Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 590

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,      

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харнууд овогт Г-н Х-т холбогдох эрүүгийн 1909009150619 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эко Алтан заамар” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 14 дүгээр гудамжны 134 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: ШБ 77041064 / Харнууд овогт Г-н Х нь:

 

- 2019 оны 02 дугаар сарын 15-ны щөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 294 тоотод хохирогч Ц.Нямсүрэнтэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд баруун зовхи, хамар, зүүн хацарт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч У.Нямсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай нөхрийн дүү болох Г.Х нөхөр Баянаагийн хамт ирж манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Шөнө 2 цагийн үед Г.Х нь согтуурч улмаар надтай хэрүүл маргаан үүсгэж намайг шууд үсдэж даран зодсон, ... намайг үсдэж даран толгой , нүүрэн тус газар руу олон удаа цохиж зодсон. Одоо миний нүүр хавдаж толгой өвдөж байна. Х ахыгаа өмөөрөөд намайг түлхсэн. Намайг түлхэх үед би зурагтын тавиурыг цээжээрээ мөргөсөн гэжээ. / хх 22-24 /

 

Гэрч Б.Баянмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Нэг сэрсэн чинь миний духнаас цус гарсан манай эхнэр, Нямсүрэн 2 барьцалдаж аваад ноцолдож байсан. Манай эхнэр, Нямсүрэн 2 муудалцаад тэгээд Нямсүрэн юм авч шидээд байсан. Шидсэн зүйлээс нэг нь миний сууж байсан газрын цонхыг оноод тэгээд буцаж үсрээд миний духыг оносон. Тухайн үед миний дух бага зэрэг шалбарч цус гарсан юм. Өөр миний биед учирсан гэмтэлгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. / хх 29 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2457 дугаар дүгнэлтэнд:

1. Ц.Нямсүрэнгийн биед баруун зовхи, хамар, зүүн хацарт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 33 /

 

Шүүгдэгч Г.Х-ийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /

 

Хохирлын мөнгө төлсөн талаарх Ц.Нямсүрэнгийн хүсэлт / хх 65 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 43  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш  ихээр гэмшиж байна. Хохирол 120.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Г.Х 2019 оны 02 дугаар сарын 15-ны щөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 50 дугаар гудамжны 294 тоотод хохирогч Ц.Нямсүрэнтэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд баруун зовхи, хамар, зүүн хацарт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Шөнө 2 цагийн үед Г.Х нь согтуурч улмаар надтай хэрүүл маргаан үүсгэж намайг шууд үсдэж даран зодсон, ... намайг үсдэж даран толгой , нүүрэн тус газарт олон удаа цохиж зодсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Нямсүрэнгийн мэдүүлэг / хх 22-24 /, ... нэг сэрсэн чинь миний духнаас цус гарсан манай эхнэр. Нямсүрэн 2 барьцалдаж аваад ноцолдож байсан, ... Нямсүрэнгийн шидсэн зүйл цонхыг оноод буцаж үсрээд миний духыг оносон тухайн үед миний дух бага зэрэг шалбарч цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Баянмөнхийн мэдүүлэг / хх 29 /, ... Ц.Нямсүрэнгийн биед баруун зовхи, хамар, зүүн хацарт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2457 дугаар дүгнэлт  / хх 33 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Х-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Харнууд овогт Г-н Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-н Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Х нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Г.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ