Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01084

 

 

 

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 63,525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23/10, 06 дугаар сарын 13-ны өдөр 23/17 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулж, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үйлчилгээ үзүүлсэн. Хариуцагч гэрээний төлбөрийг дутуу төлж 43,350,000 төгрөгийг төлөөгүй байна. Уг төлбөрийг барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн ч төлөөгүй тул гэрээний 7.3-т зааснаар хугацаа хэтэрсний алданги 21,175,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 20,000,000 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 43,525,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч компанитай 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23/10 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэвч нэхэмжлэгч компани уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өнөөдрийн байдлаар манай компани нийт 20,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 43,525,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,575 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Харү консракшн ХХК-аас 475,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт огт мэдэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт "Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана" гэж хуульчилсан.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг ямар тооцооллоор бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 23/10 дугаартай "Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай" гэрээний дагуу буюу нэхэмжлэлийн шаардлагаар 20,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр 20,000,000 төгрөгийг хасаж тооцсон бол үндсэн төлбөрийн алданги ч мөн өөрчлөгдөх үндэслэлтэй. Гэтэл хариуцагч, гэрээний дагуу маргаж байхад, хурлын товыг хууль ёсны дагуу мэдэгдээгүй, хэргийн оролцогчийг эзгүйд нь шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 63,525,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000,000 төгрөгийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр 43,525,000 төгрөгийг гаргуулна гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 03, 06 дугаар сарын 13-ны өдөр тус тус харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн барилгын үйл ажиллагаа явуулж буй Бадрах хотхоны 1, 2-р барилгын харуул хамгаалалтыг хариуцан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Талууд төлөгдөөгүй ажлын хөлсний төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцож хариуцагч нь 42,350,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйг баталгаажуулжээ.

Анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг бодитой тогтоож, зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.

 

4. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч 42,350,000 төгрөгийн ажлын хөлсийг, зохигчийн хооронд байгуулсан гэрээний 7.3-т заасны дагуу 21,175,000 төгрөгийн алдангийн хамт шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн 32, 33 дугаар талд авагдсан санхүүгийн тооцооллыг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас харуул хамгаалалтын гэрээний хөлс 42,350,000 төгрөг, түүний алданги 21,175,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн байна. Нэхэмжлэгч нийт 63,525,000 төгрөгийг хариуцагчаас шаардсанаас хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000,000 төгрөг төлсөн учир /63,525,000-20,000,000/ үлдэх 43,525,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймээс анхан шатны шүүх ямар баримт, тооцооллыг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулсан нь тодорхойгүй гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэнэ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулна.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй байна. Хариуцагчаас хууль туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Шүүх хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр тов тогтоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 04 дүгээр сарын 24-ний өдөр тов мэдэгдсэн нь хэргийн 74 дүгээр талд авагдсан байна. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч мөн өдөр Эрүүгийн цагдаагийн газар байцаалтад оролцох ажилтай шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүйг илэрхийлсэн ч энэ тухай баримтыг ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэх шалтгаангүйгээр тухайн өдрийн хуралдаанд ирээгүй байна.

Иймээс хариуцагч талыг шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хариуцагч компанийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул энэ тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэж хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/03445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...232 дугаар зүйлийн 232.4... гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ