| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0610/Э |
| Дугаар | 615 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Ж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-н Э-д холбогдох эрүүгийн 1909010670568 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 50 дугаар гудамжны 786 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЦГ 64072112 / Боржигон овогт Т-н Э нь:
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Нэмэхбаатарын 2012 оны “Макбүүк” маркийн зөөврийн компьютер, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Нэмэхбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бургер кинг” ресторанд ороод сандал дээр цүнхтэй эд зүйлээ тавиад 00 ороод буцаад гараад ирэхэд миний цүнх байхгүй болсон байсан. 2012 оны “Макбүүк” зөөврийн компьютер, цүнх зэрэг эд зүйлс байсан. 2018 оны 08 дугаар сард “Макбүүк” зөөврийн компьютерээ 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цүнхээ 2016 онд Нарантуул захаас 55.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэжээ. / хх 6 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: 19 цаг 09 минут 36 секунтэд орж ирсэн 50-60 орчим насны цайвар өнгийн үстэй, бараан өнгийн хувцастай эрэгтэй нь
зүүн гартаа хоосон шар өнгийн гялгар уут барьсан, баруун гартаа 3-4 ширхэг ном барьсан ба давхар саарал өнгийн үүргэвчин цүнх бариад гарч явж байв гэжээ. / хх- 15 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 30-31 /
Яллагдагч Т.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би нилээн согтуу байсан. Сайн санахгүй байна. Багшийн дээдийн автобусны буудлаас гэртээ харих гэж яваад өлсөөд байхаар нь Берлин бүргэр орсон юм. Тухайн үед нэг хүүхдийн цүнх харагдахаар нь авчихсан юм. Тэгээд маргааш нь 7 буудлын тэнд явж байгаад 2 залуутай таараад 40.000 төгрөгөөр зарчихсан гэжээ. / хх 36-37 /
Шүүгдэгч Т.Э-г 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 36-37 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 23 / зэрэг болно.
Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зах дээр наймаа хийж буугаад хоол идэх гээд “Бургер кинг” сүлжээ ресторанд ороод нэг цүнхтэй нөүтбүк байсныг аваад харьсан. Маргааш нь үл таних 2 залууд 40.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь түрээсийн байрны цахилгааны мөнгөө төлж, идэх уух зүйл авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 950.200 төгрөг өгч, хохирлоо төлсөн гэв.
Шүүгдэгч Т.Э нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Нэмэхбаатарын “Макбүүк” маркийн зөөврийн компьютер, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... “Бургер кинг” ресторанд ороод сандал дээр цүнхтэй эд зүйлээ тавиад 00 ороод буцаад гараад ирэхэд миний цүнх байхгүй болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Нэмэхбаатарын мэдүүлэг / хх 6 /, ...50-60 орчим насны цайвар өнгийн үстэй, бараан өнгийн хувцастай эрэгтэй нь зүүн гартаа хоосон шар өнгийн гялгар уут барьсан, баруун гартаа 3-4 ширхэг ном барьсан ба давхар саарал өнгийн үүргэвчин цүнх бариад гарч явж байна гэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх- 15 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 30-31 /, ... Багшийн дээдийн автобусны буудлаас гэртээ харих гэж яваад өлсөөд байхаар нь Берлин бүргэр орсон юм. Тухайн үед нэг хүүхдийн цүнх харагдахаар нь аваад 40.000 төгрөгөөр зарчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Э-ын мэдүүлэг / хх 36-37 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой ажил үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Т-н Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Э нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.
5. Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ