлэхээ больсон. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч төлөөгүй учир шүүхэд хандсан.

Түрээсийн гэрээний 3.7-д “Түрээслэгч нь түрээсийн болон бусад төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах”, 7.3-т “Түрээслэгч нь сар бүрийн эхний 5 хоногийн дотор түрээсийн төлбөрийг 7.2-т заасан данс болон компанийн кассанд төлнө” гэж тус тус заасан.

2015 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 328.400 төгрөг болон 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл төлөөгүй байгаа түрээсийн үндсэн төлбөр 6.113.600 төгрөг, мөн гэрээний 9.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги 1.890.760 төгрөг, нийт 8.004.360 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “И“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Тус “И” ХХК нь “М” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай 22,6 мк.в талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү түрээсийн гэрээ нь 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон.

Мөн тус гэрээний 1.3-т заасан гэрээний сунгалт хэсэгт “гэрээний хугацаа дуусаад талууд гэрээг цуцлах талаар саналыг хэн нэгэндээ албан тоотоор мэдэгдээгүй тохиолдолд гэрээг дуусгавар болоогүй үргэлжилсээр байгаа гэж ойлгоно”, 2.3-т “түрээслүүлэгч нь ажил явуулахад тохиромжтой ая тухтай тааламжтай орчинг бүрдүүлэхийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Түрээсийн 22,6 мк.в талбай нь агааргүй, цонхгүй орчинтой бөгөөд үүнийгээ шийдэж өгөөч гэдэг асуудлыг тавьсан ч ямар нэгэн хариу мэдэгдээгүй. Бтөв нь 2 дахь өдөр амардаг ба амардаг өдрөө түрээсийн төлбөрөөс хасаж өгөөч гэх шаардлагыг мөн удаа дараа тавьж байсан ч хариуг бас өгөөгүй.

Гэрээний 2.10-т “цахилгаан эрчим хүчний зардлыг хэрэглээний журмаар баталгаат тоолуурыг өөрийн хөрөнгөөр суурилуулна”, 5.9-т “олон нийтэд хандсан зар сурталчилгааг мэдээллийн хэрэгслээр явуулах ба заалны радио үүсвэрээр үйлчлүүлэгчид хандсан зар явуулна” гэсэн заалтыг Бтөв  биелүүлдэггүй.

Манай компани түрээсээ тогтмол  төлж байсан ба 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.246.400 төгрөг тус тус бэлнээр болон дансаар төлсөн.  

2.500.000 төгрөгийн төлөлтөд 2015 оны 4-7 сарын түрээс орсон ба төлбөрийг сарын 632.800 төгрөгөөр бодсон. Гэхдээ 31.200 төгрөг дутуу төлсөн. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн ба энэ нь 2015 оны 8, 9, 10, 11, 12 сарын түрээсийн төлбөр юм.

Бид гэрээ дуусгавар болгох хүсэлтээ 2015 оны 10 дугаар сард өгөх хүсэлт бичгээр өгөхөд хариу огт өгөөгүй. Түрээсийн гэрээний 7.7-т түрээсийн төлбөрт цахилгааны мөнгө багтана гэсэн атал цахилгааны мөнгө гэж илүү 10.000 төгрөг аваад байсан. Цахилгааны мөнгийг түрээсийн гэрээний дагуу төлөхгүй болох нь тогтоогдож байгаа.

 “М” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 328.400 төгрөг нэхээд байгаа нь нотлогдохгүй байна. Манай компани төлөх ёстой мөнгө нэгэнт төлсөн гэж үзэж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И“ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 8.004.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            /2015 оны 7 дугаар сарын үлдэгдэл төлбөр 328.400 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх 5.785.200 төгрөг, алданги 1.890.760 төгрөг, нийт 8.004.360 төгрөг/

 

Нэхэмжлэгч “М“ ХХК нь  хариуцагч “И“ ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Худалдаа үйлчилгээний павильон түрээслэх“ гэрээг байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч “И“ ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн өмчлөлийн Б худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын 22.6 м.кв талбай бүхий 18 тоот павильоныг 1 жилийн хугацаатай эзэмшиж, ашиглахаар, 1 м.кв талбайг 28.000 төгрөгөөр, нийт сард 632.800 төгрөг төлөхөөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар, түрээсийн гэрээ болон түрээсийн төлбөр төлсөн баримтууд зэргээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 9-11, 29 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрхи гэрээ нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд гэрээнд оролцогч талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон харилцан гарын үсгээ зуран, байгууллагуудын тамгаа даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 9-11, 29 дүгээр тал/

 

 

  Нэхэмжлэгч “М” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын үлдэгдэл төлбөр 328.400 төгрөг, 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 5.785.200 төгрөг, алданги 1.890.760 төгрөг, нийт 8.004.360 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс өмнөх хугацаанд хариуцагч байгууллагыг түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй хэмээн тайлбарлалаа.

 

Хариуцагч “И“ ХХК нь дээрх хугацаанаас хойшхи түрээсийн төлбөрт тооцон 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.246.400 төгрөг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлсэн нь төлбөр төлсөн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 45, 58-61, 69-74 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь түрээсийн төлбөр төлөх мэдэгдлийг хариуцагч “И“ ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд тус тус хүргүүлж байсан ба “И“ ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “М” ХХК-д түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах санал хүргүүлсэн бөгөөд түрээслүүлэгч дээрх саналд бичгээр хариу өгөөгүй нь талуудын тайлбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 7-8, 41-44 дүгээр тал/

 

Хариуцагч “И“ ХХК нь гэрээ цуцлах санал хүргүүлснийхээ дараагаар буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн төлбөрийг 1 сард 400.000 төгрөг болгох саналыг түрээслүүлэгч “М” ХХК-д хүргүүлсэн бөгөөд уг саналд түрээслүүлэгч тал мөн хариу өгөөгүй ба түрээслэгч нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөрт 1.246.400 төгрөг төлснөөс дүгнэхэд талуудын хооронд гэрээний харилцаа үргэлжилж байсан байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасны дагуу хариуцагч “И“ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч “М“ ХХК түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “сар бүрийн эхний 5 хоногийн дотор түрээсийн төлбөрийг төлнө...“, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй байгаа үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид нэмж төлнө”,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж заасны дагуу нэхэмжлэгч “М“ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй “И“ ХХК-иас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “...нэг сарын түрээсийн үндсэн төлбөр 632.800 төгрөг байна...“, мөн гэрээний 7.5-д “Түрээсийн төлбөрт талбайн гэрэлтүүлэг, халаалт, лифт, цахилгаан, салхивч, цэвэр, бохир усны, агааржуулалт, хамгаалалтын зардлууд орсон. ...Нэмэлт цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэгч хэрэглэсэн тохиолдолд 1 залгуурт сар тутам цахилгааны төлбөр 7.000 төгрөг түрээсийн төлбөр дээр нэмж төлнө“ гэсэн атлаа цахилгааны төлбөрт 7.000 төгрөг болон 10.000 төгрөг сар бүр нэмж авсан нь үндэслэлгүй бөгөөд түрээслэгч нь нэмэлт цахилгаан хэрэглэж байсан нь тогтоогдоогүй болно.

/ХХ-ийн 11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч “М” ХХК нь 2014 оны 3-8 дугаар саруудад түрээсийн төлбөр 632.800 төгрөг, цахилгааны төлбөрт 7.000 төгрөг, нийт 639.800 төгрөг авч байсан ба 2014 оны 9 дүгээр сараас цахилгааны төлбөрт сард 10.000 төгрөг нэмж авсан нь мөн талуудын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь энэ талаар тооцоо үйлдсэн бөгөөд түрээсийн төлбөрөөс цахилгааны төлбөрт нэмж авсан болон нэмж тооцсон төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

/ХХ-ийн 57 дугаар тал/

 

Хариуцагч “И“ ХХК нь нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.246.400 төгрөгүүдийг 2015 оны 12 дугаар сар дуустал төлбөрийг төлсөнд тооцогдоно гэсэн хэдий боловч энэ нь 2015 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр байна.

/ХХ-ийн 45, 57-61, 69-74 дүгээр тал/

 

Түрээслэгч “И“ ХХК нь 2014 оны 10 дугаар сараас гэрээний үүргийг биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагч талыг /632.800+10.000/ 2014 онд 2.575.200 төгрөг, 2015 онд /2.500.000+3.000.000+1.246.400/ 3.542.400 төгрөг, нийт 6.113.600 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан гэж тооцсоноос цахилгааны төлбөрт тооцон авсан төлбөрийг хасч тооцох үндэслэлтэй.

2014.10-2015-07 сарыг дуустал төлбөр гэрээ ёсоор 6.328.000 төгрөг.

6.746.400 төгрөг-6.328.000 төгрөг=418.400 төгрөг.

2015 оны 7 сард 632.800 төгрөг-418.400 төгрөг= 214.800 төгрөг.

/2015 оны 7 сарын үлдэгдэл төлбөр/

2015.08-2016.04 сарыг хүртэлх төлбөр 4.429.600 төгрөг,

4.429.800+214.800 төгрөг+алданги 887.484 төгрөг, нийт 5.531.884 төгрөг түрээслэгч төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч “И“ ХХК-иас 5.531.884 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.472.476 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч “И“ ХХК нь гэрээнд заасан үүргийг нэхэмжлэгч “М“ ХХК биелүүлээгүй гэж тайлбар гаргасан ч энэ талаарх баримтаа ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараа өөрөө баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “И“ ХХК-иас 5.531.884 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.472.476 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И“ ХХК-иас 103.460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М“ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН