| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0585/Э |
| Дугаар | 589 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч У.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У-н Х-д холбогдох эрүүгийн 1909016850576 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 29 дүгээр гудамжны 640 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ЕД 79070475 / Ургийн овгоо тодорхойлоогүй, У-н Х нь:
- 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөөний 06 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Баянбулагийн 48 тоот хашаанд байрлах түр ажил хийж, байрлаж байсан байранд хамт ажилладаг У.Амарболдыг ажилдаа гарсангүй гэх шалтгаанаас зодож, эрүүл мэндэд духанд няцарсан шарх, арьсан доорх гаднын биет, зовхинд цус хуралт, уруулд цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч У.Амарболд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:… Хүрлээ гэгчтэй барилгын ажил хийж байгаад ажлаа эрт дууссан. Тэгээд архи ууя гэхээр нь тэгье гээд архи авч уусан. Хүрлээ бид хоёр архи ууж байхдаа “Ажлаа ингэж хийнэ. Чи тэрийг би энийг” гэж ярилцаж байсан. Миний толгой руу цохих шиг болсон. Би ухаан ороод “Яаж байгаа юм бэ” гэж асуун нүдээ нээтэл газраар цус асгарч, Хүрлээ ахиад надад архи аягалж өгөхөөр нь “Би уухгүй. Энэ хавиа цэвэрлээрэй. Миний цусыг тогтоогоорой” гэж хэлээд унтаад өгсөн. Өглөө босоорой гээд Хүрлээ миний дээрээс ус асгасан. Би сэрж Хүрлээгээс юу болсон талаар асууж яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм муу пизда минь гээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад буцаад унтчихсан. Толгой боолттой, хагарсан үгүйг мэдэхгүй байна. Дух хэсгээрээ өвчтэй, баруун хөмсөг сэтэрсэн, зүүн нүд хөхөрч хавдсан, дээд уруул хавдсан байдалтай байна, У.Хаас нэхэмжлэх зүйл байхгүй, эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй, гомдол, саналгүй гэжээ. / хх 16-17, 18-19/
Гэрч Ж.Оюунцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... манай компанийн жорлон, хашаа хийж байгаа хоёр залуу ажилдаа гарахгүй нэг хар цүнх үүрээд хашаан дотор холхиод гарч ороод байхад нь би очиж асуухад тэр хоёр залуугийн байрлаж байсан байшингийн шал нь цус болсон нэг нь орон дээрээ хэвтэж байсан. Би гараад хажуу талын Жанлов гэх өвгөнийг дуудаад байшин руу очиход нөгөө залуу гадаа сууж байснаа дээшээ явсан. Бид хоёр байшинд ороод нөгөө залууг хартал огт хөдлөхгүй, ойр орчимд нэлээн цус байхаар нь би айгаад цагдаа, эмнэлэг дуудсан, энэ хоёр залуу дээр өөр хүн ирээгүй гэжээ. / хх 23-24 /
Гэрч Б.Ууганбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Жорлон болон хогийн цэг хийлгэхээр Амраа гэх хүнийг найзтай нь хамт авчирч байрлуулсан. Компаниас “Танай ажил хийж байгаа хүмүүс цусандаа холилдсон дуудаад сэрэхгүй байна” гэж залгахаар нь би ирсэн. Амраа гэх залуу нь ажил гарвал хийж өгдөг. Нөгөө залуу нь анх удаа ажил хийж өгч байгаа. Долоо хоногийн өмнө энэ хоёр архи уусан. Би гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед бас хоорондоо маргалдсан, цохилцсон байдалтай байсан гэжээ. / хх 26 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5073 дугаар дүгнэлтэнд:
1. У.Амарболдын биед духанд няцарсан шарх, арьсан доорх гаднын биет, зовхинд цус хуралт, уруулд цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. / хх 28 /
Шүүгдэгч У.Х-ыг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 3-6 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.
Шүүгдэгч У.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа болон ялыг зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч У.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөөний 06 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо, Баянбулагийн 48 тоот хашаанд хамт ажиллаж байсан У.Амарболдыг ажилдаа гарсангүй гэх шалтгаанаас зодож, эрүүл мэндэд духанд няцарсан шарх, арьсан доорх гаднын биет, зовхинд цус хуралт, уруулд цус хуралт, язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Хүрлээд архиа боль гэж хэлээд буцаад унтчихсан. Толгой боолттой, дух хэсгээрээ өвчтэй, баруун хөмсөг сэтэрсэн, зүүн нүд хөхөрч хавдсан, дээд уруул хавдсан байдалтай байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч У.Амарболдын мэдүүлэг / хх 16-17 /, ... манай компанийн жорлон, хашаа хийж байгаа хоёр залуу ажилдаа гарахгүй нэг хар цүнх үүрээд хашаан дотор холхиод гарч ороод байхар нь нь би тэр хоёр залуугийн байрлаж байсан байшинд ортол шал нь цус болсон нэг нь орон дээрээ хэвтэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч У.Оюунцэцэгийн мэдүүлэг / хх 23-24 /, .....жорлон болон хогийн цэг хийлгэхээр Амраа гэх хүнийг найзынх хамт авчирч байрлуулсан. Танай ажил хийж байгаа хүмүүс цусандаа холилдсон, дуудаад сэрэхгүй байна гэж залгахаар нь би ирсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ууганбаатарын мэдүүлэг / хх 26 /, ... У.Амарболдын биед духанд няцарсан шарх, арьсан доорх гаднын биет, зовхинд цус хуралт, уруулд цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5073 дугаартай дүгнэлт / хх 28 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч У.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч У.Амарболд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй / хх 52 / гэсэн тул шүүгдэгч У.Х нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч У.Х-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У-н Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, У.Х нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар У.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. У.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ